Монгол үндэсний бөхийн нэгэн үеийг залуу зургаан заанаар төлөөлүүлэн ярих хүн олон. Тэдэнтэй хүчтэй өрсөлдөж явсан хүчтэний нэг бол улсын заан Дамирангийн Бумбаяр билээ. Улсын их баяр наадамд зургаан удаа шөвгөрсөн түүнийг зочны хойморт урьж ярилцлаа.
-Таны бага насны дурсамжийг хөглөж хоёулаа ярилцлагаа эхэлье.
-Би Увс аймгийн Баруунтуруун суманд 1968 онд төрсөн. Аав, ээжийн талаасаа бөхийн удамтай. Миний аав өөрөө аймгийн заан цолтой, аавын ах Юнрэн нь аймгийн арслан. Баруунтуруун суманд энэ хоёр бөх нийтдээ 26 жил түрүүлсэн байдаг. Миний авга ах 19 жилийн түрүү авсан бол аав минь долоон жил Баруунтурууны наадамд түрүүлсэн. Би бөхийн гэр бүлд өссөн тул багаасаа бөхөд татагдсан даа. Бөхийн секц дугуйланд явж байгаад 1981 оны наадмаар аймгийнхаа хүүхдийн барилдаанд зодоглон үзүүрлэж байсан. Тухайн үед Тэсийн Очирбат гээд хүүхэд түрүүлж билээ. Шарав, Балхаажав, Чойжилсүрэн гээд багш нараар бөхийн эрдэм анх заалгаж байлаа.
-Х.Баянмөнх аваргатай анх ямар шижмээр холбогдож байв?
-Х.Баянмөнх аварга Увс аймагт шавь болгох хүүхэд сураглаад явж байсан гэдэг. Тэс суманд бөхийн удамтай, өндөр нуруулаг хүү бий гэж Ө.Тулгаа заан, Д.Төрмөнх начин нар хэлсний сургаар Баянаа аварга өөрөө ирж надтай уулзаад “За би чамайг авч бөх болгоно” гэсэн. Аваргаасаа урилга авахаас гадна аймгийн намын хорооны хурлаар “Тэргүүний Залуу” алтан медальд тодорхойлогдож, Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцах эрх аваад байлаа. Ийнхүү 1988 оны тавдугаар сард Улаанбаатар хотод ирсэн юм.Тэгээд Баянаа багшийнхаа шавь болж, шинэхэн байгуулагдсан “Шонхор” клубт А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьд, Ж.Намжилдорж харцага, чөлөөтийн О.Пүрэвбаатар, Баярсайхан, Мөнхбаяр гэсэн залуучуудтай бэлтгэл хийж эхэлсэн.
-Яг тэр үед Х.Баянмөнх аварга шавь нараасаа зорилгыг нь бичүүлж авахад та улсын заан, спортын мастер болно гэж бичсэн гэдэг. Энэ тухайгаа ярьвал.
-Багш монголын бараг бүх аймгаас бөх болох залуучуудыг цуглуулж, өөрийн эрдэм мэдлэгээсээ зааж сургадаг байсан. Шавь нараа ямар цолтой, ямар бөх болохоо бичээрэй гэдэг байлаа. Манай Тэс сумаас улсын заан цолтой бөх байгаагүй. Чөлөөт бөхийг сайн мэдэхгүй учраас спортын мастер болно гэж бичсэн дээ. Одоо эргээд харахад тухайн үед бодож явсан цолоо авч зорилгоо биелүүлсэн болохоор сайхан байдаг. Гэхдээ улсын аварга, арслан болно гэж бичдэг байж хэмээн бодогдох үе хааяа гардаг шүү.
-Үндэсний бөхөөр барилдаж эхлээд хамгийн анх ямар цол авч байв?
-Ер нь би бүх цолыг авсан хүн. 1990 онд манай сум Ургацын баяртай байсан тул наадмаа есд үгээр сард хийсэн. Түүнд очиж барилдаад сумын заан цол аваад дараа нь Багануурт аймгийн начин болсон. 1991 онд Х.Баянмөнх аваргын нэрэмжит тойргийн барилдаан Увс аймагт боллоо. Тус барилдаанд 49 бөх зодоглоход 30 гаруй нь аймаг, улсын цолтон байсан. Улсын заан Ө.Тулга, харцага О.Бахыт, Г.Намсрайжав, аймгийн арслан Сэлэнгийн Адъяасүрэн, Авидсүрэн нарын бөхчүүд хүч үзэхэд би нэг унаж, 47 даваатай түрүүлж аймгийн арслан болсон юм. Шинэ цолтойгоо заалны барилдаанд нэг үзүүрлэн, хоёр, гурав шөвгөрч байлаа. Гэхдээ тойргийн барилдаанд авсан аймгийн арслан цолыг Бөхийн холбоо хүчингүйд тооцож байсан. 1992 онд улсын наадмаар Ж.Ганболд заанд хоёрын даваанд өвдөг шороодсон. Наадмын маргааш уяачдын баярт шинээр начин болсон Д.Жавзанжамъянтай үзүүр түрүүнд үлдэж, үзүүрлээд тэр өдрөө Сүхбаатар аймаг руу Зил-130 машинд суугаад гарсан. Сүхбаатар аймгийн 50 жилийн ойн наадмаас аймгийн заан цол аваад, дараа жил нь улсын начин болсон юм.
-Анх хэдэн оны улсын баяр наадамд зодоглож байсан бэ?
-1988 оны улсын баяраар хоёр даваад гурвын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодлоо. Тэр жил Бат-Эрдэнэ аварга түрүүлсэн тул түрүү бөхөд унасан болохоор сэтгэл өөдрөг байсан.
-Улсын цолтоны их гэр бүлд багтсан 1993 оны наадмынхаа тухай яриа дэлгээч.
-Тэр жил улсын баяр наадмаар өөрийн багш Х.Баянмөнх аваргаар тав давж Монгол улсын начин цолны болзол хангасандаа их билэгшээж байлаа. Учир нь ардын төрийн наадамдаа 10 түрүүлсэн агуу аварга анх удаа тавын даваанд өвдөг шороодсон нь 1993 оны наадам юм. Түүнийг унагасан бөх нь би байдаг. Тиймээс улсын начин цол надад том хариуцлагатай хамт ирсэн. Зургаагийн даваанд Б.Жавхлантөгс начинд өвдөг шороодсон. 2001онд Б.Гантогтох гарьдаар долоо давж улсын заан цол авсан юм. Аав, хүү хоёроор улсын начин, заан цолыг авсандаа их билэгшээдэг.
-1994, 1998 онд улсын начин цолоо баталсан байдаг. Цолоо ахиулах боломж хэр байсан бэ?
-Боломж ямар ч үед байдаг. Бид нарын үед өрсөлдөөн бол тун ширүүн байлаа шүү дээ. Зургаан залуу заан мөн Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, И.Доржсамбуу заан зэрэг шилдэг бөхчүүд олон байсан. 1994 онд зургаагийн даваанд Б.Гантогтох гарьдтай туналаа. Баянаа багш маань тэр үед “За миний хоёр хүү, миний хоёр шавь төрийн наадмын өндөр даваанд таарлаа харгүй сайхан барилдаарай” гэж захисан. Бид хоёр ч гар бариад л сайхан барилдсан. Тэр жил Гантогтох маань шууд улсын заан болсон түүхтэй. 1998 онд Г.Өсөхбаяр аваргаар тав даваад зургаагийн даваанд Д.Сумъяабазартай тунан барилдаад өвдөг шороодсон.
-2001 оны түүхт ойн баяраар улсын заан цолд хүрсэн. Өмнө нь начин цолоо хоёр ч удаа баталсан болохоор дээшээ үзэх бодол байсан биз. Бэлтгэл хэр ханасан байв?
-Ардын Хувьсгалын 80 жилийн ой учраас бөхчүүд бэлтгэлээ тун нямбай хийж байсан. Манай галынхан ч бэлтгэлдээ эрт гарч Баянаа багш тун чамбай бэлдүүлсэн дээ. Үүний дүнд сайн барилдаж заан цолд хүрсэн. Дөрвийн даваанд аймгийн начин Г.Эрхэмбаяр (одоогийн улсын аварга)-ыг авч барилдсан. Нэлээд чанга гартай залуу байж билээ. Тавын даваанд Сэлэнгийн аймгийн арслан Ганзоригийг өвдөг шороодуулаад, улсын начин цолны болзол хангасан Б.Бадам-Очироор зургаа давсан юм. Зааны даваанд Б.Гантогтох гарьд Г.Өсөхбаяр аварга, Д.Сумъяабазар аварга бид гурваас намайг амалсан. Ийнхүү Гантогтохоор долоо давж, улсын заан цолны болзол хангалаа. Дараагийн даваанд Г.Өсөхбаяр аваргатай таарч хаях дөхүүлсэн ч барьцаа алдан өөрөө өвдөг шороодсон.
-Таныг ид барилдаж байхад зургаан залуу зааны өрсөлдөөн тун ширүүн байсан. Энэ зургаагийн хэнтэй илүү олон таарч байв. Мөн хэнийг нь олон хаяж байсан бэ?
-Бидний үед бүгд хэцүү өрсөлдөгч байсан. Бүгдийг нь давж, бүгдэд нь унаж явсан.
-Бөхчүүдээс хамгийн анх компаний нэр дээр барилдсан хүн бол та. Залуу бөх байхдаа ингэж цолуулах завшаан хэрхэн олдов?
-Бөхийн зүтгэлтэн, Бөхийн хоблооны цэцдийн зөвлөлийн гишүүн “Разноимпекс” ХК-ий дэд захирал Түмэнбаяр намайг байгуулагынхаа нэр дээр анх цалинжуулан барилдуулдаг болсон. Дараа нь Балсандорж захиралтай “Багануур”- ын уурхайн хамт олон надад тусалж, улсын заан цол авахад их нөлөөлж байлаа. “Увс хүнс” ХК-ий нэр дээр хэсэг барилдаад 2013 оноос “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байна. Бөх хүн амжилт гаргах үндэс нь дэмжлэг туслалцаа байдаг. Намайг дэмжиж ирсэн байгууллагууддаа баярлаж явдагаа хэлэхэд таатай байна.
-Чөлөөт бөхөөр ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
-УАШТ-ий мөнгө, хүрэл, Спартикадын мөнгөн медальтай. Хараахан улсын аварга болж чадаагүй. Төв Азийн АШТ-ий алт, Интернационал, Горкины нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.
-Х.Баянмөнх аваргын танд хэлж байсан хамгийн үнэтэй зөвлөгөө гэвэл.
-Энэ агуу хүний үг болгон үнэтэй байдаг. А.Сүхбат, Б.Гантогтох бид гуравт нэг л зөвлөгөөг хэлдэг байсан. Түүнийг хамгийн сайн тусгаж аваад хэрэгжүүлсэн хүн бол А.Сүхбат аварга болов уу гэж боддог. Багш минь үнэнч шударга байх хэрэгтэй. Ахмад бөхчүүдээ хүндэлж яваарай гэдэг сургууль ихэвчлэн хэлнэ. Барилдаанд гарахын өмнө анхаарлаа сайн төвлөрүүл, өрсөлдөгчөө мэдрэх хэрэгтэй гэж захидаг.
-Одоо ид гарч ирж буй залуучуудаас хэнийг өндөр цолонд хүрэх болов уу харж байна вэ?
-Орчин цагийн бөхийг таахад бэрх болжээ. Сүүлийн арван жил дандаа өөр хүн түрүүлж байна. Бөхийн хөгжил дээд түвшинд хүрсэн нь эндээс харагдаж байгаа. Тэр өдөр хэн азтай одтой, өнгөтэй байгаа нь түрүүлнэ дээ. Би залуучуудаас улсын харцага Ө.Бат-Орших, Э.Оюунболд нарыг дээгүүр барилдах болов уу гэж хардаг. Улсын начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар ч ялгаагүй сайн залуус.
-Тантай уулзасных “Алдартан” клубийн тухай асуулгүй өнгөрч болохгүй. Клубээ анх хэдэн онд үүсгэн байгуулсан бэ?
-Улсын заан цол авсны дараа Баянаа багш шавьтай бол гэж зөвлөж байсан. Сумынхаа хамгийн том цолтой бөх учраас нутгийнхаа бөх болох сонирхолтой залууст өөрийн мэддэг зүйлээ харамгүй зааж сургахаар зориг шулуудан 2005 онд Б.Ганбат арслан, Одхүү ах, дэд сайд Нямаа, Мөнхжаргал нарын хүмүүстэй зөвлөл байгуулж хуралдаад “Алдартан” клубийнхаа анхны шанг татсан юм. Зөвхөн Тэс сумын гэлтгүй нутаг, нутгийн залуус ирж бэлтгэл сургуулилт хийдэг. Түүний дунд Тува, Өвөрмонголын бөхчүүд ч бий.
-Тувагаас бөхчүүд ирж танай клубт бэлтгэл хийдэг гэлээ. Та Тувагийн гавьяат тамирчин цолоор хэдэн онд шагнуулав?
-2011 онд авсан. Тува улсын бөхийн барилдаан манай бөхтэй төстэй. Тиймээс бөхчүүд нь манайд ирж хичээллэдэг. Анх Эрдэне гэх залуу ирж үндэсний бөхөөр хичээллэж байснаас хойш 30 гаруй бөх ирж суралцсан байдаг. Эдгээр залуучууд “Шонхор” БТДС-д суралцаад одоо бүгд нутагтаа бөхийн дугуйлан, секц хичээлүүлэн бөхийн эрдэм зааж байна. Мөн өөрсдөө барилдаж наадамдаа түрүүлж байгаа. Шавь бэлтгэж мэддэг чаддаг зүйлээ тува залууст харамгүй зааж өгсөн хөдөлмөрийг минь гавьяат дасгалжуулагч, ажилтан гэдэг цолоор шагнасан юм.
-Таны хувьд гарын шавиа бэлдээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Та шавь нартаа ихэвчлэн ямар зөвлөгөө хэлдэг вэ?
-Бөхдөө үнэнч бай. Хоёргүй сэтгэлээр бөхдөө зүтгэх хэрэгтэй. Зорилго тавиад түүнийхээ төлөө тэмцэх ёстой гэж захидаг. Илүү хөдөлмөрлөж, илүү хөлс гаргасан хүн амжилтад хүрнэ.
-“Алдартан” дэвжээний өнгөрсөн хугацаанд гаргасан томоохон амжилтуудаас дурдвал.
-Манай дэвжээнээс үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга олон төрсөн. Клуб байгуулсан эхний зорилго бол ирээдүйгээ бэлтгэж, өсвөр үе, залуучуудыг хичээлүүлэх байсан. Манай клуб 2008 онд Төв аймагт болсон үндэсний бөхийн улсын аваргад анх багаараа оролцож, 10 дугаар байрт шалгарч байлаа. Харин дараа жил нь Хэнтий аймагт болсон УАШТ-д багаараа түрүүлсэн. 2010 онд Увсад зохиогдоход мөнгө, 2011 онд Хөвсгөлд хүрэл, 2012 онд Дарханд болоход мөнгө, 2013 онд Улаанбаатарт мөнгө, 2014 онд хүрэл медаль авлаа. Ийнхүү 10 жилийн хугацаанд улсын аваргаас зургаан медаль авчээ. Жил бүр медальт байр эзэлэхэд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Гол бөхчүүдийн нэг нь чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Д.Хүдэрбулга. Тэрбээр Хэнтийд алт, Увсад алт авч байлаа. Мөн аймгийн арслан Х.Оргилболд, аймгийн начин Т.Аззаяа нарын шилдэг залуус сайн барилддаг байсан. Эргээд харахад 10 жилийн хугацаанд олон бөхчүүд төрөн гарчээ. Жишээ нь улсын арслан Н.Батсуурь анх манай клубт ирж бэлтгэл хийж байлаа. Улсын начин Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн харцага Ц.Мөнхбаяр зэрэг шилдэг залуус “Алдартан” клубээс бөхийн гараагаа эхэлсэн.
-Бөхчүүд бүгд түрүүлэх, давахын төлөө өрсөлдөж байгаа. Барилдаанд зодоглохын өмнө танд түрүүлэх мэдрэмж орж ирж байсан уу? Энэ барилдаанд би дээгүүр барилдана гэдгээ бөхчүүд өөрсдөө мэдэрдэг байх.
-Бүгд түрүүлнэ, давна гэж барилддаг. Түрүү бөхтэй битгий таараасай тэр бөх нь би байгаасай гэсэн бөхийн бичигдээгүй хууль бий. Наадмын тэр өдөр түрүүлэх бөх, морь хоёр тодорхой байдаг гэж ярилцдаг. Миний хувьд бэлтгэл ханаад их сайхан өнгөтэй байгаа жилээ дор даваанд өвдөг шороодож явсан. Тэр наадмаар чигээрээ барилдаад л улсын заан болох юм шиг санаж байсан ч хоёрын даваанд Цогтгэрэлд унасан юм. Мөн нэг жил бэлтгэл сайн байсан ч буруу ам аваад өвдөг шороодсон.
-Таны гэргий Ц.Одонтунгалагыг спортын хүн гэдгийг хүмүүс мэдэх болов уу. Гэргийтэйгээ анх хэрхэн танилцаж байв?
-Миний амжилтын 50 хувь нь миний ханийн ач тус юм. Анх спортын төв ордонд таарч гэргийтэйгээ танилцаж байлаа. Спортлог бөх үзэх дуртай ийм эмэгтэй байсан. Намайг хурцалж, ирлэж, хэцүү үед түшиг тулгуур минь болж ирсэн ханьдаа баярлаж явдаг. 20 гаруй жил ханилж хоёр сайхан охинтой боллоо.
-Та том охиноо жүдогоор хичээллэж байхад нь болиулсан гэдэг. Яагаад охиноо бөх болгосонгүй вэ?
-Миний охин есдүгээр ангиа төгсөөд Япон улс руу сургуульд сурахаар явсан. Тэндээ жүдо бөхийн секцэнд яваад тэмцээн уралдаанд оролцож чамгүй амжилт гаргаж байсан шүү. Яагаад барилдахыг болиулсан гэхээр бөхийн спорт өөрөө маш хүнд. Хоёрдугаарт миний охин багаасаа барилдаагүй. Гайгүй амжилт гаргаж байгаад гартаа бага зэргийн бэртэл аваад түүндээ өөрөө жаахан зовиурлаад байсан болохоор “За миний охин барилдаж хэрэггүй” гэсэн. Би хэрэв барилдахыг нь зогсоогоогүй бол миний охин дэлхий, олимпийн медаль авах боломжтой байсан болов уу гэж боддог л юм. Миний охин их спортлог дайчин хүүхэд.
-Таныг чөлөөт цагаараа морь уях дуртай хэмээн сонсож байсан юм. Хэр олон адуутай бэ?
-Монгол эр хүн бүхэн моринд дуртай байдаг. Миний эмэгтэй дүү Норжмаа харваач улсын мэргэн. Түүний доод талын эрэгтэй дүү Баатархүү маань аймгийн алдарт уяач. Дүүгээ дэмжих үүднээс морь уяж адуутай болох эхлэл тавигдсан даа.
"Таван цагариг сонин" 2015 он