Нэг ч уран бүтээлийн гол дүрд тоглож үзээгүй гавьяатуудын хажууд тэрбээр жинхэнэ, бас эртний гавьяат. Сэргэлэн туулай, адтай жаал, өхөөрдөм охин, үзэсгэлэнт бүсгүй гээд түүний амьдруулаагүй жүжиг Хүүхэд залуучуудын театрт үгүй.
Театрынхаа тайзан дээр “од” болон гялалзсан ч, дэлгэцийн урлагт дүрээ үлдээгээгүй түүнийг одоогийн үзэгчид тэр бүр мэдэхгүй. Гэсэн ч тэр урлагтаа үнэнч зүтгэсээр буй. Жүжигчин, СУИС-ийн Театр урлагийн тэнхимийн багш Б.Ганхүүтэй ярилцлаа.
-Та аль аймгийн хүн бэ. Хүүхэд насаа хаана өнгөрөөв?
-Би Ховд аймгийн Чандмань сумын хүн. Хөөмийн эх орон шүү дээ. Төрсөн эх, эцэг маань Шарав, Аюуш гэж хүн байлаа. Гурван настайдаа ээжийнхээ төрсөн дүүгийнд өргүүлж, айлын ганц охин болсон доо. Намайг өсгөсөн ээж минь Ичинхорлоо, аав маань Бямбаа гэж сайхан хүмүүс байсан даа. Миний хүүхэд нас Ховд аймгийн төвд өнгөрсөн.
-Багаасаа урлагийн авьяастай охин байв уу?
-Цэцэрлэгт байхаасаа дуулдаг, шүлэг уншдаг, нүүрэмгий охин байсан. “Миний сайхан ээж” дууг дуулаад ээжийгээ уйлуулчихдаг байсан гэдэг. Сургуульд орсон хойноо ч тэр. Мандолин, гитар хөгжимдчихдөг, сурлага, нийгмийн идэвхи сайтай охин байсан даа. Тэр үед сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга байлаа. Гэхдээ хэзээ ч урлагийн хүн болно гэж төсөөлж байгаагүй.
-Айлын ганц охин болохоор эрх танхи өссөн үү?
-Ер нь танхи талдаа. Ээж, аавдаа зодуулах нь битгий хэл загнуулж ч үзээгүй. Гэхдээ эрхэлж ажил, сурлагаа алдаагүй. Их л завгүй хүүхэд байлаа. Гэрийн ажил, урлаг, спортын арга хэмжээ гээд л гүйж явдаг байсан санагдана.
-Урлагтай хэрхэн амьдралаа холбосон юм бэ?
-Дунд сургууль төгсөх хүртлээ тийм ийм мэргэжилтэй хүн болно гэж огт бодоогүй. Аравдугаар анги төгсөхийнхөө өмнөхөн найз охинтойгоо онгоцны буудал дээр хүн тоссон юм. Тэр үер хажуугаар их гоё хоёр бүсгүй зөрж өнгөрсөн. Дэргэдүүр гарахдаа нэг нь “Найз нь Багшийн их сургуулийн кино драмын ангид сурч байгаа шүү дээ. Манай сургууль их гоё” гэж яриад зөрсөн юм.
Тэр өгүүлбэр яагаад ч юм сэтгэлд “хадагдчихсан”. Тэгээд л тэр сургуульд нь орчих юм сан гэсэн бодол төрсөн. Түүний дараахан кино театрт “Гитарчин бүсгүй” гэж кино үзлээ. Нэг их гоё хүүхэн гитар тоглож дуулаад л. Тэрийг үзээд дотроос нэг юм огшоод л явчихсан. “Би ийм л жүжигчин болно” гэж тэр дороо шийдсэн дээ. Ингээд сургуулиа төгслөө.
Аз болж тэр жил манай суманд Багшийн их сургуулийн кино драмын ангийн ганцхан хуваарь ирлээ. 50 гаруй хүүхэд тэр хуваарьт өрсөлдөж, би тэнцсэн юм. Навчин хээтэй ногоон торгон дээлтэй, жижигхэн бор авдар чирсэн охин хотод ирж байлаа даа.
-Ингээд л хүссэн мэргэжлээ эзэмшсэн байх нь. Алтан үеийн мундгуудаар хичээл заалгасан байх даа.
-Ингэж 1971 онд хүссэн ангидаа оюутан болсон. Би их азтай. ЗХУ-ын Ардын жүжигчин Владимир Михайлович Велс гэж мундаг хүний шавь болсон. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү, Гавьяат багш Р.Уртнасан багш нараар хичээл заалгаж байлаа.
Гавьяат жүжигчин Г.Равдан, Т.Цэмпилмаа бид хэд нэг анги шүү дээ. Сургуулиа төгсөхдөө “Гарын таван хуруу”, “Бөмбөрчин бүсгүй” жүжиг найруулж, би гол дүрд тоглож байв.
-Төгсөнгүүтээ Хүүхэд залуучуудын театрт хуваарилагдсан юм уу?
-Тийм. Хамгийн анх “Үүрэг хүлээсэн цагт” жүжгийн гол дүр Асенинад тоглож байв. Ингээд Ч.Нацагдоржийн зохиол, “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн тагнуулч туулайн дүрд тоглосон. Тухайн үед тэр дүрээрээ “од” болж байлаа. Эл жүжгээ манай театрынхан 1977 онд ХБНГУ-д очиж тоглож байв. Ёстой л цэцгэнд булуулна гэдгийг тэнд үзсэн дээ.
Үзэгч хүүхдүүд хөөрхөн чихмэл тоглоом бэлэглээд л. Тэр үед бэлгэнд авсан тоглоом маань одоо ч бий. Хааяа ач нараа тоглочихсон суухыг харахаараа “Эмээгийнхээ бамбаруушийг битгий муухай болгоорой” гээд л харамладаг юм.
-20 шахам жил ажилласан театраасаа гарч, багшлах болсон шалтгаан тань юу вэ?
-Манай театр их сайхан хамт олон бүрдсэн байлаа. А.Очирбат, З.Галсанданзан, Ц.Готов, Б.Энхтуяа гуай, Л.Жанчивдорж, Г.Дашхүү, Ч.Хүрэл, Ц.Төмөрбаатар, О.Бат-Өлзий гэх мэтчилэн олон сайхан жүжигчин ажиллаж байлаа. Хавар, намар 45- 60 хоног бригадаар явж, хүүхдийн, сонгодог, инээдмийн жүжиг тоглодог байлаа. Тэр үеийн Соёлын яамны нэрэмжит уран дүрийн шагналыг би нэлээд олон удаа хүртсэн шүү.
Тухайн үед их том шагнал байв. “Эрх гүнж” жүжгийн гол дүрдээ их хайртай. Зах зээлд шилжиж, театрын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Их самуурсан үе дээ. Тэр үед Соёлын дээд сургууль дөнгөж байгуулагдаж, тэнд лаборантаар ажиллах боломж олдсон юм. Театраасаа гарахад надад амар байгаагүй ээ. Боловсон хүчний өрөөнд орж, хөдөлмөрийн дэвтрээ аваад гарахад зүрх урагдах шиг л болсон.
Театрын маань хүлээлгийн танхимд жүжигчдийн хөрөг зураг өлгөөтэй байдаг байлаа. Тайзны засварчин залуугаар “Эгчийнхээ зургийг аваад өг” гэж авахуулаад, цааш алхахдаа би уйлсан. Ёстой асгартлаа уйлсан. Ингээд нэг жил лаборантаар ажиллаад, СУИС болж өргөжин, тэнхим байгуулагдахад нарийн бичиг болж, 1997 оноос багшилсан даа.
-Хэдийд мэргэжилдээ хамгийн их дурласан бэ. Юу нь таныг тэгтлээ татсан юм бэ?
-Оюутан байхдаа л мэргэжлийнхээ үнэ цэнийг улам ойлгож, дурласан. Нөгөө л “Гитарчин бүсгүй” киног үзэхэд төрсөн сэтгэгдэл огт мартагдаагүй. Харин ч миний мөрөөдөл болсон доо. Тийм ч болохоор хичээж суралцсан.
-Та олон жүжгийн гол дүр бүтээсэн хэрнээ дэлгэцэнд залуу насаа мөнхөлж үлдээгээгүй юм билээ.
-Киноны гол дүрд тоглоогүй. “Их замын эхэнд”, “Саруул талын ерөөл” зэрэг хэдхэн киноны туслах дүрд тоглосон. Уг нь кинонд тоглуулах санал ирдэг байсан боловч театраас зөвшөөрдөггүй байлаа. Би чинь театрынхаа бараг бүх жүжгийн гол дүрийг бүтээдэг байлаа шүү дээ. Намайг кинонд тоглоод, зургаа авахуулаад явчихвал театрын ажил зогсчихно.
-Хүүхдийн 100 хавьцаа, хуучин танай театр байсан, одоо ХААН банк байгаа байшингийн хажуугаар гарахад залуугийн дурсамж тань сэдэрдэг байх даа.
-Хамгийн сүүлд би театрынхаа тайзан дээр “Хайрыг хайрла” жүжигт тоглосон. Театраасаа гарснаас хойш тийш зүглээгүй. Дэргэдүүр нь өнгөрөх бүрт дурсамж сэргэдэг ч бас сэтгэл шимширдэг.
-Таны анх төгсгөсөн ангиас ямар ямар жүжигчин төрөв. Багшийн бахархал шавь нараа амжилттай явж буйг харах шүү дээ.
-Би 1997 онд анх удаа анги даан авч, 2001 онд төгсгөсөн. Тэр нь “Guys” хамтлагийнхны анги шүү дээ. Дараа нь 2005 онд “А-Cappella” хамтлаг, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр тэргүүтэй ангиа төгсгөсөн. Миний шавь нарын дөрөв нь одоо надтай хамт багшилж буй. Шавь нараараа их бахархдаг.
-Та шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Уран бүтээлч байсны хувьд захих зүйл байлгүй яах вэ. Уран чадвартайгаас гадна уран бүтээлч хүн ямар байх ёстойг ойлгуулж, үлгэрлэхийг хүсдэг. Мөн хүүхдүүдээ аль болох чөлөөтэй байлгаж, “Чи ингэх ёстой” гэж тулгахаас илүү, өөрсдөөр нь ажиллуулахыг хүсдэг. Тэгж байж хөгжинө, “задарна”.
-Уран бүтээлч гэргийгээ үргэлж дэмжиж, арыг тань найдвартай дааж ирсэн ханиа, гэр бүлээ танилцуулаач.
-Миний хань Б.Пүрэв гэж хүн бий. ХААИС-ийн Эдийн засгийн сургуульд насаараа багшилж буй доктор, профессор. Бид нэг охин, хоёр хүүтэй. Би хүүхдүүдээ хэзээ ч урлагаар замнуулахгүй гэж боддог байлаа. Түүндээ ч хүрсэн. Сайн хадмын буянд би урлагаас хөндийрөлгүй өнөөг хүрсэн хүн дээ. Миний том хүү СУИС-д зураг дизайны, бага хүү Отгонтэнгэр их сургуульд багш. Хоёр хөөрхөн бэр, зургаан сахилгагүй ачтай. Ганц охиныг минь бурхан дэндүү эрт аваад явчихсан.
-Охиныхоо дурсгалд зориулж дуу, хоёр ч дэлгэцийн бүтээл бүтээсэн юм билээ.
-“Хувь заяаны тойрог”, “Амилсан хайр” киног охиндоо зориулж хийсэн. Киноныхоо зохиолын санааг гаргаж, шавь нартайгаа хамтарч бүтээсэн дээ.
-Нас ахих хэрээр жүжгийн гол дүрээс холдож, туслах, хоёрдугаар дүрд тоглодог болоход ямар бодол төрдөг бол?
-Гунигтай санагддаг юм билээ. Дандаа гол дүрд тоглодог байсан хүн туслах, хоёрдугаар дүрд тоглоход чамламаар санагддаг байлаа. Бас залуудаа дэлгэцийн олон бүтээлд тоглож чадаагүйдээ харамсдаг. Тайзны олон бүтээлийн гол дүрд тоглосон ч одоогийн үзэгчид намайг танихгүй. Тэрний оронд “Б.Ганхүү гэж хэн бэ гэдгийг сануулах жинтэй гол дүр кинонд бүтээсэн бол” гэж халагладаг юм.
Намайг тайзан дээр яаж гялалзаж, галтай цогтой явсныг мэдэх хүн цөөрчээ. Насан туршдаа л уран бүтээлээс холдохгүй байхыг хүсэх юм. Их сайхан ээжийн дүрд тоглохыг одоо ч хүсэж байна.
-Нэлээд олон жилийн дараа буюу 2013 онд та “Black box” театрын сонгомол жүжгүүдэд тоглосон. Эргээд тайзан дээр гарахад ямар байсан бэ?
-Тайз их аюултай. Гэхдээ сайхан. Уг нь би чинь 50 гаруй жүжгийн гол дүрд тоглосон хүн шүү дээ. Гэтэл олон жилийн дараа болохоор ч тэр үү нэлээд сандарсан.
-Одоо уран бүтээлийн санал хэр ирж байна вэ. Сайхан ангийн найз Г.Равдантайгаа хамт кинонд тоглосон гэсэн үү?
-Удахгүй үзэгчдэд хүрэх “Диваажингийн нулимс” кинонд ангийн найзтайгаа тоглосон. Ээж, эмээ, хижээл насны авгайн дүрд тоглож л байна.
-60 насны босго давахаар туулсан амьдралаа эргэн харж, дүгнэдэг байх. Тэр үед тэгэх ёстой байж дээ гэж халагладаг зүйл танд бий юү?
-Байхгүй ээ. Туулах ёстойгоо туулаад л өнөөдрийг хүрсэн байх. Амьдралаа сүйтгэх, төвхнүүлэх нь тухайн хүний л гарт бий. Тиймээс хичээж л амьдрах хэрэгтэй. Өдий насандаа мэргэжлээрээ ажиллаж, нухлуулахгүй, сөрж амьдарч буйдаа харин ч бахархдаг.
-Жүжигчид байнга бэлтгэл сургуулилалт, зураг авалт гэж нойр хоол, гадна доторгүй гүйсээр нэг л мэдэхэд хууч өвчинтэй болчихсон байх нь элбэг юм аа.
-Харин тийм. Сүүлийн үед зүрх их өвддөг болоод байна. Охиноо алдсанаас хойш бүр ч эвгүй болсон. Залуу байхдаа өвчин тоодоггүй байжээ.
-Залуудаа та омголон байсан уу. Авьяастаа эрдэж, онгирч байв уу?
-Харин ч эсрэгээрээ. Би тайзан дээрээ л авьяасаа гайхуулдаг болохоос биш, амьдрал дээр түүгээрээ онгирч явсангүй. Урдах ажлаа л сайн хийх ёстой гэж боддог байсных. Гэтэл өнөө цагт хүн тийм дорой, даруу байж болохгүй юм байна.
-Олон жил багшлахаар хүн таних нүдтэй болчихдог гэдэг. Шинэхэн элссэн оюутнуудаа хараад хэр жүжигчин болохыг нь багцаалж чаддаг байх.
-Баримжаална. Хүнийг таних хэцүү ч урлагт үнэхээр дуртай юу, эсвэл зүгээр нэр алдар хөөж байна уу гэдэг нь илт мэдэгддэг. Хүүхдүүд хөөрхөн шүү. Би шавь нарынхаа дэм, энергиэр тэтгэгддэг хүн шүү дээ.