Нүд нь гархилан, харц нь тальмаарч, зарим үгийг ойлгомжгүй хэлснээс нь болж УДЭТ-ын найруулагч Ч.Түвшинг халамцуу гэж бодлоо. Гэтэл түүнээс архины эхүүн үнэр ер үнэртсэнгүй. Учир юу гэвэл хэдхэн хоногийн дараа буюу ирэх сарын 4-нд үзэгчдэд хүрэх “Жаргаагүй нар” жүжгийнхээ бэлтгэлийг шахуу хийж, ойрын өдрүүдэд 05.цагт тарж буйн улмаас ядрангуй байсан юм санж.
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралын тухай өгүүлэх эл жүжгийн зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичжээ. Д.Нацагдоржийн дүрд Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламд Н.Баярмаа, Намдагт А.Чингүүн, Нинад Б.Одгэрэл тоглох аж.
Жүжгийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичсэн бол тайзыг “Арт грийн” продакшны уран бүтээлч Алтан-Од урлаж, Баярмагнай хувцасны зураачаар ажиллаж буй гэнэ. Эл жүжгийн найруулагч Ч.Түвшинтэй ярилцлаа.
-“Жаргаагүй нар”-д Д.Нацагдоржийн амьдралын аль хэсгийг илүү тусгасан бэ?
-Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар Германд сурах болсон тухай Намын төв хорооны шийдвэр гарснаас их зохиолчийг өөд болох хүртэлх буюу 1926-1937 оны үйл явдлыг жүжгээрээ үзүүлнэ. Яагаад энэ цэгээс жүжгээ эхлүүлсэн бэ гэвэл түүний ажил үйлс, амьдрал өсөн дэвжиж байснаа Герман явснаас хойш асуудал ар араасаа хөвөрсөн.
Өөрөөр хэлбэл, улс түмний эрх ашиг, хүн төрөлхтний асуудал, хайр сэтгэл гээд олон зүйлийн талаар бодож, ухаан нь тэлж байсан үеэс жүжиг эхэлнэ. “Народный дом”-д тоглогдсон “Ушаандар” жүжгээс сэдэвлэн, 17 настайдаа Пагмадуламд зориулж бичсэн “Цэнхэрлэн харагдах” бол түүний хамгийн анхны шүлэг. Боловсрол, эрүүл мэндийн түвшин муу, гадаадын 600 гаруй компани Монголд үйл ажиллагаа явуулж байсан, тийм цэвдэг нийгмийн хөрсөн дээр улс орноо гэгээрүүлэх тухай бодож, үүнд ухамсарт амьдралаа тэрбээр зориулж явсан юм билээ.
Мөн өрнө, дорнын боловсролыг арга билэг шиг хослуулж эзэмшсэн нь шинэ сэтгэлгээтэй, орчин цагийн уран зохиолыг үндэслэхэд нөлөөлсөн. Энэ бол яах аргагүй тухайн үеийн том хувьсал. Д.Нацагдорж тийм нийгэмд яаж амьдрах тухай шаардаж, нэхэж гувшилгүй эрх чөлөөний талаар оюундаа тунгааж, бүтээлдээ шигтгэдэг байснаараа онцлог. Нэгэн биед замбуу тивийн бүх зовлонг үүрүүлчихсэн юм шиг, хувийн амьдрал нь маш ээдрээтэй.
Түүнтэй холбоотой олон бүсгүйн тухай яриа бий. Магадгүй заримыг нь давсалсан байх. Энэ дундаас бидний жүжгэнд Д.Пагмадулам яалт ч үгүй чанга дуугарах учиртай. Тайж гаралтай, боловсролын түвшнээрээ Хүрээндээ байтугай халх дөрвөн аймаг, шавь таван хошуунд гайхуулсан хоёр залуу биесээ олж хайр сэтгэлтэй болсон.
Д.Пагмадулам таван хэлтэй, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч, Ардын их хуралд оролцсон ганц эмэгтэй төлөөлөгч байсан. Энэ хурлын үеэр тэрбээр гурван өгүүлбэр хэлэхдээ таван удаа эрх чөлөө гэж дуугарсан байдаг. Хүн байгалийн зөн билгээрээ өөрийнхөө үзэл санаатай ойролцоо хүн хайж, олдог. Миний харж буйгаар тэдний эрх чөлөөний талаарх үзэл санаа нэгэн цул болсон юм болов уу. Тэд үзэл санаагаа нэгдүгээрт тавилгүй, хайр дурлалаа эхэнд бодсон бол энэ жүжиг хэрүүл уруултай, агсамнаж согтуурхсан нэгэн гэр бүлийн драм болох байлаа.
Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар нэгнийхээ үзэл санаанд маш хүндэтгэлтэй хандсан учраас салсан. Хэдийгээр салсан ч биенээ үхэн үхтэлээ хайрласаар л байсан. Энэ хайрын нөгөө талд нь Нина Чистякова байсан. Тухайн үеийн эрдэнэ байсан хүмүүсийн нэг Д.Нацагдоржийг тэрбээр өөрөө олж ирээд, бас хүүхдээ аваад өөрөө түүнээс явсан. Тиймээс жүжгээрээ ухамсрын болоод зүрхний хайрын ялгаа юу вэ гэдгийг харуулна.
1930-аад оны хар дарсан зүүд, цусанд нэвчсэн хор шиг тэр коминтерний хэлмэгдүүлэлтийг энд гол болгохгүй ээ. Энэ бол хүний их хайр, их соён гэгээрэл, их танин мэдэхүй, их энгийн амьдрал, монголчуудын сэтгэлгээг тамгалан үлдэж чадсан тэр яруу найрагчийн тухай жүжиг.
-Энэ жүжгийн гол дүрд яагаад залуу уран бүтээлчдийг, тэр дундаа Нацагдоржид Б.Шинэбаярыг сонгосон юм бэ?
-Тухайн үед нийгмийн, цохилох зүрх нь залуучууд, тархи нь Д.Нацагдорж тэргүүтэй хүмүүс байсан. (Одоо ч хөдөлгөгч хүч нь залуучууд байх ёстой боловч тархи нь болох учиртай манай ахмадууд байраа тавьж өгөхгүй байна). Д.Нацагдорж гучхан наслахдаа 60-тай хүний ухаанаар амьдралд хандаж байж. Тоглож буй уран бүтээлчид маань энэ жүжгийн түүхэн дүрүүдийн байгалийн насан дээр яваа.
Тиймээс жүжигчдээсээ 60 хүрсэн хүний ур чадвар, ухааны бядыг шаардаж байгаа. Би театрынхаа студи ангийн багшаар ажилладаг учир энэ хэдэн хүүхдийнхээ ур чадвар, онцлогийг мэднэ. Хүний сэтгэлийг мэдэрч, ухааныг ойлгон, амьдралын нууцыг төнхөж чаддаг болбол дүрээ сайн бүтээж сурна.
Тиймээс Б.Шинэбаярыг сайн жүжигчин болгохын тулд гол дүрд сонгосон. Зарим найруулагч дүрийг сонгохдоо гаднах байдал янз харгалзаж, түүнийгээ системийн зөвтгөл гэдэг ч би үргэлж жүжигчний оюун сэтгэлгээнээс хайдаг.
-Д.Нацагдорж тэгж их хавчигдаж байхдаа дотроо юуг тунгааж байсан гэж та найруулагчийн хувьд бодож байна вэ?
-Монгол хүний цусанд төрөө дээдлэх ёс зүй байдаг. “Төр алдаж байгаа ч хэзээ нэгэн цагт намайг уучилна” гэдэг итгэл найдвараа тэр алдаагүй байх.
-Энэ жүжигт Цагдор нэртэй зохиомол дүр байсан уу?
-Хамт сурч, нэг үзэл санаатай амьдарч байсан нөхөд нь хүртэл түүнээс урвасан. Цагийн аясаар үзэл бодол нь хөлбөрдөг тогтворгүй хүмүүсийг зохиолч Ш.Гүрбазар Цагдор дүрээр жүжигтээ оруулсан байна лээ.
-Шинэ жүжиг найруулах бүрт айдас мэдэрдэг үү?
-Уран бүтээлчдийн хувь заяа их амттай. Их судалгаа хийж, олон уран бүтээлчийн үзэл бодол багтаадаг гээд л нэг жүжиг бүтээхэд амьдралын том сургууль дүүргэж байгаагаас өөрцгүй. Тиймээс айдас гэхээсээ шинийг танин мэддэг.
-Зарим уран бүтээлч ажилдаа анх сайн байснаа явцын дунд зэвэрч, тэгээд дахин сэргэдэг бол сулавтар явснаа гэнэт цоордог ч нь бий гэдэг. Та аль замаар нь явж ирсэн бэ?
-Би анхнаасаа л сайн байсан шүү дээ. Ахлах ангиа төгсөөд УДЭТ-т тайзны машинистаас ажлаа эхэлж, хожим найруулагчийн мэргэжил сонгосон. Б.Мөнхдорж, Г.Доржсамбуугаас эхлээд олон найруулагч амьдралын гүнээс цойлж гарч ирсэн. Манай театр хаалганыхаа урд хэдэн баганатайг мэдэх үү. Өөрийгөө тэр багануудын нэг гэж бодож ажилладаг. Нэг нь л байхгүй бол эвгүй харагдана биз дээ.
-Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, И.Нямгаваа нарын дунд ширүүн өрсөлдөөн байсан гэдэг. Танд өдгөө өрсөлдөөн мэдрэгддэг үү?
-Энэ тухай өөрсдөө ярих дэмий. Урлаг судлаач, шүүмжлэгч, үзэгчид, магадгүй маркетингийн албаныхны хийх ажил. Мэдээж өрсөлдөөн бий. Тэр өрсөлдөөнд өөрийгөө дээгүүрт яваа гэдгээ ч мэдэж байна.
-Хэрэв санхүүгийн ямар ч бэрхшээлгүй байсан бол ямар жүжиг найруулмаар байна вэ?
-Олон хүн үзэж байгааг сайн бүтээл юм шиг ойлгож бид туйлширдаг. Үзэгчдийн оюуны хөтөч болох нь манай театрын үндсэн зорилго. Манай улс генетик, ухаан санаа, геополитикийн хувьд ч тэр олон улсын туршилтын талбар болчихоод байна шүү дээ. Ийм үед Бернард Шоугийн “Пигмалион”, У.Шекспирийн “Тайтус Андроникус” гээд л тавимаар жүжиг олныг нэрлэж болно.
-Одоогийн нийгмийг ямар жүжигтэй зүйрлэх вэ?
-Н.Гоголийн “Амьгүй албат”. Ер нь амьтад ч амьгүй байна шүү дээ. “Яаж ингэж ард түмнийг энэлэл зовлонгийн шүдгүй ам руу шидэж байна аа” гэж Б.Лхагвасүрэн гуайн хэлдэг шиг л байна.
-Та өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
-Юу гэж таалагдах вэ дээ. “Ялихгүй зусар баяжихад садаа” гэж үг бий. Өөрийгөө магтаад байвал өсөж хөгжиж чадахгүй.
-Тэгвэл өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг вэ?
-Хамгийн том сурах бичиг бол амьдрал. Харин гарын авлага нь утга зохиол, урлаг, түүнд нэвтрэх гүн ухааны бүтээл, түүхийн номнууд.
-“Холливуд”-д данстай болсон жүжигчин Ц.Цэрэнболд таны шавь. Түүнд таны сургасан хамгийн чухал эрдэм юу вэ?
-Шавийг зэрэглэх хэрэггүй. Мунхаг, архичин, эрдэмтэн ч байсан миний шавь. Багшийн өгсөн мэдлэгээс шавь хэр их юм хутгаж авсан бэ гэдгээс тухайн хүний хэн болох үр дүн тодорхойлогдоно.
-“Найруулагчаар хэр удаан ажиллах нь тухайн хүний мэргэжилдээ хэр хайртайгаас шалтгаална” гэж Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж хэлсэн удаатай. Хэрэв урлагийн төлөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах санал тавибал яах вэ?
-Би хамгийн алс нутагт удаан хугацаанд ажиллаж л байна шүү дээ. Монгол Улсад... Ард түмэн мунхаг байх тусам түшмэдэд ашигтай байгаа юм биш үү. Тэгэхээр би хөдөөний хүн болж таараад байгаа юм. Үүнийг л Д.Нацагдорж “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа” гээд “Хуучин хүү” өгүүллэгтээ аль 100 шахам жилийн өмнө бичсэн байна. Өдгөө бидний амьдрал тийм л байна.
Ахмадууд тэтгэврээ хүлээн банкны үүдэнд дугаарлаж, хүмүүс цалингаас цалингийн хооронд өр дарж амьдарч байна. Төр засгийнхан тэгтэл “Амьдрал сайхан байна” гээд Сүхбаатарын талбай дээр нээлттэй өдөрлөг үе үе зохион байгуулах юм. Ингэж л жилийн дөрвөн улирал, хорвоогийн шаргал өдрүүд өнгөрч байна шүү дээ.
-Мэдээж УДЭТ-ын бодлого төрөөс олгодог төсвийн мөнгөтэй холбоотой. Мөнгөний асуудлыг хойш тавиад, театрын бодлогыг өөрчил гэвэл ямар санал гаргах вэ?
-Уг нь театрт өгдөг төсвийг дор хаяж 20 дахин нэмэгдүүлэх ёстой байхгүй юу. Иргэдэд малтай харилцаж байгаа юм шиг хандаж, овъёос тавьж өгөөд байна. Тархинд нь хоол өгөх ёстой. Сэтгэл зүрхээр дамжиж тархинд хүрэх хамгийн шилдэг бөгөөд хуучин боловч хэзээ ч хоцрогддоггүй арга нь урлаг, утга зохиол. Үүний хамгийн биежсэн хэлбэр нь театр. “Баян хүн бэлчээрийнхээ хэрээр сэтгэдэг” гэж үг бий. Өргөн хүрээнд сэтгэж, ихийг хүсэж байж том арга барил нэвтрүүлнэ.
-Ажлаасаа шантарч байв уу?
-Өөр ажил хийх тухай бодсон удаа бий. Хүсэл минь, хамт олны шаардлага, уран бүтээлийн эрэлт хэрэгцээ байгаа цагт театртаа л үлдэх байх.
-Та дипломоо киногоор хамгаалж байсан гэдэг. Кино найруулах хүсэл бий юү?
-Бодож байсан. Гэхдээ жилийн 365 өдрийг театртаа өнгөрүүлж байхад ямар заваараа кино найруулах вэ дээ.
-Таны аавыг Тогосмаа, Нарийнжав нарын баатрыг амилуулагч, Хүүхэлдэйн Л.Чимэддорж гэдгээр нь хүмүүс андахгүй. Ааваасаа өвлөсөн хамгийн чухал чанар юу вэ?
-Миний амьдралд бусдын л адил өр өвтгөмөөр, нинжин дулаахан явдал тохиолдож байсан. Магадгүй зарим талаараа бусдаас хэцүүг ч давсан байх. Гэхдээ би хувийн амьдралынхаа тухай хэнд ч ярьдаггүй, тэгэх сонирхол ч байдаггүй. Амьдрал бол өөрөө багш. Энэ асуултад хамгийн товч хариулбал ааваасаа цагийг хэрхэн эзэмшихийг сурсан. Манай гэр бүлийнхэн цагийг зөвхөн өөртөө өмчилж байгаагүй. Үргэлж бусдад зориулдаг байсан.