Хавдар хэмээх аймшигт өвчинд монголчууд дарлуулж байна. Шинж тэмдэг нь хурдан илэрдэггүй тул олон хүн өвчнөө мэдэлгүй хүндрүүлж, эцэстээ энэ хорвоог орхиход хүрдэг. Сүүлийн үед хавдар хүүхдүүдийг онилж, өвтгөх болсон.
Хэр баргийн хүний даахааргүй зовлон шаналлыг даваад гарсан нэгэн хүү (одоо тэр 21 настай залуу болсон)- г бид “Хүмүүс, аж амьдрал” буландаа онцолж байна. Б.Батхүү 13 насандаа өнчин тархины хавдартай хэмээгдээд, эмнэлгээр зургаан жил гаруй гэр хийж явахдаа энэ аюулт өвчинд өчүүхэн ч бууж өгөөгүй аж.
“Хүн өвдчихөөрөө “Би удахгүй үхэх нь” гээд унжийгаад л, хорвоо хөмөрчихсөн юм шиг суугаад байдаг шүү дээ. Би тэгээгүй. Өөрийгөө, өвчнөө ялж чадсан” гэх түүний ярилцлагыг уншаад хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.
-13 нас бол ид тоглож харайдаг, аливаа юмны учрыг гадарладаг болсон үе. Өвчтэй гэдгээ анх мэдээд сэтгэлээр их унасан уу?
-Манайх 2008 онд Дархан-Уул аймгаас хотод шилжиж ирсэн юм. Тухайн үед бие маань үе үе өвддөг, аав, ээж хоёр эхэндээ намайг “Хичээлдээ явах дургүй болохоор баашиллаа” гэдэг байсан. Нэг удаа босож ч чадахаа байгаад ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн тасагт хэвтсэн юм.
Тэнд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тархины зургийг авахуулдаг юм билээ. Гэтэл намайг бага (өнчин) тархины хавдартай гэж оношилсон. Хүүхэд байсан учраас өвчний үр уршгийг төдийлөн гадарлаагүй л дээ. Тэгээд 2008 оны долдугаар сарын 23- нд Гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орсон.
Хавдраа авахуулсан ч бага сага “юм” үлдсэн гээд аравдугаар сараас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д хэвтэж, хими, шарлага эмчилгээ хийлгэж эхэлсэн. Хавдар тархинд хэт ойр ургасан учир мэс заслаар бүгдийг нь авчихаж болоогүй юм гэсэн.
Үеийн хүүхдүүд тоглож наадаж байхад би эмнэлэгт зургаан жилийг өнгөрүүлсэн. Тухайн үед толгойг маань бул чулуугаар дарж, арьс махыг яг л зүүгээр шивж, хатгаж буй юм шиг маш хүчтэй өвддөг байсан. Толгой байнга эргээд, гуйваад удаан зогсож чаддаггүй байлаа.
Хагалгаа хийлгэсний дараа ч гэсэн ямар нэгэн зүйл барьж байгаад эргэж хараад л мартана. Юу ч цээжилдэггүй, оролдоод ч чаддаггүй байсан. Өнчин тархи ой ухааныг хянаж байдаг учир тэгж их мартаж санадаг байж. Хавдар аймшигтай өвчин болохыг тэр үед л мэдэрсэн.
-Чиний өвчин хэддүгээр шатандаа оношлогдсон юм бэ?
-II шатандаа арай ороогүй байсан мөртлөө тийм их хугацааг эмчилгээнд зарцуулсан гэхээр аймаар байгаа биз. Бүр хоргүй хавдар байсан. Гэхдээ тархиных болохоор үсэрхийлбэл маш аюултай. Би 150 см өндөртэй, жижигхээн биетэй байсан учраас хагалгааны дараа яс арьс болтлоо турсан. Хими, шарлага эмчилгээг ар дагзнаас хийнэ.
Үсээ илэх төдийд л туг тугаар унаж, бие махбодь тэр чигтээ өөрчлөгдсөн. Хоолны үнэр авч чадахгүй, дуу чимээ ч сонсохгүй, өөрийгөө бүрэн тусгаарлаж, битүүмжилчихмээр санагдах үе зөндөө. Ус уугаад л бөөлжинө. Дархлаа дэмжих тариа, дусал хийлгэж байж бага сага юм иднэ. Толгойгоо хэд шаруулаад ирэхээр хоёр чих заагаараа шарагдаад, тасарч унах шахсан шүү. Тос түрхэж, давхар эмчилгээ хийж байж хоёр чихтэйгээ үлдсэн.
Хавдрын жаахан үлдэц хүнийг тэгж их туйлдуулна гэж хэн санах билээ. Эхэндээ хэл яриа ээдрээд ярьж чадахгүй, гацаа хүн шиг л байсан. Янз бүрийн дасгал хийж байгаад хэл яриагаа зүгшрүүлсэн дээ. Хамгийн хэцүү нь миний хараанд өөрчлөлт ороод, бүх зүйлийг хоёр хардаг болчихсон.
Бараг 3-4 сар тэгж харсан байх аа. Тохирсон эмчилгээ байхгүй болохоор харааныхаа саатлыг өөрөө л зүгшрүүлсэн. Нүдээ өөрөө удирдаж, төвлөрч чадсан гэх үү дээ. Бүх зүйлийг хоёр болгож харна гэдэг ямар түвэгтэй гээч. Сүүлдээ аль нь жинхэнэ вэ гэдгийг ялгахаа больдог юм билээ. Хэсэгтээ л бүх биеэр минь химийн бодис “гүйсэн” дээ.
-Энэ хүнд үеийг хэрхэн давж гарав?
-Хавдар эдгэрдэг. Гагцхүү өвчнөө ялан дийлнэ гэсэн зорилгоор өөрийнхөө дуртай зүйлийг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. “Би өвчтэй” гэсэн ойлголтыг ой ухаанаасаа авч хаян, ангижирч чадвал эдгэхэд их тус болдог юм шиг санагдсан. Эдгэрэх хугацаа урт, богино байх нь хамаагүй, ялах нь л чухал. Хүүхдүүдийг бодвол томчууд сэтгэл санаагаараа амархан “явчихдаг” юм шиг ээ.
ХСҮТ-д хэвтэж байхад үйл хөдлөлийн урлаг (саунд арт)-ийн уран бүтээлч эгч нартайгаа танилцсан. Тэд Хүүхдийн тасагт олон төсөл хэрэгжүүлсэн дээ. Бидэнд зураг зурахыг хүртэл заасан. Ямар нэгэн зүйлд төвлөрөхөөр хэсэг хугацаанд ч гэсэн өвчнөө мартана шүү дээ.
Би тухайн үед Ану нарын зураачийн багт хуваарилагдан, зурдаг болсон. Бүтээл туурвих, зургийн сургуульд сурах амин хүслийг минь тэд бадрааж өгсөнд үргэлж талархдаг. Би угийн зурах дуртай ч эвээ олдоггүй байсан юм билээ. Эмнэлгээс гарангуутаа шууд л аав, ээждээ “Би олон хүүхдийн дунд орж, сургуульд сурмаар байна” гэсэн.
Гэтэл тэд эсэргүүцэж, “Миний хүү хэрэггүй. Аав, ээж нь чамайг хэнээс ч дутахааргүй аваад явчихна” гэж билээ. Тэгсэн ч би зөрсөөр байгаад 2012 онд Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид шалгалт өгөөд тэнцсэн. Би есдүгээр ангиасаа сургуулиа орхисон л доо. Гэхдээ зургаар шалгалт өгөх хэмжээнд бэлдсэн юм. Тэнд 2.5 жил сураад, төгссөн. Сурч байхад бие өвдөөд гар даагдахгүй, бийрээ ч барьж хүчрэхээ больсон ч хүсэл мөрөөдлөө гээгээгүй.
-Одоо СУИС-д сурч байгаа гэл үү. Ямар төрлөөр зурдаг вэ?
-Тийм ээ. 2015 оны намар СУИС-д шалгуулаад тэнцсэн. Одоо монгол зургийн II дамжаанд сурдаг. Уран зураг алслалт бий болгодог бол монгол зураг жижиг талбар, зайд маш олон үйл явдал харуулдгаараа онцлогтой. Сүүлийн үед хүмүүс иог, бясалгалын тухай их ярьдаг болж. Тэгвэл зураач хүн бүтээл туурвихдаа маш их төвлөрч, бясалгадаг.
Зураг намайг хүнтэй зөв ярьж, харилцаж сургасан. Одоо надад ямар ч зовиур байхгүй. Хавдар бүрэн устсан. Сэтгэл хөдлөл, зургаараа өөрийгөө эмчилсэн гэсэн үг. Тархиныхаа зургийг авахуулаад эмч нартаа аваачиж үзүүлэхэд маш их гайхсан. Тархины эд, эсүүд маань бүрэн төлжсөн.
-Чамаас маш их эрч хүч, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл мэдрэгдэж байна. Алдсан он жилүүдээ нөхөх гэж ингэтлээ яараа юу?
-Цаашид хийхийг хүссэн зүйл маш их бий. ХСҮТ-д хэвтэж байхад “Хандаа” сангийнхан Японоос эм, тариа захиж авчруулан, бидэнд зөндөө тусалсан. Хавдартай хүмүүсийн цусны улаан, цагаан бөөм нь байнга “уначихна”(алдагдах). Үүнийг төлжүүлдэг нэг удаагийн тариа нь л гэхэд сая гаруй төгрөгийн үнэтэй. Баяр ёслол алгасалгүй хүүхдүүдэд бэлэг өгч, баярлуулна.
Тэгэхэд би “Энэ хүмүүс ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Тэдэн шиг бусдад туслах юм сан” гэж боддог болсон. Намайг коллежид элсдэг жил миний сургалтын төлбөрийг “Хандаа” сангаас дааж, зургийн иж бүрэн хэрэгсэл өгснийг би хэзээ ч мартахгүй. Сургуулиа төгсөөд хавдрын Одонтуяа эмч дээрээ гүйж очоод, тасгийн эмч нартаа зурсан зургаа бэлэглэсэн.
“Хандаа” сан Японоос санхүүждэг юм билээ. Тиймээс би талархсан сэтгэгдлээ захиандаа бичээд, зургуудаа Япон руу илгээсэн. Тэдний сайхан сэтгэлийн өглөгөөр зураач боллоо. Сайн яваагаа дуулгаснаар хэрэгжүүлсэн төсөл нь үр дүнгүй байгаагүйг тэд ойлгох болно. Өөр олон хүүхдэд туслах сэдэл, сэтгэл төрнө шүү дээ.
Би өвдөж үзсэн. Тэр тусмаа хавдартай хүүхдүүдийн зовлонг маш сайн мэднэ. Тэдний төлөө хүмүүнлэгийн олон ажил хийхээр бодсон. Сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд хүүхдүүдэд зориулж, үзэсгэлэн гаргана. Олсон мөнгөө ХСҮТ-д өгч, эмчилгээнд нэмэрлэнэ дээ. Цаашид гадаадад сурч, өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байгаа. Өвдөж зовсон хүүхдүүдэд чадах бүхнээ зааж, зовлонг нь бага ч болов нимгэлэхийг хүсдэг.
-Чамайг өвдөхөд ээж, аавд нь их хэцүү байсан байх. Эдийн засгийн хувьд хавдрын эмчилгээ өртөг өндөртэй шүү дээ. Гэр бүлээ танилцуулахгүй юү?
-Ам бүл зургуулаа. Би айлын том, гурван дүүтэй. Зургаан жил эмнэлгээр явна гэдэг хүнд шүү. Гэр бүлийн хуримтлал, ээжийн ээмэг, зүүлтнээс өгсүүлээд машин тэргээ хүртэл зарсан. Аав, ээж маань намайг эрүүл болгохын тулд буй бүхнээ л зориулсан. Өр хүртэл тавьсан байна лээ.
Хамаатнууд ч гэсэн их тусалж, дэмжсэн гэсэн. Аав барилгын чиглэлээр хувиараа ажил эрхэлдэг. Ээж оёдолчин мөртлөө намайг асраад ажил хийгээгүй. Дарханд байхад манайх байр, машинтай тов хийсэн айл байлаа. Өвчин хүнийг үнэхээр хоосолдог юм билээ. Миний гурван дүүгийн ирээдүй ч чанга байсан шүү.
Гэхдээ одоо бид хашаа, байшиндаа өвчин зовлонгүй, элэг бүтэн сайхан амьдарч байна. Удахгүй бүх зүйл сайхан болно. Мэргэжлээрээ ажиллаад ар гэрээ өөд нь татаж, гурван дүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийнэ.
-Богино хэмжээний уран сайхны кинонд зураачаар ажилласан гэж сонссон?
-“Зориг” сангийн “I Love me” төсөлд хамтарч ажилласан. Миний амьдралын түүхээр хайр дурлалын шинжтэй, богино хэмжээний уран сайхны кино хийсэн юм. Би киноныхоо зураачаар ажилласан. Кино дэлгэцэнд гарсны дараа ивээн тэтгэгч компаниуд надад тусалж, дэмжихээ илэрхийлсэн. “Зориг” сангийнхан жил бүр сайн оюутнуудад сургалтын төлбөр өгдөг. Би энэ жил тэднийхээс тэтгэлэг авч байгаадаа баяртай байна.
Өвчин надад сэтгэлийн хат суулгасан юм шиг ээ. Баргийн зүйлд толгой гудайхгүй шүү. Боломжгүй зүйл гэж огт байхгүй гэдэгт би итгэдэг. Юу ч байсан болгохын төлөө л явна. Хүмүүст хандаж хэлэхэд, танай удамд хавдраар өвчилж байсан хүн бий, эсэхийг сайн судлах, осолд орж, гэмтсэн, хоол ундаа тохируулан хэрэглэдэггүй бол ядаж хоёр жилд нэг удаа тархи толгойныхоо зураг (MRI,CT-д)-ийг авахуулж байгаарай. Зөв амьдрах хэрэгтэй шүү.