Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавтай ярилцсанаа хүргэе.
-Миний мэдэхээр та Д.Урианхай гуайн “Ачит айдас” өгүүллэгээс сэдэвлэсэн богино хэмжээний кинонд тоглож байгаа юм билээ. Хэзээ олны хүртээл болох вэ?
- 10 жилийн өмнө Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийн Хансиг гэдэг хүү намайг урьж “Ачит айдас”-т тоглуулсан. Тэгтэл өнгөрсөн наймдугаар сард тэрбээр залгаад тэр өгүүллэгээр богино хэмжээний кино бүтээх гэж буйгаа дуулгасан. Х.Анхбаяр хэмээх циркийн жүжигчинтэй ээж хүү болж, өвчнөөс салдаггүй, хэвтэрт буй хөгшний дүрд тоглосон.
Хүн гэдэг амьтан сэтгэлээрээ өвддөг гэдгийг харуулах гэсэн, дотоод ертөнц рүү өнгийсөн зохиол байсан. “Ачит айдас”-ын уран бүтээлчид чимээгүй л байна. Хэзээ дэлгэцнээ гаргахыг нь мэдэхгүй.
-Та олон ээжийн дүрд тоглосон. Тэр дундаас таны сэтгэл санаанд хамгийн их нөлөөлсөн, үлгэр дуурайл авахаар ээжийн дүр гэвэл алийг хэлэх вэ?
-“Буяны нүгэл” кинонд биеэ авч явах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ орь ганцааранг нь үлдээснээс хорвоогийн мөнх бусыг хамт үзэх нь зөв гэж шийдсэн Дунжаа бүсгүйн дүрд тоглосон. Муу амьд явахаар сайн үх гэгчээр ээж хүн тийм шийдвэр гаргана гэдэг амаргүй. Тэр үнэхээр баатар ээжийн дүр гэж боддог.
-Та хэр сайн ээж вэ?
-Би үр хүүхдэдээ буугаад өгөх нь битгий хэл суугаад өгчихдөг, тэдний өмнүүр орж бүх бололцоог нь хангаж гүйдэг ээж. Тийм байх нь их буруу гэдгийг хожим ойлгож байна.
-Зарим уран бүтээлч “Тоглосон дүр бүр минь миний хүүхэд гэсэн үг. Хүн хүүхдээ ялгаж хайрладаггүй шүү дээ” гэж хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү. Чадлыг тань хамгийн их шавхсан дүр аль вэ?
-“Ингэж, тэгж жүжиглэдэг байж” гэж хожим харамсана гэдэг тухайн дүрдээ хайртайн шинж. Хамгийн их зовж бүтээсэн дүр санаа сэтгэлээс гардаггүй. УДЭТ-т ороод тоглосон анхны гол дүр бол Чингиз Айтматовын “Эхийн дууль” жүжгийн Алиман. Дайны уршгаар нөхрөө алдаад сэтгэл санааны хямралд орж галзууран, сүүлдээ архинд орсон эмэгтэйн дүр. Тиймдээ ч тоглоход маш амттай байсан.
Тухайн үед би хүүхэдгүй байсан тул төрөхөөр дуншиж буй эмэгтэйчүүдийг судлахаар эмнэлгээр эргэлдсэн. Дүрээ босгохын тулд сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдтэй ярилцсан. 1970, 1980-аад онд архичин эмэгтэйчүүд гэж бараг байдаггүй байлаа. Урт цагааны гудамжинд гурван өдөр зогсож байж нэг согтуу эмэгтэйг олж харж билээ.
-Хамгийн сүүлд хэзээ тайзны “жинхэнэ” бүтээлд тоглосон бэ?
-Би цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж тоглодог “Хонхтой бадарчин” нэртэй продакшнд ажиллан үнэг, чоно, сарьсан багваахайн дүр бүтээж байна. Амьтдын дүрд тоглоно гэдэг жүжигчнийг илүү нээлттэй болгодог юм билээ. Цэцэрлэгийн “найзууд” маань их итгэмтгий учир “Үнэг тийшээ явсан, араас нь хөөгөөч ээ” гээд л бидэнтэй цуг тоглож, зарим дэггүй нь юм авч шидэн, тайзны ард давхиж очдог.
-Та “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” жүжиг бичсэнээ орон нутагт тоглуулж байсан юм билээ. Өдгөө жүжгийн зохиол бичиж байгаа юу?
-10 гаруй жүжгийн зохиолтой “Оршихуй” номоо 2012 онд гаргаж байлаа. Галдмаа баатар, Галдан бошигтын их хатны тухай түүхэн жүжиг бичсэн. Залуучууд мансууруулах бодис хэрэглэн алдаж онож буй талаар “Цэвдэг ертөнц” жүжиг хамгийн сүүлд бичсэнийг “Икс арт” продакшнтай хамтран олонд хүргэж, өөрөө тоглосон. Энэ мэт 20 шахам жүжиг бий.
Бодсон зүйл их байгаа ч тэтгэврийн хэдээрээ ном хэвлүүлэх хэцүү шүү дээ. Хэдэн жүжгээс минь энд, тэнд тоглоосой гэж боддог л юм. ӨМӨЗО-ы Шилийн голынхон миний нэг зохиолыг сонирхож, кино болгомоор байгаа тухай яриа гарсан. Гэхдээ болоогүй байгаа зүйлийг одоо яриад яах вэ.
-“Хадаг” киног үзээд тааварлашгүй олон асуулттай тулгарч байлаа. Танд ч гэсэн тэр кинонд тоглоход арай өөр мэдрэмж төрсөн үү?
-Би ч эхлээд сайн ойлгодоггүй байлаа. Минийх бараг хөдөлгөөнгүй шахам дүр. Суурин иргэншил биднийг мөхлийн ирмэгт хүргэж буй гэсэн санаа агуулсан юм байна. Тэгвэл би ямар баатар юм бэ гэж бодоод энэ асуудлыг харцаараа шүүмжлэх ёстойгоо ойлгосон.
Удган бол уул усыг төлөөлж, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах ёстой учир харцаараа бүхнийг удирдана, шүүмжилнэ гэсэн зорилго өөртөө тавьж тоглоод түүндээ ч хүрсэн. Киноны нээлтийн үеэр гадаадынхан “Энэ жинхэнэ удган хүн биз дээ” гэж асуусныг сонсоод “Миний харц хүмүүст уншигдаж чадаж ээ” гэж бодож, баярласан.
-Мөнгө хураахыг эрмэлздэг үү, эсвэл орж гарч байдаг хэрэгцээ учраас хэрэгтэй зүйлдээ харамгүй зарцуулж байх ёстой гэж боддог уу?
-Би мөнгөнд нэг их санаа зовдоггүй. Мөнгө дутагдахад мэдээж хажуу хавиргаасаа гуйлгүй яах вэ. Өөрийгөө баян, ядуу амьдарч байна гэж бодож яваагүй. Одоо тэтгэврээрээ хэмжээндээ амьдарч болоод л байна. Гэхдээ зах зээлийн ийм үед мөнгөгүй хүн хөдөлж болдоггүй учир би бусдад хэрэгтэй юм хийх юмсан гэдэг хүслээ гүйцэлдүүлж чадахгүй байна.
Ганц ном гаргаж, өвөг дээдэстээ зориулан суварга босгуулж, нутгийнхаа овоог тахилаа. Миний бэл бэнчин ердөө л тэр. Амьдралынхаа алдаа оноо, хүсэл мөрөөдөл, бодол санаа, явж ирсэн зам мөрийнхөө тухай дурсамжийн ном бичихсэн гэж боддог. Сая сумынхаа 90 жилийн ойн номыг гаргалцаж, зав муутай байлаа. Үлдсэн насандаа дурсамжаа бичиж амжих, эсэхээ мэдэхгүй юм.
-Та аав, ээжийгээ баярлуулж амжсан уу?
-Аавыг минь Дашням, ээжийг Балжинням гэдэг. Аав минь лам учир 1938 онд баригдаж, ял авсан ч дөрвөн аргын тоо, уйгаржин бичиг мэддэгийн ачаар амьд үлдсэн. Ээж минь 32 настайдаа өөд болсон. Аав түүнийг орлож, хүүхдүүдийг минь хүртэл өсгөлцөж, уран бүтээлч охиныхоо завгүй амьдралын арын албыг хариуцаж байлаа.
Анх томоохон дүр бүтээсний дараа сонинд “Д.Цэрэндарьзав сайн тоглолоо” гэж бичсэнийг хараад аав “Тэр Д гэдэг чинь би шүү дээ” гэж баярлаж билээ. Аавыгаа жаал зугаа баярлуулж байсан ч “Эрдэнэ зуу” хийдэд мөргүүлж чадаагүй л юм даа. Хүн ажил, ажил гээд л тэнэг шүү дээ.
Яаж ийгээд тэнд аваачсан бол ямар их баярлах байсан бол доо гэж одоо харамсдаг. “Эрдэнэ зуу” их сайхан газар байдаг гэсэн” хэмээн ярьдаг байсан юм.
-Зарим хүн нэг их зүдрэлгүй, амьдралаа аятайхан дуусгаж байхад хорвоогийн хамаг зовлонг нуруун дээр нь үүрүүлчихсэн юм шиг заяатай нэгэн ч байдаг. Ямар нь жаргаж, аль нь зовдог гэж та боддог вэ?
-Зарим хүн өөрөөсөө буюу шуналаасаа болж зовдог. Үнэхээр зөв амьдраад байхад ч өвчинд ээрүүлдэг хүн бий. Би үйлийн үр байдагт, урд насанд эх эцэг, ах дүүсийн хийсэн ямар нэг буруу үйлдэл үр удамд дамждаг гэдэгт итгэдэг.
-Тэгвэл жаргал, зовлонгийн алийг нь их үзсэн бэ. Зовохдоо юунаас хүч авдаг байв?
-Зовлон үзсээн би. Хайртай хүмүүсээ цөмийг нь бурхны оронд үдэх амаргүй. Гэхдээ жаргасан нь түүнээс ч олон. Хүн намайг хараад ямар гоё хувцастай авгай вэ гэж хэлэхээр хувцаслаагүй. Гэхдээ л үүндээ харамсдаггүй. Бусдын дор орохгүйхэн шиг амьдарвал боллоо гэж боддог. Яагаад жаргасан гэж хэлсэн бэ гэхээр надад хань ижил, үр хүүхэд заяаж, хүний л амьдралыг туулсан.
Би уран бүтээлээрээ үргэлж жаргаж, алга ташилтан дунд амьдарсан. Зарим хүн “Энэ ажлын ард гарчихвал жаргана” гэж ярьдаг. Үнэндээ хүн өдөр тутмын амьдралаас жаргал амсах хэрэгтэй. Нар сайхан дулаан илчээ чамд өгч, модод хүчилтөрөгч бэлэглэж байна. Үүнийг мэдэрч, “Би ямар хувьтай хүн бэ” гэж бодож явбал үргэлж аз жаргалтай байна. Мөн ажил, хөдөлмөр хийснийхээ үр шимийг амсах, алга ташуулах дээдийн жаргал.
Нөхөр, хүү хоёр минь бурхны орон руу ойрхон зайтай явахад үнэхээр хэцүү байсан. Сэтгүүлчид нөхрийн минь үхлийн шалтгааны талаар янз бүрээр бичиж, намайг оролдоход нь зугтаж, Нисэхэд амьдрах болсон. Энэ явдлаас хоёр жилийн дараа нэг өдөр толинд хараад танигдахааргүй муухай болсноо анзаарсан.
Тэгээд зовлон үзэж буй өөр хүнтэй өөрийгөө харьцуулж, түүнийг бодвол олны танил, түмний итгэл хайр хүлээсэн хүн гэдгээ ойлгон, гундаж явах ёсгүйгээ ухаарсан. Хүн үргэлж ямар нэг зүйлд шаналаад байвал зовлон барагдахгүй. Охин минь нимгэн хувцастай гарлаа даарах вий, оройтвол автобус унаа олддог болов уу, элдэв янзын юмтай таарч зодуулах вий гэх зэргээр болоогүй юмны төлөө хүртэл хүмүүс зовж, эд эсээ үхүүлдэг.
Сэтгэл санааны зовлонгоос бие өвчин олдог. Тэгэхээр муу зүйлийг мартаж, аливааг сайхнаар бодож сурах хэрэгтэй.
-Том хүүгээ хоёр настай, багыг нь гэдсэнд байхад нөхрөөсөө салаад хожим эргээд нийлсэн юм билээ. Өөр хүнд дурлаж байсан уу. Хүнийг хайрлах, өөрөө хайрлуулахын аль нь сайхан бэ?
-Залуу охин байхдаа хайрлагдаж байх ёстой юм шиг санаж, өөрөө эргүүлж хайрлахыг мэдэхгүй тэнэг явсан. “Би тэр хүнийг ямар их зовоосон юм бэ, ямар сэхүүн байж вэ” гэж хожим нь бодсон. Ямар их жаргалтай байснаа тухайн үедээ мэдэрдэггүй байж. Хүнээр хайрлуулна гэдэг хамгийн их жаргал өгдөг. Гэхдээ тэрийгээ өөрөө мэдрэх нь чухал.
-Өөрийгөө хэр их хуурч байсан бэ?
-Хууръя гэж бодож хуурахгүй л дээ. Эргээд бодоход л хуурчихсан байдаг. Тэр намайг хайрлах тусам соосойж, ерөөсөө л би олон хүний хайрыг татаж, араасаа хуйлруулж явах ёстой гэж бодож явж, тэнэг л байж. Үүнээс болж жинхэнэ хайраасаа холдсон. Илүү гоё хүн харагдахад нь шохоорхсон.
Шохоорхол гэдэг өөрийгөө хуурч буйн нэг жишээ. Сайхан хүн харагдахад өөрийн эрхгүй дэргэд нь очиж ярилцмаар санагддаг шүү дээ. Таван мэдрэхүй хүнийг хуурдаг байх нь. Гоё харагдаж, сайхан үнэр үнэртэхэд сэтгэл татагддаг.
-50 жилийн өмнөх 20 гаруйхан настай Цэрэндарьзавтай уулзах боломж олдвол түүнд юу гэж зөвлөх вэ?
-Цагийг л битгий дэмий үрээрэй гэж хамгийн түрүүнд хэлнэ. Бурхны оронд очих цаг дөхсөн болоод ч тэр үү, эсвэл угаасаа өдийд ухаардаг үе нь юм уу, авьяасаа бүрэн дайчлахгүй яав даа, энэ тэр бүтээлд тоглохдоо ингэж, тэгж жүжиглэдэг байж дээ гэж харамсдаг. Цаг хугацаа ус шиг урсаад өнгөрч байгааг залуучууд анзаарахгүй унтаж өнгөрүүлээд ихийг хийж бүтээх боломжоо алддаг нь даанч хайран.
-Залуудаа тоглолгүй өнгөрч дээ гэж харамсаж боддог дүр байдаг уу?
-Би сонгодог бүтээлд нэг их тоглоогүй. “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн, Лха.Долгор гуайн тоглодог байсан хааны нууц амрагийн дүрийг бүтээхсэн гэж мөрөөдөж байсан ч чадаагүй. Хааны нууц амраг болж, шударга бус амьдрал туулж байгаадаа гутардаг, харамсдаг, түүнээсээ болж бачимддаг, сэтгэлийн олон янзын өнгийг харуулдаг гоё дүр.
-Их мөнгө амласан ч тоглохгүй гэж боддог дүр байдаг уу?
-Улсын зардлаар сурч, түмний буянаар жүжигчин болсон учир дүрээс татгалзах эрх надад байхгүй. Тав орчим жилийн өмнө гуйлгачин эмэгтэйн дүрд тоглосон. Тухайн үед ёстой л гудамжинд хог түүдэг хүнийх гэмээр хир дагтай дээл, малгай өмсүүлж тоглуулсан. Зураг авах үеэр кино группийнхэн “Та даарчихлаа. Халуун хоол идэж бай” гээд нэг цайны газарт оруулсан юм.
Тэгтэл тэнд байсан хүмүүс намайг жинхнээсээ тийм амьдралтай болчихсон гэж бодоод бүр мөнгө хүртэл нийлүүлж өгөх гэж байсан юм билээ. Тийм хувцас өмсөж тоглосон би одоо ямар ч дүрээс татгалзахгүй. Хүмүүс “Та дандаа шоронгийн хоригдол зэрэг ядарсан, уйлсан дуулсан, үхсэн хатсан дүрд тоглох юм. Энэ нь таны хувь заяанд нөлөөлдөг байх” гэдэг.
Хэрэв хог түүдэг хүн шиг харагдаж чадсан бол хийх ёстойгоо чадсан гэсэн үг. Би ард түмний дотор төрсөн, тэднийхээ дунд л амьдарч байгаа хүн учраас ер сэжиглэж, цээрлэх зүйл байхгүй.