МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Манай эдийн засаг анх удаа дефляцтай нүүр туллаа. Энэ нь хямрал болсны илрэл үү, цаг зуурын зүйл үү?
-Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн түвшин буурах үзэгдэл буюу дефляцтай болсон. Хэдхэн жилийн өмнө инфляц толгойн өвчин байсан юм. Инфляц өндөр байх нь бага, дунд орлоготой иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй. Дефляц ч сайн зүйл биш.
Гадаадын хөгжсөн орнуудад инфляцын түвшнийг нам дор, тогтвортой байлгахыг зорьдог. Тухайлбал, жилийн инфляцыг АНУ-д гурав, Европын холбооны орнуудад 2.5-3 хувьд барихаар зорьж буй юм. Харин Японд дефляц тулгамдсан асуудал байдаг. Манай улс хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөр инфляцын түвшнийг тодорхойлж байгаа.
Энэ сагсанд мах, гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн багтдаг. Одоогийнх шиг үнэ буурах үед хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдан авахаа хойш тавих хандлагатай болно.
Өөрөөр хэлбэл, үнэ хямдрахаар нь худалдан авъя хэмээн хүлээх сонирхол нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас, ийм үед компанийн эзэд бизнесээ өргөжүүлэх, технологио шинэчлэх хөрөнгө оруулалт хийхээ азнадаг. Дефляц нь хувийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтад ийм сөрөг нөлөөтэй.
ДНБ нь хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, Засгийн газрын хэрэглээ, цэвэр экспорт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Дефляц удаан хугацаагаар үргэлжилбэл эдийн засгийн өсөлтийг хангадаг энэ дөрвөн моторын хоёр нь хүнд байдалд орно.
Тиймээс үнийн түвшин буурах үзэгдэл нь зуурдынх уу, урт хугацааных уу гэдгийг судалж тогтоох ёстой. Зуурдынх бол сандрах зүйл байхгүй. Харин байнгын шинжтэй бол анхаарах нь чухал юм. Эдийн засгийн нөхцөлөөс харахад энэ нь байнгын шинжтэй байх магадлал өндөр байна.
Эдийн засаг нийт эрэлт болон нийлүүлэлтээс бүрддэг. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсантай холбоотойгоор нийлүүлэлт багасаж байгаа. Зах зээлийн жамаар үнэ өсөх ёстой атал хямдарч буй нь эрэлт, нийлүүлэлт зэрэг агшиж буйг илтгэнэ. Энэ бол эдийн засгийн хямрал ойрхон байна гэсэн үг.
-Төвбанкны бодлогын хүү 15 хувь байгаа. Эдийн засагт дефляц нүүрлэсэн, мөнгөний нийлүүлэлт буурч байгаа учир Төвбанк ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулах болов уу?
-Одоогоор бодлогын хүүгийн түвшин маш өндөр байна. Манай улс капиталын зардал өндөртэй. Үүнд зээлийн хүү багтана. Капиталын зардал буурч байж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо жил дараалан цөөрч байгаа. Мөн олон ажилчинтай аж ахуйн нэгжийн тоо буурч, цөөн хүнтэй нь өссөн.
Өөрөөр хэлбэл, томоохон аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхтгоод эхэлсэн гэсэн үг. Манай улсад тахианы мах борлуулж буй АНУ-ын “Tyson” компанийн капиталын зардал нь жилийн 7.5 хувь байдаг. Үүний заримыг нь хувьцаагаар санхүүжүүлж байгаа. Гэтэл дотоодын аж ахуйн нэгжүүд жилийн 20, зарим нь үүнээс ч илүү хүүтэй зээл авч, үйл ажиллагаа явуулдаг.
“Tyson” компани жилийн 7.6 хувийн өгөөжтэй бизнес эрхлэхэд л ашигтай ажиллана. Харин манай аж ахуйн нэгжүүд 21 хувиас дээш өгөөжтэй бизнес эрхэлж байж удаан хугацаанд оршин тогтнох боломж бүрдэх юм. Бодлогын хүү нь энэ мэтээр аж ахуйн нэгжүүдийн капиталын зардалд нөлөөлж байгааг анхаарах ёстой.
Үүнийг төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, валютын ханшийг тогтворжуулахын тулд өсгөсөн гэж байгаа ч нөгөө талд эдийн засгийн бодит сектор сэргэх, өсөх боломжийг хаасан алхам болсон. Тиймээс цаашид алгуур бууруулах болов уу.
-Та Монголбанкны Бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсон. Бодлогын зөвлөлийн хэлэлцүүлгийн үеэр хараат бус гишүүдийн байр суурийг хэр сонсдог вэ?
-Би Монголбанкны Бодлогын зөвлөлийн хуралд хоёр долоо хоногийн өмнө нэг удаа оролцсон. Төвбанкны гаргаж буй шийдвэрийг Бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэх боломж олгож байгаа нь сайшаалтай хэрэг. Манайд ийм нэгж байгаад баяртай байна. Гэхдээ үйл ажиллагааг нь албан ёсоор хуульчлаагүй, УИХ, Засгийн газраас томилдоггүй. Харин Төвбанкны ерөнхийлөгчийн тушаалаар томилогддог хараат нэгж юм.
Уг нь энэ нэгжийн статусыг өсгөж, бусад орны жишигт ойртуулах хэрэгтэй. Нэг байгууллагын үйл ажиллагааг хянах зөвлөлийн гишүүд нь аж ахуйн нэгжийн ажилчид байх нь хувилбар биш шүү дээ. Үүнтэй адил бодлогын зөвлөлийн 14 хүний 10-ыг нь Төвбанкнаас сонгосон байгаа. Мөн бусад оронд Төвбанкны бодлогын зөвлөлийн гишүүн байна гэдэг нь тухайн хүний хамгийн гол статус байдаг.
Гэтэл манайд одоогоор энэ нь сайн дурын шинжтэй байгаа юм. Энэ зөвлөл өөрийн гэсэн нэгж, үүрэг хариуцлагатай байгууллага байж чадвал үр дүнтэй. Гэвч одоогоор Төвбанкны ерөнхийлөгчөөс хараат учир нэр төдий л байна.
-Дотоодод зээлийн хүү өндөр байдаг учир менежмент сайтай гадаадын банкны салбар оруулж ирье гэсэн санал байдаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Гадаад санхүүгийн эх үүсвэр манайд ус агаар мэт хэрэгтэй. Жилийн 20 гаруй хувийн хүүтэй эх үүсвэрээр бизнес эрхэлж, ашиг олох боломж бараг алга. Гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцдэг хүмүүсийг өрсөлдөөнөөс зайлсхийж байна гэж боддог. Нэг талдаа аж ахуйн нэгжүүдэд хямд эх үүсвэр хэрэгтэй, нөгөө талд гадаадын банк манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой. Тэгвэл тэднийг оруулах л хэрэгтэй.
Хятадын банкийг оруулж ирэх нь манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж их ярьдаг. Хятадтай бизнес хийхгүйгээр ирээдүйгээ төсөөлөхөд бэрх. Манай экспортын 90 орчим хувь нь өмнөд хөрш рүү гарч байна. Мөн манай банкны нийт активын 40 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тэдний хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулагч байдаг.
Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкны активын зарим хэсгийг угаасаа Хятадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг юм. Тиймээс энэ нь мэдээлэл багатай иргэдийн тархийг угаах гэсэн арга. Манай арилжааны банкны хүү өндөр, үүнээс цөөн хүн асар их хэмжээний ашиг олж байгаа.
Гэтэл зээлийн хүүг бууруулж, эдийн засгаа өсгөх, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Иймд цөөн хүний ашиг сонирхлыг нийт ард түмнийхээс дээгүүрт тавьж болохгүй.
-Өнгөрсөн хугацаанд гадаадын хэд хэдэн банк манайд төлөөлөгчийн газраа нээсэн байна.
-Тийм. Гадаадын банкийг хараа, хяналтгүйгээр чөлөөтэй оруулж ирнэ гэсэн үг биш юм. Зах зээлээ хамгаалсан хязгаар, нөхцөлүүдээ бид тавих ёстой.
-Эдийн засгийн бодлого шийдвэр гаргахад судалгаа хэрэгтэй. Харин манайд судлаачдын орон зай дутагдаж байна.
-Засгийн газар, Төвбанк, улстөрчид, иргэдийн дунд судалгааны институц байж, тэднийг холбох ёстой. Одоогоор манайд ийм институц хараахан бүрэлдээгүй байна. Олон улсын стандарт хангасан судалгаа хийдэг хүн ч тун цөөн. Тиймээс судлаачдыг дэмжих хэрэгтэй. Мөн бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй хүмүүс судлаачдын бүтээлийг уншдаг, ойлгодог, үйл ажиллагаандаа тусгадаг байх нь чухал.
Гэхдээ би үүнд их эргэлзэж байгаа. Ялангуяа төрийн байгууллагуудад ажиллаж буй албан хаагчдын чадавх, боловсролын түвшин маш доогуур болсон. Мөн эрх баригчид улс үндэстнийг хөгжүүлэх сонирхолгүй байгаа үед тэдэнд судалгаа хэрэггүй.
-Засгийн газрын үйл ажиллагаа сул байгаа учир Монголбанкинд бодлогын сонголт хийх орон зай алга гэж зарим эдийн засагч хэлдэг. Засгийн газар төсвийн шинэчлэл хийхгүй, өрөө удирдаж чадахгүй бол Төвбанкинд бодлогын орон зай цаашид ч гарахгүй нь гэж үзэж болох уу?
-Бодлогын хүү ам.долларын ханштай маш их холбоотой байна. Ам.долларын ханш манай эдийн засгийн дотоод нөхцөл байдлаас хамаарахаас гадна гадаад эх үүсвэртэй ч холбоотой. Уг нь Монгол шиг жижиг улс ам.долларын ханшийг тогтоон барихын тулд валютын нөөцөө шавхчихаж болохгүй. Төвбанк яагаад ийм шийдвэр гаргав, дууссан нөөц нь хаашаа очив гэдгийг бодох хэрэгтэй. Үүнийг эргэж харахгүйгээр бодлого ярих нь утгагүй юм.
Ам.долларын ханш жирийн иргэдийн амьдралд төдийлөн чухал зүйл биш. Харин их хэмжээний хөрөнгөтэй хүмүүст илүү хамаатай. Инфляц нам үед үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ өгөөжид найдан төгрөгт хөрөнгө оруулсан чинээлэг хүмүүсийн хувьд ам.долларын ханш чангарах нь алдагдалтай. Төгрөгийнх нь өгөөж буурна гэсэн үг.
Тиймээс хөрөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал медиагаар ханшийг тогтоон барих хэрэгтэй гэсэн агуулгатай захиалгат мэдээлэл цацаж байна. Энэ нь Төвбанкны бодлогын шийдвэрт их нөлөөлж байгаа. Хүн амын тун бага хувийг эзэлдэг боловч маш их хэмжээний импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг баян чинээлэг бүлэг манайд бий болсон.
Энэ хүмүүсийн хэрэглээ нь манай улсын валютын ханшид нөлөөлдөг болтлоо томорсон байна. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх үед манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудын төлбөрийг төлөхийн тулд маш их хэмжээний валют хэрэгтэй болдог. Мөн гадаадад өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ явуулахад ам.долларын эрэлт өснө.
Энэ мэт баян чинээлэг иргэдийн хэрэглээг хангах валютын эрэлт нь жирийн иргэдийн өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаагаас хэд дахин давсан. Бид энэ талаар огт ярихгүй байна. Импортын бараа бүтээгдэхүүн бага хэрэглэдэг хүмүүст ам.долларын ханш өсөх нь чухал асуудал биш. 100 хувь импортын хэрэглээтэй иргэдэд л чухал. Төвбанкны бодлогын шийдвэрт хэн нөлөөтэй байна вэ гэдэг нь эндээс харагдаж буй байх.
-Хямралын үед Төвбанк ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Бизнесийн үйл ажиллагаа сэргэхгүй бол ажилгүйдэл буурахгүй л гэсэн үг. Эдийн засаг 1.4 хувиар тэлж буй нь хүн амын өсөлтөөс аль хэдийнэ дор орчихсон. Ажилгүйдлийн түвшин энэ оны эхний хагас жилийн байдлаар 10.4 хувь байгаа нь 2009 оны хямралаас хойших анхны тохиолдол юм. Тиймээс одоо эдийн засгаа агшаах биш, өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой.
Дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь тэг буюу түүнээс доош хувийн бодлогын хүүтэй орчинд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий нийт бизнесийг дэмжих чиглэл рүү явж буй юм. Гэтэл манайд бодлогын хүү өндөр учир капиталын зардал их байна. Ийм орчинд ямар бизнес бойжих вэ.
-Манай улс худалдан авч буй шатахууны төлбөрөө ам.доллароор хийдэг. Шатахууны хэрэглээгээр дамжин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг учир ам.долларын ханш тогтвортой байх нь чухал гэдэг шүү дээ.
-Би хэдэн жилийн өмнө энэ талаар судалгаа хийж байсан. Тухайн үед шатахууны төлбөрийн дийлэнх нь дизель худалдан авахад зарцуулагдаж байсан юм. Дизелийн хэрэглээний 40 гаруй хувийг уул уурхайн компаниуд бүрдүүлдэг. Тэдэнд шатахууны татаас олгодог байв.
Импортын шатахууны хэдэн хувийг иргэд, хэдийг нь томоохон компаниуд ашиглаж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Миний судалгаагаар инфляцад шатахууны жижиглэнгийн үнэ нөлөөлдөггүй гэсэн дүгнэлтэд хүрч байсан.