Энэ оны БАЛДОРЖ шагналт сэтгүүлч, “Засгийн газрын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэнтэй ярилцлага хийх даалгавар аваад редакцаас гарахдаа дотроо нэг л бэргээд байв. “Өнөөдөр” сонины гал тогооноос бид хамтдаа дөрвөн жил хооллож, нэг гэр бүлийн гишүүдээс өөрцгүй ижилдсэн болохоор Цэвээнээ эгчтэй ярилцах уг нь амархан баймаар.
Гэтэл багшдаа шалгуулах гэж байгаа дунд сургуулийн сурагч шиг эмээгээд ер болдоггүй. Арга ч үгүй юм уу, тэр бол өдгөө 20 жилийн ойгоо тэмдэглэж буй “Өнөөдөр” сонины 14 жилийнх нь түүхийг бичилцсэн, Бал эрхлэгчийн маань гарын шавь, бас байгаль орчны сэтгүүлч гэдэг нэр томъёог Монголын сэтгүүл зүйд дархалж яваа “том амьтан” шүү дээ.
Хэзээний л тас тас инээдгээрээ инээсээр түүнийг уулзалтын өрөөнд орж ирэхэд миний дотор уужирч, ярилцлагаа эхэллээ. Гэхдээ жаахан заль хэрэглэж, яриагаа зориуд албархуу байдлаар эхлүүлэв.
-Найм дахь удаагийн БАЛДОРЖ уралдааны гран при шагналын эзэн болсон танд баяр хүргэе. Найман гран при шагналтны тав нь байгаль орчны сэдвээр бичсэн бүтээлүүдээрээ түрүүлснээс харахад өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдаад буй асуудлыг манай сэтгүүлчид уйгагүй хөндөж ирсний илэрхийлэл болов уу. Та энэ шагналын үнэ цэнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үнэхээр ч сүүлийн үед манай сэтгүүлчид байгаль орчны сэдвийг түлхүү барьж авч, бичдэг болж. Анх 2000 оны эхээр Бал эрхлэгч надад энэ сэдвийг хариуцуулж өгч байхад байгаль орчны тухай бичдэг сэтгүүлч хоёр, гурваас хэтэрдэггүй байлаа. “Өдрийн сонин”-ы Ж.Мягмарсүрэн гуай, талийгаач Ж.Гангаа ах, тэгээд ганц нэг идэвхтэн бичигч л энэ сэдвийг хөнддөг байв.
Тэр үед байгаль орчны асуудал ч өнөөдрийг бодоход харьцангуй аядуу намжуу байж. Гэтэл сүүлийн 10-аад жил уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол, байгаль орчны асуудал Монголын төдийгүй, дэлхий нийтийн өмнө хамгийн хурцаар тавигдах боллоо.
Тиймээс дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн салбарынхан энэ асуудлыг онцгойлон хөндөж эхэлснийг БАЛДОРЖ шагналын шилдгүүдээс харж болохоор байна. Бал эрхлэгч маань тэртээ 1980-аад онд “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээрээ Монголын сэтгүүл зүйд шинэ уур амьсгал оруулж ирж байсан бол өдгөө бид тэр хүний тарьж ургуулсан үр жимсийг хүртэж сууна. Энэ уралдааныг би Монголын сэтгүүл зүйн хөгжлийн түвшин, чиг хандлага хаахна явааг, монгол сэтгүүлчдийн ур чадвар ямар байгааг мэргэжлийн үүднээс үнэлдэг хэмжүүр гэж ойлгодог.
Анхны гран при шагналтан Б.Ганчимэг эгчээс эхлээд Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр гээд үе үеийн шилдгүүд бүгд л өөр өөрийн өнгө аястай, мундаг сэтгүүлчид шүү дээ. Тиймээс Монголын Пулитцер хэмээн сэтгүүл зүйд хүлээн зөвшөөрөгдсөн энэ нэр хүндтэй уралдааныг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ “Балдорж” сангийн үйл ажиллагааг амжилттай авч яваа Н.Шүр эгч болон охин Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нарт мөн талархал илэрхийлье. Цаашид энэ уралдааны цар хүрээ улам өргөжиж, Монгол туургатныг хамарсан томоохон шалгаруулалт болоосой гэж хүсдэг шүү.
-Энэ жилийн уралдаанаас гран при хүртсэн “Чонон сүргийн өчил”, “Ченж төлөвлөгөөний золиос” нийтлэлээрээ та хэнд, юу хэлэхийг зорьсон бэ?
-1970, 1980-аад онд Европын олон оронд чоно шиг хэрэггүй амьтан алга гээд үй олноор нь устгасан чинь мал, амьтны халдварт өвчин гараад салахаа байж. Тиймээс өөр орнуудаас өндөр үнээр бэлтрэг худалдан авч, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байсан түүхтэй юм билээ. Үүнтэй адил нөхцөл байдал манайд үүсэж мэдэхээр болсныг “Чонон сүргийн өчил” нийтлэлээрээ хөндсөн юм.
Манайд мал сүргийн тоо байнга өсөн нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын бэлчдэг газар нутаг руу мал түрж ороод, чононд бариулах тохиолдол бишгүй гарч байна. Тэгэнгүүт аймаг, орон нутгийнхан чонын аллага зохион байгуулж, үй олноор нь устгаж эхэлсэн.
Үүний уршгаар говийн аймгуудад чоно устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа бөгөөд өөр газраас яаралтай авчирч нутагшуулан, байгалийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэйг эрдэмтэд анхааруулж байна. Мөн говьд чоно үгүй болсноор мал, зээрийн халдварт өвчин нэмэгдсэнийг мэргэжлийн хяналтынхан сануулж байгаа юм.
“Ченж төлөвлөгөөний золиос” нийтлэлээрээ алт, өнгөт чулууны ченжүүдийн цаана хэн байгаа, тэд ямар зорилготой болохыг гаргаж тавьсан. Нөхөн сэргээсэн, эсвэл огт хөндөгдөөгүй газар нутгийг хайр гамгүй хорлон сүйтгэдэг нинжанууд үнэндээ ченжүүдийн заавар, төлөвлөгөөний дагуу ажилладаг.
Жишээ нь, говь, тал хээрийн хөрсний чийгийг хадгалж байдаг өнгөт чулуунуудыг тэд 1-10 метрийн гүнээс ухаж аваад, ченжүүдэд зарж, нөгөөдүүл нь цаашаа хятадуудад дамлан худалддаг гэнэ билээ.
Гэтэл эдгээр өнгөт чулууг ухаж авснаар хөрс ялзмаггүй болж, хатаж үхдэг. 100 жилийн дараа л эхний ялзмаг бий болдог гэхээр байгальд ямар их хор хөнөөл учруулдаг нь ойлгомжтой. Дам сонсоход Хятадын баячууд өнгөт чулууг их хэмжээгээр худалдаж аваад, хувийн хаус, хашаандаа болон газар тариалангийн томоохон компаниуд ландшапт хийхдээ хөрсөн дээр нь цацдаг юм гэнэ. Мөн зарим газарт цөлжилтөөс сэргийлэх зорилгоор өнгөт чулууг хөрсөнд булж, чийг татдаг аж.
Энэ тухай бид цаашид илүү дэлгэрэнгүй эрэн сурвалжлах бодолтой байгаа. Нөгөө цувралд нь “Урт нэртэй” хуулийн үйлчлэх хүрээг хязгаарлаж, 13800 орчим га газар нутгийг хамгаалалтаас гаргаснаараа Монголын төр өөрөө лицензийн наймааны ченж болчихжээ гэдгийг хөндөж бичсэн.
-Манай өнөөгийн сэтгүүл зүй мэргэжлийн, мөнгөний гэсэн хоёр чиглэлээр яваад байх шиг санагддаг. “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэ цэнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн Ц.Балдорж эрхлэгч хэлсэн байдаг. Мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүний нэг нь та. Байгаль орчны чиглэлээр бичих явцдаа зүрхшээх, халшрах үе танд байв уу?
-Сэтгүүлч хүн аль нэг салбараар дагнан бичиж, мэргэших ёстой гэж би боддог юм. Нэг өдөр улс төр бичээд, маргааш нь урлагийн хүнээс яриа авч, дараа нь байгаль орчны сэдэв барьж авах гэх мэтээр юм юм руу савчих нь тухайн сэтгүүлчид, тухайн редакцад ч өгөөжтэй биш.
Салбараа, асуудлынхаа гүнийг ойлгоогүй сэтгүүлчдээс болоод хэвлэл мэдээллийнхний нэр хүнд унах ч тохиолдол гардаг. Гэхдээ өнөөгийн манай нөхцөлд хүн хүчний бололцоогүйгээс болоод ийм боломж тэр бүр гардаггүй л дээ. Тэглээ гээд удирдлагууд нь үүнийг анхаарахгүй орхиж боломгүй байна.
Миний хувьд байгаль орчны сэдвээр бичих явцдаа “Тэртээ тэргүй дийлдэхгүй юм байна даа. Одоо би яах вэ” гэсэн асуулттай бишгүй тулгарч байсан. Энэ сэдвээр бичихэд хүнээс сэтгэл, тэвчээр хатуужил их шаарддаг. Үр дүн нь ч тийм амархан гардаггүй салбар.
Учир нь улс орны эдийн засаг, уул уурхай, үйлдвэрлэл гээд томоохон салбаруудын ард үргэлж байгаль орчны асуудал хөндөгдөж байдаг. Улс оронд хэдийгээр мөнгө нь хэрэгтэй байгаа ч байгаль экологио золиослохоос өөр аргагүй шийдвэрүүд гарахаар хэчнээн эсэргүүцэж бичээд нэмэргүй.
Гэхдээ би бууж өгөөгүй. “Би бичихгүй бол хэн энэ тухай дуугарч, дохио өгөх юм бэ” гэж өөрийгөө хурцалдаг байсан. Төр, засгийн шийдвэр гардгаараа гарсан ч ард нь байгаль орчны ийм асуудал байгаа юм шүү гэдгийг ард түмэн, бизнесмэнүүд мэдэж байвал ядаж сөрөг үр дагавар нь багасна гэж итгэдэг.
-Манай сэтгүүлчид өчүүхэн жаахан зүйлээс ч урам авдаг, сэтгэлээрээ хүмүүс байдаг. Сая маш том урам авсан байх. Ер нь БАЛДОРЖ шагналыг авна гэдэгтээ та хэр итгэлтэй байв?
-Энэ жил ямар ч байсан дээгүүр гарч ирэх болов уу гэж бодсон. Гэхдээ тэргүүн шагнал хүртэнэ гэж үнэндээ бодоогүй. Энэ бол маш их нэр хүндийн асуудал. Шилдэг 10-т нэр гарч ирээгүй болохоор нь дэд байрт орж дээ гэж бодсон. Гэтэл дэд байрт “MN-25 дугаар суваг” телевиз шалгарахад өөрийгөө түрүүлснийг мэдсэн л дээ. Тэр үед Бал эрхлэгч маань шууд нүдэнд харагдсан.
-Шагнал авах гээд тайзан дээр гарч ирээд нулимс унагахад тань яг тэгж бодсон шүү. Бал эрхлэгч нүдэнд нь харагдаж байгаа байх даа гэж...
-Тийм ээ. Эрхлэгчдээ загнуулж, магтуулж ч байсан үе өчнөөн. Залуу байсан болохоор ч тэр үү, би Бал эрхлэгчид их эрхэлдэг байж.
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН: НҮДЭН ДЭЭР МИНЬ АМЬТАН АЛАХЫГ ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ ЧАДАХГҮЙ
Намайг “Өнөөдөр”-т ороод удаагүй байхад Шинэ жилээр эрхлэгч намайг архгуудын ширээн дээр дуудаад, “Та нар Цэвээнхэрлэн гээд энэ залуу сэтгүүлчтэй танилц. Миний байгаль орчны сэдвийг өвлөж авч байгаа сэтгүүлч шүү” гэж билээ.
Тэгэхэд хэвлэлийн салбарын акулууд “Өө, Цэвээнхэрлэн гэж ийм жаахан хүүхэд байсан юм уу” гэхэд нь нэг талаар эмээж, нөгөө талаар тэдэнд тоогдсондоо онгирч, бардамнаж байлаа. Сая шагналаа авахаар тайзан дээр гарахад Ерөнхийлөгч миний энгэрийн тэмдгийг зүүх гэтэл пиджак цоорохгүй нэлээд удсан.
Тэр хооронд эрхлэгчтэй холбоотой олон дурсамж нүдний өмнө жирэлзээд, яг үг хэлэх гэтэл нулимсаа барьж чадаагүй. Ямар сайндаа манайхан намайг “Орон даяар сад тавьчих юм аа” гэж шоглоод байгаа (Бал эрхлэгчийн тухай ярих үед түүний нүдэнд дахиад л нулимс цийлэгнээд ирэв).
“Өнөөдөр” сониныхоо 20 жилийн ойгоор энэ шагналыг авсандаа маш их баяртай байгаа. Ц.Балдоржийн школ гэж ямар агуу зүйл байсныг сая ёслолын үеэр олон хүн хэлж байна. Монголын сэтгүүл зүйн аль ч салбарт очоод ажилласан, хамгийн үнэлгээ өндөртэй, нэр хүндтэй сэтгүүлчид “Өнөөдөр”-өөс угшилтай байдаг нь үнэхээр бахархмаар.
-“Балдоржийн цэрэг явлаа” гэдэг бахархал таны дотор үргэлж байдаг байх. Бал эрхлэгчийг сэтгүүлчдээ яаж хөглөх вэ, ямар үед урам өгөх вэ, хэдийд нь ташуурын амт үзүүлэх вэ гэдгээ маш сайн мэддэг мэдрэмжтэй хүн байсныг хүмүүс дурсдаг. Уран бүтээлч хүмүүсийг удирдаж буй хүнд ийм чанар гарцаагүй байх ёстой биз?
-Бал эрхлэгч сайн сэтгүүлчээс гадна сайн менежер, мундаг удирдагч байсан. Манай сэтгүүлчид сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс л дээ. Хааяа биеэ тоогоод ирвэл ташуурын амт үзүүлж, хандыг нь дарах хэрэгтэй байдаг. Гэхдээ л ташуураас илүү бурам шиг үгээр урам өгч байвал сэтгүүлчид түүгээр хөглөгдөж, гараас нь ч сайн бүтээл төрдөг болов уу.
Ер нь хүнийг хэр сайн сэтгүүлч болохыг харцаар нь таньж болдог гэж Бал эрхлэгч, Батбаатар эрхлэгч хоёр хэлдэг байсан. Нээрээ л өглөөний хурал дээр хэлсэн мэдээнээс нь, бичсэн ганц нийтлэлээс нь тухайн хүн хэн бэ гэдэг нь мэдрэгдээд байдаг юм.
-Нууц биш бол та шагналын мөнгөө юунд зарцуулах вэ?
-Байшингаа л засна даа.
-Сэтгүүлчид өөртөө хаа хамаагүй зүйлийн төлөө хүртэл үүрэг, хариуцлага үүрээд явж л байдаг хэнхэг хүмүүс. Эцсийн эцэст ажил болгон хоолоо олж идэх гэсэн хүний хэрэгцээн дээр тулгуурладаг ч сэтгүүлчийн ажил бусдаас арай өөр гэчихвэл өөрсдийгөө дөвийлгөсөн болох болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Дөвийлгөсөн болохгүй байх. Ийм муухай, хууль бус зүйлийг бичихгүй л бол болохгүй гэсэн чин сэтгэл дээр бидний ажил тогтдог. Гэхдээ сэтгүүлчдийн нэр хүндийг унагааж байгаа зарим тохиолдол байна л даа. Ний нуугүй хэлэхэд, таван цаас авсан бол хэнийг ч араас нь “хутгалахад” бэлэн, захиалгат сэтгүүл зүй манайд байгаа.
Гэвч сэтгүүлч хүн хэн нэгний тухай бичих боллоо гэхэд тэр нь үнэхээр нийгэмд илчлэх шаардлагатай бузар булхай зүйл үү, эсвэл зориуд түүнийг хэлмэгдүүлэх гэсэн бусдын явуулга уу гэдгийг дэнсэлж үзэх хэрэгтэй юм.
Ямар ч хүний цаана ар гэр, ажил, амьдрал байдгийг мартаж болохгүй. Таван цаас нь хэчнээн хэрэгтэй байлаа ч хүн чанар, сэтгүүлчийн мөн чанараа гээх юм бол буг чөтгөрөөс өөрцгүй болно шүү дээ. Тиймээс сайн сэтгүүлч болохоор зорьж яваа залууст “Та нар юуны түрүүнд сайн хүн болох хэрэгтэй” гэж захидаг.
-Хууль бус ангийн томоохон сүлжээг илрүүлэх сурвалжилганд таныг авч явлаа гэж бодъё. Гэмт хэрэгтнүүд таны нүдэн дээр буга, хандгай, баавгай алахаар завдвал та “Би сэтгүүлч байна” гээд гарч ирэх үү, эсвэл чимээгүй нуугдаж бүх зүйлийг харчихаад, дараа нь хууль бус анчдыг илчлэх үү?
-Миний хувьд зүгээр нуугдаад байж чадахгүй. Үнэхээр миний нүдэн дээр тийм аллага үйлдэх гэвэл би киноны гол баатар шиг гүйж гарч ирээд хамгийн түрүүнд буудуулах байх (инээв). Олныг шуугиулсан хадаас сурвалжилга хийхийн тулд тэр олон амьтдыг устгаж буй үйл явдлыг алсаас тандаж байгаад, бүгдийг нь баримтжуулан, илчлэх нь надад сонин биш.
Яах вэ, олон улсын сэтгүүл зүйн түүхэнд янз бүрийн зүйл байдаг л даа. Баримт материал олж авахын тулд зарим сэтгүүлч улайрдаг. Гадаадын сэтгүүлчдийн янз бүрийн түүхийг ч сонсож л байсан.
Авлигын сүлжээг илрүүлэхийн тулд нэг сэтгүүлч тухайн гэр бүлтэй анд нөхрийн харилцаа үүсгэн, илгэлийг нь олж авангуутаа эргээд хууль хяналтынханд барьж өгсөн жишээ ч байдаг юм билээ. Миний хувь хүний араншин угаасаа тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг байгууллагад хэдэн жил ажиллаж, хоолыг нь идчихээд гарангуутаа дарга, цэргийнх нь булхайг сонин дээрээ дэлгэсэн явдал Монголд ч болж байсан.
Тэр сэтгүүлчид би “Чи наад байгууллагаасаа хэдэн жил хоол хороочихоод яаж ингэж чадаж байна аа” гэхэд урдаас “Яах вэ дээ, угаасаа хууль бус үйлдэл байсан нь үнэн юм чинь” гэж билээ. Тэгэхэд надад хэлэх үг олдоогүй. Нэг бодлын тэр сэтгүүлчийн зөв юм шиг боловч би бол хэзээ ч тэгж чадахгүй.
-Эмэгтэй хүн сэтгүүлч байх амаргүй гэдэг ч өнөөдөр Монголын сэтгүүлчдийн 70 шахам хувь нь бүсгүйчүүд байгаа. Тэр тусмаа байгаль орчны сэтгүүлч хөдөө их явдаг болохоор ар гэрийн амьдрал нь орхигддог. Золиос шаарддаг энэ салбараас гарахсан гэж бодож байв уу?
-Эмэгтэй ч гэлтгүй, ер нь сэтгүүлч хүнтэй бүү гэрлэ гэж зарим хүн зөвлөдөг юм билээ (инээв). Бидний ажил үнэхээр л цаг наргүй байдаг. Байгаль орчны сэдвээр бичдэг над мэт нь хөдөө хөхөрч, гандаж явах үе бишгүй. Зундаа бол бүр гэрийн бараа харахгүй шинжтэй. Зун болгон байгаль орчны сэдвээр нэг бүлэг баримтат кино хийдэг болоод арваад жилийн нүүр үзэж байна.
Тэр хооронд хань минь ар гэрийн бүх асуудлыг зохицуулдаг. Одоо хүртэл хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах ажлыг миний хань л нуруундаа үүрч явна. Ажил оройтож тардаг болохоор хариад, ханийнхаа хийсэн хоолыг иднэ. Идэхдээ бас дуугүй идчихгүй, тийм ийм байна гэж голж шилнэ ээ (инээв). Гэхдээ сүүлийн үед ар гэр, хүүхдүүддээ аль болохоор ахиухан цаг зав гаргахыг хичээж байгаа.
Миний хань шиг ийм тэвчээртэй хүмүүс манай сэтгүүлчдийн ар талыг дааж явдаг учраас бид ажлаа сэтгэл тайван хийж чаддаг юм. Тиймээс нэгнээ ойлгоод, энэ том давааг хамтдаа туулж байгаа ханьдаа баярлаж, бахархаж явдгаа хэлье.
-Р.Эмүжин эгч таны тухай “Цэн тогоруу шиг Цэвээнээ” гээд маш гоё хөрөг бичсэнийг олж уншсан байлгүй.
-Манай Эмүжин ч мундаг л даа. “Эмүжингээс л ийм үг гарна даа” гэж омогшиж, уйлж уншлаа. Сүүлийн хэд хоногт би ер нь их “усан нүдлээд” байна. Миний зурган дээр хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, утсаар баяр хүргэж байгаа олны талархлын үгс өөрийн эрхгүй сэтгэл хөдөлгөөд байх юм (инээв).
-Цэн тогоруу шиг Цэвээнээ эгч өөрийгөө Төрийн ордон хавьцаа ч юм уу, эсвэл аль нэг яам, агентлагийн хэвлэлийн албанд ажиллаад, дулаахан, тухтай газарт гунхаад явж байгаагаар төсөөлж байв уу?
-Үгүй ш дээ. Үнэнийг хэлэхэд огт төсөөлөгдөхгүй байна. Өд сөдөө гялалзуулсан, хачин ганган амьтан хэт албаны зангаар цэмцэгнээд, тэгшхэн тэгшхэн алхаад байвал нөгөө байгаль орчны Цэвээнээ чинь биш болчихно.
-Тэгвэл гэртээ хүүхдүүдээ хараад, нөхрийгөө ажлаас ирэхэд халуун хоол, цайтай угтдаг халамжит сайн гэргийн үүргийг та хэр сайн гүйцэтгэж чадах бол?
-Наадах чинь ч надад зохихгүй ээ. Миний амьдралын хэв маяг угийн тийм биш. Хүүхэд төрүүлчихээд гэртээ хэдэн сар суухдаа үгээ бардаг хүн шүү дээ. Илжиг модон хударгандаа гэдэг шиг цаг наргүй ажлаа үгүйлээд, хөдөөгүүр тэнэж явмаар санагдаад болдоггүй юм. Миний хообий уул хадаар явж, ан амьтан, өвс ургамал харж баясах. Мэдээж хөдөөгүүр явж байхад үр хүүхэд, хань ижлээ саналгүй л яах вэ (инээв).
Цэвээнээ эгч аанай л тас тас хөхөрсөөр уулзалтын өрөөнөөс гарлаа. Бүсгүй хүнийхээ хувьд тэр өөрийн гэсэн өнгө донжтой, гал цогтой нэгэн. Буриад зоны халуун цус судсаар нь гүйж явааг хаана ч “илчилж” орхидог зүйлийн нэг нь магадгүй энэ байх шүү. Бас “Буриад хүн ардын дуугаа ингэж дуулдаг юм” гэх шиг тэр цаанаа л донжтой, баавартай дуулж, жил жилийн намар Тэрэлжид биднийгээ хөгжөөдөг.
Харин сэтгүүлчийнх нь хувиар түүнийг сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин “Манай Цэвээнээ байгалийн эд эс бүхний төлөө өвчилж, шаналж, бас шархалж чаддаг... Түүгээр хайрлуулж үзээгүй зурам, тарвага, тагтаа, болжморхон ч үлдээгүй байх. Хөдөө явах томилолт бүрийг төвөгшөөлгүй угтаж, жаалхан үрсээ орхиод судалгаа, сурвалжилга хийхээр жолоо сунгах бүрт нь аян замын холоос алжаах шиг санагддагсан...” хэмээн тодорхойлжээ.