Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Х.Буянтүмэнтэй ярилцлаа. Тэрбээр хадгаламж зээлийн хоршоод дампуурсан, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал асан В.С.Паушок Монгол Улсыг олон улсын арбитрын шүүхэд өгч нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох гэх зэргээр авлига, албан тушаал, эдийн засгийн, хүн амины гээд ноцтой, ээдрээтэй олон хэргийг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байсан юм.
-Таны мөрдөн байцаагч хэмээх мэргэжлийг сонгох болсон тухай сонирхож ярилцлагаа эхэлье?
-Би Чойрт 10 жилийн сургууль төгссөн. Найз С.Мөнхтүвшингийн минь ээж Эрдэнэзул эгч өмгөөлөгчөөр ажилладаг байв. Би тэднийд очихдоо өмгөөлөгчийн эрүүгийн хэрэг уншаад түүвэрлэж бичсэн тэмдэглэлүүдийг их сонирхож уншдаг байсан маань хуульч мэргэжлийг сонгох, мөрдөн байцаагч болоход нөлөөлсөн юм.
1992 онд дунд сургуулиа төгсөхөд МУИС-ийн хуулийн ангийн ганцхан хуваарь ирсэн боловч дунд сургууль төгсөгчдөөс авахгүй, ажилчдаас элсүүлнэ гэсэн учир арга мухардсан юм.
Гэтэл Цагдаагийн дээд сургуулийн гурван хуваарь ирсэн. Гурав, дөрвөн найзтайгаа шалгалтад орж, тэнцээд хуульч гэдэг мэргэжил, мөрдөн байцаагчийн ажлыг сонгон, сурагч формоо, цагдаа формоор сольсон доо.
-Анх орон нутагт томилогдон ажлын гараагаа эхэлж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-1990 оны эхэн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих үе таарч, улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдрал хүнд байлаа. Энэ үед хувийн амьдрал ахуйгаа хөөгөөд цагдаагийн алба хаагчид албанаасаа олноороо гарч, боловсон хүчний дутагдалд орж, тухайн үеийн удирдлагууд Цагдаагийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны сонсогчдыг шууд албан тушаалд дадлагаар томилж, хүний нөөцийн нөхөн хангалт хийж байсан юм.
Энэ томилгоогоор би 1995 оны тавдугаар сарын 19-нд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст ангийн хоёр нөхрийн хамт томилогдон очив. Сургууль төгсөхөөс нэг жилийн өмнө ажил дээр гарч цалинтай залгасан нь эхнэр хүүхэдтэй надад маш чухал байсан даа. Ийнхүү Говьсүмбэрийн Цагдаагийн хэлтэст дадлагын мөрдөн байцаагчаас, тасгийн дарга хүртлээ 11 жил ажиллажээ.
-Та мөрдөн байцаагчаас эхлэн хариуцлагатай удирдах албыг хашиж байгаа хүн. Албаны онцлог болоод бахархал нь юу вэ?
-Мөрдөн байцаагч бол алдсан, хохирсон, эрх нь зөрчигдсөн хүмүүстэй нүүр тулж, тэдний хувь заяатай холбоотой шийдвэр гаргадаг учир хувь хүнээс мэргэжлийн ур чадвар, мэдлэг, сэтгэл, зүтгэл, тэвчээр шаардсан ажил.
Өнгөрсөн үйл явдлыг тодорхой цаг хугацааны дараа сэргээн босгож, тухайн цаг үед болсон нөхцөл байдлыг бий болгох нь амаргүй. Аливаа хэрэгт ганц л үнэн бий. Тэр үнэнийг тогтоохын тулд мөрдөн байцаагч ажилладаг.
Үнэнийг тогтоосноор хүний гэм буруутай, эсэхийг баталж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ. Ийм л онцлогтой учраас хамгийн нарийн, хариуцлагатай, бас алдах эрхгүй алба гэж би боддог.
-Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх, Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх гээд чухал алба, хэлтсүүдэд үүрэг гүйцэтгэж байсан нь ажлын арвин туршлага хуримтлуулахад хүргэсэн биз?
-Мөрдөн байцаах албаны анхан шатны нэгжид ажиллаж байхад хүн амь, хулгай, танхай, дээрэм, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин гээд төрөл бүрийн хэрэг шалгана. Тиймээс анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагч тодорхой дадлага, туршлага хуримтлуулах бололцоотой.
Харин төвийн мэргэшсэн, дагнасан хэлтсүүдэд тодорхой чиглэлээр илүү мэргэшсэн байх шаардлага бий болдог. Би орон нутагт 11 жил ажиллахдаа хүн амь, хулгай, хүчин гээд бүх л төрлийн хэргийг шалгаж байсан, тиймдээ ч төвд ирээд ажиллахад надад түүртэх зүйл байгаагүй.
2006 онд Мөрдөн байцаах газарт шилжин ирж Эдийн засгийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажилласан. Тэр үед хадгаламж зээлийн олон хоршоо шил шилээ даран дампууран, иргэдэд олон тэрбумын хохирол учирсан хэрэг гарч, ЦЕГ-ын даргын тушаалаар 50 мөрдөн байцаагчтай ажлын хэсэг гарахад би багтаж хоёр жил орчим ажилласан.
Энэ хэргээс олон зүйл сурсан, орон нутгийн практикт тэр болгон хийгддэггүй олон ажиллагаануудад оролцож, тэр хэрээр ур чадвар дээшилсэн гэж боддог. Эдийн засаг, авлига, албан тушаалын хэргүүдийг шалгаж гологдохооргүй туршлагажсан.
Мөн байгаль орчны хэлтсийг удирдсанаар байгаль, уул, ус, ургамал, амьтнаа танин мэдэж, тэдгээрийн талаар, бидний мэдэхгүй олон зүйлийн тухай мэдлэгтэй болсон. Ер нь мөрдөн байцаагчид шалгасан хэрэг бүр нь мэдлэг, ур чадварыг бэлэглэж, өөрийг нь өсгөж төлөвшүүлж байдаг юм шүү дээ.
-Орон нутгаас ажлын гараагаа эхэлсэн мөрдөн байцаагчид тэндээс маш ихийг сурсан гэж ярьдаг. Та ч тэдний нэг. Энэ цагт залуус хотод үлдэхийг илүүд үзээд байх шиг?
-Аливаа байгууллага, ажилд анхан шатны нэгжээс нь эхлээд ажиллах нь ач холбогдолтой, зөв байдаг юм байна гэж би боддог. Мөрдөн байцаах албанд дадлагын мөрдөн байцаагчаас эхлээд хэлтсийн дарга хүртэл 24 жил тасралтгүй ажиллаж байна. Би энэ албанаас нэг ч өдөр хөндийрч үзээгүй.
Мөрдөн байцаагчид хэрэг болгон шинэ байдаг гэдэг. Учир нь, болж өнгөрсөн үйл явдал бүхэн адилгүй. Тэр хэрээр мөрдөн байцаагч ихийг мэдэж, сурч тэр нь туршлага, ур чадвар болж байдаг.
Тийм учраас, залуу алба хаагчдыг бодлогоор сум орон нутаг, анхан шатанд бие даалган ажиллуулж байх нь тухайн хүний мэдлэг, чадварт болоод албаны хүний нөөцөд их зөв юм болов уу гэж ойлгож явдаг.
-Хэрэг үйлдсэн этгээд, мөрдөн байцаагч хоёрын харилцааны талаар асууя. Мэдээж хүн бүртэй сайхан харилцаж болохгүй, муухай харилцаж бүр болохгүй. Мөрдөн байцаагч, гэмт этгээдтэй хэрхэн харилцвал зөв бол?
-Мөрдөн байцаах ажилд амжилт олох нэг үндэс нь харилцаа юм. Мөрдөн байцаагч хэргийн оролцогчийн хувийн онцлогт тохируулан харилцаж, түүндээ үндэслэн сэтгэл зүйн харилцааг тодорхойлдог. Энэ нь хэрэг илрүүлэх нууц ажиллагаа, бусад нотлох баримт цуглуулах ажиллагаатай эн зэрэгцэхүйц чухал.
Бүгдтэй нь эелдэг харилцана гэж юу байх вэ. Ялангуяа, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хатуу хандахад буруудахгүй. Зарим хүний сэтгэлийн угт хүрч, хэлье гэсэн зүйлийг нь дуустал сонсож сурах хэрэгтэй.
Ер нь мөрдөн байцаагч хүний яриаг таслахгүй дуустал нь тэвчээртэй сонсвол хамгийн чухал, өөрт хэрэгтэй зүйлийнхээ сэжүүрийг олох нь ч бий. Тус болж чадахгүй ч гомдол, бухимдлыг сонсож сурах нь хүний зовлонгоос хуваалцахтай дүйнэ.
-Мөрдөн байцаагчийн ажлын баяр жаргал болоод хэцүү бэрх нь юу вэ?
-Цуглуулж баталсан баримтдаа үндэслээд дотоод итгэлээрээ шийдвэр гаргаж буй мөрдөн байцаагч сэтгэл зүйн сайхан мэдрэмж авч байдаг. Бодит үнэнийг тогтоож, бүх нотлох баримтыг цуглуулан, хуульд нийцсэн зөв шийдвэр гаргачихлаа гэдэг нь мөрдөн байцаагчид урам зориг өгдөг.
Нэлээд ажиллагаа, ачаалалтай, цаг хугацаа шаардсан хэргээ шийдэж дуусаад прокурорт хүлээлгэж өгчихөөд ажил руугаа алхах сайхаан. Ер нь үнэний төлөө тэмцэлд ялсан хүн ямар байдгийг мэдрэх нь мөрдөн байцаагчийн жаргал даа. Бэрхшээл бол олон бий.
Хамгийн хүндрэлтэй нь өөрөөс шалтгаалахгүй асуудлаас болж ажил мухардах хэцүү байдаг. Наад захын жишээ хэлэхэд, Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж төсөвт тусгаж байгаагүй.
Мөрдөн байцаах ажиллагаа мөнгөгүй явагдаж байна гэсэн үг. Мөнгөгүйгээр ажил явуулна гэж юу байх вэ. Энэ мөнгийг хэн гаргаж байна гэвэл гэм буруу нь тогтоогдоогүй гэмт хэрэгт холбогдсон этгээд эсвэл хохирсон хүмүүсээс гаргаж байгаа.
Мөнгөгүй ажлаас чанартай бүтээгдэхүүн гарахгүй шүү дээ. Энэ зардлыг цагдаагийн байгууллагын төсөвт суулгачих юм сан гээд бид 2-3 жилийн өмнөөс олон ажил хийж байна. Эхнээсээ үр дүнд хүрч байгаа.
-70 жилийн хугацаанд мөрдөн байцаах алба өсөж дэвжин, өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Таны хувьд энэ албанд ийм л юм шаардлагатай байна, ингэчихвэл хөгжиж, дэвших юм хэмээн харж, бодож явдаг зүйл бий байх.
-Нэгдүгээрт, мөрдөн байцаагчийн хараат бус байдлыг хангах, ачааллыг тэнцвэржүүлэх. Хоёрдугаарт, мөрдөх ажлаа бие даан хийх эрх зүйн орчин, техник технологиор бүрэн хангагдсан байх шаардлагатай.
Ажлын ачаалал хэт өндөр байгаа учир мөрдөн байцаагч сурч боловсрох нь хаягдаад байна. Ирээдүйд мөрдөн байцаагч, мөрдөн байцаах ажил хоёр хэнд ч гологдохгүй хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж байгаа.
-Таныг мөрдөн байцаагчийн ажилд чиглүүлж, дөртэй болгосон багшийнхаа талаар дурсахгүй юу?
-1995 онд Говьсүмбэрт очиход хошууч Ж.Баянсан даргатай мөрдөн байцаах тасгийн хамт олон угтан авч, мөрдөн байцаагч болгон хүмүүжүүлсэн. Тус тасгийн ахмад Б.Чулуунбаатар гуай намайг гардан авч, зааж сургаж байлаа.
Өдий зэрэгтэй явахад минь Говьсүмбэрийн Цагдаагийн хамт олон, мөрдөн байцаах тасгийнхны нөлөө их бий. Тэнд л би мөрдөн байцаагч гэдэг ажлын дөртэй болсон доо.
-Цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчдын баяр, бахархалт зүйл нь цол нэмэх. Таны хувьд ямар цолоо аваад хамгийн их догдолж байв. Цагдаагийн хурандаа цолыг хугацаанаас өмнө хүртсэн шүү дээ.
-Ер нь бол цэрэг, цагдаагийн алба хаагчийн хамгийн том бахархал, шагнал бол цол нэмэх байдаг. Би офицерын бүрэлдэхүүнд орж дэслэгч цол авч байснаа хэзээ ч мартдаггүй. Офицер боллоо, ажилтай, цалинтай боллоо гээд баярлаж байсан.
Цол шагнуулна гэдэг бол одон медалиас ч илүүтэйг цэргийн хүн л ойлгодог байх. Миний хийсэн ажлыг үнэлж цагдаагийн хурандаа цолыг хугацаанаас өмнө өгсөн. Баярлахын сацуу энэ албандаа ажлын өртэй гэж санаж явдаг болсон.
-Мөрдөн байцаах ажил бол хүмүүс хоорондын харилцаа. Тэгэхээр тэнд сэтгэл бий гэсэн үг. Өрөвдөнө, хайрлана бас харамсана. Гэхдээ хуулийн өмнө “хөөрхий” байхгүй.
-Янз бүрийн л зүйл тохиолдоно. Эдийн засгийн хэрэг шалгаж байхад хийж бүтээх гэж яваад тухайн үеийн санхүүгийн тогтолцоо, эрх зүйн байдлаас болж буруутан болж буй залуус байдаг байлаа. Хууль тийм учраас яалтай ч билээ. Гэвч буруутгагдсан тэр хүн өөрөө гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгээ ухамсарлаагүй, гэмт үйлдэл гэдгийг ч ойлгоогүй явсан учир харуусал, гомдолтой үлдсэн байх.
Тухайлбал, Хадгаламж зээлийн хоршоо ажиллуулдаг, маш их зүйл хийж бүтээсэн залуу байсан. Гэтэл хоршоо дампуурахад нийгэмд сөрөг мэдээлэл тарж, бүгд дампуурсан гэж итгэсэн иргэд үйл ажиллагаа нь хэвийн явж байсан зарим хоршооноос гэнэт мөнгөө татсаны улмаас бэлэн мөнгөний хомсдолд орж дампуурахад хүрсэн байдаг.
Түүнээсээ болж бухимдаж, сэтгэл зүйн хямралаа даалгүй ноцтой гэмт хэрэг хийсэн тохиолдол бий. Би тэр залууд их харамссан. Хэрэв нийгэмд тийм нөхцөл байдал үүсээгүй бол тэр хоршоо дампуурахгүй байсан болов уу гэж бодогддог. Тэр залуу одоо яригдаад байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 10 гаруй жилийн өмнө сэдээд, ажил болгох гээд явж байсан юм даг.
-Тэгвэл сонин тохиолдлоор илрүүлсэн, хэргээ хүлээдэггүй этгээдийн хэргийг хүлээлгэсэн ч юм уу, тохиолдол яривал?
-Олон л хэрэг шалгасан. Энгийн нэг хэрэг санаанд орж байна. Говьсүмбэрт хулгайн хэрэгт байнга шалгагддаг боловч хэзээ ч хэргээ хүлээдэггүй, нотлох баримтаар тогтоосон ч улайдаггүй нэг өвгөн байв. Энэ 1997 онд гарсан хэрэг.
74 настай тэр өвгөн айлын дөрвөн үхэр хулгайлсан хэрэгт холбогдон шалгуулж байв. Өвгөнийг цагдан хорьсон ч хэргээ хүлээхгүй хэвтээд байдаг. Тэрбээр бас их худлаа ярина. Нэг удаа түүнтэй ярилцаж байгаад хулгайлсан үхрийнх нь насыг томруулаад хэлчихсэн юм.
“Таны хулгайлсан нөгөө гуна...” гээд ярьтал “Тэр чинь гуна биш бяруу байсан” гэж хэлээд хэргээ хүлээчихэж байж билээ. Тэгээд “Хулгайлсан үхрээ яасан бэ” гэтэл “Морь муу, нүд муу алдсан” гэдэг байгаа. Ингэж хэргээ хүлээдэггүй хашир эр нэг удаа алдаж билээ.
-Танай ангиас хурандаа цол хүртсэн 24 хүн байна гэж сонссон. Ангийнхныхаа тухай яриач.
-Бид 1992 онд Цагдаагийн дээд сургуульд орсон. 1995 онд бүгд дадлагын алба хаагчаар томилогдож нэг жил ажиллаад, улсын шалгалтаа өгч төгссөн 96 оныхон бүгд нэг анги юм. Үе, үеийн төгсөгчдөөс хамгийн эвтэй, зангидсан гар шиг байсан нь манайхан.
Бид төгсөлтийн 10, 20 жилийн ойгоо хийж ажил амьдралд минь үнэтэй хувь нэмэр оруулсан сургуульдаа бүтээн байгуулалтын ажил хийж өгсөн. Албандаа идэвх зүтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан 10 гаруй нөхөр минь мөнх бусыг үзүүлсэн ч цагдаа, шүүхийн шийдвэр, тагнуулын байгууллагын 24 хурандаа, гурван комиссар төрсөн шилдэг төгсөлт гэж боддог.
Энэ зэрэгтэй явахын эхлэл, суурийг тавьж өгсөн багш нарынхаа сэтгэл, зүтгэлийг дурдалгүй өнгөрч боломгүй.
-Мөрдөн байцаагчийн ажил цаг наргүй, 08.00 цагт ажилдаа ирээд, 17.30-д харьдаггүйг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Ийм хүний амжилттай ажиллахын үндэс нь найдвартай ар гэр байдаг болов уу?
-Мөрдөн байцаагч цаг наргүй ажилтай байдаг. Сууж танилцах, судлах, үзэж харах, нягтлах, дүгнэлт хийх гээд ажил мундахгүй. Энэ ажлаа санаа амар хийж, амжилт гаргахад ар тал чухал нөлөөтэй. Ар гэртээ асуудалтай байцаагч шалгаж байгаа хэрэг дээрээ зөв шийдвэр гаргах нь эргэлзээтэй.
Учир нь сэтгэл санаа тайван, зөвхөн тэр хэрэгтээ анхаарч байж л зөв дүгнэлт гаргана. Манай гэр бүлийн хүн бид хоёр 10 жилийн сургуулийн нэг ангид суралцаж төгссөн. Багш, эрхзүйч мэргэжилтэй, халамжтай эмэгтэй бий. Гурван охинтой.
Тэднийхээ хайранд өдий зэрэгтэй явна. Шөнө оройтоод ирэхэд халуун уур амьсгал угтаж, хүлээж байдаг. Ханиараа бахархаж явдаг даа. Охид их сонин шүү дээ. Ширүүн харилцаж болохгүй, ааш, арга эвийг нь олох, асуудлыг нь сонсох гээд л. Зөөлөн харьцаж, зөв шийдвэр гаргахад охид минь нөлөөлдөг.