“Кино бол хуурах урлаг” гэж нэгэн найруулагч хэлсэн нь бий. Нээрэн л уран бүтээлчдийн ур чадвараар байхгүй зүйл бий болж, санаанд оромгүй үйл явдлыг болсон мэтээр үзүүлдэг нь кино урлагийн гайхамшиг. Энэ л гайхамшгийг бүтээдэг уран бүтээлчдийн нэг бол нүүр хувиргагчид. Зохиолчийн сэтгэлдээ ургуулсан дүр найруулагчийн мэдрэмжээр бий болж, зураачийн нүдээр тодорч, нүүр хувиргагчдын ураар амилдаг. Жүжигчний жүжиглэх авьяасыг улам тордож, дүрийг нь улам тодруулдаг “шидтэн”-үүдийн нэг Б.Эрдэнэчимэгийг “Далд хүмүүс” ил гаргаж байна. Тэрбээр “Адам”, “Ану хатан”, Эх орон дуудаж байна”, “Үл таних эмэгтэй”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг бидний үзэх дуртай олон бүтээлд ажиллажээ.
-Та анх ямар кинонд нүүр хувиргаж байсан бэ?
-Анх БНСУ-ын EBS телевизийн бүтээсэн “Чингис хаан” баримтат уран сайхны кинонд нүүр хувиргагчаар ажилласан. Тус киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон юм. Түүний дараа МҮОНТ-ын “Хэцүү анги” олон ангит кинонд ажилласан. Үүний дараахан найруулагч Ж.Сэнгэдоржийн “Адам” уран сайхны кинонд жүжигчдийн нүүрийг хувиргасан даа. Багаасаа сонирхсон хообийгоороо л ажиллаж өнөөг хүрч байна.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд ажилласан бэ?
-Одоогийн байдлаар 30 гаруй кинонд ажиллажээ. Үүнээс 10-аад нь нэлээд өргөн хэмжээний, түүхэн кино. Би өөрөө нарийн ажиллагаатай, ур чадвар шаардсан, мөн монгол ахуйг харуулах кинонд ажиллах илүү сонирхолтой. Киноны зураач Энхтүвшин агсан намайг анх “Адам” кинонд сонгон ажиллуулж байлаа. Хүний биеийн бүтэц, түүний онцлог, түүн дээр ямар өнгийг хэрхэн хослуулах ёстой вэ гээд л мэргэжлийн зөвлөгөө их өгдөг байсан даа. Энхтүвшин ахдаа үнэхээр баярлаж явдаг юм. Бүх уран бүтээлдээ чамбай ажиллаж, мэргэжлийн уран бүтээлч болсноо баталж баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг.
-Таны оролцсон киноноос хамгийн урт хугацаанд үргэлжилсэн нь ямар кино вэ?
-Миний ажилласан ихэнх киноны зургийг гурваас дээш сар авсан байдаг юм. Хамгийн удаан нь “Улаан эрэг” олон ангит кино байлаа. Уран бүтээлчид зургаан сар гаруй нэг дор байрлаж ажилласан. Маш сайхан баг, хамт олон бүрдсэн шүү.
-Түүхэн кино хамгийн ярвигтай юу?
-Түүхэн кино бол уран бүтээлчид төдийгүй продюсерүүдийн хувьд “хатуу самар” шүү дээ. Маш өндөр шалгуур тавьж уран бүтээлчдийг сонгодог. Кино бол багийн бүтээл. Тиймээс тухайн багийнхан бүгд ур чадвартай, хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулж байж хамтын бүтээл нь цогц болох ёстой.
-Нүүр хувиргагчид зургийн авьяастай байж л үзэгчдийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг "урладаг" байх?
-Зураачийн зурж, тодорхойлсон дүр төрхийг бий болгодог гүйцэтгэгч нь нүүр хувиргагч. Хүний нүүрэн дээр зурна гэсэн үг шүү дээ. Жүжигчний дотоод “тээш”-ийг гаднах байдалтай нь хоршуулж “наадаг” нарийн шаглаачид нь бид юм даа.
-Нүүр хувиргагчид ч тухайн киноны зохиолыг бүрэн уншиж, хэрхэн ажиллахаа төлөвлөж, бэлтгэж байж зургаа авахуулж эхэлдэг. Киноны дүрүүдийн судалгааг ч хийдэг байж таарна. Та дүрийн судалгааг яаж хийдэг вэ?
-Түүхэн, орчин үеийн гэлтгүй ямар ч кино бүтээл судалгаагүйгээр юу ч биш. Дүрийн, угсаатны, ахуйн, зан төлвийн гэх мэтчилэн олон төрлийн судалгаа хийнэ шүү дээ. Бас нүүр хувиргахад ашиглах бүтээгдэхүүний судалгааг ч хийдэг.
Хүний дотоод сэтгэлийн толь гаднах байдлаараа илэрдэг учраас тухайн дүрийг хэрхэн будахаа маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй болдог. Нүүр хувиргагчид сэтгэл судлалын мэдлэгтэй, мэдрэмжтэй байх ёстой. Хүссэн хэн ч жүжигчний хувцсыг сэглэж, нүүрийг нь халтартуулаад архичны төрхийг хагас дутуу илэрхийлж чадна. Харин мэргэжлийн хүмүүс тухайн архичны дүрийг нь судалж, хийсэн нүүр хувиргалтаа жүжигчиндээ ойлгуулж чаддаг юм. Жүжигчдийн сэтгэл зүй, нүүр, биеийн хөдөлгөөнийг судалж байж ажлаа хийж эхлэх ёстой.
-Тайзны нүүр будалт, киноны нүүр будалт ялгаатай юу?
-Төстэй зүйл ч, өөр тал ч бий. Хэрэглэдэг будаг, будах арга өөр.
-Сүүлийн үед киноны нүүр хувиргагчаар дандаа гоо сайханчид ажиллаад байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Манайд энэ чиглэлийн мэргэжлийн сургалт зохион байгуулдаггүй. Тэгэхээр кинонд ажиллах сонирхолтой, жаахан гарын дүйтэй хэн ч сонирхож, ажиллаж болоод байгаа юм. Кино урлагт хүч нэмээд явж буй нь сайн ч, үр дүн нь тийм ч сайнгүй. Цаашдаа мэргэших нэг нь ур чадвараа ахиулаад явна биз дээ. Мэдээж нүүр хувиргагчийн нарийн ур чадвар шаардагдах кинонд тийм хүмүүсийг ажиллуулахгүй л дээ. Тэгээд ч киноны найруулагч, продюсерүүд хэн нь хэн бэ, хэнийх нь ажиллах арга барил тухайн кинонд тохирох вэ, хэнтэй нь илүү гар нийлж ажиллаж чадах вэ гэдгээ мэддэг болчихсон.
-Гадаадад нэг кинонд хэд хэдэн мэргэжлийн нүүр хувиргагч ажилладаг. Гэтэл манайд ганц хүн л хүн бүрийн нүүрийг будаад, цаг наргүй гүйж байгаа харагддаг.
-Ямар кино вэ, хэр их уран бүтээлчийг хамруулж буй вэ гэдгээс хамаараад өөр өөр. Ажлын нөхцөл, ачааллаас шалтгаалаад 2-3 нүүр хувиргагч ажиллуулах үе бий. Орчин үеийн сэдэвтэй бүрэн хэмжээний кинонд бол ганц л хүн ажилладаг.
-Үс засах, хувцасны загвар төлөвлөх ажлыг ч та хариуцдаг уу?
-Хувцасны загварыг зураач төлөвлөнө. Харин жүжигчдийн үс засалтыг давхар хариуцдаг.
-Хиймэл сахал, үсийг нүүр хувиргагчид хийдэг хэрэг үү?
-Кинонд ашиглах үс, сахлыг бид өөрсдөө л хийнэ шүү дээ. Манайд эдгээр зүйлийг үйлдвэрлэдэггүй. Энэ чиглэлийн техник, арга барилаар бид яах аргагүй хоцрогдож яваа. Зайлшгүй тохиолдолд зарим бүтээгдэхүүнээ гадаадаас худалдаж авдаг.
-Зориулалтын будгаа та хаанаас явдаг вэ. Нүүр хувиргагчид өөр өөр брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа харагддаг. -Киноны гэрэлтүүлэг, зураг авах камер өдөр ирэх тусам шинэчлэгдэж, тэр хэрээр биднээс жүжигчдийн нүүрийг өөгүй хувиргах чадвар шаардаж байна. Би Бээжингийн кино академи, Хятадын алдарт Сувдан театрын нүүр хувиргагчидтай хамтарч ажилладаг. Сүүлийн таван жил тэдний хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа.
-Нүүр хувиргалтын хичнээн төрөл байдаг вэ. Та хэчнээн төрлөөр нь ажиллаж байгаа вэ?
-Нүүр хувиргах чиглэлээр дэлхийн хэмжээний сургалт зохион байгуулдаг Холливуд, Канад, Австралийн хичээлийн хөтөлбөрүүдэд үндсэн 12 төрлийг заадаг юм билээ. Ихэнх нүүр хувиргагчид зургаан төрөлд ажилладаг. Би тухайн киноны зохиолтой эхэлж танилцаад ажиллах, эсэхээ шийддэг.
-Жүжигчид нүүрээ будуулсны дараа айх, гайхашрах тохиолдол олон гардаг уу?
-Янз бүрээр хүлээж авдаг шүү. Аймшгийн болон тулаант киноны нүүр хувиргалтаас жаахан цэрвэдэг. Аргагүй дээ, танигдахгүй болтол нь хувиргаж байгаа юм чинь.
-Дэлгэцийн бүтээл үзэх бүртээ хэрхэн нүүр хувиргасныг нь хардаг байх. Гадаадын болон дотоодын ямар бүтээлийн нүүр хувиргалт танд аятайхан, онцгой санагддаг вэ?
-Тийм их олон бүтээл бий. Миний багш “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Удвал цэцгийн хүрээлэн” гэх мэт олон кинонд ажилласан хятад хүн бий. Сүүлийн үед үлгэрийн болон уран зөгнөлт киноны нүүр хувиргах ажлыг голчлон сонирхож байгаа. Манайх чинь баялаг түүхтэй, үлгэр туульстай ард түмэн шүү дээ. Өөрсдийн үлгэр, туульсаар тийм төрлийн кино хийвэл ажиллаж үзэх сэн гэж хүсдэг юм. Болдоггүй бор өвгөн, түүний нисдэг бор морь гээд л сонирхолтой үлгэрийн баатруудыг амилуулах юм сан.
-Та сүүлд “Бүү март” кинонд Ж.Батмөнх агсныг дуурайлган бүтээж, жүжигчнийг адилхан болгож будсан. Улс төрийн зүтгэлтэн, дээр нь хүмүүсийн сайн мэддэг хүнийг “бүтээх” хэцүү байв уу?
-Уг нь гадаадаас нүүр хувиргагч ирж хамтрах ёстой байсан юм билээ. Гадаадын хүмүүстэй ажиллах учраас хэлний мэдлэгтэй нүүр хувиргагч ажиллуулна гээд надад санал тавьсан юм. Киноны зураач Хүлэг “Чамд техник нь байна, надад баримал хийх чадвар байна. Хоёулаа ажиллаад үзье” гэсэн. Надад ямар жүжигчид гол дүрд тоглох, хэрхэн хувиргах нь их сонирхолтой санагдаж байлаа. Тэгээд байнга л продюсер Ж.Мөнхбат, найруулагч А.Мөнхсүх нараас асууна. Ж.Батмөнх гуайн дүрийг бүтээсэн Н.Төмөрбат агсныг эхэндээ туслах дүрд тоглуулахаар сонгосон юм билээ. Гэтэл нүүрний бүтэц, биеийн хэлбэр нь Ж.Батмөнх гуайтай их ойролцоо таарч, гол дүрийг бүтээсэн дээ.
Нүүрийг нь хэрхэн хувиргах тухайгаа зөвлөх гэхээр өөдөөс “Хэрхэн хувиргахаа чи мэд. Жүжиглэхээ би мэдье” гэж хэлж билээ. Киноны зургийн 80 хувь орчмыг авсны дараа Н.Төмөрбат ах маань зуурдаар таалал төгссөн дөө. Үлдсэн зургийг орлон тоглогч ашиглан авч, график ашиглан киногоо дуусгасан. Ж.Батмөнх гуайг сайн мэдэх, ойр дотнын хүмүүс нь одоо ч сэрүүн тунгалаг бий. Тийм болохоор ажлаа муу хийж шүүмжлүүлэх вий гэж их эмээж байлаа.
Нүүр хувиргахад ашигласан тусгай эффектийн материал их өндөр үнэтэй. Манайд зөвхөн нүүр хувиргалтад зориулж тийм их төсөв баталсан кино би лав мэдэхгүй. Зураг авч эхлэхээс өмнө би өөрөө Хятад руу явж ашиглах материалуудаа авсан юм. Намайг замдаа саатсанаас болж манай баг зураг авах өдрөө хойшлуулсан. Ирэнгүүтээ хамаг хиймэл арьсаа бэлэн болгож наагаад л зургийн талбай руу яваад очтол зөндөө загнуулсан. Мэдэхгүй зүйлүүд маш их гарсан. Хэн нэгнээс асууя гэхээр манайд мэддэг хүн нэг ч байгаагүй.
-Танай гэр бүлээс урлагийн хүн бий юу?
-Аав маань геологич, ээж минь нягтлан бодогч хүн байлаа. Ээжийн минь бага дүү Дэлгэр гэж нүүр хувиргагчаар 40-өөд жил ажиллаж буй хүн бий. Тэр эгчийгээ л дагаж кино урлагт хөл тавьсан даа.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юү?
-Миний хань Батболд барилгын бизнес эрхэлдэг. Манайх гурван хүүхэдтэй. Том охин Даваамаа Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн есдүгээр ангид, дунд хүү Хатанбаатар “Орчлон” дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Бага хүү Номтойбаяр маань гурван настай.
-Яг одоо та ямар кинонд ажиллаж байгаа вэ?
-Саяхан найруулагч Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” киноны зургийг авахуулж дуусгалаа. Мөн “Хүлэгү” пикчерсийнхэн тамирчны эгэл амьдралын тухай маш сайхан бүтээл хийсэн. Уг кинонд ажиллаж дууссан. Удахгүй “Хотлун гүнж” түүхэн уран сайхны киноны зургийг авч эхэлнэ. Түүнчлэн Д.Золжаргал ахын найруулах “Чингисийн хүүхдүүд” кинонд АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар гэрээ хийсэн.