Д.Хосбаяр найзуудынхаа хувьд багадаа рэп бүжиглэдэг байсан дэггүй хүү, оюутан ахуйдаа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд багшилсан хэрсүү залуу, итгэлт анд.
Харин үзэгчдэд “Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз”, “Өнөөдөр” зэрэг 20 орчим дэлгэцийн бүтээлд тоглосон ирээдүйтэй жүжигчин. Хүүхдэрхүү төрхөө даруу зан, намуухан инээмсэглэлээр чимж явдаг уран бүтээлчийг энэ удаагийн зочноор урилаа.
-Энэ жил уран бүтээлийн олз арвинтай байна. Инээдмийн, аймшгийн, сэтгэхүйн гээд төрөл бүрийн кинонд тоглож амжжээ?
-Тийм шүү, өөрийгөө туршсан олон оролдлого хийлээ. “Green” энтертайнментийн бүтээл “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кинонд тоглолоо. Манай ангийнхан анх удаа хамтран уран бүтээл хийсэн нь энэ. Бид СУИС-ийг 2009 онд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн удирдлаганд төгссөн юм. Би өмнө нь дандаа л уянгын кинонд тоглосон шүү дээ.
Хүн инээлгэнэ гэдэг нь уйлуулахаас хамаагүй хэцүү байдаг юм байна. Өвөл, гадаа киноны зураг авахуулахад даарч хөрнө. Гэхдээ миний ажил учраас даваад л гарах ёстой. Залуу уран бүтээлчид хамтран ажиллахад нэг нэгнээ хүндлэх, хариуцлагаа ухамсарлах, нэг зорилгод нэгдэх, хувийн зохион байгуулалттай байх ёстойг илүү ойлголоо.
Уг киноны дараа үргэлжлүүлэн “Lanz” энтертайнментийн “Өвлийн тууж” сэтгэхүйн кинонд тоглосон. Тус кинонд тоглохоос гадна зургийн даргын ажлыг хариуцлаа. Чанга алба юм байна. Энэ хамт олонтой өмнө нь “Өнөөдөр” уран сайхны кинонд хамтран ажилласан юм. Киноны нийт уран бүтээлчийг бэлэн байлгах, зураг авах объект бэлдэх, хоол ундаар таслахгүй байх гээд л асар олон ажлыг зэрэг амжуулах шаардлагатай болсон.
“Өвлийн тууж” киног олон улсын фестивалиудад сойхоор зорьж буй. Киноны зохиолыг алдарт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичиж, Б.Тулгаа найруулсан. Үүний дараа “Морьтон” энтертайнментийн “Хараал” аймшгийн уран сайхны кинонд УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэлтэй хамтран тоглосон. Мөн л анх удаа ийм төрлийн кинонд тоглолоо.
Уг киног Ц.Төмөрхуяг ах найруулсан. Жириийн хүн оршуулгын газарт үүрээр зураг авахуулбал цэрвэх л байх. Харин бидэнд тэгж хэлэх эрх байхгүй шүү дээ. Ажлаа хийх л ёстой. Өөр өөр төрлийн кинонд тоглох сонирхолтой байлаа. Зураг авахуулах үед шантармаар хэцүү санагддаг ч, киногоо дэлгэцэнд гаргасны дараа үзэгчдээс шүүмжлэл, магтаал сонсох хамгийн сайхан.
-Хүмүүс таныг хэсгийн төлөөлөгч Тодбаярын дүрээр тань илүү мэддэг. Та нэлээд хэдэн кинонд цагдаагийн дүрд тоглосон байх аа?
-Миний тоглосон олон ангит анхны кино бол “Амьдрал чиний төлөө”. Тодбаяр гэсэн дүрд тоглохын тулд найруулагчдаа их ч загнуулсан даа. Одоогоор “Хүүгүй ломбард”, “Мааз” продакшны “Би дурламаар байна” гэхчлэн зургаан кинонд цагдаагийн дүр бүтээжээ. Одоо харин энэ дүрээс татгалзъя гэж бодож байна.
-Та яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ. Багадаа авьяастай хүү байв уу?
-Би дунд сургуульд байхдаа Төмөр замын “Cross” гэж хамтлагт бүжиглэдэг байв. “Одод болохын хүслэн” “Топ-2” гээд бүжгийн уралдаанд идэвхтэй оролцдог байлаа. Мөн сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож, жүжигт тоглодог байв. Тэр үеэс л “Жүжигчин болбол яадаг бол” гэсэн бодол төрж эхэлсэн юм.
Ээж, аав маань намайг гадаад хэл, олон улсын харилцаа чиглэлээр сургахыг их хүссэн. Гэхдээ жүжигчин болох миний сонголтыг эсэргүүцээгүй. Хүн өөрийн сонирхдог зүйлд илүү их чармайн суралцдаг гэдгийг тэд маань мэддэг байлаа.
-Хэрэв жүжигчин болоогүй бол...
-Би багадаа нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Хүүхэд л юм хойно юм юм сонирхож, хэд хэдэн мэргэжилд дурлаж явлаа. Нэг хэсэг уралдааны машины жолооч болно ч гэж хөөрцөглөсөн. Хүний мөрөөдөл нас ахих тусам бодит болдог юм шиг. Хүүхэд байхдаа “сансрын” юм мөрөөддөг байсан бол одоо биелүүлэх боломжтой зүйл хүсдэг болжээ.
-СУИС-ийнхан элсэлтийн шалгалтад бэлдэж, “сойсон” хүнээ “морь”, харин давтлага өгч, “хурд тааруулсан”-ыг нь “уяач” гэлцдэг. Таны “уяач” хэн байв?
-Дунд сургууль төгссөн хавраа СУИС-д элсэлтийн шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Тэгээд нэг жил “Brau house” зоогийн газарт зөөгч хийсэн.
Бүтэн жил яаж зүгээр суух вэ дээ. Ингээд дараагийн хавар нь шалгуулж, нэлээд өндөр оноо аван тэнцэж байлаа. Өмнөх жил нь шалгалт өгөөд үзчихсэн болохоор юу юугаар шалгадгийг нь мэддэг болчихсон. Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү Л.Нурбулан ахаар бэлдүүлсэн. Нэг үгээр Л.Нурбулан ахаар уяулсан “морь” шүү дээ.
-Та СУИС төгсөнгүүтээ УДЭТ-ын босгыг давсан ч, удалгүй гарчихсан юм билээ. Тэр өндөр босгыг нэгэнт давчихаад яагаад шантарчихсан юм бэ?
-УДЭТ-ын “Театр” студид сургуулиа төгсөөд л орсон. Дагалдан жүжигчин гэсэн үг л дээ. Бас ч үгүй цалинтай. “Ажиллангаа ахмадаасаа суралц” гэж залуу уран бүтээлчдэд олгодог боломж. Одоо ч миний сэтгэлийн мухарт “Тайзан дээр гарах юм сан. Жүжигт тоглох юм сан” гэсэн нууцхан бодол бий.
УДЭТ-д гурван жил ажиллаж, ах, эгч нараасаа жүжиглэх арга барил, ёс зүй гэх мэтчлэн их зүйлийг мэдэж авсан. Намайг УДЭТ-д орсны дараахан Н.Наранбаатар найруулагч “Парисын дарь эхийн сүм” хөгжимт жүжиг тавьсан. Энэ жүжгийн олны хэсэгт тоглож, анх тайзан дээр гарч байв.
Дараа нь Б.Мөнхдорж багш маань “Шар тэнгисийн тарчлаан” жүжгээ найруулсан. Энэ жүжигт мөн л туслах дүрд ажилласан. Намайг тэнд ажиллах хугацаанд “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Цэцэрлэгт учирсан хоёр” гэх зэрэг олон сайхан жүжиг үзэгчдэд хүргэсэн. Тэр болгонд оролцож байлаа.
Харамсалтай нь, тэнд ажиллаж байх үед өөр уран бүтээл давхар хийх боломж тэр бүр гардаггүй байв. Жүжгийн сургуулилалт, бүжгийн бэлтгэл гээд байнга завгүй. Гэтэл би залуу хүн учраас өөрийгөө тал бүрт сорьж үзэхийг хүссэн. Тэгээд л чөлөөт уран бүтээлч байх замыг сонгосон юм.
-“Гацуурхан” хүүхдийн театр байгуулж байсан санагдана.
-2012 онд ангийнхаа багштай нийлж “Гацуурхан” театр байгуулж байлаа. Зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг”, “Алтан түлхүүрийн эрэлд”, “Анхны хайранд хүргэж өгдөг галт тэрэгний тасалбар” жүжиг хүүхдүүдэд хүргэж байв.
-Одоо тайзаа үгүйлж байна уу?
-Саналгүй яах вэ. “Эрэгтэй жүжигчид нас ахих тусмаа хий нь гардаг” гэж ахмадууд ярьдаг юм. Жүжигчин Г.Эрдэнэтогтох ах ч надад “Залуу хүүхдүүд дүр бүтээнэ гээд илүү юм нэмж салбаганаад байх юм. Яг өөрөөрөө тоглох хэрэгтэй. Дүр гээч зүйлийг чинь нас жаахан явсны дараа мэдэрдэг болоод хийдэг юм” гэж хэлж байлаа.
Тэгэхээр өөрийгөө боловсруулж, туршлага суусныхаа дараа театраа бараадна. Жүжгээ тоглож дуусаад хөшиг хаагдахад үзэгчдийн алга таших нь ямар гоё мэдрэмж төрүүлдэг гээч.
-Ямар төрлийн киноны ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Эсрэг дүрд тоглохыг хүсэж байна. “Надаас ийм ур чадвар гардаг шүү” гэж үзэгчдэд харуулмаар байна.
-Тантай нэгэн үеийн уран бүтээлчид жүжиглэхээс гадна найруулагчийн ажилд ханцуй шамлаад эхэллээ. Хэзээ Д.Хосбаярын найруулсан кино үзэгчдэд хүрэх бол?
-Найруулах, жүжиглэх гэдэг эрс өөр. Кино найруулах бодол миний толгойд одоогоор алга. Нас залуу, туршлага ч нимгэн байна. Харин кино зохиол бичихээр оролдож буй. Сүүлийн үед богино хэмжээний кино их сонирхож байгаа. Аавыгаа алдаад удаагүй болоод ч тэр үү, аавын тухай богино хэмжээний киноны зохиол бичиж байна.
-Та хотын унаган хүүхэд үү?
-Тийм ээ. Улаанбаатар хотод төрж, өссөн. Төмөр замын унаган хүүхэд. “Монгени” цогцолбор сургуулийн анхны төгсөгчдийн нэг.
-Аав, ээжийнхээ тухай ярина уу. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том хүү. Нэг эрэгтэй дүүтэй. Аав, ээж минь насаараа л төмөр замд ажилласан хүмүүс. Ээж минь Улаанбаатар төмөр замын суудлын вагон депод үйлчлэгч, аав маань мөн л уг байгууллагын Эрчим хүчний хангамжийн төвд цахилгааны инженер байсан.
Аав минь гурван жилийн өмнө бурхан болсон. Жүжигчин хүн бүх л мэргэжилд хувирч, тэдний онцлог, амьдралын зах зухаас судлах боломжтой. 2011 онд “Сэтгэлийн гэрэл” уран сайхны кинонд аавтайгаа ижил мэргэжилтэй хүний дүрд тоглосон. Би нээрэн их азтай.
-Гэргийгээ танилцуулна уу. Гурван хөөрхөн хүүгийн тань ээж шүү дээ. Уран бүтээлч хүний арын албыг даах амаргүй байх даа. Анх хэрхэн танилцсан бэ?
-Миний ханийг Ч.Хонгорзул гэдэг. СУИС-ийг урлагийн менежментийн чиглэлээр төгссөн. Жүжигчин хүнээс сайн уран бүтээл төрөх хамгийн том хөшүүрэг нь ар гэрийн тайван байдал. Миний хань намайг, миний мэргэжлийн онцлогийг маш сайн ойлгодог. Бид оюутан цагаасаа л үерхэж, дотноссон.
Анх “Нүдэнд дулаахан охин байна даа” гэж боддог байлаа. Хөөцөлдөж байгаад гар утасных нь дугаарыг олж, удалгүй мессежээр харилцдаг болов. Хичээлийн завсарлагаанаар хамт хоол идэж, тарахад гэрт нь хүргэж өгсөөр нэг л мэдэхэд салж чадахааргүй болсон.
Бидний том хүү зургаа, удаах нь дөрвөн нас, бага маань ой хүрэх гэж байна. Том хүү маань энэ жил сургуулийн сурагч болж, гэрийн даалгавраас болж манай гэрт орой бүр “иргэний дайн” дэгддэг боллоо (инээв).
-Таны хөвгүүдэд урлагийн хүн болох шинж байна уу?
-Байна аа. Том хүү урлагт их сонирхолтой. Гэхдээ урлагийн хүн хоёр янз байдаг шүү дээ. Нэг нь өөрөө нэг их цойлсон авьяасгүй ч маш их хөдөлмөрлөдөг, нөгөө нь төрөлхийн мэдрэмж, авьяастай атлаа хайнга. Том хүү маань яг л эхнийх нь.
Харин дунд хүү маань хоёр дахь нь. Бага маань одоохондоо дэндүү жаахан байна. Би хөвгүүдээ ямар ч мэргэжил сонгосон дэмжинэ ээ.
-Чөлөөт уран бүтээлчид тогтмол цалингүй. Кино, рекламанд тоглож, арга хэмжээ, тоглолт хөтөлж л орлого олдог. Гэвч ар гэрээ тэжээх үүрэгтэй. Та яаж болгоод байна?
-Ний нуугүй л ярья. Хэцүү үе бий. Гэхдээ кино, рекламанд тоглохоос гадна жүжигчдэд ашигтай сарууд байдаг. Тэр үеэр арга хэмжээ, тоглолт хөтөлж орлого олно. Оюутан байхаасаа л энд тэндхийн арга хэмжээ хөтөлж, халтуур хийж эхэлсэн болохоор багахан туршлагатай.
Одоо “Lanz” энтертайнменттэй энэ чиглэлээр хамтран ажиллаж буй. Өнгөрсөн жил БНСУ-д ажиллаад ирлээ. Хүний л амьдрал шүү дээ. Гэр бүлийнхээ төлөө тэр зэргийн зүйл хийх зориг надад бий. Хүний нутагт хийж болох ажлыг бүгдийг нь л хийлээ.
-Хүний нутагт хар ажил хийж байхдаа юу ойлгов?
-Залуу хүн өөрт байгаа нөөц боломжоо маш сайн ашиглах ёстой юм байна гэдгийг яс мах, ой тойндоо шингэтэл ойлгосон. Хийж буй ажлаа чин сэтгэлээсээ, маш сайн хийх хэрэгтэйг ч гэсэн.
-Та их зөөлөн зантай хүн шиг харагддаг. Хэр барагтаа уурладаггүй байх аа?
-Яг л харагдаж байгаа шигээ аль болох зөөлөн, аядуу, тайван байхыг л хичээдэг. Гэхдээ хүн л юм чинь найз нөхөдтэйгөө нийлэхээрээ “задарна”.
-Хэр олон найзтай вэ. Найз гэж таныхаар хэн бэ?
-Надад олон найз бий. Дунд сургуулийн найзуудтайгаа одоо ч дотно. Оюутан цагийн нөхөд байна. Уран бутээлийн найзууд ч олон. Бид бие биедээ хэлэх гэснээ хэлж, шүүмжлэх үедээ шүүмжилж, хэцүү цагт тусалж чаддаг. Би сайн найз байхыг хичээдэг.
-Найзуудтайгаа хамт юу хийж цагийг өнгөрөөх дуртай вэ?
-Амралтын өдөр цуглаж сагс тоглодог. NBA-ийн тоглолтуудыг алдалгүй үздэг. Бас ууланд авирах, явган алхах дуртай. Цаашдаа гэр бүлээрээ алхдаг болмоор байна. Чи бод доо, намайг 45 нас хүрэхэд миний хөвгүүд 20, 18, 16 настай ханхайсан залуус болно. Дөрвөн залуу хамт алхвал ямар хөгжилтэй байх бол.
-Та төрсөн өдрөө нижгэр тэмдэглэдэг юм билээ. Ямар бэлэг авах дуртай вэ?
-Найзууд маань салбарт бүрт ажилладаг. Янз бүрийн л бэлэг өгдөг. Гэхдээ зангиа, ном авах дуртай. Хань минь надад ном их бэлэглэдэг.
-Хэр мөрөөдөмтгий вэ?
-Маш мөрөөдөмтгий.
-Тэгвэл одоо юу мөрөөдөж байна вэ?
-Одоо хөөрхөн охинтой болмоор байна. Бас маш гоё студитэй болохыг хүсэж байна. Мөрөөдлийнхөө захаас атгаж л явна.
-Азтай тохиолдлоор таны гарт далдын хар малгай орж иржээ. Тэгвэл та хамгийн түрүүнд хаана очиж, юу хийж үзэх вэ?
-Би Холливудад очиж үзмээр байна. Тэндхийн зургийн павильон, талбайд очиж, уран бүтээлчид хэрхэн ажилладгийг хармаар байна. Би HBO сувгаар кино, кино хэрхэн бүтдэг тухай нэвтрүүлэг үзэх дуртай. Зурагтаар үздэг тэр зүйлээ нүдээрээ харъя л даа.
-Тэгвэл танд нэг өдөр өөр хэн нэгний биед орж амьдрах боломж олговол хэний биед шургах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн биед хувирна. Тэр хүний нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сонирхъё. Төрийн тэргүүнийг айлчлахад хүмүүс хэрхэн хүлээж авдаг, ажлаа тараад гэр бүлтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг нь сонин л байна. Эсвэл Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайд хувирна.
УДЭТ-д байхад “Тамгагүй төр” жүжигт тоглох завшаан надад тохиосон юм. Уг жүжгийн зохиолын харилцан яриа, дүрийн онцлог ямар гоё гээч. “Энэлэл зовлонгийн шүдгүй аманд залгиулж”, “Ухаан чинь чамайг хатан болгосон уу, умай чинь чамайг өдий хүргэсэн үү” гээд л яаж ингэж онож хэлэв ээ гэж гайхмаар. Тэр агуу зохиолчийн ямар үед онгод нь хөглөгддөг, хэрхэн зохиолоо бичдгийг сонирхвол гоё л байна.
-Холливудын нэг алдартантай хамт кинонд тоглох завшаан олдвол та хэнийг сонгох вэ?
-Эргэлзэх зүйлгүйгээр Леонардо ди Каприог сонгоно. “Titanic”, “Revenant” гээд тэр хүний тоглосон олон алдартай кино бий. Харин би “Djungo unchained” кинонд бүтээсэн дүрд нь дуртай.
Дүрд хэрхэн ажиллахыг бусад жүжигчинд үлгэрлэдэг жүжигчин гэж боддог. Тэр хүнтэй хамт киноны ганцхан хэсэгт тоглох боломж олдвол завшааныг яаж ийгээд л ашиглана шүү дээ.
-Та зүүдэлдэг үү. Сүүлд юу зүүдэлснээ санаж байна уу?
-Зүүдэлнэ шүү. Их ч тод санадаг. Есөн бусын сонирхолтой зүүдэлдэг. Хамгийн сүүлд хүүгийнхээ эцэг эхийн хуралд сууж байна, яагаад ч юм хүүг минь багш нь загнаад, би өмөөрөөд хүүгээ дагуулаад ангиас нь гарч байна гэж зүүдэлсэн.