Энэ амралтын өдрөөр та бүхэнд "Залуучуудын үнэн" сонингийн 1981 оны 03 дугаар сарын 08-ны дугаарт хэвлэгдэн гарч байсан Г.Түмэндэмбэрэл гуайн ярилцлагыг хүргэж байна.
Миний зорилт үзэгчдийн таашаал
Манай редакцын урилгаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл өнөөдөр зочилж ирлээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр мартын наймны баярыг танд дэвшүүлье.
-Их баярлалаа та бүхэнд бас баяр хүргэе!
Ярилцлагаа уламжлалт асуултаар эхлэе! Та өөрийн бага насны дуртгалаас ярьж өгнө үү. Ер нь уншигчид нэр цуутай бүтээлчдийн бүтээлийг сайн мэддэг мөртлөө хувийн намтрыг нь тун бага мэддэг. Тэгээд ч их сонирхож байдаг шүү дээ?
-Би бол Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт төрж өссөн хүн. Намайг төрөхөөс өмнөхөн аав минь цэрэгт явсан байж. Халхын голын дайн дүрэлзэж, аав минь тэнд дарийн утаан дунд тулалдаж явсан тэр цагт би гэдэг хүн ар талд нь мэндэлжээ. Намайг 8 хүрж байхад эцэг минь эргэж ирсэн юм. Би нутагтаа бага сургууль төгслөө. Цааш нь дунд сургуульд суралцсан даа...
Та урлагт хэрхэн орж ирсэн бэ?
-Энэ тухай яривал бас л урт түүх болно. Багадаа би дуулж байсангүй. Харин найрын дуу чагнаад тэр ч байтугай ингэн тэмээний оройн буйлаан сонсоод уйлдаг уяхан сэтгэлтэй хүүхэд байсан. Энэ бол хар багаас үзсэн өнчин ядуугийн амьдралаас минь үлдсэн хурц мэдрэмж байсан биз. Харин дэлгэсэн дээлэн дээрээ "хөөрхөн" нугардаг бүжиг хийх дуртай байлаа. Урлагийн тухайд бол циркчин юм уу, бүжигчин болох мөрөөдөлтэй байснаа тод санадаг юм. Долдугаар ангид байтал аймгийн төв орж, урлагийн үзлэгт шалгуулах юм боллоо. Сумнаасаа нэлээн хэдүүл ачааны машинд суугаад Улаангом руу гарж өгөв. Тэнд нэг намхан бор хүн (Урлагийн хорооны орлогч дарга агсан нэрт зохиолч Л.Ванган), өөр нэг хүн (Театрын боловсон хүчний дарга агсан н.Лувсанцэнд гуай) хоёртой уулзлаа. Үзлэгт орлоо. Миний нугаралт тэр хүмүүст боломжийн санагдсан юм байлгүй. Бас ч дуулсан шиг санагддаг юм. Л.Ванган гуай:
-Энэ намар Улаанбаатар хот орж урлагийн сургуулийн циркийн ангид ороорой гэсэн юм.
Би бөөн баяр буцлаа.Гэтэл юм бүхэн санаснаар бүтдэггүй. Бүр арваннэгдүгээр сар хүрч байж хотод иртэл аль эрт сургууль эхэлчихсэн байв. Яая гэхэв. Амьдрах л хэрэгтэй. Ингээд 15-тайдаа Аж үйлдвэрийн комбинатын эсгий, эсгий гутлын фабрикт ажилчин болсон юм. Нэг сар дагалдан байгаад жинхэлсэн. Намайг жинхэнэ ажилчин болгох гэж хайрлан халамжилж, гаргасан гомдлыг минь засч өгдөг байсан ахмад ажилчин Ядмаа, Булган гуай нараа эдүгээ би хайрлан хүндэтгэж, эрхэмлэн дурсаж явдаг даа. Азаар нэгэн удаа аж ажилчны клубт нөгөөх том нүдтэй намхан бор хүнээ харж билээ. (тэр болтол би нэрийг нь мэддэггүй байсан) тэр хүн намайг андахгүй таниж,
-Дэмбээ хүү гэж дуудав. (Би нутгийнхаа дүү нарын өхөөрдөн дууддаг нэртэйгээ байсан юм) тэр хүнд хамаг түүхээ ярилаа. Л.Ванган гуай надад нэг зурвас өгч "Үүнийг цэргийн ансамбалын Цэрэндорж гэдэг хүнд аваачиж өг" гэв. Цэрэгдорж гауй шаариг тоглож байсан бөгөөд нэг жижигхэн биетэй бор залууг зааж "Тэр хүн дээр оч манай жагсаалын дарга" гэлээ. Жагсаалын дарга нэг өрөөнд оруулан, дуу дуулуулж үзээд,
-За миний дүү! чамд ямарч авъяас алга. Энд байгаа хүн бүр их ажилтай байдаг юм. Дахиж бусдын цагийг үрэх хэрэггүй. Үйлдвэртээ л сайн ажилла! гэж зөвлөв.Тэндээс би нулимсаа дуслуулсаар гарж ирлээ... Би арайл нуршаа яриад байна уу даа.
Зүгээр! Сонин байна цааш нь ярилдаа.
-Нөгөөдөр нь бас л Ванган гуайгаас зурвас авч Ардын дуу бүжгийн чуулга дээр очлоо. Эдүгээ урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж намайг шалгаж "Нахиугийн харгай", "Цомбон туурайтай хүрэн" гэдэг дуу дуулуулав. Тэгээд дагалдан дуулаачнаар авлаа. Циркчин юм уу, бүжигчин болж чадаагүй боловч дагалдан дуучин болсондоо хязгааргүй баярлаж билээ. Тэр жилдээ (1957 он) Москва хотноо болсон ДЗО-ны их наадамд оролцож "Сартай хүрэн", "Чамдаа хайртай" гэдэг 2 дуу дуулсан.
Таныг өдий зэрэгтээ болоход дэмжиж тусалсан олон багш нар бий биз?
-Байлгүй яахав. Би тэр сайн хүмүүсийнхээ тухай түрүүн ч ярьсан. Дунд нь орсон тэр цагаас эхлээд манай хамт олон миний багш байлаа. Би улсын гавьяат жүжигчин Цогзолмааг насан туршаа хайрлан хүндэтгэж, ачийг нь бодож явах ёстой хүн. Цогзолмаа гуай хөдөө нутгийн сонжуутайгаа ирсэн охин намайг дуулаачийн зэрэгт хүргэхсэн гэх гэж мэддэг чаддаг бүхнээ эхийн сэтгэлээр зориулсан юм. Тэр хүн, дуулах дуугаа эхлээд ойлгож ухаарах, ая намбыг нь тааруулах, хүнд хүргэхийн тулд байгаа бүхнийг ашиглах эрдэмд сургасан юм. Хар багынхаараа гэгээрч чадаагүй байсан оюуны минь нээж, урлагийн их ертөнцтэй залгуулсан тэр хүний ачийг би яахан мартах билээ. Намайг ардын жүжигчин цол хүртэхэд багш минь "Түмээ минь цэнхэр даалимбаар өнгөлсөн сэгсүүргэн дээлтэй, шилээр тавьсан гэзэг нь хуучин сонжуургаа гүйцэж ургаагүй байсан жаахан охиныг би санаж байна. Тэр бол чи байсан. Чиний ирээдүйд итгэж явсандаа би баярлаж байна" гээд нулим унагаахад нь би өөрийн эрхгүй даган уйлж билээ. Миний багш! Энэ үгийг би хамгийн бардам бахархлаар Цогзолмаа гуайдаа зориулна.
Та Ардын дуу бүжгийн чуулгад 25 жил дуулж байна энэ хугацаанд үзэгчдийн өмнө хичнээн удаа гарсан бол?
-Харамсалтай нь би тоо хэлж чадахгүй нь! Тоолж бүртгэж байсангүй. Тийм шаардлага ч байгаагүй байх. Харин зарим жилд 270-300 удаа ч дуулж байсан.
Таны урын санд өөрийн болгож үзэгчдэд хүргэсэн хэдэн дуу байна вэ?
-Зуугаад дуу бий! Үүний 60-аад хувь нь ардын дуу байгаа юм . Би ардын дуунд их дуртай. Даруу мөртлөө туйлийн сэцэн шүлэг, сэтгэл зүрхэнд нэвтрэн шингэх ая нь яв цав нэгдсэн байдаг юм. Би бол дуулах дуугаа эхлээд үгээр нь сэтгэдэг. Тэгээд ч тэр үзэгчдэд үгийг нь заавал хүргэх юмсан гэж боддог. Тэр ч байтугай зарим дууг аяыг нь хөгжимдөхөд үгийг нь тод яруухан хэлээд баймаар санагддаг шүү. Өөрийнхөө гэрийг бариачдээ Өрхний чинь оосрыг татъя даа гэсэн үг хайр сэтгэлийн үгийг хичнээн даруухнаар илэрхийлж байна вэ? гэтэл орчин үеийн зохиолын зарим дуунд "Хайртай шүү би, үнсээч дээ" гэх л шахсан үг элбэг байх юм. Яагаад ч юм ийм элэн далангүй үг надад таалагддаггүй юм.
Зохиолын дууны хувьд...
-Миний урын сан сүүлийн үед зохиолын дуугаар нэлээд өргөжиж байна. Үүндээ би урамтай явна. Д.Лувсаншарав, Д.Баттөмөр, Б.Явуухулан, Ж.Бадраа нарын зэрэг хөгжмийн зохиолчид яруу найрагчдын дуунууд над сайхан санагддаг. Тэдний дууг ч дуулах дуртай.
Та шинээр дуулах дуугаа хэдий хугацаанд бэлддэг вэ?
-Хугацааны хувьд бол янз бүр л байдаг. Хамгийн гол нь сайн бэлдэх. Муу бэлдэж, хүнд хүрэхгүй дуулсан дуу бол үйлдвэрт гарсан гологдол гэсэн үг. Үйлдвэрийн гологдлыг нөхөж засаад хэрэгцээнд гаргаж болдог бол урлагт гарсан гологдлыг хэнд хэрэглэдэггүй. Дуучны хөдөлмөр бол байнгын хөдөлмөр юм. Гэхдээ л зарим дуу олон жилийн хөдөлмөрөөр амилдаг. Би "Гандан уул"-ыг арваад жил бэлдэж байж дуулсан. Лувсаншаравын "Тунгалаг тамир гол" гэдэг дууг би арав гаруй жил бэлдэж байж тайзанд авч гарсан юм.
Үзэгчдийн тухай та юу гэж боддог вэ?
-Хамгийн шудрага шүүгчид тэдэнд таалагдаагүй бол өөртөө л гомдохоос өөр замгүй. Тэдний алга ташилт, ханаж баяссан царай, ховорхон гялалзах нулимснаас илүү эрхэм жаргал дуучин хүнд байдаггүй юм аа!
Хамт олныхоо тухайд бол?
-Энэ тухай үгээр илэрхийлэхэд хэцүү байна. УАДБЧ бол миний нэг гэр, баяр жаргал бүхний минь ундрага юм. Чуулгын минь уран бүтээлч бүхэн миний нөхөд, багш нар гэж боддог. УАДБЧ бол ардын дууны асар баялаг лаборатори юм. Ийм лабораторын ажилтан байна гэдэг бол ховор аз завшаан.
Таны хүүхдүүдээс чинь хэн нь дуучин болмоор санагддаг вэ?
-Би дөрвөн охинтой. Оюунгэрэл, Түмэнчамин 2 маань мэргэжлээ сонгочихлоо. Эгч нь түүх ч, дүү нь тайз чимэглэлийн мэргэжил эзэмшиж байна. Түмэн-Од маань сурагч энэ маань дуулдаг болж магадгүй. Хулан маань жаахан. Ямар хүн болох нь одоогоор тодроогүй байна.
Цаашдын зорилгынхоо талаар ярихгүй юу?
-Тийм тийм дуу шинээр дуулна гэж ярих хэцүү юм. Шинээр бэлдэж байгаа бүтээл байлгүй яахав. Гэхдээ одоо нэрлэнэ гэдэг хэтэрхий ойворгон явдал болно. Урынхаа санг баяжуулж, үзэгч түмнийхээ таашаалд тэнцэж явахсан гэдэг л миний зорилт байсаар байх болно.
Та "Залуучуудын үнэн" сонины уншигчдад юу хэлмээр байна?
-Танай уншигчид бол залуучууд юм. Тэдэнд амьдралд үргэлж тэсвэр тэвчээртэй, ул суурьтай хандаж, цаг ямагт оюун санаагаа гэгээрүүлж явахыг хүсэх байна.
Өөрийгөө хянаж байгаасай. Энэ бол хүний эрхэм дээд чанарын нэг юм шүү. Өнөөдөр эхчүүдийн баярын өдөр! Залуу бүсгүйчүүддээ би чин сэтгэлийн баяр хүргэж, эхийн сайхан намбатай, ухаалаг сэргэлэн, баяр жаргалтай аж төрөхийн ерөөл дэвшүүлье!
Залуу хүн бүр өөрийн болон бусдын авъяасыг хайрлан ариглаж явах хэрэгтэй. Авъяас бол нэгэнтээ унтраачихвал дахиж асдаггүй, туйлын ховор, эрхэм чухал нийгмийн баялаг юм шүү.
Танд баярлалаа... Уран бүтээлийн шинэ их амжилт хүсэн ерөөе.
-Их баярлалаа...
Ярилцлагыг П. Пүрэвсүрэн тэмдэглэв. 1981 он 03-р сарын 08-ны өдөр "Залуучуудын үнэн" сонин
Г.Түмэндэмбэрэл гуайн арав гаруй жил бэлдсний эцэст тайзан дээр авч гарсан "Тунгалаг тамир гол" дууг дуучин Б.Маралжингоо "Яг түүн шиг" шоуны үеэр ийн дуулсан билээ.
Харин Г.Түмэндэмбэрэл гуай өөрөө хэрхэн дуулсныг эндээс сонирхоно уу.