Уртын дуучин Ц.Түвшинжаргалын хүү, дуучин Т.Энхбаттай ярилцлаа. Хөгжим бүжгийн коллеж, ОХУ-ын Санкт-Петербургийн Римский-Корсаковын нэрэмжит консерватори төгсөж, өдгөө аспирантурт сурахын зэрэгцээ Мариинский театрын залуучуудын багт ороод байгаа түүнийг өсөж яваа уран бүтээлч хэмээн тодорхойлж болно.
Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг үг аав, хүү хоёрын аль алинд нь зохих юм билээ. Барилдаж явсан замналаа урлагийн амьдралаар сольсон нь тэдний ижилсэл бол аавынхаа гараагүй тайз, хүрээгүй улсыг мөрөөдөж буй нь хүүгийн хэтийн хүсэл, тэмүүлэл. Энгийн яриатай, нөхөрсөг элгэмсүү зантай энэ залуу удахгүй буюу есдүгээр сарын 6-нд ОХУ руу буцаж, Мариинский театрт ажиллаж эхлэх юм.
-Хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр мэргэжлийн болон ангийн багшдаа цэцэг бариад очжээ. Зургийг нь фэйсбүүкээс харлаа. Ямар замнал туулж уран бүтээлч болсон тухай нь яриагаа эхлэх үү?
-2004 онд Хөгжим бүжгийн коллежид элсэж, А.Бүтэд багшийнхаа удирдлагад таван жил хичээллэж төгсөөд, Санкт-Петербург хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид таван жил сурчихаад, нэг жил өнжөөд эргээд аспирантурт орсон. Хоёр дахь жилдээ аспирантурт сурч байгаа. Энэ жил одтой байж гурван уралдааны гран при, нэг уралдааны түрүү шагнал хүртсэнээр, Мариинскийгаас намайг сонсож, шалгаж үзье гэсэн санал ирсэн. Шалгуулж тэнцсэн болохоор энэ намраас Мариинский театрын залуучуудын багт ажиллах юм. Өмнө нь багш маань уралдаанд оролцохыг зөвшөөрдөггүй байсан юм л даа.
Мариинскийгийн залуучуудын багт тэнцсэн тухай мэдээллийг олон сонин, сайт ташаа мэдээлж, намайг урилгаар гоцлооч болсон гэж бичсэн нь таагүй санагдсан. Залуучуудын багт орох, Мариинскийгийн гоцлооч болно гэдэг хоёр өөр ойлголт. Би ийм дэгс ярианд дургүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Харин танай сонинынхон тухайн үед үнэн зөвөөр нь тодруулга авч нийтэлсэнд баяртай байна.
-Магадгүй ташаа мэдээлэл бусдад буруугаар ойлгогдож, өөрийг тань онгироо гэсэн ойлголт ч төрүүлж мэдэх юм.
-Тийм ээ. Буруу, худлаа юм л нийтлэхгүй байхад болно. Одоо гэхдээ их сонин болчихсон юм байна. Юм хийж бүтээсэн хүмүүс нь даруу зан гаргаж, дуугүй явж байхад, огт юу ч хийгээгүй хүмүүс олны танил болж, хоосон ярьж байгаа харагддаг. Бүх л салбарт ийм зүйл ажиглагддаг. Тухайлбал манай сайхан дуучдын нэг Амраа (Гавьяат жүжигчин Э.Амартүвшин) огт өөр байгаа биз дээ. Дэлхийд танигдаад, сайхан яваа хэрнээ даруухан хэвээрээ. Би ч гэсэн тийм л байхыг хүсдэг. Гэхдээ өөрөө нээлттэй яриатай болохоор өөр харагдах нь ойлгомжтой.
-Нэгэнт уралдаанд оролцоод эхэлчихсэн болохоор дараа дараагийнхыг нь төлөвлөчихсөн биз дээ.
-32 хүртэл уралдах нас шүү дээ. Одоо 30 настай. Уралдаан бол аз, од шалгасан зүйл. Эсвэл зураг, төөрөг ч юм уу. Гэхдээ би тэгтлээ уралдааны амжилтыг чухалчлахгүй, дуучин хүний хувьд хэдий хугацаагаар яаж дуулах боломжтойг харъя гэсэн зорилготойгоор, багштайгаа ярилцаад ажиллаж байгаа. Дүрээ үзэгчдэд хүргэж, мэдрэмжээ сэтгэлээс сэтгэлд буулгаж дуулахыг л хүсэж байна.
-Бүрэн хэмжээний ямар ямар дуурьт дуулсан бэ?
-П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Ж.Бизегийн “Кармен”, Римский Корсаковын “Царьская Невеста” , С.Рахманиновын “Алеко” дуурийн гол дүрд дуулсан.
-Аль театрын тайзан дээр дуулав?
-Гурван дууриа консерваторийн театрт, бусдыг нь Эрмитаж, задгай театрт дуулсан.
-Саяхан Италид очиж дуулсан уу. Тэнд дуучин С.Аяана монголчуудаа урьж дуулуулж байсан удаатай.
-Нутагтаа ирэхээсээ өмнө Италид очиж дуулсан. Уралдааны мэдээлэл гарсны дараа С.Аяана надтай холбогдож, сонсож үзэх хүсэлтэйгээ хэлсэн. Би бичлэгээ явуулж, дараа нь намайг урьсан. Дуулуулах хүсэлтэй байгаа дуурийнх нь партыг аваад нэг сар бэлдээд очсон. Орос дэг сургууль Италиас ялгаатай. Өгсөх уруудах хүнд элементтэй, нарийн чимхлүүр нугалаатай байдгаараа оросоос ялгаатай. Италид задгай театр, сүм болон театрт дуулсан.
-Мэдээж тэнд дуулахад арга барилын хувьд ялгаа гарсан байх даа.
-Итали, Орос гэсэн хоёр сургалтын арга барил дэлхийд өрсөлддөг гэж ярьдаг. Орос нь өргөн, хүнд, том хэмжээний дуулалттай. Итали нь нарийн чамин техниктэй. Дуугаралт нь жангинасан өнгөтэй хэрнээ маш сайн, зөв байрлалтай.
Бид бол орос школтой. Монголын алтан үеийн уран бүтээлчид энэ дэг сургуулийг мөн хөрсөндөө буулгаж, тухайн хүний төрөлх хоолойг эвдэхгүйгээр зөв тавилт хийдэг болсон учраас бараг монгол опера гэж онцолж болно шүү.
-Монголд сургууль төгсчихөөд ОХУ-д очиж шалгуулахад багш нар ур чадварыг нь хэрхэн үнэлдэг вэ?
-“Чи хаана төгссөн бэ”, “Монголдоо сургууль төгсчихөөд дахиад сурах юм уу. Шууд ажиллахгүй юм уу” гэж асуудаг. Гэхдээ орчин, нөхцөл нь огт өөр болохоор ОХУ-д сурах хэрэгтэй. Бид энд сайн сурсан ч гэсэн хөгжим сонсох орчин, нөхцөл тийм ч элбэг биш. Бидний гол дутагдал нь хэлний бэрхшээл л байдаг юм. Манайхаас очсон дуучид бэлтгэл ангид явалгүй шууд нэгдүгээр дамжаанаасаа сурч эхэлдэг.
-Та ч бас орос хэл мэддэг байсан уу?
-Папа, маматайгаа л явсан. РЦНК-д гурван сарын хэлний сургалтад суух ёстой байсан ч ОХУ руу явах замын зардал, төлбөрөө олохын тулд би Солонгост очиж ажилласан. Ээж минь тэнд ажилладаг байсан юм. ОХУ-д очсоныхоо дараа хэлний шалгалт өгсөн чинь “Очень, очень...” гээд эхлэхээр нь “Очень хорошо” гэх нь гэж бодтол “Очень плохо” гэдэг юм даа. Тэгээд хэлний ур чадвараар тэнцэхгүй тул бэлтгэл ангиасаа сур гэсэн. Орчинд нь очсон болохоор хэл аяндаа сурчихдаг юм билээ. Дөрвөн сарын дараа овоо юм ярьдаг болчихоод, амралтаараа Монголд ирэхдээ нэг л их оросоор ярьсан хүн явлаа.
-Яагаад барилддаг байсан залуу гэнэт дуучин болохоор шийдсэн бэ?
-2006 онд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд байсан үедээ дуучин болсон.
-Жүдо барилдаж байсан гэсэн байх аа?
-Тийм ээ. Гурван удаа өсвөр үеийн улсын аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах хүүхдийн наадамд оролцож явлаа. Сайн бөх болно гэж шийдээд БНСУ-ын Юнины их сургуульд сурахаар явсан. Эхний жил хувийн зардлаар сураад дараа жилээс нь тэтгэлэгт оруулах тухай багштайгаа ярьсан байсан ч бүтээгүй. Тэр үед би шигшээ багийн гишүүн болчихсон байсан юм. Ээж, аавынхаа хамаг мөнгөөр нэг жил сурчихаад байтал үргэлжлээд тэтгэлэг бүтэхгүй болсон учраас буцахаар шийдсэн. Аав минь ч “Буцаад хүрээд ир, СУИС-даа сур” гэсэн. Би явахаасаа өмнө бас М.Найдалмаа багшийн удирдлагад СУИС-д сурч байсан юм. Гэхдээ буцаж ирсний дараа ирэх жилээс нэгдүгээр курсдээ сур гэсэн хариу өгсөн учраас ХБК-д орох болсон. М.Найдалмаа багш ч гэсэн намайг хугацаа алдах хэрэггүй гээд А.Бүтэд багш руу явуулсан юм.
-Аав хүү хоёрын замнал адилхан юм аа?
-Аав маань барилддаг байснаа шууд ҮДБЭЧ-д орж спортоо орхисон. Харин би хоёуланг нь хослуулна гэж боддог байсан ч, чадаагүй. Боломжгүй юм билээ. Спортын хүн болохоор урлагийн сургуульд ороод эхэндээ эв хавгүй л байсан. Аяндаа дасаад өөр болсон доо. ХБК-ийн нэрийг сайн, муугаар аль алинаар нь гаргасан байх даа. Уг нь аавынхаа нэрийг сэвтээхгүй зөв явахсан гэж их хичээдэг ч заримдаа сахилгагүйтчихдэг байжээ.
-Одоо бол аав нь хүүдээ санаа зовохоо больсон байх даа?
-ОХУ-д очиж сураад гуравдугаар дамжаанд орсноос хойш аав минь юм хэлэхээ больсон. “Ард түмэн чамайг таньж эхэлж байгаа. Бас чи хаана ч очсон монголоо тээж яваа. Шагнал, урамшуулал, нэр хүнд олддог л юм. Гагцхүү түүнийг дааж явах чухал шүү” гэж л захьдаг.
-Уртын дуу дуулдаг уу?
- Бага байхаас л чихэнд хоногшсон болохоор найранд гурван дуутай. Дуулдаггүй хүний хажууд бол дуулчихна аа.
... Өвөг дээдсийнхээ хүрээгүй газар очиж, аавынхаа дуулж дуурсгаагүй тайзан дээр гарч, ээжийнхээ хараагүй нийгэм, хүн хоорондын харилцааг давуулаад харж, мэдрэх юм сан гэж хүсдэг. Би гэдэг хүн хэн ч биш ээ. Өөрийгөө гэж дөвийлгөхгүй бусдын төлөө амьдарна. Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй явахыг зорино...
-ОУХМ, жүдоч Д.Төмөрхүлэг та хоёр ах дүүсийн хүүхдүүд гэсэн. Өмнө нь ярилцаж байхад “Өөрөө барилдахаа больсон ч дүүгээ сайн барилдаж байгааг харах сайхан байна” гэж байсан шүү дээ.
-Аавын төрсөн дүү Улсын харцага Даваадорж гэж хүн байлаа. Тэр хүний хүү. Бид үеэл. Борхүүгийн дүү нь ч бас барилдаж байгаа. Өмнө нь бид хоёр өсвөрийн тэмцээнд хамт оролцож, би 38, Борхүү 29 кг-ийн жинд барилддаг байлаа.
-Тамирчин болон дуучин хоёр хүний мэдрэмж хэр их ялгаатай вэ?
-Бараг л адилхан. Оноо авч чадаагүй байж байгаад авах, хожиж яваад ялагдах тэр нэг торгон мөч нь дуучин хүний хоолой гарахгүй үе, эсвэл гарч байснаа суух үетэй адилхан. Бэлтгэл, формоо барьж, тэнцвэртэй байх ёстой болохоор ижилхэн. Өөрийгөө хажуугаас нь харж, өрсөлдөгчийнхөө юм уу, өөр хүний нүдээр хардаг байх нь ч бас адилхан.
-Риогийн олимп өндөрлөөд удаагүй байна. Монголчууд тамирчдаасаа ихийг хүсэж байсан учраас олон нийтийн сүлжээгээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж, тэднийг шүүмжилж л байна. Ийм зүйл хараад дүүгээ өмөөрмөөр санагддаг уу?
-Өмөөрөх багадна. Өр эмтрэх юм. Дөрвөн жилийн хөдөлмөр шүү дээ. Тамирчдын хангамж нэг үеэ бодоход сайжирсан ч гэсэн холбоод нь заримдаа буруу ажиллаад байна уу даа. Сүүлдээ тамирчдаа бизнес, улс төртэй хутгалдуулж, сонгуулийн шоу ч хийж байна. Хийморь нь өөдөө эрчүүд, бүсгүйчүүд тэр дэвжээн дээр гарч, хоолой нь цээл дуучид ариун тайзан дээр гарч байгаа болохоор урлаг, спорт, улс төрөөс ангид байх ёстой. Соёлын асуудал хариуцсан яам, тамгын газар нь зөв чиглүүлж ажиллавал амжилт гаргаж чадна. Монголчууд төрөлхийн өгөгдөл сайтай, бядтай хүмүүс шүү дээ.
-Энэ зун нутагтаа ирээд хаана очиж амарсан бэ?
-Ирээд зорьж очсон газар маань Отгонтэнгэр хайрхан. Багаасаа Отгонтэнгэрийн дууг дуулаад байснаас биш өөрөө нүдээр хараагүй. Уралдаанд түрүүлсэн шагналын мөнгөөрөө шатахуун аваад энэ зун заавал очно гэж бодсон хүслээ биелүүлсэн. Бадархундаганаасаа рашаан уучихаад л асгаруулдаг юм билээ. Би ч сэтгэлийн хөдөлгөөнтэй, амархан уйлж, уурлаж, янз янзын хурдан ааш гаргадаг хүн.
Бас Энергийн төв рүү очиж, Хүсэл хайрханд залбирсан. Би энэ хайрхныг шүтэж, залбирч явдаг. Үнэхээр хүсэл ч биелүүлдэг юм. ОХУ-д сурч байгаад ирснийхээ дараа энд нэг жил их хэцүү байсан. Филармонид ажилд орох гэж очоод долоон хоног өглөө бүр очиж, хүлээдэг байсан ч аваагүй. Тэгээд л аспирантурт сурахаар шийдэж, сургууль руу захидал бичиж урилгаа авсан. Тухайн үед Филармонид орж чадаагүйдээ нэг хүнд их гомдож байсан ч одоо бодоход азтай тохиол байжээ. Тэр үед Филармонийн дуучин болсон бол аспирантурт явахгүй, энэ жилийн амжилтыг гаргахгүй, Мариинскийд шалгуулахгүй байсан шүү дээ.
-Уран бүтээлч хүний амьдрал дээсэн дөрөөн дээр явдаг юм шиг ээ. Заримдаа баян, хааяа ядуу. Тэгсэн хэрнээ алдар хүнд гэнэт ирж, бас гэнэт хов живэнд хутгалддаг.
-Орост сурдаг, аав нь алдартай дуучин болохоор намайг баян гэж бодох нэг нь бий. Гэхдээ үгүй л дээ. Хоол, унааны мөнгөгүй болохоор алхаад явах ч үе байна. Аав минь тэтгэвэрт гарчихсан. Нэг үе аав, ээжээсээ авч байсан бол одоо ажлаа хийгээд тэднийгээ баярлуулна аа. Би залуу хүн болохоор өмсөх, идэх, аялах цаг их бий. Бага байхад минь өмсөх, идэхээр дутаагаагүй аав, ээжийгээ л газар үзүүлж, сайхныг мэдрүүлж, баярлуулмаар байна. Дүү маань бас ХБК төгсөж дуучин болсон. Нийтийн дууны салбар илүү ойр болов уу гэж дүүдээ зөвлөж байгаа.
-Монголчууд дуунд дуртай, дуучиддаа хайртай болохоор алзахгүй биз дээ.
-Ааваас өвлөсөн зүйл ч байгаа. Бас миний ээжийн ээж Бөмбөгөр ногоон театрын анхны дуучдын нэг. Бидэнд муу дуулах эрх байхгүй.
-Хүний нутагт удаан байхаар олон зүйлийг өөрөөр харж тунгаадаг байх. Өөртэйгээ ярилцах боломж ч их олддог болов уу?
-Би чинь нэг үе би, би гэж явсан хүн шүү дээ. Яг үнэндээ эцэг эхийн тусыг мэдэхгүй би модноос ургаж, хаднаас төрж, тэнгэрээс бууж ирсэн биш дээ. Аав, ээж өвөг дээдэстээ баярлаж явах ёстой. Өөртэйгээ ярилцаж, чи юуны төлөө зорьж, яах гэж яваа билээ гээд л бодно. Бага байхдаа ээж солонгосоос мөнгө явуулбал бушуухан үрчихээд, авч өгсөн гар утсыг нь хаячихаад юман чинээ боддоггүй байлаа. Дараа нь Солонгост очиж зуны амралтаараа ажиллаж үзээд хатуу, хөтүүг мэдэж хувцсаа гамнаж, авсан утсаа хайрлаж, мөнгөний үнэ цэнийг ойлгосон. Бэлэн юм аваад л суугаад байвал юу ч ойлгохгүй юм билээ. Өөрөө мэдэрч байж л ингэж боддог болсон.
-Тэгвэл ярилцлагынхаа төгсгөлд ирээдүйтэй залуу дуучны мөрөөдлийг асууж болох уу?
-Хүн болгон мөрөөдлөө тод томруунаар хардаг байх аа. Миний мөрөөдөл сонирхолтой. Өвөг дээдсийнхээ хүрээгүй газар очиж, аавынхаа дуулж дуурсгаагүй тайзан дээр гарч, ээжийнхээ хараагүй нийгэм, хүн хоорондын харилцааг давуулаад харж, мэдрэх юм сан гэж хүсдэг. Би гэдэг хүн хэн ч биш ээ. Өөрийгөө гэж дөвийлгөхгүй бусдын төлөө амьдарна. Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй явахыг зорино. Жаахан ч гэсэн амжилтаараа өөрийгөө баярлуулж, сэтгэлээрээ баян амьдардаг болохоор юу ч байхгүй гэж гундахгүй, юмтай боллоо гэж өөрчлөгдөхгүй хүн хэвээрээ хорвоог туулах мөрөөдөлтэй дөө.