Б.Энхтүвшин БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшсэн. Тэрбээр эх орондоо ирснээс хойш “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, найруулагч Н.Наранбаатарын “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Skin” энтертайнментын “Зүрх зогсохгүй”, “Чононгоо” фильмийн “Ээж” зэрэг арваад уран сайхны киноны гол дүрд тогложээ.
Түүний талаар шар хэвлэлийнхэн хүссэнээрээ шуугиж байхад тэр ямар ч тайлбар хийлгүй, уран бүтээлдээ л анхаарлаа хандуулсаар буй аж. Тоглосон дүрүүдээс нь түүнийг хөгжилтэй, нээлттэй байх гэсэн бодол төрсөн ч, нүүр тулан уулзахад уяхан, олон таван үггүй, шулуухан зантай нь мэдрэгдсэн.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?
-Дунд сургуулийн хоёрдугаар ангиасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж эхэлсэн юм. Багаасаа сонирхсон мэргэжлээ л эзэмшсэн минь энэ. Аав, ээж ч сонирхол, сонголтыг минь дэмждэг байлаа. “Миний хүү юу хүсэж байна. Аав, ээж нь ямар ч тохиолдолд хүүгээ дэмжинэ” гэж урам өгдөг хүмүүс дээ.
-Нээрэн, багадаа Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн хэд хэдэн дууны клипэнд тоглосон байх аа.
-Хүүхэд насаа дэлгэцэд мөнхөлж үлдээнэ гэдэг тэр бүр олдохгүй боломж. Одоо хааяа зурагтаар гардаг л юм. Харахаар инээд хүрэхээс илүү хөөрхөн санагддаг шүү .
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлийнхнээ танилцуулна уу?
-Миний аав С.Балжаа бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэй. Ээжийг минь Т.Дима гэдэг. Багш, гэр бүл судлаач хүн. Би айлын дундах хүү. Нэг ахтай, охин дүүтэй.
-Хаана төрж, өссөн бэ?
-Би хотын унаган хүүхэд. III хороолол, 40 мянгатад өссөн дөө.
-Та бол БНСУ-д мэргэжил эзэмшсэн цөөн хэдэн жүжигчний нэг. Гадаадад сургууль төгссөн жүжигчин олон байдаг уу?
-Би 2007 онд БНСУ руу сургуульд явсан. Явахаасаа өмнө тэнд мэргэжил эзэмшсэн хэр олон хүн байдаг вэ, сургалтын чанар нь хэр вэ гээд өөрийнхөө хэмжээнд судалсан. Тухайн үед тэнд жүжигчин мэргэжлээр төгссөн, суралцаж буй оюутан байгаагүй.
Найруулагч, зураглаач зэрэг өөр мэргэжлээр сурдаг залуус харин байсан. Миний дараа тэнд жүжигчнээр сурсан, сурч буй хүүхэд олон болжээ.
-БНСУ-д урлагийн олон сургууль байдаг уу. Та аль сургуулийг нь төгссөн юм бэ?
-Эхний хоёр жил коллежид сурсан. Тэндээсээ Сөүлийн Кёнги их сургуулийн кино драмын ангид орж, төгссөн.
-Сургуулиа төгссөний дараа Солонгосын хэд хэдэн студи, агентлагтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан ч эх орондоо ирэх шийдвэр гаргасан гэсэн. Тэр тухайгаа ярихгүй юү?
-Тийм саналууд ирж, гэрээ байгуулж ч байсан. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосныхоо дараа Монголдоо үлдэх шийдвэр гаргасан юм.
-Эргээд тэр студи, продакшнуудтайгаа холбоо тогтоох, дахин хамтарч ажиллахгүй юм уу?
-Одоо ч тэндхийн студи, агентлагуудтай холбоотой ажилладаг шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л “Skin” энтертайнментын “Зүрх зогсохгүй” киногоо тэнд гаргасан. Ирэх сард “Чононгоо” фильмийн “Ээж” киног Солонгост гаргахаар явна. Ирэх аравдугаар сард Бусаны олон улсын кино наадамд оролцоно. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажлууд бий.
-Эх орондоо ирээд нэлээд хэдэн киноны гол дүр тоглочихлоо. Тэгвэл хэзээ таныг тайзан дээр харах бол?
-Нэгэнт л кино драмын анги төгссөн л юм хойно тайзны уран бүтээлд тоглохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ одоохондоо тийм боломж олдоогүй байна. УДЭТ-ын босгыг давахыг хүсэж, мөрөөдөж л байна.
-Тун удахгүй таны гол дүрд нь тоглосон “Сахиусан тэнгэр” кино үзэгчдэд хүрнэ. Адал явдалт, бас зодоон тулааны хэсэг ихтэй кино гэж сонссон. Орлон тоглогч ашигласан уу, бүгдэд нь та өөрөө зураг авахуулав уу?
-Уг киног Д.Бямбацогт ах найруулсан. Анх удаа адал явдалт, тулаант кинонд тоглож үзлээ. Өмнө нь тоглосон кинонуунаас эрс өөр байлаа. Өөрийгөө өөр өнцгөөс үзэгчдэд, кино сонирхогчдод харуулах боломж олдсонд их олзуурхаж байгаа. Киноны зарим хэсэгт орлон тоглогч ашигласан.
-Тоглосон аль дүрдээ хамгийн их дуртай вэ?
-Уран бүтээлч хүнд анхны бүтээл нь бусдаас илүү хоногшдог байх. Тийм ч болохоор “Хувьсал” продакшны бүтээсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинондоо их хайртай. Үүний дараа найруулагч Н.Наранбаатарын “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглосон. Их сонирхолтой шүү. Ихэр хүмүүсийн дүрд тоглох гэж бусдаас хоёр дахин их ажилласан.
Би дүрийнхээ хувцсыг өмсөж, нүүр хувиргалтаа хийлгэчихээд хоосон ханатай харьцаж тоглоно. Дараа нь нөгөө ихрийнх нь дүрд хувирчихаад түрүүн авахуулсныхаа эсрэг дахиад л тоглоно. Жүжигчид хоорондоо харилцаж жүжиглэхэд нэг нэгэндээ дэм болно, тоглолтонд нь хүч нэмдэг.
Гэтэл ганцаараа өөрөө өөртэйгөө ярьж тоглоход их эвгүй. Эхэндээ би будлиад л, хөгжилтэй байсан шүү. Хэмжээ алдахгүй, харилцан яриагаа зөрүүлэхгүй байх гээд их л чадвар шаарддаг юм билээ.
-Тэр кинонд тоглосныг тань хараад өөртэйгөө сайн ажилладаг жүжигчин байна гэж бодсон шүү. Ихрүүдийн харц, нүүрний хөдөлгөөн бүрийг өөрөөр гаргаж чадсан байсан.
-Оюутан байхад л багш нар маань “Тольтой сайн ажилла, нүүрнийхээ хувирлуудыг сайн ажигла, өөрийгөө хувиргаж сур” гэдэг байлаа. Найруулагчаас зохиолоо авсны дараа ихэр хүмүүсийн зан ямар ялгаатай байдаг вэ, би яавал хоёр өөр харагдаж чадах вэ гээд л нэлээд судалсан.
Маш том даалгавар авсан даа. Чадлынхаа хэрээр даалгавраа хийсэн нь тэр.
-Найруулагчдаас шинэ уран бүтээлийн санал хэр их ирдэг вэ?
-Нэг их ирдэггүй юм. Би аль болох өөр өөр дүрд тоглож өөрийгөө сорихыг хүсдэг. Гэтэл ихэнхдээ л хоорондоо төстэй дүрүүдийн санал ирдэг. Зохиолыг нь уншиж танилцаад, аль болох өөрийн хүчийг шавхаж тоглох дүрийг нь сонгодог.
-Чөлөөт уран бүтээлч байснаас аль нэг студи, продакшнд харьяалагдчихвал амар юм биш үү. Уран бүтээлийн санал ч илүү их ирэх байх. Энэ талаар бодож байв уу?
-Бодож үзсэн. Хамт олонтой байх сайхан шүү дээ. Гэхдээ надад одоохондоо тийм боломж гараагүй л байна. Заримдаа “Гадаадад биш, дотооддоо мэргэжил эзэмшсэн бол танилын хүрээ арай өргөн байх байж дээ. Тэгсэн бол өнөөдрийнхөөсөө олон уран бүтээлд тоглох байсан” гэж бодох үе ч бий.
-Тантай үе тэнгийн эрэгтэй жүжигчин
олон бий. Тэр л хүнтэй барьцаж өөртөө урам өгч ажилладаг, түүнийг хараад цагаан атаархал төрдөг уран бүтээлчээ нэрлээч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Хүнд зөв хор, шар байх ёстой. Тийм зүйл үгүй бол байрнаасаа урагшлахгүй шүү дээ. Цагаан атаархдаг үе тэнгийн жүжигчин биш, ах нар бий. Жишээ нь, би жүжигчин Д.Баттөмөр буюу “банш” Батаа ахыг нэрлэнэ. Хүнийг уйлуулахаас инээлгэх нь хэцүү шүү дээ. Батаа ах аль алийг нь чаддаг жүжигчин.
-Өөртөө чөлөөт цаг хэр их гаргадаг вэ. Тэр үедээ юу хийх дуртай вэ?
-Гаргалгүй яах вэ. Хөдөө явах дуртай. Найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх ч сайхан.
-Спорт сонирхдог уу. Ямар спортод дуртай вэ?
-Үзэх дуртай. Цана, сноубордоор гулгах дуртай. Өвөл Скай ресортоос салахгүй шүү дээ.
-Жүжигчид кино их үздэг шүү дээ. Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ. Та ямар киноны аль хэсэгт хамгийн их дуртай вэ?
-Би “Game of the Thrones” цувралд их дуртай. Хамгийн сүүлд энэ цувралын сүүлийн бүлгийг үзэж дуусгасан. Номыг нь ч унших дуртай. “Pearl Harbor” киноны жүжигчин Бен Аффлекийн тоглосон хэсгүүдэд дуртай. Онгоц нь сүйрч, үхлээс амь гарч буй хэсэг байдаг даа.
Арайхийж амьд гараад хайртай бүсгүй дээрээ эргэж ирэхэд тэр нь хамгийн сайн найзтай нь хамт байгааг хардаг хэсэгт дуртай. Яагаад ч юм тэр хэсгийг үзэхээр “Би энэ залуугийн оронд байсан бол яах вэ” гэж бодоод байдаг юм.
-Уран бүтээлчдийг бусдаас илүү нээлттэй гэж боддог. Гэтэл та их бүрэг хүн шиг санагдлаа.
-Дотнын найзууддаа л доторхоо уудалдаг хүн дээ. Хэр баргийн хүнд амьдралаа яриад явахгүй. Ер нь ч тэгээд дэлгэсэн ном шиг байх юу нь сайхан байх вэ дээ. Харин их уяхан хүн. Сайхан үг, дуу сонсоод, кино үзээд л самсаа шархираад, нулимс цийлэгнээд ирдэг юм.
-Та ямар зантай хүнд дургүй вэ?
-Их зантай, хямсгар хүмүүст дургүй. Харилцахад хүртэл түвэгтэй. Гаргасан жижигхэн амжилтдаа ташуурч, түүндээ эрддэг хүнд ч дургүй дээ.
-Хүмүүсээс магтаал, шүүмжлэл хэр сонсдог вэ. Хоосон магтаалаас үнэн шүүмжлэл үнэтэй гэдэг дээ.
-Зөндөө сонсдог шүү. Шүүмжлэлийг ч өөртөө тусгана. Муу санасандаа биш, миний төлөө гэсэндээ хэлж байгаа шүү дээ. Намайг хамгийн их шүүмжилдэг, алдааг үнэнээр нь хэлдэг нь ээж, аав минь.
-Та хэнээс хамгийн сайхан магтаал сонсож байв?
-Би Монголын хүүхдийн ордны багш Ж.Амарзаяагийн шавь шүү дээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосны дараа багш “Чи ч жүжигчин болох болоогүй байна даа” гэсэн юм. Гэтэл сүүлд “Ээж” кинонд тоглосны дараа “Миний хүү одоо л дөрөө олж байна” гэж магтсан. Их урам авсан шүү.
-Нээрэн, та “Ээж” кинонд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайн хүү болж тоглосон шүү дээ. Энэ кинонд ээждээ хэзээ ч хэлж боломгүй хатуу үг хэлээд уйлдаг хэсэг бий. Тэр хэсгийг зургийг авахуулахад их хэцүү байсан уу?
-Жүжигчин Б.Эрдэнэцэцэг эгч надад энэ кинонд тоглох санал тавьсан юм. Зохиолтойгоо танилцах гээд очтол дандаа гавьяат, ардын жүжигчид намайг угтсан. Тэр хүмүүсийн хажууд би хэн юм бэ. Тэдэнтэй нэг уран бүтээлд тоглоно гэдэг асар их аз, нэр төрийн хэрэг. Тийм ч болохоор зохиолоо уншилгүй шууд л зөвшөөрсөн.
Тэр хэсгийн зургийг нэлээд олон удаа авахуулсан. Хэн ч, хэзээ ч ээждээ хэлж боломгүй үгийг хэлдэг шүү дээ. Хэлэх гэхээр л ам эвлэхгүй, бас дүрдээ хэт ороод сэтгэл хөдлөлд автчих гээд хэцүү байсан.
-Нэг хэсэг таныг жүжигчин Б.Эрдэнэцэцэгийн хүү гэж шар хэвлэлээр цуурсан шүү дээ. Удалгүй тэр нь худлаа болж таарсан. Гэтэл та тэр хүнийг “Ээж” гэж дууддаг юм билээ. Ямар учиртай юм бэ?
-Нэг мэдэхэд л бид хоёрын хамт авахуулсан зураг цахим сүлжээгээр тарж, биднийг ээж, хүү гэсэн яриа гарчихсан байсан. Тэр нь Монголд буцаж ирж байх үетэй минь яг давхацсан. Эрка эгч надтай нас чацуу хүүтэй шүү дээ. Тийм болохоор л эндүүрэл гарсан байх.
Хүмүүс “Ямар адилхан юм бэ, хүүгээ Солонгост нууж байгаад авчирлаа” гэх зэргээр элдвээр л хэлсэн. Эрка эгч яг л миний ээж шиг. Одоо ч би “Ээж ээ” гэж дууддаг хэвээр.
-Уран бүтээлчид хүссэн хүсээгүй олны нүдэнд ил амьдарч, хэл амны бай болдог. Та ч шар хэвлэлд зөндөө л чичлүүлсэн. Энэ бүгдээс хол, нам гүм амьдрахыг хүсдэг л биз дээ?
-Эхэндээ ч хэцүү санагддаг байлаа. Бичсэн болгоныг уншаад л, шаналаад л. Сайтуудын мэдээний доорх уншигчдын сэтгэгдлийг уншиж хямраад л. Одоо ч дөжирчихөж. Дөжрөхөөс ч аргагүй болтол муу хэлдэг, гүтгэдэг, чичилдэг юм билээ.
-Өөрийгөө ямар нэг дуутай зүйрлэвэл?
-“Татар” хамтлагийн “Ганцаараа”.
-Та хэр мөрөөдөмтгий хүн бэ?
-Мөрөөднө шүү. Мөрөөдөл үгүй бол хүний амьдрал яасан уйтгартай байх бол.
-Тэгвэл яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Саяхан шинэ киноны санал хүлээж авсан. Зохиолтой нь танилцаж байна. Уг уран бүтээлдээ сайн тогломоор байна.
-Танд нэг өдөр өөр хэн нэгний биед орж амьдрах боломж олдвол хэнийхэд шургах вэ?
-Эсрэг хүйстнийхээ биед л орж үзнэ дээ. Эмэгтэй хүний өдөр тутмын амьдрал, бодол, мэдрэмж ямар байдгийг сонирхмоор байна.
-Тэгвэл азтай тохиолдлоор таны гарт далдын хар малгай ороод иржээ. Тэгвэл та хамгийн түрүүнд хаана очиж үзэх вэ?
-Цахимаар сэтгэгдэл бичдэг хүмүүс байдаг даа. Тэднийг очиж хармаар байна. Ямар хүмүүс бусдыг амныхаа зоргоор муу хэлдэг, сэтгэгдлээ бичиж байхдаа ямар царайтай сууж байдгийг нь харъя л даа.
-Та хэр олон найзтай вэ. Нөхөрлөл гэж юу вэ. Та сайн найз мөн үү?
-Сүүлийн үеийн залуус найз, танил гэдэг үгийн утгыг ялгахаа больчихсон юм уу даа гэж боддог юм. Таарсан болгоноо найз, анд гэж дуудаад л. Цаг хугацаанаас гадна сэтгэл зүрхний минь шалгуурыг давсан хүмүүс л миний найз байж чадна. Түүнээс эд хөрөнгө, эрх мэдэлтэй нэгэн биш.
Өдөр болгон хэлхэлдэж, хамт байснаараа сайн найз болчихгүй л дээ. Хэрэгтэй цагт, байх ёстой газартаа хамт байж, нэгэндээ дэм, түшиг болж чаддаг байх найз л хүнд хэрэгтэй. Би ч цөөхөн найздаа сайн анд нь байхыг хичээдэг.
-Найзуудаа гарынхаа хоолоор дайлах дуртай гэж сонссон.
-Хоол хийх дуртай. Нэлээд хэдэн жил ганцаараа амьдарсан болохоор хоол гайгүй хийчихдэг юм. Найзуудаа гэртээ урьж, хоол хийж өгөх дуртай.