Энэ сарын 29-нд дэлхий даяар олон улсын барын өдөр тохиов. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас мөхөх дээрээ тулсан энэ амьтан сүүлийн хэдэн жил эргээд өсөж буй юм. Арьс шир нь хулгайн анчдын нүдэнд мөнгө болж харагддагаас замбараагүй агнаж, тоо толгой нь эрс цөөрсөн ч амьтан хамгаалах байгууллагын эрчтэй үйл ажиллагааны үр дүнд тэдний тоо жилээс жилд өссөн баримт бий. Ингээд барын тухай сонирхолтой баримтуудаас сонирхуулья.
- Бар бол Ази тивийн бахархал болсон амьтан. Энэ амьтны хамгийн эртний ясыг Хятадын нутаг дэвсгэрээс олж байв. Хамгийн эртний барын яс хоёр сая жилийн настай аж.
- Өдгөө бар хамгийн том муурын төрөл зүйлд тооцогддог. Нас биед хүрсэн бар дунджаар 300 кг жинтэй, гурван метр урттай байдаг. Тэд олзоо 10 метрийн цаанаас үсэрч, агнах чадвартай.
- Бар халуун хүйтэнд хамгийн тэсвэртэй амьтан. Дунджаар -35 хэм хүртэл хүйтэрдэг Оросын нутгаас +48 хэм халдаг Энэтхэгийн бүс нутаг хүртэл энэ амьтан бий.
- Ихэнх муурын төрөл зүйл уснаас айдаг бол бар эсрэгээрээ. Тэд маш сайн сэлдэг.
- Бар зэрлэг гахай, буга, үхэр тэр ч бүү хэл заан хүртэл агнадаг. Зарим үед загас агнадаг аж. Хэрвээ матартай таарвал устгахаас нааш санаа нь амардаггүй.
- Эмэгчин бар нэг төрөхдөө 3-4 бамбар гаргадаг. Бамбарнууд нэг настайгаасаа ан агнаж сурдаг. Тэд эхтэйгээ хоёр нас хүртлээ хамт амьдардаг байна.
- Энэ амьтан шөнөөр ан гөрөө хийдэг. Тэдний шөнийн хараа энгийн хүнээс зургаа дахин илүү хөгжсөн байдаг. Шөнө хэлбэр дүрс, өнгө ялгаж чаддаг чадвартай.
- Барны арьс дээрх өнгө, хэлбэр дүрс яг л хүний хурууны хээтэй ижил өөр өөр байдаг.
- Цагаан бар бол Бенгалын барны генийн өөрчлөлтөд орсон хэлбэр юм. 10 мянган барны нэг нь ийм өнгөтэй төрдөг байна.
- Түүхэнд бар Туркээс Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүс нутагт амьдарч байсан билээ. Харин өдгөө Өмнөд болон Зүүн Өмнөд Ази, Хятад, ОХУ-ын зүүн бүс нутагт амьдардаг. Хамгийн их бартай улс бол Энэтхэг юм.
- Барын тоо толгой цөөрөх гурван гол шалтгаан бий. Энэ амьтны арьс болон биений зарим эд анги эмний найрлаганд ордог тул маш их үнэ хүрдэг. Амьдрах орчин нь устсан, аж үйлдвэрийн хөгжил, хүний халдлагаас бусад тохиолдлоор амь үрэгдэх болсон юм.
- Энэ бүхний эцэст барыг аврах олон тооны төрийн бус байгууллага нэгдэж, энэ жил анх удаа барын нэгдсэн форум зохион байгуулсан.
- 2010 онд 3200 орчим бар бий гэсэн тооцоо гаргасан. Тэгвэл хамгийн сүүлд хийсэн тооллогоор 3890 бар бүртгэгджээ.