Сонинд нийтлэх зорилгоор зочныхоо залуугийнх нь зургийг хайлцаж боть гэмээр зузаан, хэд хэдэн цомгийг үзлээ. Хийсэн бүтээсэн зүйл арвинтай хүний зураг хүртэл сонирхолтой, олон, ихийг бодогдуулам байдаг аж.
Хэрэв илүү их хөдөлмөрлөж, гавьтай гавьяа байгуулахгүй л бол нэг мэдэх нь ээ фэйсбүүк дэх худал мишээсэн хиймэл зургуудаас өөр хүнд гайхуулчих зүйлгүй эмгэн болж хувирна гэдгээ ухаарах шиг болов. “Анхны алхам”, “Нар хиртсэн жил”, “Бушхүүгийн үлгэр”, “Их хувь заяа”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг бидний мэдэх олон кинонд ажилласан Төрийн шагналт, зураглаач Л.Шаравдоржтой ярилцлаа. Тэрбээр сайн зураглаачаас гадна авьяаслаг зохион бүтээгч аж.
-Таныг хослол зургийн мастер, энэ аргыг Монголд ашигласан анхдагчдын нэг гэдэг юм билээ.
-Надаас өмнө хослол зургийн ойр зуурын арга ашигладаг байсан уран бүтээлчид бий. Их чимхлүүр, залхуу хүрмээр ажил учир 100 зураглаачийн нэг нь л энэ чиглэлээр дагнахаар зориглодог. Монгол кино үйлдвэр Хослол зургийн цехтэй болсноос хойш хийсэн бараг л бүх кинонд энэ аргыг ашигласан. Хослол зургийн арга гэдэг бол ухаан нь, огт цэцэггүй тал газар хэд хэдэн зураг нийлүүлж түүнийг ургуулна гэсэн үг.
Гандантэгчэнлин хийдийг шатааж буй зохиолтой кино хийхийн тулд түүнийг ямар жинхнээс нь түймэрдэлтэй биш дээ. Хослол зургийн арга ашиглахаас өөр аргагүй. Хийхэд их хүч хөдөлмөр, цаг хугацаа, техник зарцуулдаг нарийн ажил. Дээхнэ үед жүжигчний зургийг гурван удаа, хүүхэд оролцсоныг дөрөв, мал, амьтантай бол таван удаа авахыг зөвшөөрдөг. Хослол зургийн аргаар авч байгаа бол 10 удаагийн эрх өгдөг байлаа.
-“Мартагдашгүй намар” кинонд шөнө тариа хурааж буй дүрслэлийг энэ аргаар авсан гэдэг байх аа?
-Х.Дамдин найруулагч энэ киноны зургаа намар авч, эвлүүлсээр нэгдүгээр сард Уран сайхны зөвлөлд үзүүлж л дээ. Тэгтэл социализмын үед залуучууд хэрхэн хөдөлмөрлөж буйг шөнө тариа хурааж буйгаар үзүүлэх хэрэгтэй, үгүй бол гаргахгүй гэжээ. Жинхнээр авахын тулд хойтонгийн намрыг хүлээх хэрэг гарна.
Тиймээс Х.Дамдин “Шөнө комбайнаар тариа хадаж байгааг авч өгөөч” гэж манай цехэд хандсан. Комбайныг хатуу цаасаар 10 литрийн бетоны хэмжээтэй, дотор нь жижиг чийдэн зоож урлаж болж байгаа юм. Тариа хадаж байгааг авах л хамгийн хэцүү асуудал байлаа. Ингээд хоёр чонын арьс дэвсэж сэнсээр үлээлгэж, дээр нь урласан комбайнуудаа байрлуулж зураг авсан түүхтэй. “Говийн зэрэглээ” кинонд ой хамгаалагч эр Арслангийн хамт хэдэн аргалаа эргэчихээд буцах замдаа нисэж буй онгоцны талаар ярилцдаг даа.
Тэр киног уран сайхны зөвлөл үзээд дээгүүр нь нисэж байгаа онгоцыг бодитоор үзүүлэх хэрэгтэй гэж л дээ. Тэгээд цаасаар гурван мм-ийн урттай онгоц хийж, далавчны дөрвөн хэсэгт хөвөн нааж цагаан будганд дүрчихээд нойтон шилэн дээгүүр утсаар татан явуулахад яг утаа нь агаарт замхардаг шиг харагдсан. Иймэрхүү маягаар бодит болгохын тулд ажиглалт их хийдэг.
-Их хөдөлмөр зарцуулж гоё зураг авсныг тань найруулагчийн санаа, эсвэл эвлүүлэгчийн буруугаас болж киноноос хассан тохиолдол олон уу?
-Алдаа хүртэл хэрэг болох тохиолдол бий. Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль оюутнууддаа (ВГИК) дипломын ажил хийх гурван жилийн хугацаа өгдөг юм. Би Монголдоо диплом хамгаалахаар Кино үйлдвэрт дагалдан болсон. Оюутнуудыг кинонд шууд оролцуулахгүй, эхлээд дагалдан болгодог. Ороод жилийн дараа Жигжидсүрэнтэй түргэн тусламжийн үйлчилгээний талаар мэдээ бэлтгэхээр болсон. Өдөр түргэн тусламжийн машины гэрлэн дохио олигтой тод харагддаггүй, шөнө болохоор хэтэрхий анивчаад машин нь сайн үзэгдэж өгдөггүй зовлонтой.
Тиймээс нар шингэх үед, харуй бүрий болохоос өмнөхөн зургаа авсан. Лабораторийнхон эхлээд мундаг найруулагчдын киноны хальсыг угаадаг учир мань мэтийнхийг далимд нь хамсруулах жишээтэй. Гэтэл хальсаа угаалгатал гэрэл цохиод гологдол болчихож. 60 метр хальс, дээр нь лабораторид угаалгасны хөлс нийлээд сарын цалинтайгаа тэнцэхээр хэмжээний өрөнд орохоо шахсан. Яагаад гэрэл цохисныг олохоор ажиглатал яг хальсны нэг метр 10 см тутамд гэрэл цохьсон байх юм. Хальс хор руу дүрэгдэж, ил нэг гарч угаагддаг. Хүний нүд дасахаас нааш юм харагдахааргүй тийм бүдэг ногоон гэрэлд хальс угаадаг.
Тэгтэл минийхийг позитив хальс угаадаг улаан гэрэлд угаасан юм билээ. Лабораторийн даргад “Энэ танайхны буруугаас болжээ. Ямар ч байсан гүйцээж угааж өг. Тун болохгүй бол би төлж таарна” гэсэн. Түүнийгээ дэлгэцэнд хартал цайрч гялс, гялс хийх нь түргэн тусламжийн машины дохио эргэхтэй яг таарч, энэ зургаараа зураглаачийн нэгдүгээр зэрэг авч байлаа.
-Та “Цөвүүн цагийн Богд” киног найруулсан юм билээ. Дараа нь “Найруулах бол миний ажил биш юм байна” гэж бодсон уу, эсвэл урам авсан уу?
-Аргагүйн эрхэнд жолооч гэдэг шиг л юм болсон шүү дээ. Хийж байсан найруулагч маань настай хүн учир бие нь чилээрхээд, зураачийн ээжийн бие муудаад явчихсан. Тэр олон хүн зорьж ажиллуулчихаад болиулалтай биш гээд л надаар найруулуулсан.
Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хэдэн сайн найруулагчтай хамт ажилласны хэрэг гарсан. Их зүдэрсэн дээ, хэцүү юм билээ. Оройн зураг авч байхад Өндөр гэгээний дүрд тоглосон Эрдэнэ-Очир нэг л өөр харагдаад болдоггүй. Нойр минь хүрснээс болж ингээд байна уу гэтэл сахал нь ургачихаад өөр харагдаад байсан юм билээ. Ер нь шөнө зураг авах их муу. Манай залуучууд өдөржин, шөнөжин зураг авч, ганцхан сарын дотор кино хийгээд байвал яаж сайн уран бүтээл төрөх вэ дээ.
Кино гэдэг хэвлийд ураг бойжиж байгаа юм шиг уран бүтээлчийн тархинд боловсорч, бүрэлддэг. Хүүхдийг 10 сараас наана гаргавал дутуу төрчихнө биз дээ. Үүнтэй яг ижил. Зураглаач хүн найруулагч болсон тохиолдол дэлхийд олон ч найруулагч зураглаач болдоггүй юм.
-Чингис хааны 32 дахь үеийн ач охин Цэцэнханругийн тухай өвөрмонгол кинонд зураглаачаар ажилласан юм билээ. Чингис хааны удам гэдэг нь хэр ултай суурьтай баримт вэ. Тэр бүтээлд ажилласан тухайгаа ярина уу?
-Цэцэнханру гуайн амьдарч байсан ордон нь Чингисийн 16 дугаар үеийн ач, Барсболд хааных юм билээ. Би тэр байтугай Чингис хааны 33 дахь үеийн Мэргэн гүн Гомбожав хэмээх хэлмэгдсэн ачийнх нь тухай баримтат кино хийсэн. Энэ бол бүр баттай. Чингис хааны ургийн бичгийн хамгийн төгсгөлд түүний нэр бичээстэй байдаг. Түүнээс хойш ургийн бичиг тасарсан юм билээ.Түүний ганц хүү Орост анагаах ухааны их сургууль төгссөн Гавьяат эмч байсан нь нас барсан. Одоо зээ нь байдаг.
ӨМӨЗО-ы кино уран бүтээлчид Холливудын арга барилаар ажилладаг. Манай сүүлийн үеийн киноныхон цаг барьдаггүй, зарим нь зураг авахаас 30 минутын өмнө зохиолоо жүжигчиндээ өгдөг. Өвөрмонголынх жүжигчин бүрт зохиолоо хэдэн сарын өмнө өгч дүрийг нь судлуулдаг. Зарим жүжигчин өөр кинонд давхар ажилладаг тул уран бүтээлч бүрийн завыг харгалзаж цагаа тааруулдаг.
Манайхан л хэтэрхий хайнга ханддаг болохоос биш, уг нь жүжигчдийн хувцасны материал сонгоход хүртэл зураглаач оролцож, туршилтаар зураг авдаг.
-Кино үйлдвэр жилд хэдэн кино хийдэг байв. Ямар киног баталдаггүй байсан бэ?
-Оросыг магтахгүй бол болдоггүй байлаа шүү дээ. Хөгжиж буй бүх л оронд киноны цензур гэж бий. Гэтэл манайхан туйлшрамтгай хүмүүс. Дундыг баримтлаад аль аль талын зөвийг өөртөө шингээнэ гэж ер байхгүй. Яг соронз шиг нэг тал руу нь хэлбийдэг. Америкт гэхэд тухайн киног хийхэд улсад харшлах зүйл байна уу гэдгийг судалж, аль төрлийн үзэгчдэд зориулахаа шийддэг. Манайх зөвхөн улс төрийн цензуртэй байсан.
Социализмын үед саальчин хүн хүртэл торгон дээлтэй, хөдөөний айл хэрнээ зурагттай, гаднаа хоёр, гурван машинтайгаар дүрслэхгүй бол болохгүй. Би тийм худал хуурмагтай их тэмцдэг, үнэнийг бодитоор гаргах хүсэлтэй байсан. Тиймдээ ч малчдад торгон гэхээсээ бүтэн дээл өмсүүлэх гэдэг байлаа. Үнэндээ бол мал төллөх үеэр малчин хүний дээлийн энгэр баас, шээс болж, урагдах энүүхэнд шүү дээ.
Нэг зохиолч 1990 оноос өмнө бичсэн зохиолдоо Оросыг, хойно гаргасандаа ардчиллыг магтсан байх жишээтэй. Би зохиолчдыг тухайн цаг үедээ тааруулж бичдэг, урвагчид гэж боддог. Би тухайн үед хийсэн киноноосоо болж бут ниргүүлж байлаа. Анчид тарвагыг олноор агнаж байгааг шүүмжилж кино хийсэн маань одоо байхгүй. “Чингис” зочид буудлын цаана буй барилгууд хотод хамгийн түрүүнд баригдсан өндөр сууцнууд.
Улс хөгжиж буйг харуулах санаатай, тийм 12 давхар байшингаас анчин залуу буу шийдэм үүрч гарч ирж буй тухай кинондоо дүрсэлсэн юм. Тэгээд тэр анчин тарваганы нүхэнд динамит дэлбэлж байгаагаар богино кинондоо үзүүлсэн. Гэтэл тэр өндөр байшингуудад сайд дарга нар амьдардаг байж. Би тэрийг яаж мэдэх вэ дээ. Энэ киногоороо сайд нарыг шүүмжиллээ гээд хаачихсан.
-Найруулагч, зураглаач Ш.Даваадорж агсан таны хүү. Таны мэргэжлийг өвлөхөд нь дуртай байсан уу. “Zaya’sh” студийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа юу?
-Мэдээж дуртай байлгүй яах вэ. Хүүгийн минь хийсэн кинонуудаас “Уулын төмөр” их таалагддаг. Би хүүдээ зөвлөх гэхээсээ харцаараа ойлголцчихдог байж билээ. Студийнх нь тамга тэмдэг одоохондоо надад байж л байна. Энэ зун нэг баримтат кино хийсэн.
-“Үзэгчдийг гуниглуулж, шаналгах нь киноны мөн чанар” гэж нэгэн алдартай найруулагчийн хэлсэнтэй та санал хэр нийлэх вэ?
-Урлагийн бүх төрөл хүний сэтгэлийг хөдөлгөх ганцхан зорилготой. Үүндээ ямар арга ашиглаж хүрэх нь хувь уран бүтээлчийн хэрэг. Дармын Батбаяр “Зовлон дээр жаргалын цэцэг ургадаг” гэж хэлсэн удаатай. Энэ бол ертөнцийн хууль. Хэдий чинээ зовно дараа нь төдий чинээ жаргадаг. Манай ард түмэн зовоогүй учир жаргалын амтыг мэддэггүй. Тиймдээ ч өөрсдөө юу ч хийхгүй байж бусдаас юм нэхдэг.
-Тэгвэл та хэзээ хамгийн их зовсон бэ?
-Би чинь их ядуу амьдрал туулсан шүү дээ. Цастайд хөл нүцгэн хонио хариулаад гүйдэг л байлаа. Гэхдээ түүнийгээ зовж байна гэж боддоггүй байсан юм шүү. Улаанбаатарт ирээд ч зовсон. Ганц эгч минь Монгол кино үйлдвэрт сарын 130 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан юм.
Ингэж хэлээд муу эгчийгээ бодсон уу, ижий ааваа ч дурссан уу нүдэндээ нулимс цийлэгнүүлээд хэсэг чимээгүй суув.
-Та багадаа гэрэл зургийн аппарат хийж байсан гэсэн үү?
-Аппарат худалдаж авах мөнгөгүй учир өөрөө хийх хэрэгтэй болно оо доо. Найзынхаа “Пионер” нэртэй 50 төгрөгийн зургийн аппаратыг гуйж задалж үзээд лаазалсан бүтээгдэхүүний сав ашиглаж дуурайлгаж хийсэн. Эгч кино үйлдвэрээс тарагны шилэнд зургийн нэг, хоёрдугаар хор хийж авчирч өгдөг байлаа.
Хоёрдугаар хор нь дуусчихвал хужраар орлуулж болдог. Гэхдээ одоогийнх шиг гоё зураг авдаг гэж битгий төсөөлөөрэй, дүрс төдийхөн л гарна. Багш Пионерийн ордонд үзэсгэлэнд тавихаар авсан нь буцаж ирэлгүй алга болсон.
-Өнөөгийн залуучуудад таны хамгийн атаархдаг, бас энэ үеийнхэн миний залуугийн тийм гоё юмыг мэдэрч чадаагүй гэсэн зүйл байвал хэлээч?
-Би хүнд атаархдаггүй. Өнөөгийн залуучууд киноны технологи гээчийг баримтлахаа больчихож. Байшингаар зүйрлэвэл манайхан дээврийг нь эхэлж бариад байна. Уг нь байшингийн суурь сайн байх хамгийн чухал шүү дээ.
-Таны аав дархан байх аа?
-Тийм ээ. Тоонд сайн, бичиг мэддэгээрээ сумандаа боловсролтойд тооцогддог авхаалжтай хүн байсан. Гэхдээ авга ах Тогтох ааваас илүү сайн дархан. Би түүнээс эцэс төгсгөлгүй үлээж чаддаг эрдмийг нь сурч чадаагүйдээ жаахан харамсдаг байлаа. Энгийн хүн үлээвэл сүүлдээ амьсгалаа авахгүй бол болдоггүй шүү дээ.
Гэтэл Тогтох ах хэчнээн л бол хэчнээн хугацаанд амьсгал авахгүйгээр үлээж чаддаг байсан. Аав, ахын авьяас надад өвлөгдсөн болохоор техникт дөртэй, сонирхолтой болсон байх. Ер нь аливааг хийхэд чадвараас илүү түүндээ сонирхолтой байх хамгийн чухал юм шүү.
-Та энэ чадвараа киноноос өөр зүйлд ашиглаж байв уу?
Ийн асуухад түүний нүд сэргэх шиг болж, мушилзсанаа “Чамайг ингэж асууна гэж санасангүй” гээд яриагаа үргэлжлүүллээ.
-1800-гаад оны үед амьдарч байсан Шотландын лам Стирлинга сүмийнхээ орган хөгжмийг хий шахаж ажиллуулдаг байжээ. Сүүлдээ энэ ажлаасаа залхаад хэрхэн амар аргаар ажиллуулахыг бодож, хөдөлгүүр зохион бүтээгээд хөгжимтэй холбосон байна. Тухайн үед хөнгөн цагааныг нээгээгүй байсан учир бүтээсэн нь хүслээр ажиллаагүй гэдэг. 1988 оны байдлаар түүний зохион бүтээсэн аргаар хийсэн хөдөлгүүртэй 1500 гаруй машин ажилладаг байж.
Засвар огт шаардахгүй, дуу чимээ гарахгүй, мөнхийн хөдөлгүүртэй, зөвхөн бензин гэлтгүй, шатаж болох бүх зүйлээр ажилладаг учир дэлхийн хөгжилтэй бүх орны зохион бүтээгчид хийх гэж оролдож байжээ. Гэтэл машин үйлдвэрлэдэг компаниуд “шатахгүйн” тулд эдийн засгийн аргаар үйлдвэрлэхийг нь болиулсан. Би энэ хөдөлгүүрийн загварыг хийсэн. Бодитоор хийх гэхээр хүч хүрэхгүй.
Тэрбээр “Ер нь миний хэлсэнд чи нэг л үнэмшихгүй байгаа бололтой, түр хүлээгээрэй” гэснээ тагтан дээрээсээ нэг жижигхэн төхөөрөмж олоод ирлээ. Үүнийг цахилгаанд залгатал дэргэд нь байсан өдрийн гэрэл тоггүйгээр ассан юм. Шаравдорж гуай энэ төхөөрөмжийнхөө загварыг өнгөрсөн жил гаргажээ. Энэ нь агаараар цахилгаан эрчим хүч дамжуулж ажилладаг шидтэй аж.
-Дууг агаараар дамжуулснаар радио, дүрсийг ийн дамжуулдаг болсноор бид телевиз үздэг болсон. Одоо биет зүйлийг агаараар дамжуулдаг болохоор эрдэмтэд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, чамайг агаараар сорж аппаратаар дамжуулаад хүссэн газарт чинь бүрэлдүүлнэ гэсэн үг.
Миний энэ хийсэн шиг маягаар улам боловсронгуй, хөгжүүлж бүтээвэл энд байгаа хулганыг тэр өрөөнд шилжүүлэх боломжтой болно. Уг нь би зохион бүтээгч болно гэж боддог байсан ч хувь заяа намайг зураглаач болгосон.
-Цас нэг мэдэхэд нэвсийтэл дардаг шиг өтөл нас ч анзаарагдахгүйгээр айлчилдаг гэдэг. Залуучууд өтөл насандаа урьдаас бэлтгэх ёстой юу?
-Хүний сэтгэн бодох чадвар залуу үеийнхээсээ нэг их өөрчлөгддөггүй юм билээ. Нас дээр гарахаар эрч хүч суларч, залхуурах маягтай болдог. Аливаа зүйлийг хийхээс халгадаг, халширдаг. Би хийе гэж санасныхаа 20 хувийг л амьдралдаа гүйцэлдүүлсэн. Уг нь дэмжвэл хийж бүтээх оргилуун хүсэл эргээд буцална. Манайхан нэгнээ дэмжинэ гэж ер байхгүй.
Дандаа л энд тэндээс оруулж ирэх тухай боддог. Өндөр барилгуудыг гадаадаас авчирч болдоггүй болохоор өөрсдөө нэг юм барьж байгаа. Түүнээс биш хумсны хутга ч үйлдвэрлэдэггүй шүү дээ. Миний хийсэн зүйлүүд загвар маягаар бүтсэн нь олон ч амьдрал дээр биеллээ олсон нь ховор.
Нэг удаа отрын гэр зохион бүтээснийг минь “Чингис хаан” кинонд 60 ширхгийг хийж, ашигласан. Гэхдээ зураг дууссаны дараа аж ахуй хариуцаж байсан хүмүүс бүгдийг нь хониноос зарчихсан байна лээ.
-Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дэлхийд алдартай эрхэм, эсвэл дотны нэг хүнээс асуулт асуух, үгүй бол бодож санаж явдаг зүйлээ хэлэх боломж гарвал та хэнийг сонгох вэ?
-Энэ талаар ер бодож байгаагүй юм байна. Тиймээс би асуултыг чинь өөрчилж “Баян хүн нэг хүслээ хэл гэвэл юу гэх вэ” болгож хариулъя. Би утаагүй, ус түлдэг зуухны загвар гаргасан. Тэр баян хүнээс энэ зуухны зөвшөөрлийг, утаагүй гэсэн баталгааг олоод, үйлдвэр байгуулж өгөөч гэж хүснэ.
Тэгвэл би Улаанбаатарыг утаагүй болгож чадна гэж бодож байна. Миний хийсэн зуух нэг их сүртэй шинийг санаачилсан, үнэтэй бүтэх эд биш. Айлуудын зууханд угсарч болохоор, нөөшилсөн бүтээгдэхүүний саваар хийсэн гэрэл зургийн аппарат гэдэг шиг л энгийн зүйл байгаа юм.