Cоёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн малчин хоёрхон бий. Нэг нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын алдарт ерөөлч Г.Оргой агсан. Нөгөөх нь миний ярилцлагын зочин Г.Дадьсүрэн гуай.
“Дэрэнгийн дэлт хар”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж агсны шүлэгт
“Манай нутагт алт байхгүй
Майхан хөсөг болж битгий наашаа зүглэ
“Алтат” нэртэй олон газар байхгүй ч
“Алтангадас” гэж ганцхан бууц бий
Эрхэс гаригаа хонхортоо аргамжаад налайх энэ бууцанд
Эрхэм Дадь гэж их сахалтай буурал хуурдаж суудаг юм” хэмээн мөнхөрсөн эрхмийн яриа сонирхолтой бөгөөд амттай.
-Малын бэлчээрээс Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хоёрхон хүний нэг нь Та юм байна шүү дээ?
-Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын алдарт ерөөлч Г.Оргой агсан Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг авсан анхны малчин. Хоёр дахь нь би юм гэнэ билээ. Энэ цолыг надад томдсон шагнал гэж гэж боддог. Нутаг усныхан маань “Гавьяат дээшээ” гээд л найр, наадмынхаа ширээний эхэнд суулгах юм.
Саяхан хамба ламын дээр суулгах гэж намайг сандаргалаа. Төрийн энэ их хайр хишгийг дааж явах сан гэж залбирдаг. 1983 онд улсын тэргүүний уран сайханч болгоход нь өөрийгөө гавьяат авсны дайтай хөөрч байлаа. 1985 онд соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулаад магнайгаа хагартал баярлаж, “Мөрөөдөж ч яваагүй өндөрт гарлаа, одоо миний цол болсон доо” гэж бодож явлаа.
Тэгтэл 2011 онд сумын дарга “Танд аймгийн 70 жилийн ойгоор гавьяат цол өгөх нь. Бэлтгэлтэй байгаарай” гэхэд нь итгээгүй. Энэ цолыг авахын тулд би зовж, зүдэрч, хөлс хүчээ шавхаагүй. Тавин нас хүртлээ урлагийн тайзан дээр ч гарч үзээгүй, хонины бэлчээр, Тэгшийн хонхорынхны найранд л дуулж явсан. Хааяа сумын наадмын асарт дуул гэж дуудагддаг л байсан хүн шүү дээ.
-Тавин настайдаа анх тайзан дээр дуулсан хэрэг үү?
-Урлаг судлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуай 1983 онд Бүх ард түмний язгуур урлагийн их наадам зохион байгуулахад аймгаасаа шалгаран оролцож, алтан медаль хүртсэн. Тэр бол театрын тайзан дээр дуулсан анхны тохиолдол.
Язгуур урлаг сонирхдог, судалдаг хүмүүс ийм нэг хүн байдаг гэдгийг тэндээс мэдсэн байх. Түүнээс хойш ардын урлагийн элдэв арга хэмжээнд оролцдог болсон.
-Уртын дууг хэзээнээс дуулж эхлэв?
-Манай нутгийнхан найрлаад л, налайгаад л байж байдаг болохоороо ч тэр үү, сайхан дуулдаг улс. Аав, ээж минь хоёулаа найрын дуучин байлаа. Намайг зургаан настайд ээж, аав минь хоёр тийш болсон. Бичин жилийн зуд болоод хамаг малаа барчихсан, дайн дуусаад удаагүй, амьдрал ядуу, эцэг, эх салчихсан их хэцүү үе байлаа.
Хувцас хунар гэх олигтой юм байхгүй. Намар анхны цас унатал, хавар цас цоохортов уу, үгүй юү хөл нүцгэн явна. Хөл даарахаар малын шээсэнд хөлөө дүрж түр дулаацуулна, эсвэл хэвтэж байгаа мал босгоод халуун хэвтэр дээр нь гишгэж нэг бүлээцдэг сэн. Ээж, аавыг салсны дараа аавтайгаа моринд сундлаад, найр хэсдэг болов.
Олон нялх хүүхэдтэй үлдэж, гэрт орж эм, гадаа гарч эр болж яваа ээжийгээ их өрөвддөг, бушуухан том болж ээждээ тус дэм болох сон гэж их боддог байлаа. Аавтайгаа найр хэсэж овоо хэдэн дуу сураад ганцаараа найранд дуулдаг болсон.
Жаахан юм уртын дуу дуулаад зогсохоор хүмүүс их өхөөрдөнө, дуу зааж өгнө, ааруул хуруудаар мялаана. Түүнийг нь ээждээ аваачиж өгнө. Ингэж явсаар Тэгшийн хонхрын дуучдын дуулдаг уртын дууг бүгдийг сурсан даа. Тав, зургаан наснаасаа дуулж эхэлсэн.
-Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад агсанд “Уяхан замбативийн наран” дууг таныг зааж өгсөн гэж сонссон?
-Н.Норовбанзад гуай ажлаар явсан юм уу, амралтаар явсан юм уу, бүү мэд. Манай сумын улаан буланд олон нийт (олон нийтийн арга хэмжээ) явуулж, хүмүүсийн авьяас үзсэн юм. Тэгэхэд би “Ар хөвч”-ийг дуулсан. Н.Норовбанзад гуай надаас 12 насаар эгч. Тэр үед нэр алдарт хүрсэн дуучин болчихсон, би жаахан хүүхэд байлаа.
Олон нийтийн дараа намайг дуудаж, “Мэддэг дуунуудаа дуулж өгөөч” гээд арваад дуу дуулуулж, “Уяхан замбатив” чинь их сайхан дуу байна. Энэ дуугаа надад хайрлаач” гэсэн. Тэгэхэд нь, “Би урлагаар явах биш. Хонио хариулж, найранд дуулж яваад дуусах биз. Надад харамлах сэтгэл алга. Гэхдээ “Уяхан замбатив”-ийг зааж болохгүй. Бусдыг нь бол алийг нь ч зааж болно.
Би танд “Цэвцгэр хурдан шарга”-ыг зааж өгье. Энэ дууг ээж, аав минь салаагүй байхдаа зааж өгсөн, би таван настайгаасаа дуулж байгаа, миний хамгийн хайртай дуу” гэтэл, “Тэр дууг чинь ч авна. Гэхдээ эхлээд “Уяхан замбатив”-ийг авмаар байна” гэв.
Манай нутгийн Ваанчиг тойн гэдэг язгууртан гаралтай хувраг хүн надад “Уяхан замбатив”-ийг заасан юм. Ахас, ихсээс нь гурван ч хүн цаазлагдсан юм гэнэ билээ. Энэ дуугаа хүнээс нууж дуулдаг, хүнд заах дургүй, надад “Хүнд битгий заагаарай. Найранд битгий дуулаарай. Малын бэлчээрт л дуулж бай” гэж захисан юм.
-Тэр нь ямар учиртай юм бол?
-Энэ маань шашны агуулгатай дуу шүү дээ. Шашин номоос болж гурван ахаа цаазлуулсан хүн чинь айлгүй яах вэ.
-Захиасыг нь зөрчин зааж өгчээ дээ?
-Н.Норовбанзад гуайд ийм учиртай гэдгийг хэлтэл “Эгч нь хүн хэрэгт хийчихгүйгээ мэдэлгүй яах вэ. Энэ дуугаа л хайрла” гэсээр байгаад зөвшөөрүүлсэн. Тэгээд хэд дахин дуулж өгөхөд дуу хураагуурт бичиж аваад, хоёр гурван айлын тамганы найранд очиж, хамт дуулаад явсан.
Авьяастай, сонсголтой хүн болохоор дорхноо сурдаг юм билээ. Хоёр жилийн дараа дуу маань “Уяхан замбативийн наран” гэдэг нэртэй, ая нь арай богинохон, үг нь орчин үеийн болчихсон радиогоор эгшиглэж байсан.
Сүүлд NHK телевиз Н.Норовбанзад гуайн тухай нэвтрүүлэг хийхдээ намайг урьж оролцуулсан. Тэгэхэд “Энэ дууны ая нь богино болчихсон, үг нь арай өөр хэлэгдээд байна уу даа” гэхэд “Төрийн тоглолтод дуулах гэтэл Улс төрийн товчооны хяналтаар орж, “Үг нь их бүдүүлэг, хуучны юм. Үгийг нь зас, урт аялгууг нь богино болго” гэсэн үүрэг авсан. Тэгээд Дорждагва гуай өөрчилсөн” гэж хэлсэн.
Олон нийтэд түгсэн “Уяхан замбативийн наран”-аас миний дуулдаг хувилбар нэлээд өөр. Наад зах нь үг нь хуучин бичгийн галигаар, аялгуу нь хамаагүй урт, таван бадагтай. Н.Норовбанзад гуайн дуулсан нь ганц бадаг шүү дээ. Таван бадгийг дуулах гэхээр цагт баригдаад хэцүү байх л даа.
-Таныг баянбараат аялгыг хадгалж яваа цөөн хүний нэг гэх юм билээ. Баянбараат дуу ямар онцлогтой вэ?
-Манайх Боржигон цэцэн вангийн хошуу, Дайчин бэйсийн хошуу хоёрын зааг, Тэгшийн хонхорт нутагладаг. Дундговь аймгийн Дэрэн сумын дөрөвдүгээр баг гэж хааш хаашаа 10 км нутаг шүү дээ. Тэр багахан газар уртын дууны баянбараат хэмээх бүхэл бүтэн аялга, дэг жаяг байдаг.
Манай нутгийн найр айхтар хатуу дэгтэй. Дууг дутуу, буруу дуулбал бөөлжтөлөө айргаар шахуулна. Баянбараат дууны онцлог нь аялгуу урт, үг нь тод байдаг. Тэгээд дуугаа бүрэн гүйцэд дуулдаг. Мэргэжлийн уртын дуучид тоглолтод ганц бадаг, заримдаа ганц бадаг ч хүрэхгүй дуулдаг юм шүү дээ. Уртын дууны үгийг бүтнээр нь харвал асар гүн утгатай. Гэтэл түүнээс ганц бадгийг нь тасдаад авчихаар ойлгох юмгүй болчихож байгаа юм.
Уртын дуу чинь доод тал нь гурав, дээд тал нь 74 түрлэгтэй байдаг юм шүү дээ. “Өвгөн шувуу хоёр”-ыг бүтнээр нь дуулъя гэвэл өдөржингийн ажил болно. Тэгэхээр албан ёсны тоглолтод бүтнээр нь дуулах боломжгүй байх.
-Уртын дуугаа хойч үедээ өвлүүлэх талаар бодож байна уу?
-Гуравдугаар анги хагас дутуу дүүргэснээс өөр боловсролгүй, хонины бэлчээрээс холдож үзээгүй надад гавьяат цол тормонд тооно тэгнэсэн юм шиг санагддаг гэж түрүүнд хэлсэн дээ. Мэддэг, чаддагаа хүнд зааж сургавал жаахан өр хорох болов уу гэж боддог л юм.
Гэтэл хөдөөний малчин надаар уртын дуу заалгах гээд явж байдаг ажлаа алдсан амьтан хаана байх билээ. Нутгийн хүүхдүүд жаал жуул заалгаад найранд жаахан орилж байгаад хаячих юм. Уртын дуунд дурлаж тууштай явах хүн ховор.
Гадаадынхан харин цаг зав, хөрөнгө мөнгөтэй байдаг юм уу, зорьж ирээд хонь тойглох, ямаа цийглэхээс эхлээд хэдэн дууг маань дуулуулж бичиж аваад явдаг. Амeрик, Англи, Франц, Япон, Солонгосоос хүмүүс ирж байсан.
-Та насаараа мал маллав уу. Мал маллахаас өөр ажил хийж байв уу?
-Би Дэрэн сумын бага сургуульд гурван жил сурсан. Ихэнх хугацаанд оргож босож, явган нүцгэн гүйж яваад л гуравдугаар ангиа ч төгсөөгүй сургуулиа орхисон. Миний боловсрол тэр. Би өөрөө ч дуртай биш. Аав, ээж ч дургүй. Бараг оргоод ирээрэй гэж хэлдэг байсан байх.
Дөрөвдүгээр анги төгсөж байж бага боловсрол эзэмшлээ гэж үздэг байсан болохоор хүүхдүүдэд ядаж дөрөвдүгээр анги төгссөн гэсэн гэрчилгээ өгөх гэж зүтгэдэг байлаа. Сургуулиас гарчихсан болохоор бүлгэмд сургаж, дөрөвдүгээр ангийн гэрчилгээ өгсөн. Тэр үеийг бодохоор яг л “Шинэ үсгийн багш” гэж кино шиг санагддаг.
Дөрөвдүгээр анги төгссөн гэрчилгээ авсан хүн нутагтаа эрдэм номтойд тооцогдоно. Ингээд бүлгэмийн багш болж, хоёр жил хэртэй манаргасан. 8-45 настай хүмүүст цагаан толгойн үсэг, дөрвөн аргын тоо заана. Баадантай бичиг бүсэлчихээд айл айлаар явна. 11-12-той л байсан байх даа. Араг аргалын наргүй болгочихлоо, ажил саатууллаа, үнээ мал саах боллоо гээд намайг багш гэж тоох амьтан байхгүй.
Зарим нь нуруу маажаад аль, хуян хөөрөөд байна, толгой хүзүү хэд атгаад өг гэнэ. Тиймэрхүү маягтай хоёр жил явсан. Тэгээд нэгдлийн мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Би Сэгс цагаан богдод гурван жил цэргийн алба хааснаас өөрөөр нутгаасаа холдоогүй.
Гурван жил цэргийн алба хаахад хүн их боловсордог юм шүү дээ. Одооны ганц жил ч дээ, биe махбод ч, оюун сэтгэхүй ч боловсорсон юмгүй өнгөрдөг шиг байна. Бидний үeийнхэн цэрэг шиг цэрэг байж, хүмүүжсэн шиг хүмүүждэг, ёстой л зүлгээд тавьчихсан зандан ширээ шиг болоод ирдэг байлаа.
Цэргийн албанаас халагдаж ирээд Дэрэнгийн сургуульд каминдаатаар ажиллаж байгаад бригадын дарга болсон. Би өөрөө боловсрол соёл багатай хүн болохоор найр наадмын дундуур ажлаа явуулчихдаг байлаа. Манай Дэрэнгийнхэн найрлах дуртайг хэлэх үү.
Найранд нь очиж ганц нэг дуулангаа ажлаа ярихад сайхан бүтнэ. Бичиг цаас барьчихаад албархаад явбал ярдаглаад хөдлөхгүй. 7-8 жил иймэрхүү янзаар яваад албаа өгч, хэдэн малаа дагасан даа.
-Таныг мазаалай барьж, шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан гэж сонссон?
-Халагдах жилийн цэрэг байлаа. Лениний мэндэлсэн өдөр болох гээд хүчлэн хамгаалалт зарлаж, Архангайн Лхамсүрэн, Баян-Өлгийн Абилбай, бид гурвыг нэг сарын хугацаатай хилийн харуулд гаргав. Уналгын хэдэн тэмээтэй, майхан сав, тогоо шанагаа аваад Сэгс цагаан богдоос 70 гаруй км-ийн зайтай байрлалаа.
Хятадтай харилцаа муудсан, тэднийхээс тагнуул туршуулаа явуулдаг, өдөөн хатгалга хийдэг, дайн болоогүй ч гэсэн эвгүй тулгаралтууд тохиолддог байсан үе. Тэгж яваад л мазаалайн бамбарууш барьсан юм.
-Тэр зэрлэг амьтныг яаж барьсан тухайгаа сонирхуулаач?
-Нар шингэх дөхчихсөн байсан үе. Гурвуулаа харуулын өндөрлөгт гарч, ийш тийш дурандаж хяналт тавьж байтал манай хилийн гүнд бамбаруушаа дагуулсан мазаалай явж байгаа харагдана. Хэдүүлээ мазаалай барья гэхэд Лхамсүрэн “Тэгье” гэж байна. Абилбай “Аягүй бол буу дуугаргах хэрэг гарна. Хил дээр буу дуугаргах ёсгүй. Хилийн албаны дүрэмд таарахгүй. Аягүй бол араатны хоол болно. Би лав ийм юм хийхгүй” гэж дургүйцэж байна.
Нээрэн ч, хилийн дүрэм журамд таарахгүй л дээ. Бид хоёр “Амьтнаас айгаад буцаж байгаа юм чинь дайснаас айгаад зугтах юм байна л даа” гэж өөг төөг хийж, янз бүрээр ярьж, ятгаж байгаад гурвуулаа хамт явахаар боллоо. Би мөр мөшгихдөө муу. Лхамсүрэн сайн мөрч. Абилбай ч намайг бодвол дээр юм. Явж байтал нэг мөр таарч, Лхамсүрэн “Энэ 2-3 хоногийн өмнөх мөр байна” гэтэл Абилбай үнэмшсэнгүй бололтой, нөгөө мөрийг хөөгөөд зүүн тийшээ явж өглөө.
Лхамсүрэн, бид хоёр цаашаа явж байтал торгон элсэн дээр яах аргагүй шинэ мөр байна. Лхамсүрэн “Энэ мөрийг дагая. Тун саяхны мөр байна. Энүүхэнд байгаа юм байна” гээд мөрийг дагаж жаахан явснаа гүнзгий жалга руу зааж, “Энд л бий дээ” гээд мөлхлөө. Жалга руу өнгийтөл эх нь бажууны үндэс ухаад, бамбарууш нь хамхуулаар тоглож байна. Яаж барихаа зөвлөлдлөө.
“Бамбаруушийг нь л амьдаар нь барихыг бодъё. Эх нь баригдана гэж байхгүй. Харин яаж эхийг нь хөнөөхгүйгээр бамбаруушийг нь барих вэ” гэж ярьж байтал эх нь биднийг харчихав бололтой гүйгээд явчихав. Тоглоомондоо сатаараад эхийнхээ зугтаж байгааг мэдэлгүй үлдчихсэн бамбарууш руу дөхтөл эх нь буцаад бидэн рүү дайрах маягтай.
Лхамсүрэн өөдөөс нь буудтал оносон бололтой муухай дуугараад цаашаа давхичихлаа. Бамбарууш нь ч араас нь чавхдав. Шархадсан араатан эргэж ирдэг аюултай, юутай ч жалганаас гарч, газрын дээд талыг эзэлье гэж ярилцаад өндөр уулын орой өөр мацаж явтал нэг амьтан орилоод байна. Урьд өмнө нь сонсож байгаагүй дуу санж. Шархадсан газраа эргэж ирж байгаа нь энэ юм байх.
Байлдааны буугаар зэвсэглэсэн хоёр эр хүн арай ч бариулчихгүй биз гээд газрын дээд талыг нь бариад хэвтэж байтал нөгөө бамбарууш гараад ирлээ. Эх нь шархадсандаа хаа хамаагүй давхиад, бамбарууш нь төөрчихөж. Эхийгээ дуудаж байгаа бололтой, орилоод л явна.
“Эх нь бамбаруушныхаа дуугаар ирж таарна. Ирэхээс нь өмнө амжиж барья” гэж ярилцаад хоёулаа хоёр талаас нь тойрч дөхөөд дундаа хийж байгаад шүүрээд авлаа. Томоохон муурны дайтай жижигхэн хэрнээ биeдээ байхгүй чадалтай, айхтар хурц хумстай юм. Урд хөл нь шилэн хүзүүгээ давж, самардсаар гар улаан нялга болголоо.
Миний энэ сорвинууд тэндээс тогтож үлдсэн юм шүү дээ. (Гар нь олон жижиг гялгар сорвитой аж) Ингэж хөглөсөөр байтал гэгээ тасарч, явсаар шөнө болсон хойно майхандаа иртэл Абилбай аль хэдийнэ ирчихсэн, хармагаар исгэсэн бараашиг уугаад согтчихсон унтаж байдаг байгаа. Эх нь бамбаруушныхаа үнэрээр хөөж ирж магадгүй гэж сэрэмжлээд гурвуул овооны оройд гарч үүр цайлгаад, маргааш нь бамбаруушаа Абилбайд дүүрүүлээд застав руу явуулсан.
Бамбаруушийг застав руу хүргэж өгснөөс хойш эх нь эргэж ирээд биднийг мөрдөөд болохгүй болохоор нь бид устгасан. Бид хилийн харуулаас бууж очоод сарын хугацаанд харсан бүхнээ тайлагнахдаа бамбарууш барьснаа хэлсэн болохоос эхийг нь агнаснаа хэлээгүй тас нуусан. Одоо ч нуусан хэвээрээ байгаа. Хууль хуучирдаггүй гэж, дархан цаазат амьтан агнасан хэрэгт орж мэднэ.
-Ховор амьтан барьсан гэж шагнуулав уу?
-Юун шагнуулах, харин ч шийтгүүлсэн. Хал цэрэг байж цэргүүд удирдаж, дархан хил дээр буу дуугаргасан гээд намайг хоёр сар сахилгад суулгаж, нөгөө хоёрт маань гурав хоног жижүүр хийх шийтгэл оноосон.
-Та нарын барьсан мазаалай шинжлэх ухаанд том судлагдахуун болсон гээ биз дээ?
-Тэгсэн л юм гэнэ билээ. Тийм чухал амьтан байсныг тухайн үед яаж мэдэх вэ дээ.
-Тэр бамбаруушны хувь заяа юу болсон бол?
-Заставт сар гаруй болж, хүнд ээнэгшиж дасаад цэргүүдийн зугаа гаргадаг хэрэгсэл болсон. Цэргүүд өхөөрдөж эрхлүүлээд гөлөг шиг хөтлөөд явдаг байлаа. Тэгтэл Улс төрийн товчооны гишүүн, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн гуай Өмнөговьд ажлаар ирээд Сэгс цагаан богдод мазаалай барьсан гэж сонссон юм байж.
“Авчирч өг” гэж заставын даргад хэлүүлж. Заставын дарга намайг хүргэж өг гэхээр нь би дахин шийтгүүлж магадгүй гэж айгаад яваагүй. Хүргэж өгөхөөр явсан хүн нь бамбарууш маань цагаан онгоцонд суугаад хот руу явсан гэсээр ирсэн. Түүнээс хойш ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Хотолхүүгээс Лхамсүрэн, бид хоёрт “Та хоёрын барьсан бамбарууш шинжлэх ухаанд том хувь нэмэр болсон. Мазаалай байна, байхгүй гэсэн ярианд хариу өглөө” гэсэн захидал, нөгөө муугийн чинь зурагтай хамт илгээсэн байсан.
Дараа нь “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлд бидний нэр ч үгүй, хязгаарын цэргүүд мазаалайн бамбарууш амьдаар барьсан нь Монголд бүү хэл дэлхийд анхных боллоо гэсэн мэдээ гарсан байсан. Хэдэн жилийн дараа хотод ирээд сураглаж явсаар циркт байгаа гэж дуулаад очсон. “ШУА-ийн мэдэлд байдаг. Акадeмийнхан байнга хяналт тавьж, үзэж арчилдаг. Говийн номхон бор гэж нэрлэдэг болсон. Юм сурахдаа их сайн. Бамбарууш хотод ирээд толгой нь хавдаад үхэх шахсаныг Болгараас эм, тариа авчирч, их хөрөнгө зарж байж эмчилсэн” гэж маллагч нь ярьж байсан.
Тэрний соёо нь айхтар хурц. Заставт байхдаа хоёр ч цэргийн гарыг урчихаар нь бид дөрвөн соёог нь бахиар сугалчихсан юм. Гэтэл зэрлэг амьтан соёо, хумсандаа их эмзэглэдэг юм байж. Соёог нь сугалснаас болоод толгой нь хавдаж, үхэх шахсан юм билээ, зайлуул.
1980 онд Язгуур урлагийн наадамд ирэхдээ баавгай маллагч Лувсандорж гуайгаас асуухад “Өнгөрсөн жил газар дэрлэсэн. Байгалийн түүхийн музeйд чихмэл хийгээд тавьчихсан” гэж байсан. Хоёр жилийн өмнө хотод ирэхдээ Байгалийн музeйг зорин очиж үзсэн. Чихмэл нь байна, харин миний нэрийг “Дарьсүрэн” гээд биччихсэн байна билээ. Нэрийг маань зөв болгож бичээрэй гэж хэлсэн. Түүх шүү дээ.
-Цэргийн алба хааж байхдаа их сонин хувь заяатай хөгшинтэй таарч, сэтгэлийг нь дэвтээж том буян үйлдсэн тухай сонсож байлаа?
-Манай цэргийн ангийн агт Эхийн гол (Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг)-д байв. Агтны цэргүүд “Манай энд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу гэж сураглаад суудаг их настай хөгшин байна. Ирж уулзаач” гэж хэлүүлж. Заставын даргадаа хэлтэл “Агтнаас мах авчрангаа оччихоод ир” гэлээ.
Агтны цэргүүд “Гадаадад олон жил болоод ирсэн гэнэ. Олон орны хэл мэддэг юм билээ. Үлгэр, домог, сонин хачин зүйл ярьдаг, их настай хүн бий. Нутгаасаа олон жилийн өмнө гараад дорно дахины орнуудаар явж, явж нутгаа зорьж ирсэн. Монголын хилээр арайхийж орж ирсэн ч нутгаа олж чадахгүй байгаа гэсэн” гэж байна.
Аймгуудын нэрийг шинэчлээд, хуучны нэрийг мэдэхээ байсан үе л дээ. Агтны цэргүүд нөгөө эмгэнийг аваад ирлээ. “18 настайдаа нутгаас гарсан. Намайг нутгаас гарахад төрүүлсэн ганц охин минь уяатай үлдсэн. Гадаад оронд гуйлгачин, тэнүүлчин ч болж үзлээ. Амьдрахын эрхээр янз бүрийн ажил хийж, янз бүрийн замаар явлаа. Хэд хэдэн хүнтэй ханилж, заримаас нь амьд, заримаас нь үхүүлж хагацлаа” гэж байна.
“Би хошуу тамгын нэр мэдэхгүй. Та газрын нэр хэлээч” гэхэд, “Хар халзан элээт, Ерлөг, Их, Бага газрын чулуу, Сайн, Муу ажин, Савхай хүрэн, Гурван дэлгэр, Зүүн, Баруун шорной” гээд нэгд нэгэнгүй нэрлэж байна. Манай нутгийн хүн гэдэг нь тодорхой боллоо. Ах дүү, танил талыг нь асуухад, “Би Алтайн цаадах говийн хүн. Аав минь хятад, ээж минь монгол хүн байсан. Тэнд ах дүү гэх хүн байхгүй. Аавыгаа дагаж Богдын хүрээнд ирээд танай нутгийн Намжил зочтой ханилж, Мухарцагаан гэдэг ганц охин төрүүлээд хүнд өвчин туссан.
Лам нарын төлөгт явган явж Утай гүмбэнд мөргөвөл архаг өвчнөөсөө сална гэж буухаар нь нялх охиноо орхиод нөхөртэйгөө хамт хавчиг үүрэг үүрээд гарсан. Утай гүмбэнд мөргөөд, Жагар, Төвдийн орноор явж байтал Намжил зоч наж могойд хатгуулж нас нөгчсөн. Хүний газар ганцаар үлдсэн бүсгүй хүн гуйлга гуйж, хог цэвэрлэж яваад энэтхэг хүнтэй сууж хэдэн жил өнгөртөл нөгөө хүн үхсэн.
Тэгээд дахин тэнэж яваад хятад хүнтэй сууж Нанжин хотод хэсэг амьдарсан. Нөгөө хүнээсээ салж, цаашаа яваад Индонез, Филиппинд очсон. Хойд зүг рүү харахаар алтангадас од харагддаг байснаа больсон. Нас ч ахиж, алтангадас од харагддаг газар очъё гээд наашаа эргэсэн” гэж ярив. Тэгээд баахан улсаар дамжиж явсаар Шинжааны Өрөмч хотод ирж, чантуу хүнтэй сууж хэдэн жил амьдраад, чантуу нөхөр нь бас нас барахад түүний ах дүү нар Монголын хилээр нууцаар оруулж өгсөн гэнэ.
Монголдоо ирсэн ч нутгаа олохгүй, хошууг нь юу гэж нэрлэдэг болсныг мэдэхгүй учир зүг чиг гарахгүй, Шинэжинстийн нутагт айлын хаяанд хэдэн жил болсон аж. Хүний бараа харагдахаар л нутаг усаа сураглаж суудаг хөөрхий эмгэнийг агтны цэргүүд өрөвдөөд надад хэлсэн нь тэр юм байж. Би сумын захиргаанд туслах нягтлангаар ажилладаг ахдаа ийм хүн байна, ийм ийм хүний нэр хэлж байна, тэр хүмүүсийнх нь сургийг гаргаж өгөөч гэсэн захидал бичтэл “Наад хүний чинь охин Цагаан гэдэг хүн байгаад төрөхийн хүндрэлээс болж нас барсан гэнэ.
Ганц хүү нь МУИС-ийн хэл, уран зохиолын ангид сурдаг, Шонхор гэдэг” гээд хүүгийнх нь хаягийг нь хавсаргасан хариу ирүүллээ. Тэгээд хүүд захидал бичтэл, “Намрын ажил, тариа ногоо хураалтад явах гэж байна” гэсэн хариу ирдэг юм байна. Би сургуулийн захиргаанд хэлэх үгийг нь хүртэл зааж өгөөд, хурдан ирж эмээтэйгээ уулз гэлээ.
Ингэж захидал бичилцсээр байтал дараа он нь гарч, Шонхороос “Удахгүй сургуулиа төгсөнө. Төгсөөд очиж авна” гэсэн, өөрийнхөө зургийг дотор нь хийсэн захидал ирлээ. Тэр намар нь агтны цэргүүд хөгшний бие муудлаа, чамайг сураглаад байна гэж хэлүүлэв.
Заставын даргад энэ тухайгаа хэлж, “Хөгшнийг заставтаа аваад ирж болох уу. Хүний газар харж хандах хүнгүй хэцүү байна” гэтэл “Олон жил гадаадад явсан, бичиг баримт ч үгүй хүнийг цэргийн ангид байлгаж болохгүй. Тагнуул туршуул ямар ч дүрээр ирж болно. Хил гэдэг хэн хамаагүй байдаг газар биш. Сайд ч хөл тавих эрхгүй газар бий. Чи өөрөө очиж эргэж тойроод ир” гэлээ.
Яваад очтол бие нь хариугүй муудчихаж. Застав руугаа мэдэгдтэл, “2-3 хоног хар” гэсэн зөвшөөрөл өгөв. Ингээд агтны хоёр цэрэгтэй гурвуул аманд нь бүлээн юм цутгаж дэргэд нь байлаа. Гурав ч хоносонгүй, хоёр дахь хоног дээр нь амьсгал хураалаа, хөөрхий минь. Эхийн гол гэдэг чинь хэсэгхэн газар л жимс ногоо ургуулах туршилтын станц байдаг болохоос ойр хавьд айл амьтангүй, зэлүүд газар шүү дээ.
Оршуулгын газар ч байхгүй. Эмгэнийг оршуулахаар банз, даавуу хайтал олдсонгүй. Бид гурав л хийхгүй бол хийх хүн ч байхүй. Хөөрхийг элсэн чихрийн шуудайнд хийж, тэмээнд дүүрээд баруун талын өндөр хар уулын энгэрт оршуулсан даа. Хүү нь сүүлд “Уулзах хувьгүй тавилан” гэдэг ном бичсэн л байна лээ.
-Үнэхээр өрөвдөлтэй түүх юм аа.
-Хүний амьдрал гэдэг сонин шүү. Дэлхий тойрч явж явж надаар толгойгоо түшүүлж байдаг. Ээждээ энэ тухай ярихад төөрч төрсөн ээж, хүү хоёр байсан юм байлгүй дээ гэсэн.