Гитар, бөмбөр эвлэгхэн тоглочихдог Ц.Энхманлай Пионерын ордонд гитар тоглодог Я.Одсүрэнтэй танилцсанаар тэдний нөхөрлөл эхэлжээ. Удалгүй, 13 настайгаасаа бөмбөр тоглосон Н.Пүрэвдашийг, өрсөлдөгч хамтлагийнхаа гитарчин Ц.Чулуунбатыг эгнээндээ нэгтгэснээр Монголд хард рок хамтлаг байгуулах гэсэн мөрөөдөлдөө нэг алхам ойртсон аж. Харин тэдэн дээр унаган чадвар, удмын авьяастай Х.Лхагвасүрэн нэмэгдсэнээр 14 жил мөрөөдсөн “Харанга” хамтлагаа байгуулсан түүхтэй. Энэ таван залууг өдгөө монголчууд бүгд таньдаг болчихож. Эцгийн нэрээр бус, хамтлагийнхаа нэрээр овоглоод 30 дахь жилээ угтаж буй тэд маргааш “Алдарын од” хүртэнэ. Энэ эрхэм хүндтэй шагналаа тэд зүгээр нэг авалгүй, орой нь Төв талбайд сонсогчдоо хүндэтгэн тоглолтоо хийх юм.
-“Харанга” хамтлагаа байгуулсны 30 жилийн ойн босгон дээр “Алдрын од” шагнал хүртэхээр боллоо. Энэ шагналын үнэ цэнийг тодорхойлооч?
Ц.Э: -Шагнал гэдэг зүгээр суугаа хүнд өгдөг зүйл биш. “Харанга”-ын гишүүдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, Монголын орчин үеийн хөгжмийн урлагт, тэр дундаа рок хөгжимд оруулсан хувь нэмрийг үнэлж энэ шагналыг өгч буй байх.
Н.П: -Сэтгэл өндөр байгаа. Ичихээргүй, нүүр бардам байхаар зүйл хийж байж л шагнуулах ёстой. Бид энэ шагналыг авч байгаадаа ичихгүй.
Я.О: -Хийсэн, бүтээсэн зүйлтэй, түүндээ нүүр бардам байх шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Монголд эстрад урлагийн үндсийг тавьсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа араас энэ шагналыг авах гэж буйдаа баяртай байна.
-“Харанга” хамтлагийн түүх сүүлийн 30 жил бус, Ц.Энхманлай, Я.Одсүрэн ах нарын танилцаж, нөхөрлөсөн үеэс эхтэй гэж би боддог. Та хоёр анх хэрхэн нэг нэгнээ олж байв?
Ц.Э: -Би 1975 онд Төмөр замын техникум төгсөөд Улаанбаатар өртөөнд холбогчоор ажилд орсон юм. Тухайн үед өртөө дэргэдээ ажилчин залуусын “Ногоон гэрэл” гэж хамтлагтай байлаа. Тэр хамтлагт Оогий бид хоёр хамт орж таарсан юм. “Ногоон гэрэл”-д Эрдэнэ-Очир, Сергей, Энэбиш зэрэг залуу бас байлаа. 08.00-20.00, эсвэл 20.00-08.00 цаг хүртэл гал тэрэг дагаад гүйчихнэ. Ажлаасаа буугаад хувцсаа сольж, юм идчихээд буцаад Улаан булан руу гүйдэг байлаа. Дуртай гэж жигтэйхэн. Зарим үед бусдын маань ээлж зөрчихнө. Бүгд бэлтгэлдээ цуглахгүй үе ч гарна. Манай хамтлаг 1977 онд улсын хэмжээнд зохиосон уралдаанд түрүүлж байсан шүү.
Я.О: -1975 онд Манлай бид хоёр “Ногоон гэрэл” хамтлагт орсон юм. Түүнээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. Бидний зорилго Монголд хард рок хамтлаг байгуулах байлаа.
Ц.Ч: -Хөгжим сонирхдог хүүхдүүд нэг нэгнээ зүс мэддэг шүү дээ. Энэ хоёрыг “Ногоон гэрэл”-д байхад би “Залуус” гэж хамтлагтай байлаа. Хоорондоо өрсөлддөг байлаа шүү дээ.
-Удалгүй “Соёмбо” хамтлагт орж, тэндээс Н.Пүрэвдаш, Ц.Чулуунбат ахыг олсон юм уу?
Ц.Э: -1977 онд “Ногоон гэрэл”-ээс гарч, Үйлдвэрчний соёлын төв ордонд хөгжимчнөөр орсон. “Айзам” хамтлаг байгуулагдаж байсан үе. Тэнд жил орчим болж байтал цэрэгт татагдсан. Цэрэгт очоод “Соёмбо” чуулгад орсон юм. Тэнд манай Чука, Пүүжээ хоёр байсан. Дараа жил нь Оогий бас цэрэгт татагдаж, “Соёмбо”-д орсон. 1983 онд би “Соёмбо”-оос, өөрөөр хэлбэл цэргээс халагдсан. Халагдаад Төв циркт хөгжимчнөөр ажиллах болж, 1986 онд Бэхбат, Дамдинсүрэн, Эрдэнэбаяр зэрэг хөгжимчинтэй “Цирк” гэдэг хамтлаг байгууллаа. Тэгэхдээ Оогийгоо “Соёмбо”-оос урвуулаад авчихсан юм. Дараа нь Пүүжээгээ уруу татсан. Тэгээд Чукагаа. Ингээд л эднийгээ нэг нэгээр нь сугалаад хамтлагтаа авчихсан даа.
-Хамтлагаа яагаад Драмын театрын дэргэд байгуулсан юм бэ. Уг нь Улсын циркийн харьяа байсан юм биш үү?
Ц.Э: -Циркийн дэргэд рок хамтлаг байх боломжгүй юм байна лээ. Циркийн номерын ард тоглох нь бидний хүсэл мөрөөдлөөс хол зөрүүтэй байлаа. Тийм болохоор 1989 онд циркээсээ гараад Драмын театрт очиж, Н.Сувд эгчтэй уулзсан. Тэгээд “Танай театрын хажууд хамтлаг байгуулъя. Бид бүгд мэргэжлийн хөгжимчин” гэлээ. Тэгэхэд “Яагаад заавал манай театрын хажууд гэж” гээд гайхсан. Би ч “Соёл-Эрдэнэ” хамтлагийн түүхийг ярьж өгсөн л дөө.
“Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан. Тэднийхээс Монголын номер нэг хамтлаг төрсөн юм чинь танайхаас ийм хамтлаг яагаад төрж болохгүй гэж. Энэ байшинд л төрөх учиртай юм шиг байна” гэсэн чинь “За, би бодож үзье. Удирдлагуудтайгаа ярилцъя” гэсэн. Хэд хоногийн дараа бидэнд зөвшөөрсөн хариу өгсөн. Тэр үед Булган маань бидэнтэй хамт байлаа. Тэгээд 1989 оны аравдугаар сарын 26-нд “Амьдрал” тоглолтоо хийсэн дээ.
Я.О: -Бид уран сайханчид байхыг хүсээгүй.
-Тухайн үед уран сайханч гэж хэнийг хэлдэг байсан юм бэ?
Я.О: -Мэргэжлийн бус хүмүүсийг хэлдэг байсан юм. Бид мэргэжлийн хөгжимчин учраас ямар нэгэн мэргэжлийн байгууллагыг түшиж хамтлагаа байгуулъя гэж ярилцсан.
-Яг энэ үеэс Х.Лхагвасүрэн ахын “Харанга” хамтлагтай холбогдсон түүх эхлэх байх.
Ц.Э: -“Амьдрал” тоглолтоос сарын өмнө “Томоотой хүн” гэж дуу зохиогоод бэлтгэлээ хийж байлаа. Гэтэл бэлдэж эхэлснээс долоо хоногийн дараа Чука “Би ерөөсөө рок дуу дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан дээр” гэв. Тэгээд “Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг” гээд Лхагвааг дагуулаад ирсэн. Лхагваа “Шүүдэр цэцэг”-ийг гитартай дуулж шалгуулсан. Анх рок стильтэй биш, цээлхэн гоё хоолойтой залуу байсан. Хоолойны чадал, бүх зүйл нь бидэнтэй тохирч байсан болохоор “Энэ хүүхдийн стилийг бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл хамтлагтаа авъя” гээд ганц л асуулт асуусан.
-Тэр нь ямар асуулт юм бэ?
Х.Л: -“Бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу” гэж асуусан юм.
-“Харанга” хамтлагийн түүхийг өгүүлэхэд Х.Булган агсныг дурсахгүй өнгөрөх учиргүй. Тэр хүний тухай дурсамжаас хуваалцаач?
Ц.Э: -“Харанга”-ыг байгуулахаас өмнө “Цирк” хамтлагт бид хамт байлаа. Булган маань рок хөгжимд маш дуртай, мэдрэмжтэй, шинэ зүйл хийхийг хүсэж мөрөөддөг залуу байсан. Олон жил нөхөрлөсөн. Анх “Харанга” хамтлагт орно гэж байсан ч ажил амьдралын шаардлагаар “Соёл-Эрдэнэ”-д орсон юм. 1993 онд “Миний рок” тоглолтоо хийх үед бидэнтэй нэгдсэн юм.
“Харанга”-д Булган ирснээр манай уран бүтээлүүд шинэ шатанд гарсан. Яагаад гэхээр дууны найруулгыг гурван гитартай янз янзаар хийж болох боловч даралтат хөгжим нэмэгдэхээр илүү баялаг болдог. “Миний рок” тоглолтод түүний зохиосон “Зэрэглээ”, “Илүүдсэн дурлал” зэрэг хоёр гурван дуу орсон доо. Сонсогчид Булганы уран бүтээлээс “Зүүд” дууг илүү сайн мэднэ. Булган маань хорвоогийн мөнх бусыг үзүүлээгүй бол хамтлагтаа, бидэнтэй хамт л байгаа.
-Лхагвасүрэн ах нэг ярилцлагадаа “Би Х.Булганыгаа нас барахад л үхмээр санагдаж байсан” гэж ярьсан байсан.
Х.Л: -Тийм хүнд санагдаж байсан нь үнэн.
-“Зүүд” гэдэг дууг Х.Булган ахад зориулсан юм уу?
Я.О: -Энэ бол Булганд зориулсан дуу биш, түүний өөрийнх нь дуу. “Зүүд”-ийг нэгэн жүжигт зориулж бичсэн юм.
-Тухайн үед рок хамтлаг байгуулах мөрөөдлийг тань хүмүүс шоолдог байв уу?
Ц.Э: -Шоолдог байсан. “Та хоёрын рок хамтлаг байгуулна гэж юу байсан юм” гэнэ. Гэхдээ Оогий бид хоёр тэр үгэнд нь улам шаралхаад л, зүтгэхийг хичээсэн.
Я.О: -Би “Deep purple”, ”Назарет” хамтлагийг шүтдэг байлаа. Тэгээд нэг найздаа “Би яг “Deep purple” шиг рок хамтлаг байгуулна” гэж хэлж байсан юм. Гэтэл тэр найз маань надад “Чи юун том юм яриад, онгироод байгаа юм” гэснээс болж бид хоёр муудалцаж байлаа. 2000 он гарсны дараа “Назарет” хамтлаг монголд ирсэн дээ. Тэр үеэр нөгөө найзтайгаа таарахад “Хүн зорилготой, тэмүүлэлтэй байх яасан сайхан юм бэ” гэж хэлж билээ. Хүн амьдралдаа нэг зүйлд зориод явбал эцсийг нь үздэг. “Харанга”-ынхан үүнийг биелүүлсэн. Онгирч байгаа юм биш шүү.
-1989 онд “Амьдрал” тоглолтоо хийхийн тулд тухайн үеийн Уран сайхны зөвлөлөөр орж байсан гэдэг. Тэр үед зөвлөлийн бүх гишүүн эсэргүүцэж байхад ганцхан Э.Оюун гуай дэмжсэн үг хэлснээр тоглолт хийх эрхтэй болсон гэж ярьдаг шүү дээ. Э.Оюун гуай юу гэсэн юм бэ?
Ц.Э: -Уран сайхны зөвлөлийн 17 гишүүн биднийг тоглолт хийх, эсэх тухай шийдвэр гаргах байлаа. Бүгд дэмжээгүй. Гэтэл Э.Оюун гуай
“Хүний амьдрал эгэл жирийн боловч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа” гээд л “Амьдрал” дууны маань дахилтыг хэлээд “Энэ хүүхдүүдийг тоглуул” гэсэн юм.
Ц.Ч: -Э.Оюун гуайг энэ үгийг хэлэхэд бусад нь зөвшөөрсөн дөө. Тухайн үед Уран сайхны зөвлөлийнхөн битгий хэл, бидний үеийн зарим залуу ч хард рок урсгалыг ойлгодоггүй байлаа.
-Тэр тоглолтын тасалбар 30-хан минутын дотор зарагдаж дууссан гэдэг байх аа.
Ц.Ч: -Тэгсэн шүү. “Амьдрал” тоглолтоор бид Монголын хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрхийг авчирсан. Тоглолтод дуулсан дуунууд олон ч сэдвийг хөндсөн. Байгаль дэлхий, улс төрийн байдал, хайр сэтгэл, нөхөрлөл гээд уран бүтээлээрээ хөндөөгүй сэдэв үгүй. “Томоотой хүн” гэдэг дуундаа ажлын цагаас хоцордоггүй хэрнээ ямар ч үр бүтээл гардаггүй, дарга нарт долигонож явсаар одон медаль бүгдийг түүгээд зүүчихдэг социалист нийгмийн хурган дарга нарыг хүртэл шүүмжилж байлаа.
-Амьдрал, уран бүтээл үргэлж дардан байхгүй. Хоёр нийгмийн шилжилтийн заагт уран бүтээлээ хийхэд хүндрэл гардаг л байсан байлгүй.
Ц.Ч: -Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй л болчихсон үе шүү дээ. Бид ч тоглолт хийхдээ “Хүн үзэх болов уу, яах бол” гэж айдаг байлаа. “Чингис хаан”-ы Жагаа бидэнд “Та нар өөрсдийгөө зорьж үздэг үзэгчтэй болтлоо дор хаяж таван жил гүйнэ. Тэвчээртэй байгаарай” гэж хэлж билээ. Хөгжимтэй хөгжимгүй, мөнгөтэй мөнгөгүй, бэлтгэлийн байртай байргүй гээд л олон нөхцөл байдлыг бид давсан. Унаж, босож явсаар өнөөдөрт хүрсэн.
1993 онд тоглолтынхоо дараа “Хэдүүлээ бүгд өөр өөрийн машинтай болно. Тоглолтдоо ирэхдээ таван машинаар цуварч ирээд л. Бас бидний хөгжмийг зөөдөг, хөгжмийн тохируулга хийдэг ажилчидтай болно. Үнэхээр тийм болбол гоё, тийм ээ” гээд мөрөөдөж байлаа.
-Тэр мөрөөдөл биелчихэж.
-Я.О: -Тэр үед энэ мөрөөдөл бидэнд дэндүү хол санагдаж байсан юм шүү дээ. Гэхдээ бид хийж байгаа бүхнээ ажил болгож, түүгээрээ бахархаж, жаргал амсаж яваа. “Харанга”-ынхан нэг газраас нөгөө газар руу цаг агаарын ямар ч нөхцөлд, эрсдэлтэй явсан ч бидний хувьд тэр нь жаргал байлаа. Зовлон гэж боддоггүй. Учир нь бид хүсэл сонирхол, хообийгоороо амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс би зовж байсан гэж хэлж чадахгүй.
Н.П: -Тийм ээ. Хүсэл мөрөөдөл болсон хөгжмөөрөө хоолоо олж идэж байгаа болохоор бид өнөөдөр сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч байгаа. Яах вэ, мөнгөгүй болох үе байлаа. Гэхдээ бид улс орны эдийн засаг хямарсан 1990-ээд оны үед гитараа бариад тоглолтод явж л байлаа.
Ц.Э: -Анхны тоглолтоо хийгээд л бидний сэтгэлийн гал улам ассан.
Я.О: -Бид “Амьдрал” тоглолтоо 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглосон. Үүнээс сар гаруйн дараа л арванхоёрдугаар сарын 9-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд ардчиллын хөдөлгөөн гарч эхэлсэн. Ихэнх залуус гахайгаа үүрээд гадагшаа наймаанд явчихсан. Тоглолт үзэх хүн ховор. Одоогийнхтой адил ийм амархан цуглардаггүй байсан цаг үе л дээ. Тиймээс бид хоёр жилд нэг удаа тоглолт хийхээс өөр аргагүй. Жишээлбэл, “Дэлхий ертөнц”-өө Улаанбаатар хотод хоёрхон удаа тоглосон. Тэгээд л Дархан, Эрдэнэт рүү гараад явчих жишээтэй. Харин “Миний рок” тоглолтыг бид Улсын циркт долоо хоног тоглож байлаа.
-Долоо хоног тасралтгүй тоглосон гэж үү. Танайхаас өөр тэгж тоглосон хамтлаг байхгүй байх аа.
Я.О: -Тийм шүү. Өнөөдрийн хошин шогийнхон шиг л тоглож байлаа шүү дээ.
-“Харанга” хамтлагаа байгуулчихаад ямар сонинд анх ярилцлага өгч байв?
Ц.Ч: -“Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, Ардын армийн хэвлэл гээд хэдхэн хэвлэл байлаа. Ардчилал гарсны дараагаар олон шинэ хэвлэл гарч ирсэн. “Харанга” хамтлаг тухайн үеийн нийгэмд шинэ үзэгдэл болж чадсан. Мэдээж хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсан. Шар хэвлэлүүдээс авaхуулаад л тэр бүгдэд бид ярилцлага өгдөг байлаа. Нээрэн, бид тухайн үед “Новости Монголия” сонинд ярилцлага өгч байсан юм байна. Хөгжмийн зохиолч Б.Долгион “Новости Монголия” сонинг эрхлэн гаргаж байсан санагдана.
Ц.Э: -1990-ээд оны үед Японы NHK телевизээр гарсан. Францийн хэвлэлд бас гарч байлаа.
-Та нар бүгд армид алба хаасан, цэргийн цолтой байх аа.
Н.П: -“Харанга”-ынхан бүгд Ардын армид алба хаасан. Би 1971 онд ардын армийн 013 дугаар ангийн хөгжмийн салаанд цэргийн бөмбөрчин бэлтгэх таван жилийн сургалтад хөгжимчин-сурагчаар томилогдож очсон юм. 13 настай хүүхэд 20 настай ах нартай ажиллаж, амьдарч жинхэнэ амьдралын амтыг мэдэрч, тэндээс өөрийгөө олж авч, таньж мэдэж хүн болсон доо. 1976 онд Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчин-ахлагчаар томилогдож байлаа. Арми намайг өнөөдрийн бие хүн болон төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэсэн. За бол за, үгүй бол үгүй гэдэг зарчимч, шаардлагатай хүн болгосон.
Я.О: -Цэрэгт хүний амьдралын нэгэн шинэ үе эхэлдэг. Олон хүний дунд биеэ зөв авч явж, бусадтай зөв харилцаж сурдаг. Хүмүүстэй эв зүйгээ олон найзалж, нөхөрлөж сурна гэдэг том сургууль. Цэргийн алба хаасан хүн ядаж л цагтаа ирдэг, биеэ зөв авч явдаг, цэмцгэр алхдаг.
Ц.Э: -Бидний амьдрал, уран бүтээл армитай салшгүй холбоотой. Бид бүгд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орсноор мэргэжлийн хөгжимчин болсон. Манай Лхагваа хүртэл армийн хүн. Тэрбээр 1980-аад оны эхээр 029 дүгээр ангийн цэргийн хөгжимд нарийн бүрээч мэргэжлээр таван жил сурч төгссөн юм шүү дээ. Тийм ч болохоор тоглолтын бэлтгэл эхэлсэн үед хагас цэрэгжилтийн байдалтай байдаг.
Ц.Ч: -Бүгдээрээ цэргийн ахмад цолтой. Хамгийн олон тэмдэгтэй нь манай Пүүжээ.
-Уран бүтээлээс болж маргалддаг уу?
Х.Л: -Би өөрөөсөө арав ах хүмүүстэй хамтлаг байгуулсан шүү дээ. Тиймээс эхэндээ надад дуугарах эрх, бас хүсэл байгаагүй.
Ц.Э: -Мэдээж, олон аавын хүүхэд юм хойно янз бүрийн ааш араншинтай байлгүй яах вэ. Гэхдээ бид зорилгоороо нэгддэг учраас ойлголцож чаддаг. Ойлголцохын хажуугаар хөгжимдөө чин сэтгэлээсээ дурласан. Үүнийхээ төлөө амьдарч чадсан учраас тэр шүү дээ. Муудаж, сайдах үе гаралгүй яах вэ дээ.
-Ам мурийсан үедээ ямар ямар зан гаргадаг бол?
Ц.Э: -Хамт олон байтугай нэг гэрт байгаа эр эм хоёр ч ам мурийдаг шүү дээ. Тийм үед бид хамгийн гол нь хэний буруу, зөв болохыг ярилцаж шийддэг. Буруу ярьж байгаадаа хэлж ойлгуулдаг. Бие биенээ уучилж, нэгнээсээ уучлал гуйж чаддаг. Нэгнээ нэг их шийтгээд байдаггүй ч ажлын хариуцлагатай байлгахын тулд шаардлага тавьдаг. Намайг их зөөлөн хүн гэдэг юм. Гэвч хааяахан хатуухан хэлчихдэг.Нуршдаггүй, шууд хэлнэ.
Я.О: -Өнөөдөр нэгэнтэйгээ муудалцлаа гэхэд маргааш нь уучлалт гуйж чадах сэтгэлийн тэвчээр бидэнд байдаг юм.
Ц.Ч: -Манайхан ер нь их зөөлөн хүмүүс.
Н.П: -Ний нуугүй хэлэхэд уран бүтээлийн төлөө хар залуугаасаа л хэрэлдэж, маргалдсаар яваад бие биедээ уусчихсан.
-Харцаараа ойлголцоно гэдэг нь үү?
Н.П: -Бие биенийхээ харц, нүүрний хөдөлгөөнөөс юу хэлэх гэж байгааг нь мэддэг, хамт хөгжмөө тоглохдоо “Энэ маань юу тоглох нь вэ” гэдгийг мэдэрдэг болчихсон. Өөр газар тоглодог таван шилдэг хөгжимчин байгаад ч нэгнийхээ сэтгэлийг ойлгохгүй бол хэзээ ч сайхан хөгжим сонсогдохгүй. Хөгжим гэдэг чинь сэтгэл зүрхээрээ тоглодог зүйл байхгүй юү.
Ц.Э: -Гаднаас орж ирэхэд нь л ямар зан шаатай байгааг нь мэдчихдэг.
-“Харанга”-ынхан бүгд дуу зохиодог. Харин тухайн дууг хамтлагийн урын санд авах, эсэхийг хэрхэн шийддэг бол?
Ц.Э: -”Харанга” өөрөө асар том шалгууртай. Би нэг дуу хийгээд ирэхэд бүгд санал, сэтгэгдлээ хэлээд, тухайн дуу муу болсон байвал авахгүй бас дуулахгүй. Хэн ч дуу зохиогоод ирсэн яг л энэ шалгуурыг давж байж “Харанга”-ын уран бүтээл болдог. Анх “Харанга”-ыг байгуулахдаа Монголд мэргэжлийн хөгжмийн, гишүүн бүр нь “од” байхаар хамтлаг байгуулах юм сан гэж мөрөөдөж байсан. Дараа нь найзуудаа цуглуулсан. Би буруу биш, зөв харж найзуудаа цуглуулсандаа өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ хугацаанд зохиосон дуу олон. Гэхдээ “Харанга”-ийн урын санд орсон нь маш цөөхөн.
Ц.Ч: -Миний уран бүтээлдээ баримталдаг чиг шугам бол аз жаргал, гэрэл гэгээ, нар мандах, одод түгэх. Монгол хүн амны бэлгээр гэдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан амныхаа бэлгээр л бид сайн сайхныг хүсэж, мөрөөдөж, тэр л сайн сайхан зүйлээсээ хүнд өгч, баярлалаа гэдгээ хэлж, бие биедээ гэрэл хайрлаж явбал аз жаргал юм болов уу гэж боддог. Амьдралын аз жаргал бидэнд хамгийн их хэрэгтэй учраас би энэ тухай дуу голдуу зохиодог.
Я.О: -Уран бүтээлийнхээ алийг гэж голох вэ. Гэхдээ би “Харанга”-ын хамгийн анхны “Амьдрал” тоглолтдоо дуртай. Бид уран бүтээлээ хүмүүст хүргэхдээ заавал нэгийг бодогдуулах үүднээс хийдэг. “Харанга”-ын дууг бүтээхийн тулд бид тавуулаа зүрх сэтгэлээ зориулж байж амилуулна. Энэ таван гишүүний сэтгэл зүрх шингэсэн байдаг учраас хүмүүст хүчтэй хүрдэг байх. Урьдынхаа уран бүтээлээс илүү давж гарахаар зүйл хийхгүй бол зогсонги байдалд ордог. Тиймээс бид улам илүү байлгахын төлөө байнга ярилцаж, хийж бүтээсээр байна.
Н.П: -Манай хамтлагт бусдаас ялгарах нэг давуу тал байдаг юм. Бид гурван дуучинтай, дуу зохиодог дөрвөн хүнтэй. Тийм болохоор манай хамтлагийн уран бүтээлээс ард түмэн хэзээ ч уйддаггүй. Тэгээд ч нэг юманд баригдмал, хэвшмэл биш. Хөгжмийн зохиолч, ая зохиогч нарт хамгийн хайртай дуу гэж байдаг. Надад бол “Харанга”-ын бүх л дуу таалагддаг. Яагаад гэвэл би тухайн дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч тоглосон болохоор. Миний найзуудын бүх уран бүтээл агуу дуунууд болж төрдөг. Түүгээрээ ч сонсогчдыг хүмүүжүүлж байдаг. Бид ухаарал, эх орноо хайрлах хайр, үнэнч сэтгэл, хүний ариун сэтгэлийг хөглөхийн тулд дуу хийдэг юм.
-Ямар үед өөрсдөөрөө хамгийн их бахархдаг вэ?
Ц.Ч: -Сүүлд гудамжаар явж байгаад “Бодлын тэнгис” дуугаа сонссон. Гудамжнаас дуугаа олж сонсоход ямар гоё мэдрэмж төрдөг гэж санана. Танихгүй хүн миний дууг дуулаад гудамжинд явж байвал нуруу тэнийгээд л ирдэг. Муу дуу байсан бол тэр хүн дуулахгүй шүү дээ. Уран бүтээлч хүний жаргал энд л оршдог.
Х.Л: -Бидний гол зорилго ард түмэндээ олон сайхан аялгуу, үг хүргэх л байна даа. Дуу хуур тэнгэрийн өмч, авьяас ард түмний өмч гэж ярьдагчлан бид дуулах л ёстой бол дуулна. Үүгээрээ л бахархдаг.
-Өнөөгийн рок, попын залуу уран бүтээлчид 30 жилийн өмнө “Харанга” хамтлаг байгуулагдаж байх үе шиг эр хүчийг гаргаж чадаж байна уу. Залуу уран бүтээлчдийн талаар та нар ямар бодолтой байдаг вэ?
Ц.Ч: -Юмны үнэ цэнийг ойлгохоо больчихсон юм болов уу. Жишээлбэл, бид шинэ гитар худалдаж аваад баярлаж, бахархаж, өвөртөлж унтах нь холгүй байдаг байлаа шүү дээ. Одоогийн залуус өөртөө юм уу, хамтлагтаа хэрэгтэй шинэ хөгжим, хэрэгсэл аваад нэг их баярлаад, бидэн шиг цовхчоод гүйгээд байдаггүй болчихжээ. Нөгөө талаар хийж байгаа уран бүтээлдээ дүгнэлт хийхдээ жаахан хойрго, анзааргагүй хандаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Тийм ч учраас янз бүрийн гадаадын хамтлагийн дуутай ижилхэн болох, эсвэл тэдний хэв маягийг дуурайх байдал гаргаад байгаа.
Рок, поп хэмээх Европ, баруунд анх үүссэн хөгжимд бид суурилаад монгол аялгуугаа шингээж, эх хэлээрээ дуулж байгаа учраас Монголд орчин үеийн хөгжмийн урсгалыг бий болгож байгаа. Саяхан надаас нэгэн хүн “Сайн хамтлаг болохын тулд юуг анхаарах вэ” гэж асуусан. Би хариуд нь нэр төр, мөнгө биш. Сайхан дуу хийхийн тулд биш, сайн хамтлаг байя гэсэн сэтгэлтэй бол сайн хамт олон байх ёстой. Бие биенээ ойлгодог, нэг нэгэндээ итгэдэг хамт олон байж та нар “Харанга” шиг оршиж чадна гэж би хэлсэн.
Я.О: -Эсрэгээрээ магтана. Тэднийг шүүмжлэх биш, дэмжих хэрэгтэй. Манайд өнөөдөр бүх төрлийн рок хамтлаг байна шүү дээ. Тэд хүссэнээрээ тоглох хэрэгтэй. Болж өгвөл биднээс асууж байгаасай гэж хүсдэг. Даанч асуудаггүй юм. Жаахан халгаж, сүрддэг шиг байгаа юм.
Н.П: -“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг. Одоогийн хүүхдүүд тугаа мандуулаад давхих л юм бодоод байна. Амьдрал эрээнтэй бараантай, сайнтай муутай. Унана, босно. Энэ бүхний дунд хөгжимд сэтгэл зүрхээ зориулсан, түүнд хайртай залуус л өнөөдрийн “Харанга”-ыг бий болгосон юм.
Х.Л: -Нэг их гоё амьтан болох гээд л хиймэл баг зүүж байгаа нь таалагддаггүй.
-Амьдралын сайхныг ямар үед, юунаас илүү мэдэрдэг вэ?
Н.П: -“Харанга”-ынхан гоё сайхан “юмаа” тэртээ тэргүй хийчихсэн. Бид үр, ач нартаа асар том нэр төрийг үлдээж байна. 2100 он гэхэд “Харанга”-ынхны үр сад бид бүхнээр бахархаад сууж байна. Яагаад гэвэл бид худлаа яриагүй, хулгай хийгээгүй. Бид ариун цагаан хөдөлмөрөөрөө “байшин” босгосон. Амьдралын минь хамгийн гоё сайхан, баяр баясал гэвэл энэ л байна. Ямар ч гомдол алга.
Я.О: -Хүн насаа биш, хүсэл мөрөөдөл, эрмэлзлэлээ бодож амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг. Өглөө босоод “Би ийм юм хийнэ”, орой хариад “Би ийм юм хийсэн шүү” гэж бодож чадна гэдэг л аз жаргал. Би 70 гарсан ч гитараа тоглох л болно. Тайзан дээр, хамтлагтайгаа байхдаа би сайхан байдаг.
Ц.Ч: -Миний хувьд амьдралд жаахан гуниж, гутах үе байдаг ч түүнийгээ гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг бодон эргүүлж цайруулах дуртай. Сайн үйл хийж түүнээсээ аз жаргалыг авах л хамгийн сайхан даа.
-Тэгвэл харамсах үе байдаг уу?
Ц.Э: -Харамсах үе байхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд юу хийсэн, юу дутуу орхисон талаараа эргэцүүлж бодох үе бий.
Х.Л: -Би 23 настайдаа “Харанга”-ын дуучин болж байсан. “20 настайдаа орчихсон бол, хайран гурван жил” гэж л харамсдаг.
-Та нарын тавьсан тангаргийн талаар рок хөгжим сонирхогчид андахгүй мэднэ. Тангараг тавьсан өдрөө дахиад дурсвал?
Ц.Э: -1989 онд анхны тоглолтоо тоглож дуусаад тайзны арын өрөө рүү орж ирээд “Бид хэзээ ч салахгүй. Түрүүлж үхсэнийг нь амиа бодсонд тооцно. Тэр болтол хамтдаа явна шүү” гэж хэлээд тэврэлдэж байлаа. Бид ийм тангараг тавьсан. Энэ тангарагтаа одоо ч үнэнч яваа.
Н.П: -Түрүүлж үхэхгүйн тулд хүн эрүүл байж, биеэ зөв авч явах ёстой болно. Ингэхээр энэ дөрвийн өмнө маш том хариуцлага үүрч байгаа юм. Хамгийн сүүлд ганцаараа үлдсэн хүнд ямар байх вэ гэдэг л хамгийн аймшигтай зүйл.
-Уулзалгүй удвал нэгнээ санадаг уу?
Ц.Э: -Бид хэзээ ч салж чадахгүй. Яг л ах дүү шиг болсон хүмүүс. Долоо хоног л утсаар ярихгүй бол нэг нэгнээ үгүйлээд байдаг. Амьдрал хэцүү болсон ч, сайхан байсан ч бид хэзээ ч салж чадахгүй.
-“Бидний уран бүтээл үерхэл нөхөрлөлөөс минь төрсөн” гэж Ц.Энхманлай ах хэлсэн удаатай. 40 гаруй жил найзалж буй та нараас нөхөрлөл гэдэг үгийн утгыг сонсъё?
Н.П: -Энэ олон жилийн дараа эргээд харахад, өнөөдрийг хүртэл тасралтгүй хамт байсаны шалтгаан нь нөхөрлөл байгаа юм. Бид нөхөрлөлийн тод жишээ гэж би бардам хэлнэ. Найз гэхээр л үргэлж сайхан инээгээд явахгүй шүү дээ. Хэрэлдэнэ, маргалдана. Энэ бүхнийг бид 40 гаруй жил хамт туулаад өнөөдрийг хүрсэн юм. Тийм ч учраас сайн найзууд гэж ярих эрхтэй хүмүүс.
Ц.Э: -Олон жил урлагийн төлөө эргэлт буцалтгүйгээр хамт байж чадсан найзууддаа их баярладаг. Хэн нь ч урваж шарваагүй, орж, гараагүй. Зорилгодоо үнэнч байж, бие биенээ хайрлаж, хүндэтгэж чаддагийн баталгаа юм.
О.Я: -Би илүү, чи дутуу гэж нэр хүнд хөөх биш, нэг л зорилгын төлөө зүтгэх хэрэгтэй. Нэг зүйлийн төлөө бүхий л чадлаа дайчлах нь чухал. Түүнээс ирж буй жаргал, зовлон бүгдэд нь л адил тэгш оногдох ёстой. Би тэгж л боддог. Бид ийм шударга найзууд.
Ц.Ч: -Мөнгө, нэр төрийн төлөө бид найзлаагүй. Бид зүгээр л дур сонирхол, хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж найзууд болсон. Тийм ч учраас өдий хүртэл хамт явна. Мөнгөний найз бол өнгөний л найз шүү дээ.