“Хөөмий бол би. Яагаад гэвэл мэдээ орсон цагаасаа өдий хүртэл туулж өнгөрүүлсэн амьдрал, бахархал, хүсэл мөрөөдөл бүхэн минь хөөмийтэй салшгүй холбоотой” хэмээн хөөмийч Д.Хосбаяр хэлсэн. “Авьяаслаг германчууд” шоуны шилдэг 10-т шалгарч, Испанийн хатан хааны нэрэмжит “Дэлхийн хөгжмийн хаан” шагнал хүртэж байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцана уу?
-Урлагаар дамжуулж байгаль орчноо хайрлах, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалах зорилгоор Норвегийн Үндэсний урлагийн хүрээлэнгээс 12 улсын, 32 уран бүтээлчийг хамруулан төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сингапур, Малайз, Австралид зохион байгуулах тоглолтод оролцохоор боллоо. Би сүүлийн нэг жил Монголдоо суурьшиж, үе үе гадаадад болж буй олон улсын наадам, тоглолтод оролцож байна.
Дэлхийн хөөмийн холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш олон улсын хоёр, нэг бага хэмжээний уралдаан, уулзалт зохион байгуулсан. Холбоондоо монгол, түрэг туургатны хөөмийн холбоог нэгтгэж, нэгдсэн бодлоготой болохоор зорьж байна.
Тухайлбал, Тувагийн Соёлын яамтай хамтарч ажиллах, нэгдсэн бодлого баримтлах асуудлыг өнгөрсөн онд ярилцсан бол ӨМӨЗО-ы Хөөмийн холбоотой хамтарч ажиллах санамж бичигт дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан. Мөн салбар яамнаас гаргасан санал санаачилга, өв тээгчидтэй холбоотой зарим ажлыг манайх хариуцан гүйцэтгэхээр гэрээ хийх гэж байгаа.
-“East Asia starlight cultural media” компанитай хамтран ажиллахаар болсон гэсэн үү?
-Сүүлийн үед дэлхийн урлагийн зах зээл Ази руу анхаарлаа хандуулж байна. Энэ компани урьд нь манайхтай ижил төрлийн, Хөхнуурын монголчуудын “Хангай”, Тувагийн “Хүн хүртү” хамтлагтай хамтарч ажилласан юм билээ. Манай “Транс Монголиа” хамтлаг энэ хүрээнд БНХАУ, Малайз Тайланд, Энэтхэг тэргүүтэй ихэвчлэн Азийн оронд тоглолт хийнэ.
-Та 20 гаруй жил гадаадад эх орноо сурталчиллаа. Европчууд өв соёлоо хамгаалж, хадгалахын тулд ямар бодлого баримталдаг вэ?
-Мэдээж өв соёлоо язгуур байдлаар нь хойч үедээ үлдээхэд төрийн оролцоо хамгийн чухал. Өв тээгчид уламжилж авснаа хойч үеийнхэндээ үлдээхийн тулд ухамсраа хөгжүүлэх хэрэгтэй. Манай өв тээгчид үүргээ ухамсарлан язгуур урлагаа уламжлуулахаар тэмцэж байгаа ч үүнд төрийн оролцоо бага байна. Улс хааяахан зохион байгуулдаг уралдаан, уулзалт, илтгэлийн хэмжээнд л хандаж байна.
Дэлхийн жишгээс харахад өв тээгчид улсынхаа уламжлалыг хамгаалдаг учир төрийн ивээлд багтдаг. Манайд өв тээгч бусдад хичээл зааж, сургахаар болбол бүх санхүүгээ өөрөө хариуцдаг бол олон улсад 100 хувь дэмждэг. Тухайлбал, миний оролцох дээрх төсөл бүх хөрөнгөө Норвегиос гаргаж байна. Олон улсын язгуур урлагийг сурталчилж буй хэрнээ Норвеги үүгээр дамжуулж урлагаа тодотгох бодлого баримталж буй хэрэг.
Манайх тийм том хэмжээний ажил зохион байгуулж одоохондоо чадахгүй. Тиймээс өв тээгчдийнхээ улс доторх асуудлыг цэгцэлж, үүнийг хариуцах агентлагтай болбол бүр сайн. Л.Гантөмөр БСШУ-ы сайд байхдаа өв тээгчдийг урамшуулах төрөл бүрийн шийдвэр гаргасан. Гэхдээ үүнийг ажил болгож биелүүлэх хамгийн чухал.
Бусад оронд төрөөс тодорхой хөрөнгө зарж дунд сургуулийн сурагчдад язгуур урлагийн талаар хичээл заан, мэдээлэл өгч, өв тээгчдийг урьж ярилцлага хийдэг юм билээ. Манай холбооноос эхний ээлжинд нийслэлийн сурагчдад энэ соёлоо таниулах төсөл хэрэгжүүлэхээр санаачилж, БСШУСЯ-нд санал тавьсан.
-Та дэлхийн 70 гаруй улсад тоглосон юм билээ. Юм үзэж нүд тайлсан хүний хувьд Монголд байгаа хөөмийчдөдөө юуг уриалмаар санагддаг вэ. Язгуур урлагийн элементүүдийг хөгжмийн бусад урсгалтай хольж тоглох нь олон улсад түгээмэл үү, эсвэл мөн чанарыг нь хадгалахыг эрмэлздэг үү?
-Уран бүтээлч хүн бусад улсын өв соёлыг судалж, суралцаж байж өөрсдийнхийгөө авч үлдэх, авдрандаа нуулгүй бусдад хүргэх арга замыг олно. Энэ утгаараа бид энд, тэнд явахдаа үргэлж эрэл хайгуул хийдэг. Уламжлалт урлагаа хөгжмийн өөр урсгалын хэв маягаар найруулж олныг татах бол хувь уран бүтээлчийн л шийдэл. Гэхдээ өнөөдрийн хэлбэр загварын бүтээлүүдийг хойч үеийнхэн маань язгуур урлаг гээд ойлгочих вий.
Уламжлалт урлагийн уг чанарыг нь алдагдуулалгүй хадгалах хэрэгтэй гэж би хөөмийчдөдөө хэлдэг. Өв соёлоо мөн чанараар нь авч хоцрох гэдэг бидний байгуулж чадах хамгийн том гавьяа.
Жинхэнэ язгуур урлаг, өв гэж юуг хэлэх, хэнийг өв тээгч гэх вэ гэдгийг бодлогоор ялгаж, салгах хэрэгтэй. Амьд сэрүүн байгаа дуулдаг, хуурддаг, бүжиглэдэг ахмадуудтай ярилцаж, тэдний өвлөж авсныг судалж, хальсанд бичин архивлах шаардлагатай байна.
-Хөөмийг нутгийнхаа эрчмээр тэтгэгддэг урлаг гэж ойлгодог. Хүний газар удах нь хөөмийлөхөд нөлөөлдөг болов уу?
-Хөөмийчийн мэдрэмжинд нөлөөлөлгүй яах вэ. Гэхдээ олон жил хөөмийлөхөөр сэтгэл, ажил хоёроо ялгаж, салгаж сурдаг. Дотоод ертөнцийн баяр гунигаа дуу хуураар дамжуулж үзэгчдэд дэлгэнэ гэдэг бүдүүлэг хэрэг.
-Хөөмийг байгаль дэлхийгээ хайрлан, магтдаг сэтгэхүйн урлаг гэдэг. Тэгвэл энэ оюун санааны урлагаар тэс өөр зүйл, сэдвийг илэрхийлэх боломжтой юу?
-Байгаль дэлхийгээс улбаалж ард түмний аж амьдралын дундаас үүссэн болохоор бидний мэдэрдэг, ойлгодог уламжлал л энэ. Түүнээс биш нийгмийн байдлаа ч гэсэн орчин үеийн өнгө аясаар илэрхийлж болно.
-Гавьяат жүжигчин Д.Сундуй гуай таны нагац ах юм билээ. Ховдын Чандманийнх болохоор танай садан дунд хөөмийч олон уу?
-Анхны гавьяат цолтой хөөмийч Д.Сундуйгаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндаваа, Гавьяат жүжигчин Н.Сэнгэдорж, Н.Жанцанноров гуайн хөгжмийн зохиолуудыг хөөмийлж байсан Д.Ганболд, 1950-иад онд “Ховдын соёл урлагийн 10 хоног” арга хэмжээний үеэр “Алтайн магтаал”-ыг анх удаа найрал хөгжимтэй, урлагийн хэлбэрээр хөөмийлсөн Чулуун болон Д.Гэрэлцогт бүгд миний хамаатан.
Ер нь тайзнаа хөөмийлдөг хүмүүсээс ч чадалтай, малаа хариулахдаа л хөөмийлдөг авьяастан манай суманд дүүрэн бий. Зөвхөн Чандмань сумынхан яагаад онцгой хөөмийлдгийг биологи, ургамал, газар зүй талаас нь ул суурьтай судлах хэрэгтэй гэж боддог.
-Та “Хөөмий, морин хуур, уртын дуугаа спортын сэтгэл зүйтэй холбовол манай тамирчид дийлдэхгүй болно доо” гэж байсан.
-Тамирчин амжилт гаргах, эсэх нь сэтгэл зүйтэй нягт холбоотой. Хүн сэтгэл зүйгээрээ хүчээ удирддаг. Тиймээс тамирчдад их ачааллын дараа стрессээ тайлж, биеэ хурдан сэргээхэд тайвшруулах хөгжим чухал гэдгийг шинжлэх ухааны салбар өндөр хөгжсөн улс судалж, нотлоод хэрэгжүүлж байна. Бид уртын дуу, морин хуурын аялгуу, хөөмийгөө сонсоод тайвширч санаа амардаг, ямар нэгийг бясалгадаг болохоор үүнийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж.
-“Чаддагаа давтах нь бахтай биш. Энэ бол дийлдгээ зодохтой адил. Хийж чадахааргүй ажлын цаана л чиний хэмжээ буй” хэмээн Д.Урианхай гуайн хэлснийг фэйсбүүктээ бичсэн байна лээ. Таны хийхээр зорьж буй зүйл юу вэ?
-Би хэн нэгний урьд хийснийг түүнээс давуулах гэж оролдох, дуурайх дургүй. Болбол бусдын сэдээгүй, шинэ сонин зүйлийг хийхийг л тэмүүлдэг. Бие дааж болон хамтлагаараа 10 гаруй цомог гаргалаа. Энэ тооны цомогтой язгуур урлагийн хамтлаг манайд байхгүй байх.
Миний цомгууд бүгд өөрийн гэсэн өнцөг, өгүүлэгдэхүүнтэй. Өнөөгийн хамтлагуудын өөр өөрсдийн хэв маягаар хийж буй зүйлсийг ч бид өмнө нь оролдож үзсэн. Бийтбокс, электро, рок хөгжимтэй хөөмийг хослуулж аль 1990-2000 оны дундуур уран бүтээл хийсэн.
-Цомгоо яагаад Монголд худалддаггүй юм бэ?
-Манайх Олон улсын оюуны өмчийн газрын гишүүн орон биш болохоор энд худалддаггүй. Биднийг мэддэг тодорхой хүрээний хүмүүс цомгийг маань интернэтээр худалдан авч, дамжуулж сонсох нь бий. Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчидтой хамтарч 2017 онд цомог гаргах санаа бий. Энэ бараг Монголдоо гаргах анхны цомог болно. Өөрийнхөө насны хэмжээнд их юм хийснээ бага багаар мэдэрч байгаа. Одоо туршлагаасаа залуучуудад өвлүүлэх гэдэг миний зорьж буй хамгийн том ажил.
Дэлхийн хөөмийн холбоо тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Хааяа наадам болоход цуглардаг байснаа одоо тогтмол сургалт зохион байгуулж, мэдээлэл өгдөг, хооронд нь нөхөрлүүлж, шинэ санаа, туршлага солилцуулдаг байнгын үйл ажиллагаатай болгох гээд үзэж тарж байна.
-Та “Авьяаслаг монголчууд” шоу үзэж
байв уу. “Авьяаслаг германчууд” шоунд дээгүүрт давхисан хүний хувьд Монголынхыг хэрхэн дүгнэдэг вэ. Дэлхийд өрсөлдөх авьяастан анзаарагдсан уу?
-Хааяа зав гарахаар үздэг. Дэлхийд өрсөлдөх авьяастныг бий болгоно гэдэг маркетингийн асуудал. Зохион байгуулагчид юуг чиглэлээ болгож, харуулахаар зорьж буйгаас шалтгаална. Дэлхийн одыг төрүүлнэ гэдэг уран бүтээлчээс 20, тэрийг бий болгох багийнхнаас 80 хувь шалтгаалдаг.
-“Модерн токинг” хамтлагийн Дитер Болен тантай хамтарч цомог гаргана гэж байсан санагдана.
-Хэдэн жилийн өмнө түүний гурван дуунд чимэг хийж оролцсон. Тэдгээрийг зөвхөн худалдаж авч байж сонсох боломжтой.