Онигор нүд, булцгар хацар, эгдүүтэй төрхтэй жүжигчин хэн бэ гэвэл шууд л “банш” Батаа буюу Д.Баттөмөр санаанд бууна. Хөгжилтэй, будлиантай дүрүүдээрээ үзэгчдийн эчнээ танил болсон түүнийг зочноор урилаа. Хэзээ ч гуниглаж байгаагүй мэт байнга инээмсэглэн явдаг түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
-Та арван хүүхэдтэй айлын отгон хүү. Багадаа ямархуу хүү байв?
-Их хөдөлгөөнтэй хүү байлаа. Гэртээ биш, гадуур л өнждөг. Айлын бага болохоор ах, эгч нар “Хоол хийсэнгүй, гэртээ тогтсонгүй” гээд л загнана. Заримдаа “амбаардуулна”. Бага байхад манайх биеийн тамирын таннхимын хажууханд амьдардаг байлаа. Тэндээс салдаггүй л хүүхэд байсан даа.
Ер нь явж болох бүх л дугуйлан, дамжаанд сурсан даа. Тийм л саваагүй, юм юманд дурламтгай. Ах нараасаа ухамсрын шанаа их авсаан. Нэг нь шанаадахаар нөгөө хэд нь доргиод, бас шанаадна. Ээж минь намайг их өмөөрнө өө.
Тэрийг нь мэддэг болохоор ах нарынхаа өөдөөс оодорч байгаад зодуулна (инээв). Олуулаа өсчихөөд эхнээсээ тусдаа гарч, цөөхүүлээ үлдэхэд эвгүй л байдаг юм билээ.
-Айлын бага хүүхэд их эрх гэдэг.
-Айлын багууд ажилд муу гэдэг дээ. Ёстой худлаа гэдгийг би батална. Харин ч ах, эгч нарынхаа гар, хөлийн үзүүрт зарагдсаар ажилсаг болсон шүү дээ, би. Шал угаах, хоол хийхдээ хэний ч дор орохгүй шүү.
-Энд тэндээс зохиол хайж байхаар өөрийн амьдралаас сэдэвлэж кино хийж болох юм биш үү. 10 хүүхэдтэй айлын түүхээс сонирхолтой зохиол төрнө дөө.
-Манай амьдрал яг л “Гарын таван хуруу”кино шиг. Аав минь өөд болж, ээж 10 хүүхдээ хөтлөөд л үлдсэн. Ээжийг ажлаа тараад ирэхэд том нь багыгаа тэвэрчихсэн, нэг нэгнээ хөтөлчихсөн хүлээгээд гадаа зогсож байдаг байлаа. Ээжээрээ бахархдаг юм.
Зовлон үзэж, хатуу амьдрал туулж, хүүхдүүдээ хүн болгосон доо. Ээж минь бидэнд “Хүнд муу санаж болохгүй. Сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, хүүхэд зантай байх ёстой” гэж байнга захидаг байсан. Тэр үгээр нь л амьдралд тэмцэж явна.
-Та Өвөрхангайнх байх аа. Хэзээ Улаанбаатар хотод хөл тавьж байв?
-Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас гаралтай, аймгийн төвд өссөн. 1998 оны хавар СУИС-д элсэлтийн шалгалт өгөхөөр хотод анх ирж байлаа.
-Та дунд сургуульд байхдаа хүндийг өргөлтийн спортооор хичээллэдэг байсан гэв үү. Тэр үедээ тэмцээнд оролцохоор хотод ирж байгаагүй юү?
-Нээрэн тийм шүү дээ. 1998 оны өвөл хүндийг өргөлтийн УАШТ-д оролцохоор хотод анх ирсэн юм байна шүү. 48 кг жинд өрсөлдөөд хүрэл медаль хүртэж явлаа.
-Одоо нутаг руугаа хүлгийн жолоо хэр залж байна?
-Байсхийгээд л ухасхийнэ шүү. Таацын голын эргээр ах дүү, хамаатнууд маань нутагладаг. Багадаа би малд их хайртай байлаа. Одоо ч хэвээр л дээ.
-Тэр үед Улаанбаатар хот өнөөдрийнхөөс хэр өөр байв. Танд ямар сэтгэгдэл төрсөн бол?
-22-ын товчоо даваад хотын төв рүү ойртох тусам тэнгэрийн од газарт буучихсан юм шиг санагдаж билээ. Хаашаа ч харсан гэрэл анивчаад л. Яаж уулга алдсанаа одоо ч санаж байна (инээв).
-Тамирчны замналаа урлагаар сольсон шалтгаан юу вэ. Урлаг, спорт хоёрт төстэй зүйл бий юү?
-Арай л огцом эргэлт хийсэн мэт санагдаж байна уу. Спорт бол хүүхэд насны л сонирхол. Яг мэргэжлээ сонгохдоо үнэхээр дуртай зүйлээ л сонгосон минь энэ. Зориулах сэтгэл, зарцуулах хүч хөдөлмөр, авах мэдрэмж нь адил шүү.
-“Мөрөөдлийн театр”-т яагаад урвачихсан юм бэ. Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нартай хэрхэн санаа нэгдэв?
-“Цэлмэг тэнгэр” киноны зургийг Шведэд авсан юм. Тэр кинонд Г.Алтаншагай бид хоёр тоглосон юм. Сар гаруй тэнд байхдаа тэрбээр УДЭТ-аас гарах гэж буйгаа надад хэлсэн юм. Түүнийг СУИС-ийн элсэлтийн шалгалтад би бэлдсэн юм шүү дээ.
Бид Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн шавь. Удалгүй би “Милл” кино компанийн “Ээжийн дайсан” кинонд тоглох боллоо. Тэгээд хамтрагчаа судалж, хайж эхэлсэн. Тэгэхэд хамгийн түрүүнд Г.Алтаншагай санаанд буусан юм.
Тэр үед Г.Эрхэмбаяр тэр хоёр “Мөрөөдлийн театр”-аа байгуулж, “Миний нууц хүү” жүжгээ үзэгчдэд хүргэчихсэн байлаа. Ингээд тэдэнд санал тавьж, зөвшөөрснөөр энэ кино бүтсэн. Уг кинонд тоглосны дараа “Х ТҮЦ”-ээс гарч, бид нэгдсэн.
-Хамт олноо орхиж, өрх тусгаарлахад хэцүү байсан уу?
-Маш хэцүү. Ялангуяа хамтлагаасаа гарсны дараа гурван сард. Хоолойгоор хоол давахгүй, гэм хийчихсэн мэт санагдаад л. 200, 300 хүнтэй хамт олноос нэг нь сугарахад хэн ч анзаарахгүй. Гэтэл 20, 30-уулхнаа хамтлагаас нэг нь гарчихаар эвгүй юм билээ.
Найман жил ажилласан хамт олон минь шүү дээ. Тийм дотно хүмүүстээ “Би явлаа” гэж хэлэх хэцүү юм билээ. Гэхдээ ах, эгч нар минь намайг ойлгож, амжилт хүсээд үдсэн. Намайг гарснаас жилийн дараа Д.Түвшинтөр, Г.Нарансолонго, О.Тэмүүжин нар “Эмоци”- оо байгуулсан шүү дээ.
-Тэдэнд тусдаа гарч, бие даан ажиллах боломжтой гэсэн сэдэл өгчихөж дээ, Та.
-Тэгсэн байж ч болох юм. Гэхдээ би хэзээ ч тэдэнд “Хамтлагаасаа гар, тусдаа ажиллаж болно” гэж хэлж байгаагүй. Тэгж уруу татаагүй. Надад тийм зан ч байхгүй.
-“Мөрөөдлийн театр”-т орсныхоо дараа үзэгчид намайг сонгох уу, энэ хамт олонтой минь хүлээж авах болов уу гэж эргэлзээгүй юү?
-Үгүй ээ, эмээгээгүй. Намайг хүмүүс ирж үзнэ гэж найдсан.
-“Мөрөөдлийн театр”-ынхан дэлгэцийн гурав дахь бүтээлээ “Одод болохын хүслэн” нэртэйгээр үзэгчдэд хүргэж эхэллээ. Энэ кинонд ямар дүрд тоглов?
-Олон сарын хөдөлмөр шингэсэн бүтээлийг маань үзсэн хүмүүс ам сайтай байгаад баяртай байна. Уран бүтээлч бидний хувьд шинэ уран бүтээлээ хүргэх болгондоо догдолдог, бас сандардаг шүү. Өмнө тоглосон киноны дүрүүдээсээ аль болох өөр байхыг хичээлээ.
Өөр зан араншинтай, ондоо стилтэй дүр бүтээхийг хүссэн. Уран бүтээлч бүр ийм оролдлого, эрэл хийдэг шүү дээ. Өмнөх болон дараагийн кинондоо нэг л янзаараа харагдаад байвал тэр жүжигчин ахихгүй, бас зэвэрнэ.
-Намайг дунд сургуульд байхад “Одод болохын хүслэн” бүжгийн уралдаан болж, байрны маань ах нар оролцож, өрсөлддөг байлаа. Бас “Ирээдүйн одод” гэж дууны уралдаан ч болдог байсан. Одоогийн нэр алдарт хүрсэн олон хамтлаг эдгээр уралдааны шилдгээр шалгарч байсан санагдана. Ийм дурсамж сэргээсэн нэрээр киногоо нэрлэсний учир юу вэ?
-Өнгөрсөн өвлөөс л шинэ уран бүтээл хийх хүсэлд автсан. Олон ч зохиолтой танилцлаа. Энэ киноны санааг хоорондоо ярилцаж байгаад гаргасан. Хүүхэд ахуйдаа урлагт дурласан залуус нас биед хүрсэн хойноо ч татагдсаар яваа, түүнээсээ болж хэрхэн хөглөж буйг эл кинонд үзүүлнэ.
Нээрэн л “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” нэрийг сонсоход бидний үеийн залуусын дурсамж сэргэдэг байх.
-Та дуу, бүжгийн уралдаанд оролцож байв уу?
-Манай Г.Алтаншагай Хэнтий аймгийн дунд сургуульд байхдаа “Од”, Г.Эрхэмбаяр “Салферино” гэж хамтлагтай байсан юм билээ. Би ч Өвөрхангайдаа BG гэж хамтлагтай байсан шүү.
-Тус кинонд хэд хэдэн хамтлагийн хүүхэд насыг харуулсан гэсэн үү?
-Одоогийн алдартай хамтлагуудын хүүхэд ахуйн төрхийг кинондоо үзүүлэхийг хичээсэн. Жишээ нь, “Сүнс, “Камертон”, “Номин талст”, “Ice top” хамтлагийнхантай төстэй төрхтэй хүүхдүүд олох гэж их зовсон шүү.
-Та гол дүрд нь тоглосон “Барьцаа: 007” кино бас энэ сарын сүүлчээр нээлтээ хийнэ гэсэн. Өнгөрсөн зун тун завгүй байжээ дээ?
-“Содура”-гийн найруулагч Б.Жаргалсайхан тус киног найруулсан. Бид нэг ангийнх л даа. Өнгөрсөн хавар уг кинонд тоглох санал тавьсан юм. Гол дүрд нь Гавьяат жүжигчин Л.Баттулга ах тоглоно гэхэд нь их олзуурхсан. “Х ТҮЦ” продакшнаас гарснаасаа хойш түүнтэй уран бүтээлд хамт ажиллаагүй байсан юм.
-Эл кино Гавьяат жүжигчин Л.Баттулгын гол дүрд нь тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм билээ. Харин Та өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд голлож тоглов?
-20 арай хүрэхгүй байх. Би продюсерээр нь ажилласан кинондоо аль болох өөрөө тоглож, бас арын албандаа ч гүйхийг хүсдэг. Одоогоор “Ээжийн дайсан”, “Микроны босс”, “Ээж ээ, надтай гэрлээч”, “Made in Ulaanbaatar” зэрэг кинонд продюсерээр ажиллажээ.
-Таныг “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд гараагаа эхлэн, “Х ТҮЦ” продакшнд үзэгчдийн танил болж, өдгөө “Мөрөөдлийн театр”-т уран бүтээлээ туурвиж буй болохоор киноны найруулагч нар ихэнхдээ хошин дүрд тоглуулах гээд байна уу даа?
-Тийм хандлагатай шүү. Сүүлд “Ээж ээ, надтай гэрлээч” кинонд тоглохдоо жаахан эмээсэн. Хошин дүр биш шүү дээ. Киног дэлгэцэд гаргасан эхний өдөр “Яана аа, миний хэсэг дээр үзэгчид инээчих вий дээ” гээд айж суулаа. Гэтэл харин ч ам сайтай байсанд баярласан шүү.
Тус дүрээрээ өнгөрсөн жил Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Academy awards” наадмын шилдэг туслах эрэгтэй дүр номинацад шалгарсан.
Уг нь одоо инээдмийнхээс илүү уянгын, адал явдалт кинонд тогломоор байна. Үзэгчид, миний гэр бүл, найз нөхөд ч тийм шүүмжлэл хэлдэг.
-Таны хамтран ажилладаг “Милл” кино компанийнхан “Микроны босс” киноныхоо үргэлжлэл ангийг бүтээнэ гэсэн сураг сонслоо.
-Киноны зохиол бэлэн болсон. “Приусийн босс” гэсэн нэртэй. Эхний ангид тоглосон бүх жүжигчин оролцоно. Гэхдээ үйл явдал төсөөлж байгаагүй өөрөөр өрнөнө. Аливаа киноны үргэлжлэл анги өмнөхөөсөө муу болж, шүүмжлүүлдэг шүү дээ. Харин бид энэ киног өмнөхөөсөө ч хөгжилтэй, сонирхолтой болох байх гэж найдаж буй.
-Та тайз болон дэлгэцийн уран бүтээлийн алинд нь илүү дуртай вэ?
-Би тайзан дээр байх дуртай. Тэнд л жүжигчид үзэгчидтэйгээ харилцаж, холбогдож чаддаг. Жүжигчнээс мэдрэмж, ур илүү шаарддаг. Кино бол эвлүүлгийн урлаг шүү дээ. Гэхдээ бас л амттай.
-Та хэр шартай хүн бэ?
-Уран бүтээлч бүрт цагаан атаархал, шаралхуу зан байх ёстой. Заримдаа тайзны ч, дэлгэцийн ч уран бүтээл үзээд тухайн дүрийнхээ донжийг нь олоод тоглочихсон жүжигчинд “Дүрээ ямар гоё гаргаа вэ” гээд л атаархдаг. Тэгж мундаг жүжиглэснийг хараад улам л өөрийгөө дайчилдаг. “Энэ хүн чадаж байхад би юугаараа дутдаг юм бэ” гэж боддог юм.
-Жүжигчид дуулах, бүжиглэх гээд олон авьяастай. Та юунд маруухан бэ?
-Өө, бүгдэд нь сайн. Шүлэг л бичиж чаддаггүй юм. Ер нь би найранд гурван дуутай, наадамд гурван даваатай хүн. Онгирч байгаа юм биш шүү (инээв).
-Таныг жүжигчин Д.Баттөмөр гэхээсээ илүү “банш” Батаа гэдгээр үзэгчид таньдаг. Энэ хочиндоо дуртай юу?
-Одоо ч бүр дасчихжээ. Гудамжинд найман настай хүүхэд таарахад ч, 80 настай буурайтай мэндлэхэд ч “банш” л гэдэг болж. Яах вэ, сайхан хоолны нэр. “Амны билгээс ашдын билиг” гэдэг дээ. Хоол ундаар элбэг дэлбэг явахын шинж ч юм бил үү.
Уг нь “Х ТҮЦ”-т байхдаа нэг тоглолтод “1000 нэрийн барааны худалдагч нар Батаагийн банш гээд шаагилдаад л авчихлаа” гээд аальгүйтдэг үзүүлбэрт тоглосноос хойш л “банш” Батаа болсон доо. Дээр нь онигор нүд маань энэ хочинд их тохирдог байх (инээв).
-Багадаа ямар хочтой байв. Сахилгүй хүүхдүүд хочлуулахгүй байна үгүй шүү дээ.
-Онигор хүүхдүүдийг “Бууз” гэдэг шүү дээ. Би ч гэсэн тийм л хочтой байлаа.
-Хүмүүс “банш” Батаагийн гэр бүлийнхэн хоорондоо их адилхан гэлцдэг. Өөртэйгөө адилхан ханьтайгаа хэрхэн учрав?
-Би их азтай. Надад их сайн хань заяасан. Миний хань Архангайнх. Г.Булган гэдэг. Надаас найман насаар дүү. Хоёр хөөрхөн охины минь ээж. Нэг удаа цайны газарт хоол идэхээр ортол сул суудал байгаагүй. Тэгэхээр нь ганцаараа сууж буй бүсгүйн өөдөөс хараад суулаа.
Гэтэл надтай усны дусал шиг адилхан юм. Яг л толинд харж байгаа мэт санагдсан. Ингээд л дурласан даа.
-Охидод нь урлагийн хүн болох шинж байна уу?
-Байгаа шүү. Яана аа, бүр цухалзаад л байгаа.
-Яагаад “Яана аа” гэж?
-Урлагийн хүний амьдрал хэцүү шүү дээ. Урлагийнхны хүүхдүүд багаасаа энэ тогоонд өсөж, орчинд нь хүмүүждэг учраас холдож чаддаггүй юм шиг байна. С.Өлзийхүү эгчийн охин жүжигчин болчихлоо.
И.Одончимэг эгч охиноо жүжигчин болгохгүй гэж тэмцээд дийлээгүй. О.Бат-Өлзий ахын хүү бас чадварлаг найруулагч боллоо. Би ч гэсэн айгаад л байгаа. Аль болох өөр салбар руу яваасай л гэж хүсэж байна.