Монголын дүрслэх урлагт хайчилбар урлагийн бүтээлийг олонд таниулж яваа залуу уран бүтээлчдийн нэгийг энэ удаа “Урлан”-даа онцоллоо. Хайчилбарын урлагийг өөрийн өвөрмөц өнгө аяс, зохиомж, дүр дүрслэлээрээ улам хөгжүүлж байгаа энэ залуугийн бүтээлүүд хэн ч, хаана ч харсан Монгол хүнийх гэж ялгагдахаар байдгаараа онцлогтой.
Түүнчлэн үй олон ан амьтан, хүмүүсийн амьдрал ахуй, дайн тулаан, байгалийн гоо сайхан зэргийг маш тодорхой дүрсэлдэг. Хүмүүсийн дүр төрх, дотоод сэтгэлийн хөдөлгөөн болон царайны онцлог шинж, эрт цагийн баатарлаг монгол эрсийн хувцас чимэглэл зэргийг сайн урлах чадвар эзэмшсэн нь ажиглагддаг юм.
-Та хэдийнээс уран хайчилбар хийж эхэлсэн бэ?
-Хайчилбар хийж эхлээд долоон жил орчим болох гэж байна. Манайх гэр бүлээрээ Португальд амьдардаг байсан юм. Хамаатны хүүхдээрээ заалгаад анх оролдож эхэлсэн. Хөрөг хайчилбараар дагнаад гурван жил гаруй болж буй.
-Анх ямар хайчилбар хийсэн бэ?
-Португальд нүүж очоод удаагүй байсан учраас нэг ч таних хүн байхгүй. Ганцаараа уйдахгүйн тулд л хайчилбар хийж эхэлсэн. Гэтэл тэр нь хообий болж, одоо амьдралын маань нэг хэсэг болчихжээ. Анхандаа олдсон ямар ч хамаагүй цаасаар жижиг хайчилбарууд хийдэг байлаа. Хамгийн эхнийх нь хоёр баатрын дүрс байсан санагдана.
-Хайчилбар хийхийн тулд эхлээд бүтээлийн санаа, зохиомжоо гаргах нь ойлгомжтой. Ингэхийн тулд зурах шаардлагатай. Зураг зурдаг гэсэн үг биз дээ?
-Багаасаа зурах дуртай хүүхэд байсан. Хүн бүрийн арга барил өөр. Зурахгүйгээр шууд хайчилж эхэлдэг уран бүтээлч ч бий. Би бол эхлээд санаа, зохиомжоо гаргаж, түүнийгээ цаасан дээр буулгаж зураад, дараа нь хайчилдаг.
Эхээ зөв гаргаж, зураас бүрийг уран, гоё хайчлах хэрэгтэй. Ингэхдээ гэрэл, сүүдрийг анхаарч, зөв тусгах нь чухал. Нэг зураас буруу хайчлахад л бүх юм буруу болчихно шүү дээ.
-Хайчилбарын зориулалтын хайч, цаас гэж байдаг биз дээ. Эсвэл ямар ч цаасаар хийж болдог уу?
-Хайч, цаас тусдаа бий. Ихэвчлэн Японоос оруулж ирдэг.
-Манайд олдоц нь хэр вэ?
-Ганцхан дэлгүүр бий.
-Ховор болохоор их үнэтэй байдаг уу. Нэг хөрөг хэдэн төгрөгөөр бүтдэг бол?
-Хэмжээнээсээ л шалтгаална. Гэхдээ нэг их үнэтэй биш ээ. Бүтээлээ жаазлахгүй бол гэмтчих гээд байдаг. Тэр нь арай илүү өртөгтэй. А4 цаасны хэмжээтэй хөрөг цаас, жааз ороод нь 40-50 мянгад бүтнэ. Ажлын хөлс оролгүйгээр шүү дээ.
-Уран хайчилбарыг хүмүүс хэр сонирхдог вэ?
-Уран хайчилбарыг Францаас гаралтай гэж ярьдаг. Хар, цагаан дүрсээр хүний хөрөг хайчилдаг байсан юм билээ. Саяхныг болтол хүмүүс ойлгодоггүй, үнэлдэггүй байсан шүү. Харин одооноос арай гайгүй болж эхэлж байна.
-Хүмүүс хөргөө захиалдаг уу?
-Нэлээд захиалдаг. Гэхдээ одоогоор захиалга авахгүй байгаа.
-Тухайн хүний төрх, харцыг илэрхийлж хайчлахад хэцүү байх.
-Хүн бүрт өвөрмөц нэг зүйл бий. Хамар, нүд, үс, уруул гээд л. Тэр онцлогийг нь маш сайн гаргахыг хичээдэг. Бас би хөрөг бүтээлүүддээ тод өнгө ашиглах их дуртай.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн бүтээл хийв. Тоо гаргаж үзсэн үү?
-Тоолж байгаагүй. Барагцаалбал 100 гаруй л байгаа байх.
-Та лайт бокс (light box) бүтээл хийдэг шүү дээ. Үүнийгээ тайлбарлаач?
-Мөн л хайчилбарын нэг төрөл. Гэхдээ арай илүү ажиллагаатай, бас сонирхолтой төрөл. Бүтээлээ ард талаас нь гэрэлтүүлэхэд 3D мэт харагддаг. Лайт бокс төрөл АНУ-д их хөгжиж буй.
Хайчилбар гэхээр л цагаан, хар цаасаар л морь, эртний баатар, монгол гэр, уул ус хайчилдаг гэдэг ойлголт одоо үгүй болсон шүү дээ. Технологийн дэвшлийг хайчилбарын урлагтай хослуулан гайхамшигтай бүтээл хийх боломж бүрдсэн.
-Та бас ямар ч баяраар, хэнд ч бэлэглэж болохуйц ил захидлууд хийдэг юм билээ. Худалддаг уу?
-Үгүй ээ, зардаггүй. Найз нөхөд, дотнын хүмүүстээ бэлэглэх гэж л хийдэг. Өөр хаана ч байхгүй, цорын ганц болохоор авч буй хүмүүс ч их дуртай байдаг юм. Бүтээлүүдээсээ ч дотнын хүмүүстээ бэлэглэх дуртай.
-Та яг ямар мэргэжилтэй юм бэ. Дүрслэх урлагийн чиглэлээр сураагүй гэж сонссон.
-Би график дизайнер мэргэжилтэй.
-Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
-“Үлэмж” группт дизайнераар ажилладаг.
-Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийдэг юм байна. Цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
-Чөлөөт цагаараа уран бүтээлээ хийдэг. Хүн ер нь завгүй байх тусмаа ихийг амжуулдаг шиг санагддаг.
-Хайчилбар маш нарийн чимхлүүр ажиллагаатай. Нэг том цаасан дээр олон дүрсүүдийг хайчилж байх явцад хаа нэг газар нь өчүүхэн төдий алдаа гарахад тэр зураг бүхэлдээ утга учраа алддаг. Алдах эрхгүй гэх юм уу даа.
-Зураач хүн алдаа гаргавал баллуурдаж, эсвэл давхарлаж зураад засчихаж болно. Гэтэл хайчилбар хийхэд нэг миллиметр ч зөрүүлэх эрхгүй. Хүмүүс хайчаар хийдэг гэхээр гайхахаас биш, хайчилж байхдаа баримал шиг л гурван орон зайд харж хийдэг гэдгийг сайн ойлгодоггүй л дээ.
Ер нь хайчилбарч хүнд уран барималч хүнд байдаг тийм мэдрэмжээр цаасаа хайчлах л хамгаас хэцүү байдаг байж магад.
-Тэгвэл мэдрэмж их шаарддаг юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Мэдрэмжтэй, мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Хүний нүүрний онцлог, бүтцийг мэдэхгүй бол хөрөг хайчлахад хэцүү.
-Хайчилбар хийхийг заалгая гэсэн хүмүүс танд хандаж байна уу. Үүнийг хийж сурахад хэр хугацаа шаардагдах бол?
-Ханддаг л юм. Удах, үгүй нь тухайн хүнээсээ л шалтгаалах байх даа. Хайчилбарын ном, сурах бичиг гэж байхгүй болохоор залуус, сонирхогчид зөвхөн бие биенээсээ харж, хуулах маягаар л хийж сурч байна. Би ч бас тэгж л сурсан.
-Ингэхэд Монголд уран хайчилбарч олон байдаг уу?
-Гарын арван хуруунд багтах цөөхөн байх даа. Олонх нь Н.Баатарцог гэж багшийн шавь нар.
-Та дүрслэх урлагийн өөр төрлөөр бүтээл хийдэг үү?
-Усан будгаар зурдаг. Яагаад ч юм усан будгаар сайхан зурж чадвал их гоё тунгалаг өнгө гардаг мэт санагддаг.
-Гэрэл зураг авах хообийтой гэл үү?
-Анхандаа хообий гэхээсээ илүү ажлын шаардлагаар зураг авдаг байсан юм. Миний ажилладаг “Үлэмж” группт “Гүүд прайс” сүлжээ дэлгүүр, “Калифорниа” зоогийн газар, “Голдс” фитнесс төв багтдаг. Үйлчилгээний байгууллагуудаа сурталчлах үүднээс гэрэл зурах авах шаардлага их гардаг. Сүүлийн хоёр жил ийм хообийтой болчихлоо.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Таны аавыг мөн гарын уртай хүн байдаг гэж сонссон.
-Би айлын бага хүү. Нэг эгчтэй. Аав минь гарын уртай, их сайхан зурдаг Л.Гантөмөр гэж хүн бий. Уг нь цэргийн хүн л дээ. Одоо ОБЕГ-ын музейн эрхлэгчээр ажиллаж буй. Заримдаа ажил, захиалга ихтэй үед аав маань тусладаг юм.
-Хамгийн их цаг хугацаа, ур ухаан шаардсан бүтээл чинь юу вэ?
-Бүтээл бүхэн цаг хугацааны хувьд харилцан адилгүй. 3-4 цагийн дотор хайчилсан хөрөг байхад, хэдэн сар ноцолдсон лайт бокс ч бий.
-Бие даасан үзэсгэлэнгээ гаргахгүй юм уу. 2014 онд анхны үзэсгэлэнгээ гаргасан байх аа.
-Уг нь энэ намар гаргахаар төлөвлөж байсан боловч амжсангүй. Илүү их ажиллаж, төлөвлөж байгаад ирэх хавар гаргахаар зэхэж байна. Манайд үйл ажиллагаа явуулдаг галерейнууд ханандаа зураг өлгөхөд л зориулагдсан болохоос биш, гоё зохиомжтой үзэсгэлэн гаргахад хангалтгүй юм.
Нэлээд олон галерейгаар орж үзлээ. Яг миний хүсэж байгаа шиг нь алга. Би энэ удаад лайк бокс бүтээлээр дагнасан үзэсгэлэн гаргах юм. Харанхуй орчинд бүтээлүүдээ байрлуулна. Лайт бокс бүтээлүүд ардаа зориулалтын гэрэлтэй болохоор харанхуйд улам л чамин харагдана.
Хөгжим, гэрэл зохицсон орчныг нь бүрдүүлж байж бүтээл үзэгчдэд илүү хүрнэ шүү дээ. Үндэсний хэв шинжийг орчныг үеийнхтэй хослуулж, аль болох сонирхолтой үзэсгэлэн гаргахаар зорьж байна.