“Та нар юу гэж ойлгож, бодох нь надад хамаагүй” гэж хэлэх мэт бардам, эрх чөлөөт байдал М.Батзоригийн бүтээлүүдээс үнэртдэг. Тэр өөрөө ч тийм л үзэлтэй хүн. Доторх луужин маань аль зүгт заана, би түүнийг л дагаж, бүтээлээ туурвидаг хэмээн ярьсан тэрбээр номонд хорхойтой. Зураач гэдгийг нь мэддэггүй нэгэн түүний урланд зочилбол зохиолч гэж эндүүрч магад.
Цонхны тавцан, ор, шүүгээ, сандал гээд ер нь хаа сайгүй л ном хөглөрнө. Харин тэр өөрийгөө “Жирийн л нэг уншигч” гэж тодотгосон юм. Монголын болоод дэлхийн орчин үеийн урлагийн хөгжил, чиг хандлага, судлал, шүүмжийн талаар арвин түүх өгүүлэх, олон сонирхолтой ном түүний архивт бий. Тэрбээр сайн уншигч, зураач, төдийгүй судлаач.
Дүрслэх урлагийн салбарт хамгийн их үгүйлэгддэг судлал, шүүмжийн чиглэлээр докторын зэрэг горилохоор МУИС-д сурч буй нь үүнийг гэрчилнэ. Авьяаслаг зураачийн дотоод ертөнцийн урлангаар аялцгаая.
-Та нэгэн ярилцлагадаа “Даяаршил урлагт олон эерэг нөлөө үзүүлсэн” гэжээ. Энэ нь таны уран бүтээлд хэрхэн нөлөөлөв?
-Даяаршлыг сөргөөр хардаг хүмүүс бий. Энэ үзэгдлийн нөлөөгөөр нийгэмд олон эерэг зүйл бий болчихсон учраас би үгүйсгэж, үзэн яддаггүй. Хамгийн ойрын жишээ дурдахад л хүмүүсийн өмсөж буй хувцас, идэж байгаа хоол хүнс, хэрэглэдэг зүйлс их өөрчлөгдсөн. Тухайлбал, 1980-аад оны үед НАСА-гийн хэрэглэж байсан бүх компьютерын хүчин чадал нь одоо бидний барьж буй, долоон iPhone утасны төв процессортой тэнцэх хэмжээнд байжээ.
Энэ бол гайхамшигтай дэвшил. Хэрэглээ хүнийг галзууруулдаг гэдэг. Тийм учраас хүмүүс ханаж цадахаа мэддэггүй. Олон боломж нээгдсэн, сайхан цаг үед амьдарч байгаагаа ухаарахгүй байна. 20 жилийн өмнө монголчуудад “Мэдээлэл яаж авах вэ” гэдэг том бэрхшээл тулгарч байлаа. Харин одоо үй олон мэдээлэл дундаас аль хэрэгтэйгээ сонгох асуудал байна.
Техник технологийн үсрэнгүй хөгжил, даяаршил урлагийн бүтээл хийгээд уран бүтээлчдэд ч маш хүчтэй нөлөөлсөн. Уран бүтээлчид хэн нэгний үзэл сурталд захирагдахаа больж, хүссэнээ хийх боломж бүрдсэн. Социализмын үеийн уран бүтээлчид хэн нэгнийг магтан дуулж, уриалсан шинжтэй, эсвэл тодорхой сэдвийн хүрээнд бүтээл туурвиж, урлагийг үзэл суртлын зэвсэг болгон ашигладаг байв. Тийм бүтээл хийснийх нь төлөө улсаас тэднийг цалинжуулдаг байсан.
Одоо энэ тогтолцоо үгүй болж, уран бүтээлчид дуртай сэдвээрээ, хүссэнээ бүтээх эрх чөлөөтэй болсон. Гэсэн ч хэн ч тэднийг харж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд бие даах шаардлагатай тулгарсан. Уран бүтээлчид эрх чөлөөтэй болж, урлаг зөв замаар хөгжих боломж бүрдсэн нь сайн талтай ч нийтлэлч Баабарын хэлсэнчлэн уран бүтээлчид тэжээгчээ алдсан.
-Магадгүй энэ нь уран бүтээлчид орших, эсэхийг шийдэх шалгуур болсон байх, тийм үү?
-Тэгж ойлгож болно. Хийж бүтээж байгаа хүмүүс нь л энэ салбарт тэсэж үлддэг. Зураач мэргэжилтэй хэрнээ тэс өөр ажил хийгээд, амьдралаа авч явж байгаа хүмүүс бишгүй л байна шүү дээ.
-СУИС-д багшилдаг гэж дуулсан. Дүрслэх урлагийн хичээл заадаг юм уу. Ингэхэд та зураачийн мэргэжил хаана эзэмшсэн бэ?
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2001 онд төгссөн. Одоо СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд урлагийн түүх болоод дүрслэх урлагийн чиглэлээр хичээл заадаг.
-Дүрслэх урлагийн салбар сонин жигтэй урсгал чиглэлүүдээр баяжиж байна. Сүүлийн үед манай уран бүтээлчид инстоляц, поп болон видео арт, перформанс зэрэг төрөлд хүч үзэх боллоо. Заримыг нь ойлгоход ч бэрх юм. Орчин үеийн урлагийн төрлөөр уран бүтээл туурвидаг хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Урлагийн бүтээлийг ойлгож, хүлээж авах хүмүүсийн хандлагыг хүчээр өөрчлөх аргагүй. Жамаараа төлөвшин, бүрэлддэг зүйл. Ажиглаад байхад манай уран бүтээлчид сүүлийн үед орчин үеийн урлагийн төрлүүдээр нэлээд эрчтэй уран бүтээл туурвиж байна. Гэвч түүнийг ойлгох хүн маш цөөхөн. Худалдан авч, уран бүтээлчдэд хөрөнгө оруулдаг нь бүр ч ховор.
Нэг үгээр бол, бүтээл үйлдвэрлэгдэж буй хурдыг гүйцэх хэмжээнд үзэгчид сонирхохгүй байна. Гэхдээ 1990-ээд оны үеэс маш их өөрчлөгдсөн. Бид өмнө нь инстоляц гэж юу байдгийг мэддэггүй шахам байсан шүү дээ. Орчин үеийн урлагийн “Ногоон морь” нийгэмлэгийн хэдэн уран бүтээлч янз бүрийн өвөрмөц, сонин зүйлс хийдэг байлаа. Зарим нь ойлгодог ч үгүй байхад нөгөө хэсэг нь тэднийг гаж гэж боддог байв. Одоо харин арай л өөр түвшинд хүлээж авч буй.
-Зарим уран бүтээлч өөрийнх нь бүтээлийг бусад хүн ойлгох, эсэхийг чухалчилдаггүй. Таны хувьд зургуудаа хэнд зориулан зурдаг вэ?
-Би ч гэсэн тийм бодолтой. Гэхдээ хэнд ч ойлгогдохгүй, хачин зүйл зурчихаад, түүндээ улайрах нь зохимжгүй юм шиг санагддаг. Миний дотоод сэтгэлд мэдрэмжийн луужин бий. Тэр хаашаа чиглэнэ, би түүнийг л дагах ёстой. Гэхдээ аливааг өргөн хэмжээнд сэтгэж, харах хэрэгтэй. Монголчуудад бүгдэд нь таалагдахын тулд хурдан морь, уул тал, байгаль зурж болно. Гэтэл надад тийм хүсэл байхгүй. С
үүлийн жилүүдэд Азийн орнуудад хүчтэй хөгжиж буй, Барууны болон Америкийн орчин үеийн урлаг надад илүү сонирхолтой санагдаж байна. Тийм учраас би энэ төрлийн уран бүтээлд анхаарлаа хандуулж байгаа. Масс буюу нийтэд таалагдах, эс таалагдах уран бүтээл туурвих гэсэн хоёр сонголт бидэнд бий. Нийтэд таалагдах гэж хичээж, хөөцөлдвөл хэцүү.
Тэдэнд таалагддаг, тэр хэрээр ашиг орлого олдог уран бүтээлч олон бий. Би тэдгээр уран бүтээлчийг үгүйсгэж байгаа юм биш. Тэд хүссэнээрээ л амьдарч буй. Би ч бас өөрийнхөө хүслээр зурдаг.
-Урлагийн бүхий л салбарт шүүмж дутагдаж буй тухай судлаачид үргэлж ярьдаг. Дүрслэх урлагт энэ зүйл хэрхэн хөгжиж байна вэ?
-Утга зохиол, дүрслэх урлагийн салбарт шүүмж үнэхээр дутагдаж байна. Хөгжлийн хувьд утга зохиолоос хоцронги байж ч мэднэ. Энэ нь бичлэгийн өндөр ур чадвар, мэдрэмж шаарддаг зүйл. Тааруухан бичсэн, нуршуу, “амтгүй” шүүмжийг хэн ч тоож уншихгүй. Шүүмж зохиолтой адил сонирхолтой байх ёстой. Тэгж байж хүмүүст хүрнэ.
Манайхны нэг дутагдалтай тал нь шүүмжийг хүлээн авч сураагүй. “Судлал шүүмж хөгжих ёстой” гэж ярьдаг атлаа хүлээж авч чаддаггүй. Энэ нь нэг талаас тухайн уран бүтээлчийн сэтгэлгээний төлөвшилтэй, нөгөөтэйгүүр судлал шүүмж шаардлага хангах хэмжээнд бичигдэхгүй байгаатай холбоотой юм болов уу.
-Таны уншсан хамгийн сайн шүүмж юу байв?
-МУБИС-ийн багш С.Энхбаярын 1990-ээд оны үед Баабарт зориулж бичсэн шүүмж их сайн болсон юм шиг санагддаг. Мөн Баабарын зохиолч Соргодогийн Жаргалсайханд зориулсан шүүмж бий. Өндөр түвшинд бичигдсэн ийм шүүмжид хүмүүс өс санаж, муугаар хүлээж авдаггүй. “Чи чадахгүй байна. Бүтээл чинь муу” гэж хэлэх, бүтээлийг нь задлан шинжлээд, ойлгомжтой өгүүлэх хоёр их ялгаатай.
Цэцэг тарихын тулд ургахад тохиромжтой орчин, нөхцөлийг нь бүрдүүлдэг шиг шүүмжийн салбарыг хөгжүүлэхэд таатай “хөрс” бий болохыг хүлээх хэрэгтэй.
-Бий болгох гэж хичээх хэрэггүй, зүгээр л цаг хугацаанд даатгаад орхи гэж үү?
-Тийм.
-Шүүмжлэгч хүн уран бүтээлч байх нь зохимжгүй, зөрчилддөг гэсэн ойлголт бий. Та үүнтэй санал нийлэх үү. Бусдын бүтээлийг үнэлж, шүүмжилдэг хүн өөрөө юу бүтээх нь бас их сонирхолтой байх даа.
-Би өөрийгөө сайн судлаач, шүүмжлэгч гэж боддоггүй болохоор зураач гэж дуудуулах дуртай. Би мэргэжлийн судлаач биш, гэхдээ энэ чиглэлийг сонирхдог. Сайн шүүмж унших дуртай.
-Та захиалгаар зурдаг уу?
Үгүй.
-Зарим гайхалтай бүтээлүүд санамсаргүй байдлаар төрдөг. Бүтээгчид нь ч түүнийг мэдэхгүй хорвоог орхисон тохиолдол олон. “Нэг л болсонгүй дээ” гэж бодсон бүтээл нь хүмүүсийн таалалд нийцэх үе хэр олон байдаг вэ?
-Байлгүй яах вэ. Гэхдээ дэлхий ертөнц даяарчлагдаж, бүх зүйл өөрчлөгдөж байна. Уран бүтээлчид өөрийгөө таниулах, сорих, нээх боломж өргөн болсон. Тухайлбал, зарим зураач бүтээлээ цахим сүлжээгээр дамжуулан бусдад хүргэж байна. Гэтэл 200-гаад жилийн тэртээ, мэдээлэл харилцаа хөгжөөгүй үед амьдарч байсан Ван Гогт бүтээлээ бусдад хүргэх боломж байгаагүй шүү дээ. Нас барсных нь дараа хүмүүс түүний бүтээлийг үнэлж, алдаршсан. Мексикийн сюрреалист зураач Фрида Кало ч адил. Тэр амьд сэрүүн байхдаа нэрд гарч, хүмүүст танил болоогүй.
-Бүтээлийнхээ хувь заяанд хэрхэн анхаардаг вэ. Таны зургуудын ихэнх нь том хэмжээтэй юм. Худалддаггүй болохоор хадгалахад хэцүү биз?
-Үүнд санаа зовж, шаналдаггүй. Уран бүтээлчид өөрийгөө аргадаж, дотоод хүнээ царайчилж, үргэлж ямар нэгэн зүйл хүлээж байдаг өрөвдөлтэй улс. Хүчлээд ч нэмэргүй шүү дээ. Ийм л хэцүү хувь заяатай. Миний зураг 50, 100 жилийн дараа яах бол гэдэгт би ер санаа зовдоггүй. Энэ талаар бодох нь дэмий юм шиг санагддаг. Хүссэнээр минь болохгүй юм хойно.
-Үүний нэгэн адил тооцоолж, төлөвлөөгүй атал хөндчих гээд байдаг сэдэв байдаг уу?
-Сайн мэдэхгүй байна. Уран бүтээлч хүн ямар ч байсан давтагдашгүй, өвөрмөц өнгө аяс, шинж чанараа тодотгосон бүтээл туурвих ёстой гэж боддог. Тийм бүтээлийг хэн ч хаанаас ч харсан танигдаж, онцгойрдог шүү дээ. Энэ шинж миний бүтээлд байгаасай гэж бодож, зурдаг.
-Тэгвэл уран бүтээлч хүн ямар нэгэн урсгал чиглэлд баригдах нь зөв үү. Та ямар төрлөөр зурдаг вэ?
-“Изм” гэдэг ойлголт 1800-аад оноос дэлхийн II дайны төгсгөл хүртэлх үед маш хүчтэй байсан. Абстрактизм, кубизм, сюрреализм гээд л. Дэлхийн II дайнаас хойш уран бүтээлчдийг ямар нэгэн урсгал чиглэлд хамруулж, “Энэ ийм урсгал чиглэлийн бүтээл байна” гэж дүгнэхэд хэцүү болсон. Одоо бол бүр хэцүү. Ялгаж салгах ч боломжгүй. Тэгээд ч ямар нэг “изм”-д баригдах нь буруу гэж боддог.
-Туурвихуйн шалтгаан, зорилгыг уран бүтээлч, урлаг судлаачид янз бүрээр тайлсан байдаг. Та ер нь яах гэж зурдаг юм бэ?
-Хүн нэг л амьдарна. Олдсон цаг хугацаа, боломжийг дуртай зүйлээ хийхэд зарцуулж, тааваараа байх ёстой гэж боддог. Үүнээс л сэтгэл ханамж авдаг. Дотор тэмтрэгдэж байгаа зүйлээ хийж, түүн рүүгээ бага багаар ойртож буйгаа мэдрэх нь чухал.
-Та Л.Хасар, Х.Болор-Эрдэнэ зэрэг яруу найрагчдын шүлэгт зориулж цөөнгүй бүтээл зурсан юм билээ.
-Сайхан шүлэг уншихаар хөглөгддөг юм. Яруу найраг унших дуртай. Гэхдээ зөвхөн яруу найргаас санаа авч зураад байж болохгүй л дээ.
-Манай залуу зураачдын ур чадвар хэр түвшинд байна гэж дүгнэдэг вэ?
-Сүүлийн үед академизмийг сайшаах хандлага их ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн, томоохон сургуульд сураагүй л бол уран бүтээлч, зураач биш гэж үздэг хандлага ихэссэн. Орчин үед залуучуудын олонх нь сургуульд сурах замаар ур чадвараа дээшлүүлж байна. Би академик боловсролыг үгүйсгэх гэсэнгүй. Үүнд маш олон сайн тал бий.
Гэхдээ заавал академийн арга барилаар сурч боловсорчихоод орчин үеийн урлагийн төрөлд хүч үзэх ёстой гэсэн нийтлэг хандлагыг ойлгодоггүй. Энэ бүхэнд зохицуулалт хийх ёстой нь судлал, шүүмж. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөөгүй л бол муу зохиолч гэж дүгнэж болохгүй биз дээ. Г.Аюурзана энэ сургуулийг төгссөн, сайн уран бүтээлч. Гэтэл Л.Өлзийтөгс тэр сургуулийг төгсөөгүй хэрнээ бас л сайн уран бүтээлч. Үүнтэй яг ижил.
Академид суралцаагүй, сайн зураачид бидний өмнөх үеүдэд олон бий. Тухайлбал, Энхжаргал, Чимэддорж, Эрдэнэбаяр нар байна. Ингэж хэлэхээр зарим хүн “Өөрөө академид сураагүй болохоор ингэж ярьж байна” гэж ойлгож магадгүй юм.
-Гадаадын ямар нэгэн галерей, музейтэй хамтарч ажилладаг уу. Тийм санал ирж байв уу?
-Үгүй. Намайг тоохгүй байна. Тэдний хувьд уран бүтээлчээ олж, зөв сонгоно гэдэг нь маш чухал асуудал. Хүнээ сонгоод нэрд гаргахыг зорьдог. Тэдний нүдэнд өртөж, тоогдохын тулд маш онцгой байх хэрэгтэй. Монгол зургийн төрлөөр дагнадаг зураачдад дэлхийд танигдах боломж илүү байгаа юм шиг санагддаг. Уламжлалт монгол зургийг орчин үеийнхтэй хослуулахад маш гайхалтай бүтээлүүд төрдөг. Үүнээс гадна зураачид бүтээлээ хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал нь өөрөө урлаг болчихоод байна.