Эгэл хэрнээ эрхэм нэгнийг “Нямын зочин” хоймортоо урилаа. Өнгөрсөн лхагва гаригт бид 14.00 цагт уулзахаар болзсон юм. Цаг наргүй ажилладаг ч тэрбээр надад багахан зав гаргасан нь тэр. Гэвч болзсон цагтаа намайг өрөөндөө оруулсангүй. “Түр хүлээж бай. Өвчтөн үзэж байна” гээд 45 минут хүлээлгэчихэв.
Сэтгүүлчдийн ажил хэцүү тул дараагийн арга хэмжээ хүлээгдээд, би ч тэвдэж гарлаа. Б.Сэлэнгэ эмчийг хүлээх зууртаа юу эсийг бодох вэ. Хийсэн, бүтээсэн зүйлгүй хэрнээ хэвлэлээр “од” болох гэсэн зарим нэгнээс өнөөдрийн зочин маань тэс өөр юм билээ. Лав л өвчтөнөө хойш тавьж, бидэнд хөл “алдаагүй”. Эмчийн тангараг өргөх нэг хэрэг.
Харин тангарагтаа үнэнч, эзэмшсэн мэргэжилдээ хэрхэн эзэн болж ажиллахыг Б.Сэлэнгэ эмч бусдадаа үлгэрлэж явна. Зүрхний бичлэг, оношилгоог түүн шиг сайн тайлж, уншдаг хүн Монголд цөөхөн гэлцдэг. Тэрбээр нэрт эмч Я.Дондог гуайн гарын шавь нарынх нь нэг. “Би бол их хүний бага шавь” гэх эгэл эмч Б.Сэлэнгийн ярилцлагыг хүргэе. Тэрбээр Улсын II төв эмнэлэгт тасралтгүй 38 дахь жилдээ, өдгөө Зүрх, судасны тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.
-Эдгэшгүй өвчин туссан ч хүмүүс эмчид л итгэдэг. Өөрийг нь анагааж чадна гэсэн бат итгэл, сэтгэл өвөрлөдөг учраас тэр байх. Ийм сайхан мэргэжил сонгож, эзэмших болсон үеэ эргэн дурсана уу?
-Би эхээс хоёулаа. Миний дүү ч насаараа сувилагч хийсэн. Бид энэ эмнэлэгт хамт ажиллаж байна. Эхэндээ сэтгүүлч, багш болдог юм уу гэж сонирхож байсан. Хүүхэд байхад бүгд л тэгдэг шүү дээ. Би АУИС-д мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр ном үзэж байлаа. Өөрөөр хэлбэл, эмч болсноосоо хойш зүрхний чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн.
Эмч болоход ээж минь их нөлөөлсөн. Бие муутай, эмнэлгээр их явдаг байсан учраас эмчийн мэргэжлийг хамгийн сайхан гэж бодсон юм билээ. Ээжийн минь бодол ч буруутаагүй. Учир нь би эмч болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. “Өөр ажил хийсэн бол ингэж зовж, ядрахгүй байсан даа” гэж бодох үе бишгүй. Гэхдээ хэсэгхэн хугацааны дараа л мэргэжлээрээ бахархана шүү дээ.
Миний ээж их нямбай хүн байсан. АУИС-ийн I, II дамжааны оюутан байхад л хүмүүс хүүхдээ үзүүлье, тариа хийгээд өг гэж гуйна. Тэгэхэд үргэлж дэргэд минь байж, зөвлөдөг байсан. “Гараа сайн угаа. Цагийн тариаг таслав. Яг цагт нь тарина шүү” гээд л миний өмнөөс зөвшөөрөл өгчихнө. 06.00 цагт тариа хийх бол ээж 05.00-д босчихоод баахан юм ярина шүү дээ.
Хүүхэд тарих бол “Зүүг нь хугалав, болгоомжтой байгаарай” л гэнэ. Тариа яаж хийхийг анагаахын сургуульд заалгасан бол юуг анхаарах ёстойг ээж минь надад сургасан. Амьдралын бас нэг сургууль ээж минь байсан юм. Энэ бүхнээс би “Хүнд “За” гэж хэлэх албагүй, амлах хэрэггүй. Хэрэв хэлсэн л бол заавал хэрэгжүүлж, биелүүлэх хэрэгтэй” гэдгийг амьдралынхаа чиг шугам болгосон.
-Та хүний гавьяат эмч, эрдэмтэн Я.Дондог гуайн шавь. Тэр үеийн мундгууд залуу халаадаа юу гэж захидаг байсан бол?
-Би сургууль төгссөнөөсөө хойш яг нэг жилийн дараа зүрхний эмч болсон юм байна. Өдий зэрэгтэй яваа маань Я.Дондог багшийн л ач. Тэрбээр хамгийн энгийн, хамгийн даруу, хамгийн агуу эмч нарын нэг байсан. Хүмүүсийг сургахдаа ч гаргууд. 1978 онд Улсын II төв эмнэлэг (одоогийнхоор)-т анх ажилд ороод хэдэн эмч нараа хэзээ ажилдаа ирж, харьдаг болохыг нь огт мэддэггүй байлаа шүү дээ.
Учир нь өглөө ирэхэд, орой харихад ч тэд эмнэлэг дээр л байна. Тэглээ гээд “Ядарч байна, илүү ажиллалаа. Цалин бага” гэж гомдоллож байгаагүй. Бүгд л хүний төлөө сэтгэлээ зориулна. Оюутны ширээнээс ажлын гараагаа эхлүүлж буй мань мэтийг “бойжуулж”, жинхэнэ мэргэжилтэн болгосон доо. Багш маань загнаж, хэмлээд байхгүй хэрнээ ажлынхаа горим, арга барилаар л хүмүүжүүлдэг байсан.
-Ээж нь таныг хүн шиг хүн болгож хүмүүжүүлсэн гэлээ. Харин та хүүхдэдээ тийм хэмжээнд байж чадсан уу?
-Би нэг хүүхэдтэй. Ээж, аав маань дүү бид хоёрт анхаарал тавьж байсан шиг би тэгж чадахгүй л байна. Завгүй ч юм уу, эсвэл боломжгүйдээ биш. Зүгээр л тэдэн шигээ санаачилгатай байж чадаагүй хэрэг. Биднийг сайн сайхан явуулахын төлөө их ч мэрийсэн дээ, тэр хоёр минь. Манайх жирийн л айл байсан. Ээж Пеонерын ордны номын сангийн эрхлэгч хэрнээ цэвэрлэгч шиг нь л ажиллана.
Хажуугаар нь дүү бид хоёрыг мартахгүй. Намайг төгөлдөр хуур, дүүг шанзны дугуйланд явуулдаг байлаа. Хөгжмийн мэдрэмжтэй, соёлтой, хүмүүжилтэй болоосой гэсэндээ тэр шүү дээ. Сургуульд байхад уран зохиолын хичээлээр дэлхийн сонгодогуудыг бүрэн эхээр нь уншуулна.
Дуурь хүртэл үзүүлдэг байсан шүү дээ. Бетховен, Бах, Чайковскийг мэдэхгүй бол ямар байх вэ. Эмчийн тухайд эдгээрийг мэдэх албагүй ч хувь хүнийг өсгөж, өндийлгөдөг зүйл бол урлаг, утга зохиол гэдгийг багаасаа л мэдэрсэн.
-Эмч хүн ийм байх ёстой гэсэн нэг “хайрцаг”-т баригдаад байдаг. Таны бодлоор эмч гэж яг хэн юм бэ?
-Өндөр хүчин чадалтай, үнэтэй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байлаа гээд эмч хүний сэтгэл, өвчтөнийг хайрлаж энэрэх халамжийг гүйцэхгүй. Цаг үеэ дагаад техник технологийн шинэчлэл, оношилгоо, шинжилгээний дэвшил хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ эмч нар яс, махнаасаа “ургасан” нандин чанараа хэзээ ч гээж болохгүй.
Тэр нь эмч хүн зөөлөн, энэрэнгүй, алагчлахгүй байх ёстой гэсэн мэдээжийн зарчим. Өвчтэй хүмүүс “Эмч намайг анхаараасай. Миний төлөө цаг гаргаасай” л гэж боддог. Зарим нь өөрийгөө өрөвдүүлэх гэж ч хичээнэ. Тиймээс эмчийн мэргэжил онцгой. Бүх хүч чадлаа дайчлан тухайн өвчтөний төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Эдгэшгүй өвчтэй, үхэж үрэгдэх нь ч бий.
Гэсэн ч өвчтөн “Эмч миний төлөө зүтгэсэн, хийх ёстой бүхнээ зориулсан” гээд сэтгэл амрах хүртэл хичээх л хэрэгтэй. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн бол ийм хүнлэг чанартай байх ёстой. Мах, цусанд нь шингээгүй, бий болгож чадахгүй бол эмч байх ч хэрэггүй гэж боддог. “Боломж байхад анхаарч, анзаарахгүй байсаар эцэст нь ийм болголоо” гэж хэлүүлэхгүй ажлаа хийе л дээ.
-Та цагаан нөмрөгөө тайлахаараа юу хийх дуртай вэ?
-II эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, амбулаторид эмч, лаборант гээд хийгээгүй ажил байгаагүй ээ. 2000 оноос Онош зүй, 2014 оноос Зүрх, судасны тас-
гийн эрхлэгчээр ажиллаж байна. Хүн л юм хойно чөлөөт цаг гаргана. Ном уншиж, кино үзэх сонирхолтой шүү дээ. Өдгөө номын хэвлэлт, цаас нь ч гоё болсон байна. 1999 онд Японд олон улсын номын үзэсгэлэнг сонирхож байлаа. Том, жижиг, зурагтай зураггүй, эвхэгддэг, дэлгэдэг гээд зураг хөрөг нь ч хачин гоё.
-Сүүлийн үед зарим эмчийн ёс бус харилцаа, алдаа гаргадаг зэрэг нь салбарынхны нэр хүндийг унагаад байх шиг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Нэгэнт л бид энэ замыг сонгосон. Хүн үхлээ гээд мэргэжлээ сольж болохгүй биз дээ. Хичээж, даван туулж байж л дэвшиж, дээшилнэ. Тэр тусмаа ёс зүйтэй, улам сайн ажиллах хэрэгтэй юм шиг ээ. Эмчийн ажил залуургүй завь шиг юм биш. Яаж ажиллах нь шат шатандаа шалгууртай.
Тиймдээ ч эмнэлэг бүрт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо ажиллаж байна. Тэд эмч нараа ямар нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлж, хянадаг гэсэн үг. Ажиглаад байхад эмч нар мэргэжлийн алдаа бага гаргадаг. Тэднийг өмгөөлж, зөвтгөж буй юм биш шүү. Цагтаа ирээгүй өвчтөнөөс болоод л эмч ёс зүйн алдаа гаргах жишээтэй.
Цайны цагаар орж ирчихээд “Өргөсөн тангарагтаа үнэнч бай” гэдэг үйлчлүүлэгч олон байдаг. Яаралтай өвчтөний тухай яриагүй шүү. Нөгөө талаар бусдыгаа гутаан, өөрийгөө дөвийлгөж нэрд гарах гэсэн хандлагатай хүн ч байна. Үйлчилгээнд соёл хэрэгтэй гэдгийг л хаа хаанаа ойлгож ухаарах хэрэгтэй.