“Харанга” хамтлагийн гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын бие даасан тоглолт аравдугаар сарын 7, 8-нд болох гэж буй. Уран бүтээлийн ертөнцөд халгиж, цалгиж явдаг энэ эрхэм хорвоог гэгээнээр харж, гуниг шингээгүй дуунуудаа бүтээсээр, туурвисаар л. Гурван жилийн өмнө “Содон аялгуу” тоглолтоор
“Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй
Өр зүрхнээс минь урсах содон аялгуу
Өнгө нэмэн урсаж, таны зүрхэнд шингэнэ” хэмээн дуулж байсан бол энэ жил үзэгчдэдээ “Амьдралын бэлэг”-ийг зориулж байна.
Шинэ тоглолт болон сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар тэр хамгийн эхэнд манай сонины уншигчдад ярихыг хүссэн юм. Урилгыг минь хүлээн авч, “Өнөөдөр”-т зочилсон түүний яриаг хүргэе.
-“Амьдралын бэлэг” гэдэг нэр их утга учиртай сонсогдож байна. Сайхан нэр сонгожээ?
-Би тоглолтын нэрийн тухай бодоогүй байлаа л даа. Шинэ цомгоо юу гэж нэрлэх вэ гэж бодож байтал яруу найрагч Ж.Мөнхбатын шүлгээр бүтсэн “Амьдралын бэлэг” дуу төрсөн. Тэгээд л энэ өргөн утгатай сайхан нэрийг сонгосон. Хүн ер нь өөрөө мэдээд, заримдаа мэдэлгүйгээр амьдралаас олон бэлэг авдаг.
Хүнийг баярлуулж байгаа тэр болгон нь бэлэг байдаг. Гудамжаар инээмсэглээд зөрөх хүнийг харах сайхан, хэн нэгнээс халуун дулаан үг сонсох нь бэлэг, хорвоод хүн болж төрсөн нь ч баяр, шинэ бүхний эхлэл нь дурсамж. Тийм болохоор энэ нэрийг сонголоо.
-Шинэ цомог хэдэн дуутай вэ. Хэзээ зохиосон дуунууд багтаж байгаа вэ?
-“Содон аялгуу” тоглолтоо 2013 онд хийсэн шүү дээ. Тэр үед л хийгээд эхэлсэн дуунууд энэ цомогт багтсан. Бүх дууг нь би дуулсан. Ж.Мөнхбат, Д.Мөнхжаргал, Б.Ичинхорлоо нарын авьяаслаг яруу найрагчтай хамтран ажиллалаа. Бас миний бичсэн шүлгүүд ч бий. Энэ цомогт хөгжмийн зохиолч Д.Бэхбатын “Сүүлчийн бодрол” дуу бонусаар орж ирсэн. Ингээд хоёр дахь бие даасан цомгоо гаргалаа.
-Та амьдралаас хэр их бэлэг авсан бэ?
-“Амьдрал надад бүхнийг өгсөн” гэж миний нэг дуу бий. Би амьдралаас хангалттай их бэлэг авсан. Урлагт зүтгэж яваа энэ авьяас, чадварыг надад амьдрал өгсөн. Энэ хамгийн том бэлэг минь. Олдошгүй ховор бэлгийг амьдрал надад харамгүй хайрлажээ.
-Миний дуунаас гуниг мэдрэгддэггүй гэж та ярьдаг. Сүүлийн үед хийсэн дуунууд нь ямар сэдэвтэй болж байна вэ?
-Тэр шугамнаас би хазайдаггүй. Би өөдрөг үзэлтэй, болно, бүтнэ сайхан байна л гэж боддог юм. Хүн амьдралаас аз жаргалыг хүсдэг. Тэр болгоныг дуундаа шингээж, илгээх нь уран бүтээлчийн хүслэн. Мэдээж миний бодрол, хааяахан мэдрэгдсэн гуниг явдаг л байх.
-Нас нэмэх тусам ухаан суудаг гэдэг шүү дээ. Харин таны дуунууд “хөгширдөггүй”, хэзээд л сайхнаараа байдаг. Уран бүтээлч хүний нас, туршлага бүтээлийн сэдвийг өөрчилдөг болов уу?
-Үгүй ээ. Нөлөөлдөггүй байх. Би уран бүтээлч хүн болохоор сэтгэлийн хөг, оюун ухаанаараа үргэлж залуу байх ёстой. Хөгшин хүнээс хөгшин уран бүтээл гардаггүй юм. Нас бол тоо гэдэг үг байдаг даа. Миний дуундаа өгүүлж байгаа болгон шинэ, сэтгэлгээ минь залуугаараа байгаа.
Мэдээж надад туршлага бий. Миний уран бүтээл зөвхөн үеийнхэнд минь биш, залууст ч бас таалагдах ёстой. Тиймдээ ч би олон залуутай хамтран ажиллаж, тэдний өнцгийг ойлгож, хүсэл сонирхлыг нь мэдэхийг хүсдэг. Миний арга барил хоцрогдсон бол залуус надад дуу захиалахгүй шүү дээ.
Чанартай уран бүтээл хийх чиг шугамаараа л яваа. Хамгийн сүүлийн жишээгээр, миний “Амьдралын бэлэг” дуу долоон долоо хоногийн турш хитийг тэргүүлж байна.
Чука ахтай ярилцахад энгийн сайхан байдаг юм. Хэнийг ч ялгалгүй, их бага гэж гололгүй харилцаж чаддаг нь түүний онцлог. 9911...-тэй дугаар барьдаг ч утсандаа ирсэн дуудлагыг дугаараар нь ялгаж тасалж байхыг нь харсангүй.
Өөрөө ийм хүн болохоор тойрон хүрээлж, түүнтэй нөхөрлөсөн хүмүүс ч гэсэн хэмжүүрт нь хэдийнэ тэнцсэн байдаг. Амьдралын үнэ цэнийг аль хэдийнэ ухаарч, түүнийгээ бусдад бүтээлээрээ ойлгуулж, аргадан ухааруулахыг хүсдэг нь түүний давуу тал.
-Хамгийн сүүлд та ямар дуу зохиосон бэ?
-А.Хишигдалайд нэг дуу, Нарка П.Баярцэнгэл хоёрт нэг дуу барьчихсан байгаа. Хараахан дуусгаагүй. Одоо тоглолтын бэлтгэлтэй учраас түр хойшлуулчихсан.
-Таныг юу хамгийн их хөглөдөг вэ?
-Сэтгэлийн жаргал, зовлонг мэдрэх үед уран бүтээлчдийн бүтээх үйл явц нэмэгддэг. Шаналж бас баярлаж байж л аливаа зураач, яруу найрагч, хөгжмийн зохиолчид уран бүтээл хийдэг. Би ч адилхан. Ялгаатай нь гэвэл би байгальд хайртай. Намрын өнгө алаглан, түмэн зүйлийн навчис шаргалтаж, арван тавны сар мэлтэлзэн, байгалийн сайхан үзэгдэл сүлэлдээд л...
-Таны хамгийн хайртай улирал намар юм аа даа?
-Тийм ээ, олон зүйлийн өнгө алагласан намрын улиралд би дуртай. Намар амрах сайхан байдаг. Хүнийг уйдаах завгүй улирал. Шар, улаан, ногоон гээд намрын өнгө үнэхээр сонирхолтой. Дандаа ногоон өнгө харах тийм ч гоё биш шүү дээ.
-Шинэ уран бүтээл эхлүүлсэн үе хамгийн завгүй байдаг байх. Аль улирал таныг завгүй “ажиллуулдаг” вэ?
-Цагт баригдаж ажилладаггүй болохоор янз бүр дээ. Гэхдээ би хэчнээн завгүй байсан ч зав гаргах ёстой зүйлдээ заавал цаг хугацаа зориулдаг.
Хүн уйдамхай. Зун болохоор өвлийг, хавар нь намрыг хүсэн хүлээдэг бидний араншинг Чука ах “Дөрвөн улирал” дуундаа өгүүлсэн байна лээ. Гэхдээ тэр олон олон намрыг дөрвөн улирал дундаас өмчлөн өөриймсөх нь сонин. Яриан дундаа хааяахан цонхоор ширтэн, амсхийн бодлогошрохыг нь харахаар дурсамж, дурьдатгал дүүрэн намар нь түүнд бас бэлэг болон ирчихэж гэмээр санагдсан шүү.
-Хөгжим зохиохоос гадна танд ямар авьяас байна вэ. Магадгүй энэ өнгө солонгорсон намрыг та бийрээр буулгах гэж, фото зурганд мөнхлөх гэж оролдож байсан юм шиг санагдчихлаа.
-Уран зурганд дуртай, үзэсгэлэнд очих сайхан байдаг. Орчин үеийн модернист зургууд гоё ч би бодит, натур зурганд илүү дурладаг. Нэг хэсэг гэрэл зураг авах хообийтой болсон. Сонин дээрээ соохолзоно, сониноо буухаар хоохолзоно гэдэгчлэн одоо бол зургийн аппарат барьж явахаа больсон. Ухаалаг утас гараад ирчихсэн болохоор ч тэр үү, утсаараа л зураг авдаг болж.
-“Авьяаслаг монголчууд”-ын тайзнаас рок, попын од болох шинэ залуу хамтлагийг харж хүлээж байгаа юу?
-Харалгүй яах вэ. Үнэхээр авьяастай залуус гарч ирж байна. Үлдэх нь хэд бол, явах нь хэд бол гэдэг л байна даа. Гайхуулам сайхан авьяастай залуус олон болжээ. Гагцхүү өөрийнхөөрөө байж, хийснээ өөртөө зориулж чадах, тууштай хүмүүс үлдээсэй гэж хүсэж байна.
-Хүний авьяасыг шүүх амаргүй. Тэнцсэнгүй гэж хэлэх хэр хэцүү вэ?
-Надад тийм ч хэцүү байдаггүй. Би үнэнийг хэлж байгаа учраас харамсдаггүй. Найран дээр эвлэгхэн дуулдаг залууг сонсоод үзэгчид сайхан хүлээгээд авчихдаг. Гэтэл бид олон мянган залуугаас онцгойг нь олохыг хүсэж байгаа.
Дэмий юманд нэгийгээ хөөргөж байхаар алтан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. “Авьяаслаг монголчуудад” оролцоно гэдэг тухайн хүнд амьдралынх нь бас нэг сайхан дурсамж болох байх аа.
-Тавилттай шоу, шүүгчдээ дүрд хувиргачихсан гэж хүмүүс шүүмжилдэг. Гэхдээ баримтат кино ч зохиолтой байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол гэр бүлийн шоу. Формат нь яг л дэлхийн жишгээрээ явж байгаа. Тайзан дээр гарч байгаа хүнийг танилцуулж, ямар бэрхшээл дундаас энд ирснийг харуулах л ёстой. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй байна гэдэг утгагүй. Жирийн нэгэн ажил хийдэг залуу Сэлэнгэ аймгаас Улаанбаатарт ирээд, зөвхөн ээжийгээ баярлуулах гэж энэ тайзан дээр гарч ирсэн тэр нюансыг гаргах л ёстой.
-Монголын нүүр царай болох тийм контент бий болоосой гэж хүсдэг үү?
-Байж болно. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шоунууд Монголын хөрсөнд бууж, үзэгчдийн хүртээл болохоор мэргэжлийн хүмүүс нь телевизийн шоу ийм байх ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа. Нэрийн бараа гэдэг шиг л монгол шоуг аль нэг телевиз хийж таарна. Монголын бүх зүйл нь эко.
Идэж байгаа хоол хүнс, малын мах, дуулж байгаа байдал нь яг л өөрийнхөөрөө. Бидэнд соёлын маш их өв уламжлал байна. Өөрсдөдөө тохирсон гоё шоу гаргаж ирж болно.
-18 настай нэг охин энэ шоунд түрүүлбэл 100 сая төгрөгөөрөө дэлхийг тойрон аялна гэж ярьж байсан. Та энэ насан дээрээ яг юу мөрөөдөж явсан бэ?
-18 настайдаа гитараа бариад л урлагийн хүн болно гээд явж байлаа. Алдартай хүн болъё ч гэж бодоогүй, гитарандаа дуртай учраас илүүг сурахсан, ихийг мэдэхсэн гэж явсан. Миний хүсэл мөрөөдөл, миний ертөнц тэр чигтээ хөгжим л байсан.
-Мөрөөдөл дундардаггүй. Одоо та юуг мөрөөддөг вэ?
-Хүний мөрөөдөл хязгааргүй. Үргэлж л мөрөөдөлд умбаж, түүндээ хүрэх арга замыг эрэлхийлж явдаг. Мөрөөдлөө биелүүлэхгүй байсан ч гоё шүү дээ. Юу мөрөөдөх вэ гэдэг бас чухал. Мөнгө хөрөнгө юу ч биш. Түүнээс өөр олон сайхан гэгээ бий. Тийм энгүүн мөрөөдөлтэй байвал бүрэнхий өдөр ч орноосоо өөдрөг босно.
-Та эрсдэлтэй алхам хийдэг үү?
-Би ямар ч эрсдэлээс айдаггүй. Би чадна гээд л зүтгэдэг. Алдаа гаргадаггүй хүн гэж хаана байх билээ. Гэхдээ би яахаа алдсан тэнэг алхам хийж үзээгүй юм байна.
-Та азанд итгэдэг үү?
-Би азтай хүн. Ийм сайхан авьяасыг аав, ээжээсээ өвлөсөндөө өөрийгөө азтайд тооцдог. Гэхдээ би өөрийнхөөрөө л байдаг.
“Өөрийнхөөрөө дуулахыг минь сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд хүрнэ”
гэж манай яруу найрагч Б.Баярхүү хэлсэн. Хүн болгон өөрийн гудамжтай. Энэ шүлгийг л сонсоод ойлгоорой. Өөрөөрөө бай. УИХ-ын гишүүн, ээж аавын хүү, эгэл ардын хүү хэн ч байсан түүгээрээ л бай. Жаахан дээшээ гарахаараа хамраа сөхөж, ядрахаараа найзуудтайгаа уулзахгүй ичиж зовж, надаас дээш, доош гэж хуйлрах хэрэггүй.
“Амьдралын бэлэг” цомгийг аваад нэг сонсоод үзээрэй. Та биднээс түрүүлж сонссон эрхмүүд “Энэ бол амьдралын эргэцүүлэл юм”, “Дуун кино юм” гэсэн дүгнэлт хийчихээд байгаа. Тэр ээжийгээ өтөл настайгаар нь дүрсэлсэнгүй. Залуу насыг нь нэхэн санаж “Гэрэлт нарны охин байж дээ та”-г зохиосон.
Түүнийг бүтээсэн тэр агуу эмэгтэй өнөөдрийнх шигээ өтөл хэвээр хорвоог туулаагүй юм гэдгийг түрүүлээд сануулж буй нь энэ. Амьдралын хатуу хөтүүг хамтдаа үүрч, жаргахад нь цуг инээж, зовоход нь түшсэн ханьдаа зориулж “Эрхэмсэг”-ийг урласан.
Дууныхаа шүлгүүдэд дурлаж, яруу найрагчдынхаа нэрийг нь хэлээд аялгуулан уншихыг сонсох сайхан байлаа. Харин түүний урласан аялгуун эмжээртэй энэ бүтээлийг та бүхэн аравдугаар сарын 7, 8-нд “UB Palace”-т очиж сонсоорой.