Одоогоос найман жилийн өмнө “Тэнгис” кино театрын ойролцоох нэгэн кафед хип хопт дуртай өсвөр насныхан үе үе цуглаж, Жийг хоймортоо залчихаад тэрхэн зуурт оюундаа бүрэлдүүлсэн мөртүүдээ үглэж, хоорондоо өрсөлддөг байж билээ. Энэ үед Б.Цэдэндамбаа нэртэй хүү олноос арай чадварлаг үглэж байсан нь өнөөгийн Мэх захгүй.
“Цор ганц” дуугаар нь хүмүүсийн мэдэх Лил Төөгий, “Өгзөг сайхан бол зүс сайхан”-аараа танигдсан Гинжин нар ч энэ бүрэлдэхүүнд байсан юм. Ажиглах нь ээ, зорилгодоо үнэнч биш л бол авьяас ч үнэгүйддэг аж. Мэх захгүйтэй нэгэн оргил руу хамт мацаж байсан хамтлагийнхан, найзууд нь өдгөө дэргэд нь үгүй ч зорилго нь түүнийг урагш чангаасаар явна.
Хязгааргүй арга мэхтэй гэсэн утга бүхий энэ нэрээ өөртөө өгч, “Өнөөдөр” сонины нүүрнээ залрах хэмжээний хүн болтлоо Мэх захгүй хэн нэгний туслалцаагүйгээр хөдөлмөрлөсөөр л. Өөрийн гэсэн компьютергүй учраас PC тоглоомын газар сууж, ая зохиохоор оролддог байсан хүү өдгөө олон уран бүтээлчийн дууны хөгжмийг хийжээ.
-VTV-гээс зохион байгуулсан “All or nothing” шоунд танай “Мафи 976” хамтлаг болон оролцогч Б.Доржпагма түрүүлж, дэлхийн од Снүүп Догтой хамтран уран бүтээл туурвих эрхээр шагнуулсан. Ямар бүтээл хийхээ шийдсэн үү?
-Одоогоор Америк явах виз гарахыг хүлээж байна. Ямар сэдэвтэй дуу хийх, аяыг хэн зохиох нь тодорхойгүй байгаа. Гэхдээ өөрийн зүгээс монгол үндэсний хэв маягтай хөгжим зохиосноо санал болгохоор бэлтгэчихсэн. Гадаад дууны үгийг ойлгохгүй ч сонсох дуртай хүмүүс байдаг шүү дээ.
Тийм болохоор эх хэлээрээ, сонсголонтой үгс ашиглан авиа зүйгээр тоглож шүлгээ бичихээр төлөвлөсөн. Урьдчилан бэлдэлгүй, тухайн үеийн уур амьсгал, сэтгэл хөдлөлийг мэдэрч үгээ зохиовол илүү хүчтэй болно шүү дээ. Бараг л зугаа цэнгэлийн тухай дуулна гэж таамаглаж байна.
-Шоу, цэнгэлийн талаар гадаад, Монголын олон дуу байдаг шүү дээ. Манайхан арай шинэлэг зүйл хүлээж байж мэдэх юм.
-Сэдэв адилхан байж болох ч монгол онцлог шингэх учир өвөрмөц болно байх. Монголчууд ч гэсэн эрт дээр үеэс олон хоногоор найрласаар ирсэн, зугаацаж чаддаг улс шүү дээ. Гэхдээ яг тийм сэдэвтэй дуу хийнэ гэсэн үг биш. Энэ зүгээр жишээ.
-Реппер Жийгийн дуунд хоолой нэмдэг (backround), их ойр дотно байсан. Яагаад хөндийрчихсөн юм бэ. Хувийн уран бүтээлээ хөөе гэж шийдсэн үү?
-Жий ахын тухай миний хэлээгүйг хөндлөнгийн хүмүүс намайг ярьсан болгож будлиан хутгаснаар бидний харилцаанд ан цав гарсан. Бид үнэхээр дотно ах дүүс байсан учир хүмүүс атаархсан ч байж мэднэ. Гэхдээ түүний ард дуулдаг байснаа би доошоо орж байна гэж бодож яваагүй.
Тэр хүн л намайг хип хоп ертөнцөд хөл тавихад хамгийн их дэмжсэн. Түүнтэй хамт тайзнаа гарах бүртээ туршлага хуримтлуулсан. Их зарчимч, шударга, хэлэх гэснээ шууд хэлж чаддаг зангаас нь би суралцсан.
-Миний мэдэхээр та 10 орчим жилийн өмнөөс хип хоп дуулж эхэлсэн. Тухайн үед ижил сонирхолтой байсан найзуудаас тань олонх нь хувийн амьдралаа хөөгөөд явжээ. Бусад хамтлаг дуучинтай харьцуулахад олонд танигдах гэж их удлаа. Энэ хүртэл хип хопт үнэнч байлгасан гол хүчин зүйл юу вэ?
-Манай гэр бүлийн санхүүгийн байдал, уран бү тээлийн минь чансаа, дуугаа бусдад сурталчлахдаа идэвх муутай байсан зэргээс болж хүмүүст танигдталаа удсан байх. Хамгийн анхны дуугаа 2008 онд бичүүлсэн.
Заавал амжилтад хүрнэ гэсэн бодол, өөртөө итгэлтэй байдал намайг өдий хүртэл хип хопоос урвуулаагүй. Багадаа хип хопыг зүгээр л сонирхдог байсан бол дараа нь зохиосон аян дээрээ үгээр тоглож сурсан.
Өөрийн зохиосон аяндаа сэтгэл хангалуун байж, түүндээ таарсан үг бичиж, дундаас нь төрсөн дуунаас гоё мэдрэмж авдаг болсноор хип хопт бүр гүнзгий дурласан.
-Рокит Бэй Америкт их сургуулиа төгсөх, уран бүтээл хийх хоёр замаас нэгийг нь сонгосон гэдэг. Тогтвортой ажилтай, тогтмол цалинтай үеийнхнээ хараад “Би юу л хийгээд байна даа” гэж бодож, сэтгэл хоосорсон мэтээр мэдэрч байв уу?
-Гэрийнхэн л “Цалинтай ажил хий” гэж үглэх үед тэгж бодогддог байснаас биш, яг дуу бичиж байхдаа үнэхээр их таашаал мэдэрдэг. 2009 онд цэргээс халагдаж ирэхэд манай “Стрийтмэн” хамтлагийнхан студитэй болчихсон байсан. Бид подваль түрээсэлж тохижуулаад өдөржин, шөнөжин тэндээ байрлаж, дуугаа хийн, дуучин болох хүсэлтэй хүмүүсийн хоолойг бичдэг байлаа.
Тухайн үед манай хамтлагийнхан оюутан, ахлах ангийн сурагч байсан учир түрээсийн мөнгөө төлж, студиэ цааш ажиллуулж чадаагүй. Тэгээд би “2016” студид хогийг нь цэвэрлээд, хөгжим зохиох, хоолой бичихэд суралцаж, нэг жил туслахаар цалингүй ажилласан.
Дараа нь “Стар” телевизэд дууны найруулагч болж ихийг суралцаад, “Сүүдэр” анимейшнд хоёр жил ажиллалаа. Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулахын зэрэгцээ энд, тэндхийн арга хэмжээнд дуулж, хүмүүст ая зохиож өгч байна.
Нэг зорилго дор нэгдэж, түүнийхээ төлөө хамтдаа зүтгэж байсан хүмүүс (хамтлагийнхан) гэнэт л нэг нэгээрээ замаасаа ухарч, ганцаараа үлдэхэд жаахан шантармаар байлаа. Одоо энэ замаар явсны жижиг, сажиг үр дүнгүүд гарч байгаа болохоор гэрийнхний хандлага ч өөрчлөгдсөн. Энэ дашрамд, “2016” студийн дууны найруулагч Бумбар, Төгс-Эрдэнэ ахад намайг дэмждэг байсанд баярладгаа илэрхийлье.
-Ямар, ямар жижиг амжилтад хүрсэн бэ?
-“Ичинноров”, “Жингүйдэл” дуу маань олонд хүрч чадсан. 2015 онд хамгийн олон удаа татагдсан дуугаар “Жингүйдэл” шалгарч, Hi-Fi медиа группээс батламж олгосон. “Плэй тайм” наадмын үеэр “Баянмонгол” чуулгатай хамтарч тайзнаа уран бүтээлээ амжилттай толилууллаа.
“Метролаунж” радиод өнгөрсөн жил найруулагчаар ажилласнаасаа хойш маркетингийн салбарыг их сонирхож байгаа.
-“All or nothing” шоуны шүүгчид зохиосон хөгжмийг тань барууны хэв маягтай гэж магтсан. Монголд хип хоп дууны ая хийдэг хүн цөөн, байгаа хэдийнх нь хөгжим тэр бүр олонд таалагддаггүй. Бусдаас хэрхэн ялгарч байна вэ?
-Хөгжмийн онолын мэдлэг надад байхгүй. Ая хийдэг программуудыг бие даан, бас Лил Төөгийгөөр заалгаж сурсан. Гадаад уран бүтээлчдийн хөгжмийг дуурайлгаад хийчихье гэж боддоггүй учраас минийх арай өөр болдог байж мэдэх юм. Дэлхийд трэнд болж буй хөгжмийн дуугаралт, чанарыг аяндаа шингээнэ гэж боддог.
Тэгээд үнэхээр чадварлаг болчихвол олон улсад өөрийн гэсэн онцлог зүйлийг трэнд болгох суурь тавихыг хүсэж байна. Би монгол түүхийн ном унших дуртай. Орой бүр унтахаасаа өмнө уртын дуу сонсдог. Түүхийн ном уншихад төсөөлөгдөж байсан зүйл уртын дуу сонсохоор дахин мэдрэгддэг болохоор гоё санагддаг юм.
Дунд сургуульд байхдаа унтахаасаа өмнө Чайковскийн хөгжмийн зохиолуудыг сонсдог байсан. Уртын дуу, сонгодог хөгжим тэгж сонсдог байсан минь ч гэсэн ая зохиодог болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
-Урьд нь хайрын сэдэвт дуу дуулдаг хамтлагуудад дургүй байсан шүү дээ.Тэгтэл “Флаш” хамтлагийн Бэбэтэй хамт дуу хийчихсэн байна лээ. Яг урлагийн тогоонд буцлахаар бодол өөрчлөгддөг юм уу?
-Би 17, 18 настайдаа “Ална, тална, гэр хорооллын гудамж ийм, тийм байдаг гөлөг минь” гэх зэрэг ширүүн үгтэй дуу зохиодог, Бэбэ тухайн үед “Хайрт минь, хонгор минь” гэж дуулдаг байсан.
Одоо би хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй, танхай маягийн дуу хийхээ больж, арай өргөн цар хүрээтэй, чанартай бүтээл гаргахыг хичээдэг болсон. Би тэс өөр дуу хийдэг болсон шиг Бэбэ ч өмнөхөөсөө өөрчлөгдөж, бид нэг шугаманд огтлолцсон учир хамтарсан гэх үү дээ.
-“Хөдөлмөр хүнийг бүтээж, хүн бусдыг нь бүтээсэн байж таарна”, “Эрт босож, бусдаасаа арай бага унт” зэрэг афоризм маягийн мөрт дуунд чинь байна лээ. Дууны үгэн дээрх шигээ байж чаддаг уу?
-Би нэг бол чаддаг юмаа, үгүй бол чадна гэж бодсон юмандаа л дуугаараа ам гарч чадна.
-“Эрдэнэсийн сан” нэртэй цомог гаргахаар төлөвлөж байгаа гэсэн үү?
-“Ичинноров”, “Хувийн амьдрал”, “Жингүйдэл”, “Элхийн балай”, “Боссыг дав”, “Далай лам” зэрэг дуутай “Эрдэнэсийн сан” цомгоо энэ онд багтааж хэвлүүлэхээр төлөвлөсөн. Ямар ч байсан нэгэн хэвийн биш, эрс тэс аятай дуунуудтай.
Үүний өмнө “Чулуун ширэнгэн дэх хүн сүрэг” цомог гаргах гэж байснаа цахим ертөнцөөр цацсан. Цаашдаа цомгуудаа “Эрдэнэсийн сан- 1, 2, 3” зэргээр нэрлэнэ гэж бодож байна. Жинхэнэ эрдэнэс уурхайд биш, хүний тархинд байдаг гэдгийг хэлэх гэсэн юм.
-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юү?
-Азиуд одоо хип хопоор дэлхийд давалгаа үүсгэж чадаж байгаа. Энэ үед хамт давалгаалаад дэлхийн тавцанд гарах хүсэлтэй. Тэгэхийн тулд хэлний мэдлэгээ сайжруулж байгаа. Мөн өөрийн гэсэн донж, миний сайн найз, чадварлаг реппер байж чадах хамтрагч хэрэгтэй.
Би ийм хамт олон бүрдүүлж чадсан гэж бодож байгаа. Манай “Мафи 976” саяны шоунд хамт оролцсон М.Нямбаатараас гадна хоёр гишүүнтэй. Түүнээс гадна бид Монголын нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлэхээр эв санаа нэгдсэн ах дүүс, найзуудын “Мафи 976” гэр бүл байгуулж чадсан.
Эмнэлэгт тоног төхөөрөмж хэрэг боллоо гэхэд тусалж чадахаар, аль нэг авьяаслаг уран бүтээлчийг дэмжих хүчтэй, тийм зорилготойгоор байгуулсан гэр бүл юм.