Үндэсний урлаг, өв соёл, бахархам түүх маань ямар ч өндөр хэмжээний айлчлал, арга хэмжээнд бидний нүүрийг тахалж чаддаг. Саяхан болсон АСЕМ-ын үеэр ч гэсэн таван хошуу малыг нэг дор бэлчээн, түүх, бахархлаа хамтад нь толилуулсан бэсрэг наадам өндөр хүндтэй зочдын таашаалд нийцсэн.
Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, АСЕМ-ын бэсрэг наадам зэрэг дараалсан олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, багаараа ажилласан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал Г.Цоггэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өөрийгөө дарга биш менежер гэж тодорхойлсон. “Ажлын нэг өдөрт чуулгынхаа байранд дээш доош гүйсээр би таван км алхчихсан байдаг юм” гэж ярьсан энэ эрхэм “Өнөөдөр”-ийн уншигчдад үгээ хүргэхээр нэг цагийн турш өрөөндөө тухалсан юм.
-ҮДБЭЧ чухал олон арга хэмжээний арыг “дааж”, үүрээд гардаг хэрнээ улсын байгууллага болохоор нэр нь нэг их дурсагдахгүй юм. АСЕМ-ын бэсрэг наадам болон Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтын цөм нь танай уран бүтээлчид байлаа.
-ҮДБЭЧ бол Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. ЮНЕСКО-д бүртгэсэн үндэсний урлаг, биет бус өвүүд болох уртын дуу, морин хуур, хөөмий, бий биелгээ гээд бүгдээрээ л энэ голомтод байна. Монголд ирж байгаа дэлхийн хүндтэй зочдыг манай чуулгын уран бүтээлээр угтаж, үддэг. Би энэ байгууллагын захирлаар ажиллаад дөрвөн жил болж байна. Анх ажлаа авчихаад Үндэсний урлагийн их театр гэдэг нэрийг авах хэрэгтэй гэж чамд ярьж байлаа. Тэгвэл энэ хүсэл минь биелэхэд их ойрхон байна. ҮДБЭЧ гэдэг нэр энэ том айлд багадаж байна. Хувцас нь багадчихсан хүн шиг л яваа юм.
Уран сайхны зөвлөлд багтдаг найруулагч, хөгжмийн зохиолч, удирдаач гээд урлагийн хүмүүс өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, ажлынхаа төлөө сэтгэл гаргаж тэмцдэг, гайхамшигтай сонин ертөнцтэй хүмүүс. Энэ хүмүүсийг нэг баг болгож, хооронд нь зөрчилдүүлэхгүй ажиллаж чадлаа. Би энэ ажлыг авснаасаа хойш нэг ч хүн халж, солиогүй. А.Цэдэн-Иш захиралтай ҮДБЭЧ-д хэн ямар ажил хийж байсан тэр хэвээр нь энэ менежментийг хийсэн.
Ерөнхийлөгч “АСЕМ шиг байя, АСЕМ шиг сэтгэе” гэж ярьж байна. Үнэхээр ийм эв нэгдэл, нэг зорилго байвал ямар ч ажлын ард гарч болохыг манай хамт олон харуулсан. Энэ байгууллагынхан үүдний жижүүрээсээ захирал хүртлээ нэг сэтгэлтэй байж чаддаг. Байгууллагынхаа нэрэнд сэв суулгаж, муулуулахгүйн төлөө ажилладаг. Нэг гэр бүлийнхэн шиг л элэгтэй. Тиймдээ ч хийсэн бүтээсэн, хийх бүтээх нь ч арвин энэ байгууллагаас Үндэсний урлагийн их театр гэдэг нэрийг хэн ч харамлахгүй байх гэж би бодож байна.
-Зуны турш жуулчдад тасралтгүй тоглолт хийхийн зэрэгцээ ойн арга хэмжээ, тэмдэглэлт баяр, айлчлал гээд бүх зүйлд оролцож чаддаг нь нэгдмэл зохион байгуулалтын давуу тал юм аа.
-Мэргэжлийн урлагийн 5-6 байгууллага Улаанбаатар хотод бий. Хамгийн их ачаалалтай ажилладаг нь манайх. Зуны дөрвөн сар жуулчдад зориулан тоглолт хийдэг. Соёлын өдрүүд, айлчлалтай холбоотойгоор гадаад, дотоодод тоглолт хийж, машинаар бол огт унтрахгүйгээр ажиллаж байна. Машиныг байнга асаалттай байлгахын тулд шатахууныг нь дуусгахгүй, арчилгаа, тордлогоог нь сайн хийх ёстой. Шатахуун нь цэвэр тунгалаг, сэлгээний уран бүтээлчид нь байнга бэлэн, нэг сэтгэлтэй байлгахын төлөө ажиллалаа. Анх ардын урлагийн талаар тийм ч их мэдлэггүй байсан болохоор энэ ажлын саналаас татгалзаж байсан.
Харин одоо бол “Хэрэв би энэ байгууллагыг удирдаж, энэ том хөдөлгүүрийг ойлгож, нэг хэсэг нь болж яваагүй бол яах байсан юм бэ” гэж боддог. Эх орныхоо нүүр царай болсон байгууллагыг дөрвөн жил удирдсанаараа үнэхээр их бахархаж байна. Байгууллагаа хэнд ч муулуулахыг хүсдэггүй. Ажил явж байгаа болохоор алдаа, оноо гаралгүй яах вэ. Хийж байгаа хүмүүс зөв гарцаа олж л урагшлах ёстой. Төрийн концерт, АСЕМ-ын бэсрэг наадмыг бэлтгэж байхад асар их шүүмжлэл ирж, янз бүрийн хүний амбийц мэдрэгдэж байсан. Монголын урлагт амбийц их шүү дээ. Харин манайхан тэр амбийцыг байхгүй болгож чадсан.
Манай урлагийнхан нэг нэгнээ урамшуулахдаа тааруу байдаг юм. Харин бид нэгнээ дэмжиж, болж байгааг нь магтах дуртай. Энэ том байгууллага хэдийнэ атгасан гар шиг нэг цул болж чаджээ. Ийм нэгдмэл байгууллага ямар ч хүчтэй сорилыг сөрж зогсоод Монголынхоо нэрийг аваад гарч чадна шүү дээ. Та монгол хүн мөн л юм бол, таны зүрх сэтгэл зайлшгүй нэг зүйлээр догдлон, бахархах ёстой. Энэ бол үндэсний урлаг. Үндэсний урлагаасаа бид өөрсдийнхөө хэн байсныг, хэн байгаагаа, хэн байх ёстой гурван цаг үеэ мэдэрч чаддаг. Энэ урлаг үггүй, тайлбаргүйгээр зүрхэнд ойр тусдаг. Түүх, ёс заншил, оюун сэтгэлгээ шингэсэн үндэсний урлагаа бид л үнэлэн цэгнэж, өргөн мандуулах ёстой. Монгол түмний үндэсний урлаг бол нэрийн хуудас юм аа.
-“Жороон жороо”, “Шилийн богд” гээд сайхан бүжгүүдийн зураг сошиал медиагаар нэлээд тарсан. АСЕМ-ын далимаар монголчууд ч бас анзаардаггүй байсан үндэсний урлагаа тодруулж ойлгосон юм болов уу?
-Аливаа уулзалтын цаана хурал, цуглаан, бичиг, цаас, дэмжих туслах тохиролцоо гэх мэт наймааны ажил л яригддаг. Хэн ч өгч байгаа юмандаа харам байх нь ойлгомжтой. Тийм үйл явцын дараа үндэсний урлагийн тоглолтыг үзэж омогшоод, тэр сэтгэгдлээрээ Монголыг төсөөлж байгаа юм. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа сэтгэгдлүүдээс харахад манай үзүүлбэр болгонд ач холбогдол өгч, нарийвчлан бичсэн байсан. Гавьяат жүжигчин А.Даваахүүгийн дэглэсэн “Шилийн богд” хэмээх эр хүний хийморь сүлдийг илэрхийлсэн бүжгийн хувцас, ташуурыг хүртэл онцгойлон магтсан байна лээ.
Баруун монгол бүжгийн хөдөлгөөн, бий бийлгээний гайхамшгийг шигтгэсэн Д.Баярбаатарын “Жороон жороо”-г мөн онцлон ярьж байсан. Манай чуулгын оркестр, бүжигчид, дуучид бүгдээрээ гайхалтай. Энд дандаа авьяастай хүмүүс байдаг юм. Энэ чуулгын гал голомтыг бадраалцаж, өнөөдрийн хоолыг нь бэлдэж өгчихөөд явсан, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн 100 жилийн ой болж байна. “Монгол бүжгийн чуулбар”, “Саальчин”, “Адуучин” бүжиггүйгээр манайхыг төсөөлөхөд бэрх. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга байгаа болохоор энэ бүх үндэсний брэндүүд маань түмэнд түгж байгаа.
Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө Ардын урлагийн их театр байгуулж, соёл урлагийн ажилтнуудын цалинг бодитоор нэмнэ гэж тусгасан байсан. Ерөнхийлөгч болон шинэ Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга, гишүүдэд бид ч бас энэ тухай ярьж, нэлээд сайн ойлгуулах гэж хичээсэн. Тэд ч нааштай хүлээн авсан. Тийм болохоор Үндэсний урлагийн их театр гэсэн нэрээ авахад ойрхон байгаа гэж дээр хэлсэн юм.
-Энэ гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа уран бүтээлчид нь өөрийн гэсэн байргүй, “айл”-ын хаяанд толгой хоргоддогийг АСЕМ-д оролцсон Төрийн тэргүүнүүд, сайд нар мэдсэн бол байр амлах байсан даа гэж би найздаа хошигнон ярьж байсан юм. Үнэхээр ҮДБЭЧ гэдэг том айл байргүй гэж бодохоор харамсалтай юм аа.
-Би ч их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн л дээ. Хүн угаасаа л мөрөөдөж амьдардаг. АСЕМ-ын бэсрэг наадмын ерөнхий продюсерээр ажиллаж байхдаа хүмүүсийн нүд рүү хараад, хэн нэгэн нь тэгээд амлачихдаггүй юм байх даа гээд л бодож байлаа. Энэ том байгууллага өөрийн гэсэн байргүйг тэд мэдэхгүй л дээ.Удахгүй Үндэсний урлагийн сайхан ордонтой болох байлгүй дээ. АСЕМ-ын арга хэмжээнд бид дөрөвдүгээр сараас хойш оролцсон. Энэ оны нэгдүгээр сард уран бүтээлчдээ амрааж, ажилд нь оруулаад 120 гаруй хоног АСЕМ-аар амьсгалж, ерөнхий найруулагч Д.Ганболд, уран бүтээлийн хэлтсийн дарга Х.Энхбат, бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ерөнхий удирдаач Д.Буянбаатар, уран сайхны удирдагч А.Цэдэн-Иш, дэд захирал, найруулагч Н.Болд болон уран бүтээлчид бүгд толгой дараалан энэ ажилд оролцсон.
Энэ жилийн наадмын нээлт, Төрийн хүндэтгэлийн тоглолт сайхан болсон тухай хүн бүр л ярьж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагууд нэг баг болж ажиллаж чаддаг жишгийг үнэхээр энэ удаа харууллаа.
-Мэргэжлийн урлагийн байгууллагуудаа улс бодлогоор дэмжиж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах ёстой хэдий ч нэгэн цаг үед орлого, ашиг багатай нэрийдлээр театр, циркийн хаалгыг нь барьж, хувьчилсан. Харин танайх бүх ачааллаа даахын зэрэгцээ орлого ашиг хангалттай олдог уу?
-Бид заасан хэмжээг нь байнга давуулж биелүүлдэг. Бидэнд нэг тэрбумыг ч олох боломж бий. Харамсалтай нь энэ хоёр том байгууллага нэг тайзан дээр ээлжилж ажилладаг болохоор уран бүтээлийн чанар, бэлтгэл хийх хугацаа гээд тулгамдсан асуудал их бий. Мэргэжлийн урлагийн энэ олон байгууллага дунд хамгийн олон уран бүтээлчтэй нь манайх. 214 хүн энд ажилладаг. Эх орныхоо нүүр царай нь болж байгаа энэ байгууллагад зохих ёсны нэрийг нь Засгийн газар олгоод, газрыг нь Нийслэлийн удирдлага шийдчихвэл барилга барихад хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгарахгүй байх гэж би боддог. Ард түмэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар үүнд тусалчих байх. Үүний төлөө би бүх түвшинд хүрч, хөөцөлдөх болно.
-Ажлаа аваад удаагүй байхдаа та Үндэсний их найрал хөгжмийн ойг Соёлын төв өргөөнд сүр дуулиантай хийж, рок, попын алдартай дуучидтай хамт тоглуулж байсан. Энэ ч бас шинэ менежмент байсан.
-“Хувьсал” продакшныг удирдаж байснаас гадна, улс төрийн менежер мэргэжил эзэмшсэн болохоор ардын урлагаас хол хөндий л дөө. Одоо “Хувьсал”-ын 15 жилийн ой болох гэж байна. Энэ хугацаанд манайх 28 жүжиг, рок,попын дуучдын болон жүжгийн дууны тоглолт хийчихээд одоо дэлгэцийн тав дахь бүтээл рүүгээ орчихоод байна. Энэ ажлыг авснаас хойш “Монголын их хатад” бүжгэн жүжиг, “Оройн дээд” дуулалт жүжиг, Үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн ойн тоглолт болон байгууллагынхаа 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Манай хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ агсны охин нь “Аавыг минь хаана ажилладаг байсныг хүмүүс мэддэггүй юм” гэж ярьж ч байсан. Манай бүжигчин Мандухай ч бас тэгж хэлж байсан. 2012 онд ажил авсныхаа дараа “Халуун элгэн нутаг” дууны клипийг хийж, бүх уран бүтээлчдээ хамруулсан. Их олон уран бүтээлчийн гэр бүл, ханиараа, үр хүүхдүүдээрээ бахархсан байх. Наадам, төрийн концертын үеэр ч бас гэр бүлийнхэн нь бахархаж омогшсон гэдэгт итгэлтэй байна. Би хувийн продакшны менежментийг л төрийн ажилд ашигласан.
Надад бас нэг мөрөөдөл бий. Мэргэжлийн урлагийн бүх байгууллагыг хамруулаад Л.Мөрдорж гуайн “Эх орон” дууг дүрсжүүлнэ. Энэ дуугаар Монголын бүх урлагийн байгууллагын сүр хүч, чадал чансааг харуулж “буян” үйлдье гэж бодож байгаа.
Хубилай хааны үед 512 хүнтэй найрал хөгжим байсан нь түүхэнд бичигдсэн байна. Тэгвэл ирэх жил бид ойн үеэрээ 580 хөгжимчинтэй, төрийн их оркестрыг дуугаргана. Хубилай хааны мэндэлсний ойгоор өнгөрсөн жил манай Н.Болд ах найруулж, 300 хөгжимчинг их хааныхаа хөшөөний өмнө тоглуулсан. Монголчууд үндэсний урлагтаа хайртай шүү дээ.
-Шинэ Засгийн газар байгуулагдаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай боллоо. Та Соёлын яам тусдаа байх ёстой гэж боддог уу?
-БСШУЯ, БСШУСЯ, ССАЖЯ-ны аль нь байх эсэх нь тийм ч чухал биш. Харин хэн тэргүүлэх нь л чухал. Муу сайдтай байж бид үзсэн. Адилхан л унасан. Минийхээр бол энэ яамдын сайд, төрийн нарийн бичгийн даргаас дооших бүх албан тушаалтнууд сайн менежер л байх хэрэгтэй. Хурдтай, уялдаатай ажиллаж чаддаг байх нь чухал. Театр, чуулгын дарга нь өрөөндөө суучихаад сайд, газрын даргаа муулаад байх нь утгагүй. Юу нь болохгүй байгааг харилцан ярилцаж, маш шуурхай нэгдэж баг болон ажиллах хэрэгтэй.
Би ч гэсэн өөрийгөө менежер гэж боддог. Уран бүтээлчдийнхээ хэнд нь ямар бэрхшээл байгааг мэдэж, түүнд нь тусалж, тайзан дээрээ гал цогтой, сэтгэл хангалуун гарах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгж чадвал надад кайфтай. Би өнөөдөр энд чамтай ярилцаад өрөөнөөсөө гаралгүй сууж байна. Түүнээс биш ажилдаа ирээд л уран бүтээлчдийнхээ өрөөгөөр орж, ямар ажил байна, юу хийх үү гэж ярилцдаг. Байгууллага дотроо өдөрт таван км зам туулчихсан байдаг юм. Үүндээ ч би дуртай.
-Хэрэв та төрийн байгууллага удирдалгүй “Хувьсал”-ын захирал хэвээрээ байсан бол илүү ашигтай ажиллах байсан байх аа?
-Манай эхнэр тоглоом, шоглоомоор “Чамайг “Хувьсал”-ын захирал байхад гэрийн эдийн засгийн нөхцөл илүү байсан. ҮДБЭЧ-д очоод ямар ч нэмэр алга” гэдэг. Адилхан урлагийн хүн болохоор миний жаргал, зовлонг хань минь сайн мэднэ. 11 жил “Хувьсал”-ын захирлаар ажиллаад энд ирсэн. Урнаа маань “Хувьсал”-аа авч яваад дөрвөн жил болж байна. Тэгээд би бас тоглоомоор “Би гэр бүлээ арван жил тэжээлээ. Одоо чи намайг тэжээ. Би төрийн ажлаа хийе” гэдэг юм. Энд би 894 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Гэхдээ энэ ажил миний бахархал. Хамт олноо шагнуулах, баяртай сайхан үйл явдал тохиолдоход хамт байх дуртай.
Хөдөө аялан тоглолтоор явсан ч уран бүтээлчдээ тухтай орон дээр амрааж, усанд орчихдог өрөөтэй байранд байлгахыг хүсдэг. Ингэж нэг бүрчлэн анхаарч ажиллахдаа би өөрөө сэтгэл хангалуун болж, баярладаг. Намайг ажил авснаас хойш манайхаас гурван гавьяат төрж, 50 гаруй хүн төрийн өндөр дээд шагнал хүртсэн. БСШУЯ-ны шагналтай нийлбэл ихэнх хүн буюу манай уран бүтээлчдийн 60 хувь нь ямар нэгэн шагнал хүртжээ. Хүн баярлуулж явах сайхан шүү дээ.
Аав минь ч гэсэн бусдад туслачихаад хариу бүү хүлээгээрэй гэж хэлдэг байсан юм. Буян хийх тусмаа хойчийнхонд чинь хэрэгтэй гэдэг байлаа. Манайхны авч байгаа цалин бага хэдий ч энэ их ажлын ард сэтгэлээрээ л гардаг юм. Тэр сэтгэлийг бөхөөлгүй ажиллах нь миний хүсэл. Энэ байгууллагын оройн дээд шүтээн бол уран бүтээлчид минь юм шүү дээ. Тэд байхгүй бол Цоггэрэл тайзан дээр гараад дуулахгүй, бүжиглэхгүй, хөгжимдөхгүй.
-Гэр бүлийнхээ хүний хийж байгаа ажилд хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Таны эхнэр У.Уранчимэг “Хувьсал” продакшныг ямар хэмжээнд авч явж байна вэ?
-Би их муухай ааштай, учрыг нь олоход бэрх хүн. Харин хань минь хүн чанарын хувьд дэндүү тэнгэрлэг. Хүмүүс түүнийг минь ааш муутай гэж хардаг байх. Үнэндээ асар ухаалаг, дайчин, сайн хань, найз байж чаддаг эмэгтэй. Би энэ ажлыг сэтгэлээрээ тайван хийж байгаа нь ханьтай минь салшгүй холбоотой. Эмэгтэй хүний чамбай ухаанаар Д.Ганцэцэг, А.Ганчимэг нартайгаа “Хувьсал”-аа маш сайн авч яваа. Мэргэжлийн түвшний уран бүтээл хийж, театрын түүхэнд нэрээ мөнхөлсөн “Хувьсал” одоо дэлгэцийн уран бүтээл хийж байна. Хамгийн өндөр орлоготой кинонуудыг энэ продакшн хийсэн.
Холливудад өнгө шүүлгэж, дуу шуумыг нь тохируулсан, дэлхийн стандартын бүтээл болж “Атганд үлдсэн эрдэнэ” кино гарсан. Энэ киноны Тайвнаагийн дүрд тоглосон А.Ганчимэг сүүлийн 15 жилд Монголын дэлгэцийн урлагт байгаагүй гайхамшигтай дүр бүтээсэн. “Хувьсал”-ыг хүмүүс дарах гэж оролддог ч чаддаггүй. Авьяас, зүтгэл, урлагийн төлөө гэсэн сэтгэл байдаг болохоор яах ч арга байхгүй. Кино хийхдээ дүр дээрээ гурван сар ажиллаж, сургуулилалт хийчихээд зурганд гардаг газар байна уу. Манайхан тэгдэг. Тиймдээ ч чансаатай кино гаргадаг.
-Та чуулгын дарга болсноосоо хойш амарч чадсан уу?
-Одоо хүртэл амраагүй байна. Үндэсний их баяр наадмын комисст ҮДБЭЧ-ын захирал заавал байх ёстой. Ингээд л зун болгон ажилладаг. Уг нь аав минь хурдан удмын адуутай, түүнийгээ уядаг байсан ч чуулгад ажиллах болсноосоо хойш морио уяж чадахаа больсон. Гэхдээ эх орныхоо нэрийг дуурсгадаг ийм том хамт олны “уяа сойлго, хурд хүч”-ийг нь тааруулж, нэг баг болгон, нүүр улайхгүй, сэтгэл бардам ажиллаж байгаа нь хамгийн том бахархал юм даа.