УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэвлэлээр нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж хэдэн зүйл тодруулъя.
-Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээллийн зарим хэрэгслээр гарч буй зүйлд хариу өгье. Хэргийн болон мөрдөн байцаалтын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь уг хэрэг нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалт дуусаагүй байна.
-Яагаад нууцалсан юм бэ. Э.Бат- Үүл “Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан” гэж ярьсныг та сонссон байх.
-Эрүүгийн хэргийг нууцад хамаарах, эсэхийг мөрдөн байцаагч бие даан шийддэг юм биш. Хэрэгт цугласан баримт, материал нь Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарч буй, эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсны дараа шийддэг.
Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулсан гэж ойлгож болно.
-ТЕГ-аас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татжээ. Нэг хэрэгт хоёр удаа сэжигтнээр тооцох заалт хуульд бий юү?
-Хуульд тийм заалт байхгүй. Э.Бат- Үүлийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-нд сэжигтнээр, мөн оны наймдугаар сарын 29-нд тухайн үед дагаж мөрдөж байсан, 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж шалгасан.
Уг хэргийг тухайн оны аравдугаар сарын 16-нд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг.
Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалт явуулж буй ажлын хэсгийнхэн түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийсэн ажиллагаа.
-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авч байгаа юм уу?
-Хэрэг гарсны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүнээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлээс өмнө нь хэд хэдэн удаа хурууны хээний шинжилгээ авч байсан. Хэргийг мөрдөж байгаа ажлын хэсгийнхэн шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийсэн ажил.
-“Намайг улс төрийн зорилготой, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна” гэж Э.Бат-Үүл хэлсэн. Энэ хэргийг шалгахад улс төрийн зорилго агуулсан, гаднын нөлөө байгаа юу?
-Хэрэгт ганц Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татсан байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас л шалгаж байна.
Түүнээс биш сонгуультай холбоотой, улс төрийн зорилготой биш. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Хэргийг ТЕГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалт явуулж, прокурор хуулийн дагуу хяналт тавьж байгаа.
Энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвслээс нөлөөлсөн зүйл байхгүй.
Ер нь бол олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөө үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллага хууль зөрчсөн мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нэлээд гаргадаг. Үүнийгээ зогсоох хэрэгтэй.
-Э.Бат-Үүлийг хорьж шалгаж байгаа талаар мэдээлэл гарсаар байна.
-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж, прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг. Одоогоор Э.Бат-Үүлийг цагдан хорих тухай тогтоол мөрдөн байцаагчаас ирүүлээгүй.
-Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болон анхдагч зүтгэлтнүүд болох Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс “С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор МАН-ын зүгээс Э.Бат- Үүлийн нэр хүндийг унагах зорилгоор хилсээр хэрэгт холбогдуулсан” гэсэн шүү дээ.
-С.Зориг нас барснаас хойш энэ өдрийг хүртэл аль ч нам, эвсэл төр, засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжлэн явагдсаар ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг байцаах, түүнээс шинжилгээний дээж авах асуудал яригдаж байсан. Түүнээс МАН-ыг төрийн эрх барих үед сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таараад байгаа юм.
Мөрдөн байцаалт дуусаж, хэрэг прокурорын хяналтад ирсний дараа прокурор хэргийг сайтар хянаж хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах болно.
-Талийгаачийн эхнэр Б.Булганыг хорьж шалгаж байгаад саяхан сулласан. Хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм уу.
-Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ сарын 9-нд эрүүл мэндийн байдлыг харгалзан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналаа шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн.
Түүнээс биш хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.
-Хэргийг хэзээ шалгаж дуусах вэ?
-Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.