Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
- Манай улс “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь хоёр удаа хэрэгжүүлж байсан. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байсан бэ. Зарим оронд хэрэгжсэн хөтөлбөр үр дүнгүй болсон гэж эдийн засагчид дүгнэсэн байдаг?
-Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй тулгарсан цаг үед олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар бэрхшээлийг амжилттай даван туулсан. Үүний дотор Олон улсын валютын сангаас (ОУВС) богино хугацааны санхүүгийн дэмжлэг авч байсан.
1990-ээд оны эхээр хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо, гадаад зээл тусламжаас бүрэн тасарсан байсан Монгол Улс энэ дэмжлэгээр хөл дээрээ зогсож, эдийн засгийг гүнзгий хямралд унах аюулаас бага хохиролтойгоор гарч чадсан.
2008-2009 онуудад тулгарсан дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн зах зээл дэх үнийн бууралт манай улсын эдийн засагт богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдалд хүргэж, гадаад валютын ханшийн огцом савалгаа үүсэх эрсдэл тулгарсан.
Тухайн үед эрх барьж байсан хамтарсан Засгийн газар шуурхай, оновчтой арга хэмжээ авахын зэрэгцээ ОУВС-д хандаж хүсэлт гаргаснаар тус байгууллагын Захирлуудын Зөвлөл Манайд хэрэгжүүлэх “Стэнд бай” хөтөлбөрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хэлэлцэн баталсан. Энэхүү хөтөлбөрийн нөлөөгөөр 2009 оны эцэст эдийн засгийн тогтворжсон юм.
“Стэнд бай” хөтөлбөр сөрөг нөлөөтэй гэж үзэхгүй байна. Учир нь бид зөвхөн хүндрэлд орсон үедээ тусламж, дэмжлэг авдаг. Ийм шаардлагагүй үед ОУВС манай улсад ямар нэгэн хөтөлбөр тулгаж байсан тохиолдол байхгүй. Харин бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, макро эдийн засгийн, төсөв болон мөнгөний бодлого алдаатай байгаа учраас л бид дахин дахин эдийн засаг, санхүүгийн хүндрэлд орж байгаагаа ойлгох хэрэгтэй.
Иймээс бид засаглал, хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвараа сайжруулж, боловсон хүчнээ чадваржуулан тогтвортой ажиллуулбал дахин ийм хүндрэл учрахаас сэргийлэх, хямралыг өөрсдийн хүч бололцоогоор даван туулах чадвартай болох болно.
-2009 онд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлснээс гадна түүхий эдийн үнэ өссөн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэж зарим шинжээч үздэг. Тухайн үед хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь эдийн засагт хэрхэн илэрсэн бол?
-Түүхий эдийн үнийн өссөнөөр эдийн засаг сайжирсан гэж үзэж байгаа хүмүүсийн дүгнэлттэй төдийлөн санал нийлэхгүй байна. Ингэж дүгнэж буй нь мэдээлэл, судалгаа дутуу хийсэнтэй холбоотой болов уу. Түүхий эдийн үнийн өсөлт эдийн засагт богино хугацаанд нөлөөлөхгүй. Түүхий эдийн үнэ өссөнөөр экспортын орлого тэлнэ, улмаар төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл сайжирдаг.
Өөрөөр хэлбэл, энэ хүртэл багагүй цаг хугацаа шаардагдана. 2009 онд эдийн засаг хурдан хугацаанд сэргэсний нууц нь УИХ, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, ОУ-ын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөв бодлого хэрэгжүүлсний үр дүн.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай улс ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ. Сүүлийн үед Серби улсад “Стэнд бай” амжилттай хэрэгжиж байгаа гэж дүгнэж буй. Үүнд юу нөлөөлсөн бэ?
-2014 оны сүүл хагаст Серби улсын төсвийн алдагдал болон гадаад өрийн хэмжээ нь ихээхэн нэмэгдэж, эдийн засгийн бусад хүндрэлтэй тулгарсан. Тиймээс эдийн засгаа тогтворжуулахын тулд ОУВС-ын бодлогын болон санхүүгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэж үзэж өнгөрсөн оны нэгдүгээр сард тус байгууллагад албан ёсны хүсэлт гаргасан байдаг.
ОУВС-ын Захирлуудын зөвлөл хэлэлцээд тус улсад 1,2 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг бүхий хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг хөтөлбөр нь төсвийн алдагдлыг бууруулж, тэнцлийг сайжруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, улмаар өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг сайжруулах гэсэн үндсэн гурван зорилтоос бүрдсэн байна.
Ингээд энэ оны нэгдүгээр сард Серби улсад очиж ажилласан ОУВС-ын ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг нь судлан үзээд Стэндбай хөтөлбөр маш амжилттай хэргэжиж, нааштай үр дүн өгч байгааг тэмдэглэсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эрс сайжирсан.
Тухайлбал, 2014 оны эцэст тус улсын эдийн засаг 1.4 хувиар агшсан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.6 хувиар тэлсэн. Мөн төсвийн алдагдал нь 2014 оны эцэст ДНБ-ний 6.3 хувьд хүрч байсан бол өнгөрсөн жил 2.9 болон буурчээ.
-Манай улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл хэдэн ам.долларын хэлцэл хийх боломжтой вэ. Энэ мөнгийг хэрхэн зарцуулбал үр дүнтэй бол?
-ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд олгогдох санхүүгийн дэмжлэг нь гол төлөв улсын төсвийн алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцэлийг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулахад зориулагддаг. Энэ нь арилжааны зээл биш учир аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжгүй.
Хөтөлбөрийн хүрээнд олгогдох дэмжлэгийн хэмжээг ОУВС-ын дүрмийн санд Монгол улсын оруулсан хувь нэмэр буюу “quato” гэсэн суурь үзүүлэлтээс тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний, хамгийн ихдээ түүнээс хоёр дахин их санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой байдаг. Манай улс 2009 онд 230 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авч байсан.
-Энэ хөтөлбөрийг авснаар төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, төрийн алба хаагчдын тоог бууруулах зэрэг сөрөг үр дүн гарна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг эмчилгээтэй зүйрлэвэл өвчнөө анагаахад шаардлагатай эмээ ууж байна гэсэн үг. ОУВС-ын хөтөлбөр бол доголдсон эдийн засгийн алдаа гажуудлыг засах эм гэсэн үг. “Эм гашуун ч гэсэн өвчинд тустай” гэсэн ардын зүйр үг байдаг. Амттан идэж, чихэр хүлхээд бид эрүүл болохгүй, өвчин эдгэхгүй.
Үүнтэй адилаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарах хүндрэл бол сөрөг тал биш харин эрүүлжүүлэхийн төлөө хийж байгаа эмчилгээ гэж ойлгож болно. Эцсийн дүндээ бид хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түүхий эдээс хэт хамааралтай, төсөв, мөнгөний алдаатай бодлогын улмаас макро эдийн засагт бий болсон доголдлыг засварлаж, эдийн засгаа тогтворжуулах нь гол зорилго юм.