Зарим хүнийг шумуул хаздаггүй хэрнээ зарим хүнтэй энэ жижиг шавьж "найзлах" тун дуртай байдаг. Тэгвэл Америкийн шумуулыг судлах албаны мэргэжилтэн Жосеп Конлон шумуул таниас салдаггүй таван шалтгааныг нэрлэсэн байна.
ХЭРВЭЭ ТА БИЕ ДАВХАР БОЛ:
Эрдэмтэд олон тооны судалгаагаар шумуулнууд бие давхар хүний цусанд илүү дурладаг гэдгийг тогтоожээ. Эмэгчин шумуулд нүүрс төрөгчийн давхар исэл хэрэгтэй байдаг тул хүүхэд тээж буй эмэгтэй хүнийг гол байгаа болгодог гэнэ. Ялангуяа 28 долоо хоногоос хойш төрөх дөхсөн эмэгтэйчүүд шумууланд хазуулах магадлал бусад эмэгтэй хүнийг бодвол 21% их байдаг аж. Түүнчлэн бие давхар эмэгтэйчүүдээс гардаг дэгдэмхий үнэр шумуулыг өөртөө татдаг байж болно хэмээн Корнелл их сургуулийн доктор Лаура Харрингтон үзэж байна.
БИЕИЙН ХӨЛС ИХТЭЙ БОЛ:
Хэрвээ та гадаа ажиллах шаардлагатай болвол шумуулны хоол болох нь тодорхой. Учир нь биеийн хөлсний үнэрээр шумуул хоол хаана байгааг төвөггүй олж мэддэг. Биений дулааны хэм өндөр байх тусам тэд таныг онилох болно.
0 БҮЛГИЙН ЦУСТАЙ БОЛ:
Зарим хүмүүсийн цусанд шумуул илүү дурладаг шалтгаан цусны бүлэг. Тэр тусмаа 0 бүлгийн цус бол шумуулны хувьд "цуйван" бололтой. Энэ талаар ноён Конлон "0 бүлгийн цус бусад цусны бүлэгтэй харьцуулахад шумуулыг өөртөө татах содон үнэртэй байдаг" гэж тайлбарлажээ.
ШАР АЙРАГ УУСАН ТОХИОЛДОЛД:
Шумуул ч бас шар айрганд дуртай бололтой. Эрдэмтэд Өмнөд Африкт нэгэн сонирхолтой судалгаа явуулж байв. Тэд нэг хүнд шар айраг, харин өөр нэг хүнд зөвхөн ус өгчээ. Ингээд тодорхой хугацааны дараа шумуул хэрхэн айчилсныг тодруулахад, алкахолик хэрэглэсэн хүний биед илүү үзэгдсэн байна. Гэхдээ эрдэмтэд энэ үзэгдэл зүгээр нэг тохиолдол байв уу, үнэхээр шар айраг шумуул татах гол шалтгаан болдог уу гэдгийг баттай тодорхойлж чадаагүй юм.
ТАНЫ ГЕН ИЛҮҮ СОНИРХОЛ ТАТАХУЙЦ БАЙЖ БОЛНО:
Ихрүүд зэрэг хүмүүс шумуулны бай болдог шалтгааныг генийн онцлогтой холбон тайлбарладаг. Энэ талаар Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааныг судлах Лондоны их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Сонирхуулахад, шумуул хэмээх энэ шавьж 47 шүдтэй. Дэлхий даяар 300 төрлийн шумуул бий. Тэднээс шар шумуул, чикунгунья, болон Азийн бар шумуулны төрөл зика вирусын халдвар тээж байдаг аж. Гэхдээ 3000 төрлийн шумуул бүгд цусаар хооллодоггүй. Зарим нь өндөгний уураг иддэг болохыг тогтоосон байна.
ШУМУУЛНААС ХАМГААЛАХ ШИЛДЭГ АРГА:
Хэрвээ та дээрх тохиолдолд урт өмд, цамц өмсөх нь шумуулнаас өөрийгөө хамгаалах шилдэг арга юм. Түүнчлэн шумуулны цацлага байнга хэрэглэх нь таныг энэ жижиг "мангаснаас" аварна. Гэхдээ шумуулны эсрэг цацлага бүх хүнд тохирдоггүй. Өөрийнхөө арьсанд тохирох цацлага хэрэглэхийг эрдэмтэд зөвлөдөг байна.