Дандаа л үл бүтэх этгээдийн дүрд тоглосноор нь үзэгчид Б.Даваажавыг эчнээ мэддэг болжээ. “Рашаантын 18”, “Учиртай гурав”, “Маш нууц” зэрэг 40-өөд уран бүтээлийн туслах дүрд тоглосон тэрбээр яагаад ч юм архичин, алуурчин, хулигаан дүрүүддээ хайртай гэнэ.
Удахгүй “Галзуу зугаалга” киноны шинэ дүрээр үзэгчидтэй уулзах гэж буй түүнтэй ярилцлаа.
-Ярилцлагаа уран бүтээлийн сонин хачнаас тань хуваалцаж эхэлье. Таны тоглосон “Галзуу зугаалга” кино ирэх баасан гаригаас үзэгчдэд хүрч эхлэх юм билээ.
-“Шүүдэр” продакшн, “Хас урлан” студийн хамтран бүтээсэн “Галзуу зугаалга” кинонд тоглолоо. Киноны продюсерээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин С.Өлзийхүү эгч ажиллаж, Ц.Хүсэлбаатар ах найрууллаа. Адал явдалт, тулаант кино л доо. Эл кинонд мөн л эсрэг дүрд тоглосон.
-“Комеди театр” байгуулсан гэсэн үү. Танайд ямар уран бүтээлчид харьяалагдаж буй вэ. Хэзээнээс үзэгчдэд тоглолтоо хүргэх бол?
-Уг нь их удаан бодож төлөвлөсөн ч өнгөрсөн гуравдугаар сард л театрынхаа тамга тэмдгээ албан ёсоор авлаа. Жүжигчдийн нэрийг одоохондоо зарламааргүй байна. Цаг нь болж, тоглолтоо хийх хүртэл нууц хэвээрээ байг. Энэ ондоо бэлтгэлээ базааж, ирэх онд шинэ тоглолтоо хүргэнэ.
-Хамт олны дунд орж ажиллах, өөрөө хүмүүсийг толгойлж ажиллахад ялгаа байгаа байх даа.
-Үнэхээр хэцүү юм. Аль нэг студи, продакшнд ажиллахад хэрхэн жүжиглэхдээ л анхаарна шүү дээ. Гэтэл хамт олон толгойлоход бүх л зүйлийг нуруундаа үүрдэг юм байна.
-Бие даан уран бүтээл хийхэд бэрхшээл тулгарч байна уу. Хошин урлагийн бусад продакшн, театраас танайх яаж ялгарах вэ?
-Дээхнэ үед ах, эгч нар маань залуу уран бүтээлчдийг “тусдаа гарахад” жаахан таагүй хүлээж авдаг байсан нь нууц биш. Одоо бол өөр. “Мөрөөдлийн театр”, “Эмоци” гээд шинэ хамтлаг “төрлөө”. Хамт олноо зөв бүрдүүлэх, тэднийг залж явна гэдэг асар их хариуцлагатай байдаг юм байна.
Талийгаач Ц.Батхуяг (Амбий) ах маань 2000 оны эхэн үед жүжигчин Д.Хүрэлхүү, Б.Баатархүү ахтай хамтран “Комеди арт” хамтлаг байгуулж, хэд хэдэн тоглолтоо үзэгчдэд хүргээд тарсан юм. Намайг уг театраа байгуулахад Амбий ах зөвлөхөөр ажиллахаар тохирсон байлаа. Харамсалтай нь, зуурдаар хорвоог орхилоо. Би аль болох л чанартай уран бүтээл хийж, ахынхаа гүйцээж чадаагүй хүслийг биелүүлэхийг хүсэж байна.
Жүжиг, хошин урлагийн шоуг хослуулан үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Орон нутгийн үзэгчдэд “Комеди театр”-аа танилцуулах зорилгоор “Бүх хайрыг бүсгүйчүүдэд”, “Жаргалтай явна, хосоороо” аялан тоглолт хийж эхлээд буй.
-Хот, хөдөөгийн үзэгчдэд ялгаа байдаг гэсэн үг үү. Түрүүлж орон нутгийн үзэгчдэд танилцуулж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Ялгаатай шүү. Амьдарч буй орчин, мэдээлэл авч буй сувгаасаа шалтгаалаад өөр өөр. Хөдөө үзэгчдийг “савааж”, “татааж” байсан үзүүлбэрийг хотод тоглоход хэн ч инээхгүй байх нь энүүхэнд. Хошин урлагийнхан хэдэн сар нухаж байж нэг тоглолтын үзүүлбэрүүдээ бэлтгэдэг. Сэдвээ олох, түүнийгээ хошноор илэрхийлэх тийм ч амар биш.
-Та уран бүтээлийн гараагаа “Эрхэм элч” нэгдлээс эхэлсэн санагдана. Түүнээс хойш нэлээд олон продакшнд ажиллачихав уу даа?
-Би 2003 онд СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлагад төгссөн юм. 2000 оноос “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд ажилласан. Есөн жил орчим болсон шүү. Дараа нь “Шинэ үе” продакшны тоглолтуудад урилгаар оролцож эхэлсэн. Сүүлд 2011 оноос “Шилдэг өнгө” продакшнд дөрвөн жил ажиллалаа.
-Инээдмийн нэвтрүүлэг бас хийж байл уу, Та?
-Жүжигчин С.Батзориг, Б.Нямхүү, Н.Батбаяр бид дөрөв МҮОНТ-д “Нислэгийн цаг” гэж инээдмийн нэвтрүүлэг бэлтгэн, үзэгчдэд хүргэдэг байв.
-Их сургууль төгссөн цагаасаа өнөөдрийг хүртэл хошин урлагаас хөндийрөхгүй байгаа шалтгаан тань юу вэ?
-“Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг дээ. Надад арай ойр санагдаад байдаг юм. Гэхдээ өөрийгөө бүх л зүйлд сорихыг хүсдэг. Надад санал тавибал драмын жүжигт ч тоглоно.
-Тэгсэн атлаа таны дэлгэцийн урлагт тоглосон дүрүүд дандаа эсрэг байдаг юм билээ.
-Гаднах төрхөөс минь л болдог байх. Ямар сайндаа би өөрөө үүнтэйгээ эвлэрчихсэн явах вэ дээ. Над руу нэг өдөр МҮОНТ-ээс залгалаа. “Манайх “Огцом эргэлт” гэж олон ангит кино хийх гэж байгаа. Танд нэг дүр санал болгох гэсэн юм” гэлээ. Өмгөөлөгч хүний дүр юм байх.
Би итгэж ядаад “Ах нь дандаа архичин, хулигаан, хулгайч гээд эсрэг дүрд тоглодог хүн шүү дээ. Чи хүн андуураагүй биз дээ” гэтэл “Андуураагүй ээ, ах аа. Энэ угаасаа луйварчин, хулхи өмгөөлөгчийн дүр” гэдэг юм даа. Утсаар ярьж дуусаад ганцаараа зөндөө инээж билээ.
-Гэхдээ эсрэг дүр жүжигчний “махыг идэж”, “шандсыг нь сорьж” бүтдэг юм шиг ээ. Ардын жүжигчин Б.Дамчаа, Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсан зэрэг эсрэг дүрээр Монголын кино урлагт өөрийгөө тамгалсан хүмүүс бий шүү дээ.
-Би ч гэсэн тэгж боддог. Тийм ч болохоор хичээдэг. Урлагт хөнгөн хандвал тайзнаас “амбаардуулаад” л буудаг жамтай. Би Б.Дамчаа гуайг шүтэж явдаг. Тоглосон эсрэг дүр бүр нь өөр. Тийм олон өөр хүний дүрд хувирч, амилуулж чадсаныг нь бахадмаар.
-Одоо ямар кинонд тогломоор байна вэ?
-Уран бүтээлч хүн бүр түүхэн кинонд тоглохыг хүсдэг байх. Би ч гэсэн. “Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ” гэдэг дээ.
-Та одоо болтол киноны гол дүрд тоглоогүй. Гэтэл СУИС-ийн зарим оюутан л хэд хэдэн киноны гол дүрд тоглочихсон пээдэлзэж явна шүү дээ.
-Яах вэ, би харамсдаггүй. Би Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуайг бас шүтдэг. СУИС-д сурч байхдаа энэ хүний тухай их судалдаг байлаа. “Хүний сайхан сэтгэл”-ээс өөр киноны гол дүрд тоглоогүй. Тэгсэн атлаа өчнөөн олон киноны туслах дүрд л тоглосон. Тийм мундаг хүн ганцхан киноны гол дүрд тоглосон байхад би барьцаад яах юм бэ.
-СУИС-ийнхан оюутан ахуйдаа нэг нэгэндээ хоч их өгдөг. Та “Байлаа” гэдэг хочоо оюутан цагтаа авсан уу?
-Би нэг хэсэг хөөмий сурах гэж буруу оролдсоор хоолойгоо сөөлгөсөн юм. Тэр үед “Сөөнгө” гэж шоолдог байлаа. Багын найзууд маань намайг “Гоймон Даваа” гэдэг. Оюутан байхдаа нэг хэсэг “Балиус” хоч авсан. Тэр нь явсаар “Байлаа” болоод хувирчихсан. Манай эгч энэ хочинд их дургүй. “Өнгөрсөн цаг дээрх муухай нэр” гээд дургүйлхдэг юм.
Уг нь өөрийнхөө жинхэнэ нэрийг хүмүүст таниулах гээд уран бүтээлдээ оруулдаг л юм. “Шинэ үе” продакшны нэг тоглолтын “Оддын эрэлд” гэж үзүүлбэрт “Миний нэр Даваа Олон уулын даваа Давааны цаадах даваа Хамар Даваа, хацар Даваа Айдасын даваа, амьдралын даваа Цагаан даваа, Загастайн даваа Буурлын даваа, баян даваа” гэж үглэдэг шүү дээ.
Хүмүүст арай илүү хүрсэн дүр юм уу даа. Сүүлийн үед зарим хүн миний “Рашаантын 18” кинонд хэлдэг үгээр буюу “Бакришк” гэж дуудаад байгаа.
-Хип хоп сонирхдог гэмээр л үглэдэг юм билээ. Дунд сургуульд байхдаа хамтлагтай байв уу?
-Сонирхдог шүү. Их сонсоно. Би Цагаанхуаранд өссөн юм. Тэндээ бас дуу, бүжгийн хамтлагтай, янз бүрийн уралдаанд оролцдог л байлаа.
-Ер нь яагаад жүжигчин мэргэжил сонгосон юм бэ?
-Аавыгаа өөд болоход л нэрийг нь үргэлж сайнаар дуудуулах хүн болно гэж өөртөө амласан юм. Би багаасаа ажил хийсэн болохоор оройгоор сурч, дунд сургуулиа төгссөн. Ёстой бор зүрхээрээ л СУИС-ийн элсэлтийн шалгалтад тэнцсэн дээ. Аавын тухай дуу, шүлгээр эхний шалгалтдаа тэнцэж байлаа.
Гэтэл дараа нь уран уншиж, үйл хөдлөлөөр жүжиглэж шалгуулах болсон. Би монолог, этюд, ёгт үлгэр гэж юу байдгийг мэдэхгүй. Ингээд эхний шалгалтдаа тэнцсэний дараа Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш дээр очиж, үнэнээ хэлж гуйгаад давтлага авч байлаа. Ингэж энэ сургуулийн босгыг давсан даа.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Багадаа ямар хүү байв?
-Би таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Нэг эгчтэй. Яг “Гарын таван хуруу” кино шиг. Харамсалтай нь, дүү минь 13 настайдаа зуурдаар нас барсан. Миний аав тээврийн жолооч, ээж минь насаараа хими цэвэрлэгээний газарт ажилласан атлаа шанзыг гайхамшигтай хөгжимддөг хүн байв. Багадаа эгчийнхээ үгнээс гардаггүй мөртлөө ах нарын өөдөөс өрвөлзчихдөг хүү байлаа.
-Ханиа танилцуулаач. Анх хэрхэн танилцав?
- Миний ханийг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Надаас 12 насаар дүү. “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч. Одоо СУИС-д менежментийн чиглэлээр сурч буй. 2013 оны Урлагийн ажилтны баяр Хүй долоон худагт болсон юм. Тэр үеэр анх харсан. “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч, хэзээ ч миний эхнэр болно гэж төсөөлөөгүй.
Гэтэл дараахан нь манай “Шилдэг өнгө”-ийн шинэ тоглолтод урилгаар оролцох болсон. Эр хүний 13 мэх, арга заль гээд байдгаа ашиглаж байж эхнэрээ болгосон доо.
-Та саяхан аав болсон. Үеийн найзуудаасаа арай л хожуу аав болжээ.
-Тэгсэн шүү. Манай найзуудын хүүхдүүд эхнээсээ дунд сургуулиа төгсөх гэж байна шүү дээ. Хүү минь одоо зургаан сартай. Энэ жил миний авсан хамгийн том бэлэг хүү минь байлаа.
-Ганц бие эр, үерхдэг бүсгүйтэй байх, хүний хань болох, хүүгийн эцэг гэгдэхэд улам бүр л хариуцлага нэмэгдэж буй байх.
-Аав, ээж минь оюутан байхад бурхан болж, би эгч, ах нартайгаа л үлдсэн шүү дээ. Айл айл хэсэж хэсэг амьдарсан юм. Харин их сургуулиа төгссөнийхөө дараа тусдаа гарч, “цыган” амьдралаар хэсэг аж төрсөн. Ажлаа тараад яарах зүйлгүй. Харилаа гээд ганцаараа болохоор хийх юм олдохгүй.
Олсноо үрнэ, найз нөхөдтэйгөө нийлж дарвина, ууж иднэ. Эхнэртэйгээ танилцсанаар миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Хайр хүнийг өөрчилдөг гэж үнэн юм билээ. Хүүтэй болсноос хойш бүр гэрээсээ ч гармааргүй санагддаг болсон.
Ажлаа тараад л гэр рүүгээ яарна. Ядарч очоод хүүгийнхээ үнэгчлэхийг харж, ганганахыг сонсоод л ядарснаа мартчихдаг.
-Та жүжигчин болоогүй байсан бол өдийд хаана, юу хийж яваа бол?
-Аавыгаа дуурайгаад жолооч болчихсон яваа юм болов уу. Багаасаа машинд дуртай, техникт сонирхолтой хүүхэд байсан юм. 14 настайдаа л машины мотор боочихдог адтай жаал байлаа.
-“Хүүхэд нас минь элбэг хангалуун байгаагүй ч сэтгэл дүүрэн байсан” гэж та хэлсэн. Багадаа их олон ажил хийж үзсэн үү?
-Би хийж буй зүйлийнхээ эцсийг нь үзэж байж салдаг зантай. Хүүхэд байхдаа юм юм л хийж үзсэн дээ. Зах зээлд дөнгөж шилжих үед аав минь нас барж, манайх хэсэг туйлдсан. Тэр үед би дунд сургуулиасаа гарч, ажил хийдэг байлаа. Гудманд сонин борлуулж, гутал тосолж, ундаа зарж ч үзсэн.
-Өнгөрсөн хавар таныг 13 хүний амь аварсан тухай хэвлэлээр нэлээд шуугьсан. Тэр өдөр яг юу болсон юм бэ. Хэрхэн баатарлаг үйл бүтээв?
-“Жаргалтай явна, хосоороо” аялан тоглолтоо хүргэхээр бид өнгөрсөн гуравдугаар сард Архангай аймгийн Хангай суманд очсон юм. Орон даяар онцгой байдал зарлаж, шуурч байсан үе. Нэг багийн гурван жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд нийлсэн 13 иргэн цасанд боогдоод сураггүй болсон тухай очсон өдрөө сонссон. Эрлийн баг гарсан боловч олоогүй, араас нь явах өөр машин ч байхгүй байсан юм билээ.
Ингээд л уран бүтээлчдээ үлдээгээд, жолооч, сумын хүнээр газарчлуулаад хайхаар явсан. Шөнийн 23.00 цагаас эхлэн хайж, шөнөжин цас ухаж байж арайхийн өглөөний 08.00 цагийн үед тэр хүмүүсийг олсон. Кино шиг л юм болсон доо. Энэ явдлын дараахан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам”, Залуучуудын холбооноос “Эр зоригийн алдар”, ОБЕГ-аас “Албаны төлөө III” медалиар шагнуулсан.
-“Үхээд сэхсэн. Урлагийн буянд хөл дээрээ боссон” гэж ярихыг тань хэд хэд сонсож байлаа.
-Хэдэн хэдэн удаа үхлээс амь гарсан азтай золиг шүү, би. Сүүлд Дорнодод аялан тоглолтоор явж байхад бие эрс муудаад хот руу хүргүүлж ирсэн юм. Гэтэл сүрьеэтэй гэсэн онош гарсан. Тэр үед надад юу ч хэлэхгүй мөртлөө гэрийнхэнд “Бараг л найдваргүй” гэж хэлсэн юм билээ. Гэрийнхэн маань бүгд гарын үсэг зурж, арайхийн зөвшөөрүүлж, надад эмчилгээ хийж эхэлсэн.
Бүтэн хоёр жил хэвтэж байж хөл дээрээ боссон доо. Хэцүү байгаагүй биш, байсан. Эмнэлэгт хамт эмчлүүлж байсан хүмүүс нүдэн дээр өөд болоод л. Сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол хэцүү. Харин урлагийнхан маань намайг байнга эргэж ирдэг байлаа. Тэднийхээ, урлагийнхаа буянаар боссон доо.
-“Найдваргүй” гэсэн үг сонсож, хүнд өвчинд дарлуулж байх үед юу бодогддог бол?
-Их харамсалтай санагддаг юм билээ. Эмнэлгийн тааз ширтээд, юу ч ярьж чадахгүй уйлж хэвтэх үе надад зөндөө байсан. “Би юу хийж амжлаа. Бусдад яаж тусласан билээ” гэж өөрөөсөө асуудаг, чамладаг юм билээ. “Босдог л юм бол хүн шиг амьдарна” гэж өөртөө амласан даа. Одоо бол би сэтгэл хангалуун амьдарч байна. Хэдий гэр хороололд ч гэлээ орох оронтой, хөл дүүжлэх унаатай, байгаадаа сэтгэл хангалуун, илүүд шунахгүй байх л сайхан юм. Хамгийн гол нь би элэг бүтэн байна. Энэ л сайхан шүү дээ.