ШУА-ийн харьяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өсөхжаргалтай ярилцлаа. Тайванийн ШУА-ийн харьяа Хөдөө аж ахуй, биотехнологийн судалгааны төвд судалгаа, шинжилгээ хийж байгаад саяхан ирсэн тэрбээр нэн ховор, ховор эмийн ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх туршилт, судалгааны ажил хийдэг бөгөөд өдгөө гоёлын болон эмчилгээний зориулалтаар ашигладаг нэн ховор ургамал болох цагаан цээнийг эд, эсийн аргаар үржүүлэхээр туршиж буй. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та яагаад цагаан цээнийг судлах болов. Энэ ямар ач холбогдолтой ургамал вэ?
-Энэ зүйлийн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад нэн ховор гэсэн ангилалд бүртгэж, 1997 онд Монгол Улсын “Улаан ном”-нд оруулж, тархац нутгийг нь хамгаалалтад авсан. Би холтсон цэцэгтний овгийн цагаан цээнийн (Paeonia lactiflora Pall.) зүйл ургамлыг in vitro буюу эд, эсийн өсгөврийн аргаар үржүүлэх судалгаа хийж байна. Манай оронд цээнийн төрлийн хоёр зүйл ургамал байдгаас цагаан цээнэ нь нэн ховор, харин ягаан нь ховор статустай.
Энэхүү ургамлын нөөц хомсдож буй шалтгааныг ган, хуурайшилт, элсний нүүдэл, цөлжилт зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна эм, гоёл чимэглэлд ашиглах зорилгоор ногоо, цэцэг, үндэс, үндэслэг ишийг нь түүж бэлтгэх болсонтой холбож үздэг. Цагаан цээнийг үрээр тарихад хоёр дахь жилдээ соёолдог онцлогтой.
Эмийн онцгой ач холбогдолтой хэдий ч нөөц нь багассаар буй энэ ургамлын нөөцийг нэмэгдүүлэн, генефондыг нь хадгалан авч үлдэхийн тулд эд, эсийн өсгөврийн аргаар богино хугацаанд үржүүлэх зорилгоор анх судалгааны ажлаа эхлүүлсэн. Холтсон цэцэгтний овгийн зарим ургамлыг эд, эсийн өсгөврийн аргаар тарималжуулахад хамгийн хэцүү гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоочихсон. Цээнэ ч уг овгийн ургамал болохоор үржүүлэхэд багагүй бэрхшээл тохиодог.
-Эд, эсийн өсгөврийн аргын талаар ярихгүй юү. Ургамлыг тарималжуулах уламжлалт аргаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Ургамлын эс хуваагдах замаар эд, эрхтэн хэлбэржиж, анхдагч эх ургамалтай генотип (генийн бүрдэл) болон фенотип (гадаад шинж тэмдэг) шинж чанараараа ижилхэн ургамал нөхөн төлжүүлж, бий болгох чадвартай байдаг. Энэ чадварт нь үндэслээд тухайн ургамлын аль ч хэсгээс эксплант (ганц эс, эд, эрхтэн) сонгон авч, зохиомол тэжээлийн орчинд өсгөвөрлөхийг хэлээд буй юм.
Ургамлыг энэ аргаар тарималжуулснаар лабораторийн нөхцөлд улирал харгалзахгүй бүтээгдэхүүний нөөц бий болгож, бага зардлаар богино хугацаанд олон ургамал гарган авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юм. Манай лаборатори сүүлийн хоёр жилийн хугацаанд “Нэн ховор ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэн хоёрдогч меболитыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт ажлын хүрээнд Монголд нэн ховор, ховор гэгддэг эгэл годил, буржгар сараана, эмийн бамбай, эгэл буржгар, нарийн навчит цахилдаг, үнэгэн сүүлхэй лидэр зэрэг нэлээд хэдэн ургамлыг судалж, энэ аргаар туршиж байна.
Эдгээрээс эмийн бамбайг “Их тайга” компанид амжилттай шилжүүлэн, тарималжуулаад буй.
-Цагаан цээнийн ямар эд эрхтэнг эмийн түүхий эд болгон хэрэглэдэг вэ. Гол бодис нь юу юм бол?
-Үндсийг нь эмийн түүхий эд болгон хэрэглэдэг. Үндсэнд нь маш олон төрлийн бодис агуулагддагаас хамгийн чухал ач холбогдолтой нь паеонифлорин. Цагаан цээнийн үндэснээс ялгаж авдаг уг бодисыг уушгины өвчин, ходоод гэдэсний үрэвсэл, амьсгалын замын цочмог өвчний үед хэрэглэдэг. Өвчин намдааж, тайвшруулах үйлчилгээтэй ч гэдэг.
Мөн сүрьеэ, хатгалгаа, уушгины мөгөөрсөн гуурсны үрэвслийг анагаах эмийн найрлагад ордог. Орчин үеийн анагаах ухаанд паеонифлориныг хулгана дээр туршиж үзсэн судалгааны ажил нэлээд байдаг. Уг бодис нь элэгний өөхлөлтөд хэрхэн нөлөөлж буйг судалсан эрдэм шинжилгээний бүтээл сүүлд уншсан. Их сонирхолтой санагдлаа.
Цагаан цээнэ нь тархалтын хувьд Хятад, Орос, Монголын нутагт ургадаг ч тухайн зүйл ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх, түүнд агуулагдаж буй чухал, хоёрдогч метаболитийн агууламжийг тодорхойлох, эмийн найрлагад туршиж үзсэн судалгааг Хятадын судлаачид нэлээд хийсэн байдаг.
-Эмт бодис өндөртэй зарим ургамлыг хольж, нэг дор хэрэглэж болдоггүй, биендээ харш байдаг гэж сонссон. Цагаан цээнийн хувьд ямар ургамалтай зохицохгүй вэ?
-Цагаан цээнийн дарангуйлах чадварыг судалсангүй. Ямартай ч чихэр өвстэй хамт эмчилгээний зориулалтаар ашигладаг юм билээ. Манай лабораторийн эрхлэгч чихэр өвсийг эд, эсийн өсгөврийн аргаар үржүүлэх чиглэлээр судалгаа хийж, докторын зэргээ хамгаалсан. Тийм болоод ч тэр үү, намайг цагаан цээнийг энэ аргаар үржүүлж, тарималжуулна гэхэд таатай хүлээн авч, “Цагаан цээнэ, чихэр өвсийг хоршуулан, эм тангийн найрлагад оруулдаг” гэж хэлж байлаа.
-Тарималжуулчихаар тухайн ургамлын бодисын найрлага, эмт чанарт нь нөлөөлдөг үү. Шимт бодисыг нь үгүй хийчихдэг юм биш биз?
-Бид үүнийг тодорхойлохын тулд байгалийн болон таримал цагаан цээнийг харьцуулж, фитохимийг (ургамал дахь химийн нэгдлүүд) судалсан. Хялбар аргаар тодорхойлох боломжтой энгийн фенолт нэгдэл болон нийлбэр флаваноидын агууламжийг судалж үзэхэд таримал ургамалдаа харьцангуй өндөр илэрсэн. Бид үүнийг таримал ургамал байнгын арчилгаа, усалгаатай орчинд байдагтай холбоотой байх гэж таамаглаж байна.
-Аливаа нэг ургамал, амьтныг “Улаан ном”-нд орууллаа гээд бүрэн хамгаалчихлаа гэсэн үг биш. Харин лабораторийн нөхцөлд тэдгээрийг үржүүлж, тарималжуулаад байвал устах аюулгүй юм шиг. Тэгвэл энэ аргаар тарималжуулах боломжгүй ургамал бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Түүхэн хөгжлийнхөө явцад байгалийн жамаар устаж үгүй болж буй ургамал байдаг. Энэ чиглэлийн судлаачид ямар нэг ургамлыг судлахаар сонгохдоо ангилал зүйч, нөөц судлалын эрдэмтэдтэй зөвлөдөг. Бидний зорилго бол ховордож, устах аюулд өртөөд буй эмийн ургамлуудыг өсгөвөрлөөд, нөөцийг нь нэмэгдүүлэх. Дээрээс нь өсгөвөр байдлаар хадгалж үлдэх зорилготой ажилладаг.
-Цагаан цээнийг хамгаалах, нөөцийг нь нэмэгдүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ хэр байдаг вэ?
-Цагаан цээнийн тархац нутгийг нь тусгай хамгаалалттай бүсэд оруулсан байдаг. Мөн энэ зүйл ургамлыг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ботаникийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Очгэрэл 2004 оноос үр болон үндэслэг ишээр Ботаникийн цэцэрлэгт амжилттай тарималжуулсан.
-Тэгвэл цагаан цээнийг эд, эсийн өсгөврийн аргаар үржүүлэх судалгааны түвшин Монголд болон дэлхийд хэр хэмжээнд байгаа бол?
-Цээнийн төрлийн ургамлын бичил үржүүлгийн судалгаа 1960 оны дунд үеэс эхлэлтэй. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд эдийн өсгөврийн аргаар бичил ургамал гаргаж авах ажлыг амжилттай хийж байна. Анх 1966 онд Японы эрдэмтэд япон цээнийн дэлбээний хэлтэсний эксплантаас каллус (эсийн бөөгнөрөл) үүсгэх туршилт хийсэн. Канадын “Planteck Biotechnologies Inc” компани цагаан цээнийг 2006 онд ургамлын бичил үржүүлгийн аргаар амжилттай гарган авч, их хэмжээгээр худалдаанд гаргасан байдаг.
-Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, цөлжилт гээд байгаль орчинд халтай асуудал нэлээд яригдах болсон. Таны судалгааны ажилд энэ нь хэрхэн нөлөөлж буй вэ?
-Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөнд өртсөн гэсэн судалгаа байдаг. Үүнээс 23 хувь нь сул, 26 хувь нь дунд, 18 хувь нь хүчтэй, таван хувь нь нэн хүчтэй зэрэгт хамрагддаг. Цөлжилт уламжлалт мал аж ахуй, уул уурхай, зам тээврийн эрчимтэй хөгжил, байгаль цаг уурын өөрчлөлт, ургамлын ашиглалт зэрэгтэй шууд хамааралтай.
Ургамлыг түүж бэлтгэн, худалдах болсноор ашигт ургамлын нөөц баялаг хомсдон, улмаар зарим зүйл нь устах аюулд хүрээд байна. Манай оронд 3035 зүйл ургамал тэмдэглэгдсэнээс 840 орчим зүйл нь эмийнх, 130 гаруй зүйл нь нэн ховор, 358 нь ховор гэж тэмдэглэгдсэн байдаг. Бидний судалгааны ажил энэ асуудалтай шууд холбоотой.
Тийм ч учраас ховордож, устах аюулд өртөөд байгаа ургамлуудыг эд, эсийн өсгөврийн аргаар тарималжуулж, нөөцийг нь нэмэгдүүлэн, генефондыг хадгалан, хамгаалах боломжийг эрэлхийлсэн туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм.
-Морин шарилжтай холбоотой судалгаа хийж буй гэж дуулсан.
-“Морин шарилжны абиотик стресс тэсвэрлэх чадварын физиологи, биохими, генетик механизм” гэсэн сэдэвт докторын дараах судалгааны ажил хийж буй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж, ургамлын нөмрөгт өөрчлөлт орж буй энэ үед таримал ургамал, тэр дундаа хүнсний аюулгүй байдал эрсдэлд ороод байгаа.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтөөс болоод таримал ургамлын ургацын алдагдал Африк болон Азид 15-35, Ойрхи Дорнодод 25-35 хувиар нэмэгдсэн. Абиотик хүчин зүйлүүд нь дангаар, хосолсон хэлбэрээр байгалийн болон таримал ургамлын өсөлт хөгжилтөд нөлөөлөн, морфологи, физиологи, биохими, молекул биологийн түвшинд өөрчилдөг.
Манай орны уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, үйлдвэржилт, хотжилтын нөлөөнөөс үүдэлтэйгээр ургамлын нөмрөгийн зүйлийн бүрдэл өөрчлөгдөн бүтээмж нь буурч байгаа.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай ургамлын судалгааг хийж, абиотик стресст дасан зохицох чадавхийг нь стресс, физиологийн үзүүлэлтүүдээр нь нарийвчлан судалж, түүнд суурилсан биохими, генетикийн судалгаа хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
-Яагаад морин шарилжийг сонгов. Ямар зорилготой вэ?
-Морин шарилж нь манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицож ургадаг, дэлхий даяар 3.4 тэрбум хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй, жилдээ 450 мянган хүний амийг авч оддог хумхаа өвчнийг анагаах эмийн түүхий эд болох артемизининийг агуулдаг. Морин шарилжны абиотик стресст тэсвэржих чадавхийг тогтоон, түүний хоёрдогч метаболит нэгдлийн агууламжийн хөдлөл зүйг физиологи, биохими болон генийн түвшинд харьцуулан судлахаар ажиллаж байна.