Анагаахын шинжлэх ухаан доктор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын секторын мэргэжилтэн У.Цэрэндолгортой ярилцлаа. Тэрбээр олон жилийн турш Д аминдэм болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн шалтгаантай рахитыг судалж, гадаад дотоодын болон үндэсний хэмжээний судалгааны ажилд оролцож, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн билээ.
Товчоор бол түүнийг Д аминдэмийн Монгол дахь “нэвтэрхий толь” гэж хэлсэн ч болно. Тэрбээр Монгол хүүхдүүдийн цусан дахь Д аминдэмийн шинжилгээг БНХАУ-д, дараа нь төслийн хүрээнд Австралийн лабораторид хийлгэж, үр дүнг нь тодорхойлж байсан юм.
-Д аминдэмийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ясны бодисын солилцоонд оролцож, ясыг бүтээдэг кальцийг бие махбодид зохицуулан шимэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг аминдэм бол Д.
Эрүүл мэндийн шинжлэх ухаанд Д-г аминдэм гэж үздэг. Дааврын судлаачид бол даавар гэж үздэг. Д бол аминдэмийн үүрэг гүйцэтгэдэг гормон юм. Хоол хүнсээр биед орж ирж байгаа кальцийн шимэгдэлтийг сайжруулах нь Д аминдэмийн гол үүрэг.
Ионжсон кальцийг нарийн гэдэсний ханаар шимэгдэхэд нөлөөлснөөр цусан дахь кальцийн хэмжээ нэмэгдэж тэр нь ясруу зөөгдсөнөөр бат бөх чанар нь нэмэгддэг. Энгийнээр бол бага насны хүүхдийг рахитаас сэргийлж, ахимаг насны хүнийг ясны сийрэгжилтээс хамгаалдаг аминдэм юм.
Энгийн үед биед хоол хүнсээр авч байгаа кальцийн 15 хувь шимэгддэг бол Д аминдэм ууснаар 65 хувь болж нэмэгддэг
Д аминдэм дутсанаар бага насны хүүхдэд рахит үүсдэг. Бага нас гэлтгүй сургуулийн насныханд ч энэ өвчлөл бий. Сургуулийн насных судалгааг манай улс хийдэггүй. Харин БНХАУ-д нэлээн сайн хийдэг. Монголчууд бол одоохондоо тав хүртэлх насны хүүхдийн Д аминдэмийн дутлын талаар л анхаарч байна. Сургуулийн насных хүүхдүүдийг огт дурсахгүй байгаа нь харамсалтай.
-Энэ аминдэмийг ямар ямар эх үүсвэрээс авч болох вэ?
-Д аминдэмийг нарны гэрэл, хоол хүнс гэсэн хоёр эх үүсвэрээс авах боломжтой. Хоол хүнснээс хангалттай хэмжээний Д аминдэм болон кальци авч чадахгүй бол хүүхдэд рахит, насанд хүрсэн хүнд яс зөөлрөх эмгэг, ахимаг насныханд ясны сийрэгжилт үүсдэг.
Ясны сийрэгжилт гормоны хямралтай холбоотойгоор үүсэж байгаа боловч Д болон кальцийн дутагдалтай байх юм бол ясны сийрэгжилтэд өртөх насыг залуужуулдаг. Иймд гормоны хямралд өртөхгүй, рахиттай болохгүй байя гэвэл Д аминдэмийг тогтвортой хэмжээнд байлгах, дутагдлаа нөхөх нь зайлшгүй юм.
Энэ аминдэмийн биед байгаа урьтал бодисыг нарны гэрлийн эрчим идэвхитэй хэлбэрт шилжүүлдэг. Тухайн орны газарзүйн байршлаас шалтгаалан нарны гэрлийн эрчим, хэдэн градусаар хэрхэн тусаж байгаагаас шалтгаалан урьтал бодисыг идэвхитэй хэлбэрт шилжүүлж чадах эсэх нь хамаарна.
Нарны гэрэл газрын гадаргууд тусахдаа 90 градустай ойролцоо хэмээр тусдаг газар нутагт энэ нь илүү боломжтой. Ямар ч хүн Монгол орныг нарны тусгалын 49-52 хэмд байдгийг сонсоод Д аминдэмийн дутагдалд өртдөгийг түвэггүй ойлгоно.
Миний хийсэн судалгаагаар тавдугаар сард нарнаас Д хувиргах хэмжээний эрчим ирэхгүй. Зургадугаар сард алдаг, оног өдрүүд бий. Харин долдугаар сар бүтнээрээ, наймдугаар сарын эхний 15 хоногийн цэлмэг өдрүүдэд энэ боломж арай илүү. Гэхдээ Д аминдэмийн урьтал бодисыг арьсны хоёрдугаар давхаргад хувиргахын тулд хүүхэд нүцгэн биеэрээ нарны гэрэлд байж, арьс улайх хэмжээгээр өнгө нь хувиралтайгаар хүлээж авах ёстой байдаг.
-Монголчуудын хэдэн хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна вэ. Бүрэн хэмжээний судалгаа бий юү?
-Хоол тэжээлийн үндэсний дөрөвдүгээр судалгааны дүнгээр бол тав хүртэлх насны хүүхдийн 21.8 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 20.6 хувь нь Д аминдэмийн нөөц багатай, төрөх насны эмэгтэйчүүдийн 30 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 22.2 хувь нь нөөц багатай нь тогтоогдсон байна.
Түүнээс өмнө 2000 онд би эрдэм судлалын ажлынхаа хүрээнд судалгаа хийхэд тав хүртэлх насны хүүхдийн 41, жирэмсэн эмэгтэйчүүдийн 35, хөхүүл эхчүүдийн 37.5, сургуулийн хүүхдийн 26 хувь нь дутагдалтай байсан. Улсын хэмжээнд хийгддэг судалгаанд тав хүртэлх насныхныг хамруулаад сургуулийн насныхныг орхигдуулдаг.
Ихэвчлэн гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд л судалгаа хийдгээс биш бүрэн хэмжээний нарийн судалгаа хийх санхүүжилт байдаггүй. Сүүлийн үед Д аминдэмийн дутагдал дорвитой буураагүй, харин ч ихсэх хандлагатай байна.
-Д аминдэмийн дутагдал ийм их байгаа улс ямар арга хэмжээ авч, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой юм бол оо?
-Олон улсад дэвшүүлдэг зүйл нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Д аминдэмээр баяжуулах шаардлагатай гэж үздэг.
-Монголд ямар хүнсийг баяжуулах боломжтой вэ?
-Европ болон АНУ-д Д аминдэмийн дутагдлыг 1930-аад онд устгасан нь хүүхдийн сүүн тэжээлийг баяжуулсантай холбоотой. Энэ нь рахит, ясны сийрэгжилтийг бууруулж, багасгахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Сүүлийн жилүүдэд цагаач иргэдийн дунд Д аминдэмийн дутагдал нэмэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байна лээ.
Улаанбаатар хотын сургуулийн насны 744 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гарсан байна.
-Рахит cүүлийн үед эхээр ажиглагдах боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-Рахит удамшлынх болон кальци дутлынх гэж байдаг. Кальци дутлын рахит бага насанд илрээгүй байж байгаад 4-6 настайгаас хөл, гар муруйх талтай. Харин манайд бол нярай үеэс эхэлж байгаа нь хоол тэжээлийн шалтгаантай, Д амин дэмийн дутагдалтай холбоотой.
Тиймээс энэ төрлийн судалгааг бодлоготойгоор эрчимжүүлж, зөвхөн төслийн хүрээнд судалгаа хийгээд орхилгүй гарах арга замаа олох нь маш чухал юм. Мэдээж Д аминдэм дангаараа биед ямар ч үүрэг гүйцэтгэхгүй. Кальцийг зөөвөрлөх үүрэгтэй сүү, тараг, цэцэгт байцаа, навчтай ногоо гэх мэт кальци агуулсан хүнс хангалттай хэрэглэхийн зэрэгцээ Д аминдэм нэмэлтээр авах хэрэгтэй.
Энгийн үед биед хоол хүнсээр авч байгаа кальцийн 15 хувь шимэгддэг бол Д аминдэм ууснаар 65 хувь болж нэмэгддэг. Хүн өдөрт хүнсээр 500-800 мг кальци авах ёстой. Гэхдээ онцгой өсөлттэй байдаг насуудад түүнээс ихийг шаарддаг. 50см урттай төрсөн хүүхэд нэг нас хүртлээ жилийн дотор 25 см өсдөг. Энэ үедээ хангалттай кальци, Д аминдэм зайлшгүй шаардлагатай. Мөн өсвөр насанд шаардлагатай.
Хүүхэд тань хөл өвдлөө гэж хэлэхээр “Өндөр болж байгаа юм. Тэгдэг юм” гэдэг. Тэр нь ч үнэн. Өсөлт явагдаж байгаа болохоор яс өвдөж мэдрэгддэг. Энэ кальци шаардлагатай болсны илэрхийлэл юм. Сургуулийн насны хүүхдүүд хоногт 1200 мг кальцийг хүнсээр авах ёстой ч одоо бол 500-700 мг-аас хэтрэхгүй байна.
Мөн өтөл насны хүмүүст ясны хэврэгшлийг багасгаж, удаашруулахын тулд кальци, Д амин дэм чухал. Эмэгтэй хүний сарын тэмдэг зогсох үед өндгөвчний ялгаруулж байгаа даавар багассанаар бамбай булчирхайнд нөлөөлж, цусан дахь кальцийн солилцоог хямрааснаар яснаас кальцийг, цусанд нийлүүлээд эхэлдэг.
Ийм хуурмаг үйл ажиллагааг зогсоож, багасгахын тулд кальци, Д аминдэм чухал юм. Д аминдэм дутагдалтай байх нь сэтгэл гутралтай болох магадлалыг нэмэгдүүлэх ба сэтгэл гутралыг хүндрүүлэх сөрөг нөлөөтэй. Яг нарийн механизм нь тодорхойгүй боловч тархины эд эсэд Д аминдэмийн дутагдал нь нөлөөлж, сэтгэл гутралыг үүсгэдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан байдаг.
-Тэгвэл улсынхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, Д аминдэмийн дутлаас гаргахын тулд бодлогоор ямар ямар ажил хийж байгаа вэ. Та судалгааны ажлуудад оролцдог учраас бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтад ч хувь нэмэр оруулсан байх.
-“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Эх хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх стратеги”-ийг хэрэгжүүлэх, хүүхдийг хоол тэжээлийн архаг дутлаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Бага насны хүүхдийг А, Д аминдэмээр хангах заавар” -ыг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2013 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар тушаалаар батлуулан, энэ зааврыг үндэсний түвшинд мөрдлөг болгон ажиллаж байна. Цаашид Д аминдэмээр хүнс баяжуулах зорилт тавигдсан байдаг.
Д аминдэмийн дутагдал нь сэтгэл гутрал цаашлаад чихрийн шижин, биеийн дархлаа муудах, хавдар үүсэхэд нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын сургуулийн насны 744 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гарсан байна. Энэ нь 22-55 насны монгол хүмүүсийн ясны бодисын солилцооны хямралд өртөх эрсдэл өндөр байгааг харуулж буй юм.