Манай “Таван цагариг” сонины анхны уншигчдын нэг, бас хожим нь энэ сониныхоо сэтгүүлч, тоймч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, даамын спортын мастер Равжирын Манлай даамын Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, олон улсын их мастерын болзол хангасан. Спортын сэтгүүлч тэрбээр 20 гаруй жил даамын спортоор хичээллэж, энэ жил өөрийн “Алтан хүү” клубээ байгуулан ирээдүйн тамирчдыг бэлтгэн, цуврал тэмцээн зохион байгуулж байгаа.
Спортын мастер цолтой даамчин аавын хүү анхны өргөө хэзээ тавьж байснаа санадаггүй гэсэн. Аавыгаа даам тоглохоор найзындаа очиход нь дагаж явдаг байсан ч яг тулаад заалгаж суусан нь үгүй. Гэсэн хэдий ч энэ спортыг эргэлт, буцалтгүй сонгож, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, хөрш гурван улсын тэмцээний аварга, олон улсын өндөр чансаатай тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж спорт сонирхогчдод танигдаад байна.
Тэр бол манай хүн. “Монгол ньюс” ХХК-ийн “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, гэр бүлтэй болж, гурван хүүхдийн аав болсон юм. Түүний гэргий Г.Оюунгэрэл бол “Өнөөдөр” сонины Экологи, олон улсын мэдээллийн албаны даргаар ажилладаг чамбай бүсгүй. Р.Манлайгаа Азийн аварга болсныг сонсоод манайхан ч бөөн баяр болсон. Мэргэжил нэгтэй олон нөхөд нь түүний амжилтад талархаж, ярилцлага авах урилга илгээсэн ч тэрбээр төрөлх сониндоо л найр тавьсан нь энэ. Даамын спортын Азийн аварга, олон улсын их мастер Р.Манлайгийн яриаг хүргэе.
-Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Тивийн аварга болсон болохоор олон улсын их мастер цолтой болох нь. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд хэд дэх жилдээ болж байна вэ?
-Баярлалаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1996 онд анх Туркменистанд болж байсан. Гэхдээ тухайн үед Азийн даамын холбоо байгуулагдаагүй байсан юм. Харин холбоо байгуулагдсанаас хойших анхны тэмцээн 1999 онд Монголд болж байсан. Манай улсад энэ тэмцээн дөрөв дэх удаагаа болж буй нь энэ.
-Энэ тэмцээн хэр өндөр чансаатай вэ. Азиас сайн даамчид хэр олон төрж байна вэ?
-Узбекистан, Малайз, Тайланд, Монгол зэрэг найман орны 300 гаруй тамирчин авьяас, чадвараа сорилоо. Тивийн аварга шалгаруулах тэмцээн учраас мэдээж өрсөлдөөн ихтэй. Саха зэрэг орны тамирчид ОХУ-г дагаад Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсноос хойш нэг үе Азийн тэмцээний чансаа жаахан суларсан ч одоо бол сэргэж байгаа.
Эргэж сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн улс нь БНХАУ. Тус улс ямар ч спортыг хөгжүүлсэн шиг хөгжүүлж чаддаг. 2012 оноос хойш эмэгтэйчүүд энэ тэмцээнд оролцож, 5-6 насны ангилалтай болж өргөжсөн. Энэ жил эрэгтэйчүүдийн насанд хүргэчдийн ангилалд 24 тамирчин оролцсоноос хамгийн доод тал нь спортын мастер цолтой байсан. Их мастер цолтой дөрвөн хүн оролцсон.
-Их мастерууд нь монголчууд уу?
-Нэг их мастер нь Хятад, гурав нь Монголынх. Дэлхийд 40 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа манай хамгийн өндөр амжилттай тамирчин Д.Эрдэнэбилэг болон Д.Баттулга, Г.Ганжаргал, О.Түвшинболд нар их мастер цолтой.
Гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг гэхэд л 1999, 2001, 2003, 2010, 2014 онд Азийн аварга болж, гурван удаа мөнгөн медаль хүртсэн.
Өдийг хүртэл Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 10 удаа болохоод есөөс нь медаль авсан байна. Түүнчлэн 2012 онд Г.Ганжаргал, 2013 онд Д.Баттулга, 2015 онд О.Түвшинболд азийн аварга болж байлаа.
-Даамын спортын хамгийн өндөр цол нь их мастер уу?
-Дэлхийн даамын холбооны мастер, олон улсын мастер, олон улсын их мастер гэдэг гурван том цол бий. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хүн спортын мастер цол авдаг бол тивийн аварга их мастер болдог. Оросын супер мастерууд ихэвчлэн ямар нэгэн улсын нэрийн өмнөөс тоглодог учраас Европ тивийн хувьд өрсөлдөөн илүү хүчтэй байдаг. Дэлхийн аваргын дараа Европын аварга шалгаруулах тэмцээн эрэмбэлэгдэнэ.
Би Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож, 2010 онд хүрэл медаль хүртсэн. 2013 онд санасандаа хүртэл тоглож чадаагүй. Энэ жилийн хувьд бэлтгэл ханачихсан, сайхан тоглолоо. Есөн удаа тоглож зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсон.
-Та эрэгтэй тамирчдаас Монголын тав дахь их мастер боллоо. Манай бүсгүйчүүд хэр амжилттай яваа вэ?
-Монголд даамын спортын их мастер хоёр эмэгтэй бий. Сая түрүүлсэн Нямжаргал миний шавь, манай клубийн тамирчин. Сүүлийн 3-4 жил хамт бэлтгэл хийж байгаа.
-Та тусдаа клуб байгуулсан гэл үү?
-Тийм ээ. Би энэ оны нэгдүгээр сард “Алтан хүү” клубээ байгуулж, сургалт явуулахын зэрэгцээ цуврал тэмцээн хийж байгаа. Даамын хөлөг дээр хамгийн хойд талын дунд байрладаг хүүг “Алтан хүү” хэмээн онцлон нэрлэдэг. Хаашаа ч нүүх боломжтой энэ хүүг дээхнэ үед түрүүлж хөдөлгөх хэрэггүй гэдэг онол байсан ч одоо өөрчлөгдсөн. Гэхдээ даамын чухал хүү нь энэ. Даамчдын “Алтан хүү” фэйсбүүк группийн админ нь бас би. Тийм болохоор энэ нэрийг клубтээ өгсөн.
-Их мастерууд ч бас өөрийн гэсэн клубтэй юү?
-Клуб байгуулагдах эхлэл нь одоо л тавигдаж байна. Даамын мэргэжлийн анхны клуб нь манайх. Эцэг эхчүүд хүүхдүүдээ оюуны спортоор хичээллүүлж, хөгжүүлэх сонирхолтой болсон нь энэ клубийг нээхэд түлхэц өгсөн. Цаашид овоо хэдэн клуб байгуулагдах төлөвтэй байгаа. Олон клуб байгуулагдаж, хөгжөөсэй гэж хүсэж байна.
-Даамыг багаасаа тоглобол илүү амжилт гаргадаг уу?
-Багаасаа эхэлбэл илүү үр дүнтэй. Гэхдээ 17 настайгаасаа тоглоод хоёр удаа улсын аварга болсон хүн ч байна.
-Манайд оюуны спортын үнэлэмж тааруу байдаг нь эмзэглэмээр шүү.
-Манайхан олимпын топ дөрвөн төрлөө түлхүү дэмждэг л дээ. Зах зээлийн үед спортын олон төрөл уналтад орж, одоо л сэргэж байна шүү дээ. Үзэгчгүй спорт учраас орлого, ашиг байхгүй.
Дэлхийн 80 гаруй улс өөрийн үндэсний даамтай. Өөр өөр төрлөөр хөгжиж байгаад 1900 оны эхээр францчууд 100 буудалт даамыг санаачилж, Голланд, Францад тэмцээн нь түлхүү болдог байсан. Өнгөрсөн зууны дунд үеэс л даам олон улсад хүчтэй тархсан. Ингээд бодохоор 60 орчим жилийн түүхтэй, харьцангуй залуу бөгөөд үзэгчгүй спорт болохоор баян бишээ.
-Нэг тэмцээний үеэр хэдэн цаг даам тоглодог вэ?
-Стандарт буюу уртын нэг тоглолт 4-5 цаг үргэлжилдэг. Нэг тэмцээний үеэр есөн өрөг тавьдаг гэхээр 40-50 цагийг хөлгийн ард өнгөрүүлдэг. Даамын спортыг үзэгчдэд сонирхолтой болгох зорилгоор сүүлийн үед түргэн бодолтын төрөл хөгжиж байгаа. ДАШТ-ний үеэр ч гэсэн үндсэн тоглолт дээр тэнцвэл түргэн тоглолтоор шийдвэрлэдэг.
Шатрын спортод зургаан сар үргэлжилсэн түүхтэй тоглолт ч бий. Даамыг шатартай харьцуулахад тэнцэх магадлал илүү өндөр. Тиймээс Дэлхийн аваргын төлөө тэнцээд дуусангуут 15-20 минутын рапид, тэрэнд тэнцвэл таван минутын блиц, дараа нь гурван минутын супер блиц төрлөөр тоглодог.
-Та хэдэн настайгаасаа даам тоглосон бэ?
-Аав минь “Хөдөлмөр” нийгэмлэгийн нэрийн өмнөөс даам тоглодог байсан. Аав 1970-аад оны сүүлчээр даам тоглож сурсан гэдэг. Харин би яг хэзээ тоглож сурснаа санадаггүй. Даамыг хүн болгон л нүүдэг шүү дээ. Хичээллэж эхэлсэн гэвэл 1990 он юм байна.
Эхлээд намайг аав “Замчин” нийгэмлэгт нэг өвгөн багшид аваачсан ч тэнд нэг их удаагүй. Дараа нь Т.Пүрэвдорж багшийн шавь болсон. Манай багш бол улсын хоёр удаагийн аварга, хотын долоон удаагийн аварга болсон Монголын даамын загалмайлсан эцэг гэж хэлж болох хүн. Дунд сургууль төгстөлөө багштайгаа хичээллэсэн. Оюутан болсноосоо хойш хувиараа бэлтгэл хийх болсон.
-Мэргэжлээ сонгоход тань даамын спорт нөлөөлсөн үү?
-Нөлөөлсөн байж болох юм. Даам тоглохоос гадна би хөлбөмбөгт их дуртай. Даамаар спортод хөл тавьж, 1995 онд “Таван цагариг” сонин анх хэвлэгдэхэд худалдаж авч уншдаг байлаа. Сүүлдээ ээж минь надад “Таван цагариг” захиалж, өгөөд гэр бүлээрээ уншдаг болсон. Аав минь “Таван цагариг” уншиж байгаад Биеийн тамирын дээд сургууль спортын сэтгүүлчийн анги нээх гэж байгааг мэдэж надад хэлсэн. Тийм болохоор спорт л мэргэжил сонгоход минь нөлөөлсөн дөө.
-Манай “Таван цагариг”-ынхан спортын төрөл бүрт л авьяастай. Та хөлбөмбөгөөс гадна боулинг ч тоглодог биз дээ.
-Гэхдээ хөлбөмбөгт илүү дуртай, нэлээн давгүй тоглочихно. Найзуудтайгаа нийлж олон жил тоглож байна. Анх дөрөвдүгээр ангид байхдаа 5г ангийнхандаа хөлбөмбөгөөр шударга биш ялагдаад түүнээс хойш ангиараа хөлбөмбөг тоглох болсон. 35 хүүхдээс 30 төгрөг цуглуулж 105 төгрөгтэй болж түүгээрээ Москва руу ажлаар явсан нэгнийхээ аавд бөмбөг захиж авсан. Нэгдүгээр хорооллын арын дэнжид нэг ч айлгүй байсан тэр үед бид сургууль төгстөлөө хөлбөмбөг тоглосон. Зургадугаар ангид байхдаа л найм, есдүгээр ангийн ах нараа хожчихдог байлаа.
-Та аавыгаа даам тоглоход анзаардаггүй байсан ч сурчихсан байжээ. Тэгвэл танай хоёр том хүүхэд даам хэр их сонирхож байна вэ?
-Нэг их сонирхдоггүй юм байна гэж бодтол үгүй юм билээ. Энэ зун манай клуб дээр “Хасу мегаватт” ХХК-ийн баг болон Хэнтий, Сэлэнгээс хүүхдүүд ирж бэлтгэл хийсэн юм. Тэгэхэд хүү минь гуравдугаар зэрэгтэй хүүхэд хожчихож байна лээ. Ямар ч гэсэн ээжийгээ хождог болчихоод байгаа.
-Гэхдээ манай Г.Оюунгэрэл эгч өнгөрсөн жил байгууллагын даамын тэмцээний мөнгөн медаль хүртсэн хүн шүү дээ. Дэргэд нь байсны хэргээ гаргасан шүү.
-Манай гэрийнхэн ер нь л хөлөгт тоглоомын хүмүүс. Аав даамын спортын мастер, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр ч медальтай. Дүү Нармандах Якутад болдог “Азийн хүүхдүүд” наадамд 1996 онд оролцож алтан медаль хүртсэн. Тэр жил монгол хүүхдүүд найман төрлөөр “Азийн хүүхдүүд”-д оролцож дөрвөн алтан медаль хүртсэн нь цөм даамчдынх байсан.
Манай дүү өсвөрийн төрөлд бас улсын аварга болж байсан. Удаах дүү Гэрэлмаа шатраар хичээллэж байгаад одоо го даамаар амжилт гаргаж, олон улсын тэмцээнд оролцож байна. Мөн бага дүү Тунгалаг го даамаар ДАШТ-д хэд хэдэн удаа оролцсон. УАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн эмэгтэй. Шатраар ч амжилт үзүүлж байсан. Даамаар гэр бүлийнхэн дундаа арай илүү нь би. Аав, дүү хоёр бол тэнцүүхэн “үзнэ”.
Бага хоёр эмэгтэй дүү го даамаар сайн. Тавуулаа ойролцоо өрсөлддөг нь шатар учраас ээж ивээн тэтгэж цагаан сараар заримдаа гэр бүлийн шатрын аварга шалгаруулах тэмцээн хийдэг юм.
-Даам сурснаар амьдралд ямар нөлөө үзүүлэх бол?
-Одоогийн хүүхдүүд анхаарал нь сарнимтгай, удаан тогтвортой суудаггүй зантай. Ядаж л даам тоглодог хүн сууж сурна. Даам, шатар сурч тоглоод оргилд нь хүрнэ гэж байхгүй байнга л суралцсаар байдаг. Олон хувилбар дундаас анализ хийж өрсөлдөгчийнхөө өмнөөс ч гэсэн бодож байж шийдвэр гаргадаг болохоор амьдралд шийдвэр гаргахад ч нөлөө үзүүлнэ. Тактик, стратеги, туршлага, мэдрэмж шаарддаг спорт.