Уран бүтээлчийн сэтгэлийн чанадад юу нуугдаж, эрэл нь хаа хүрч өндөрлөхийг хэн ч мэдэхгүй. Үр жимс боловсорч өгөөжөө өгтөл, бяцхан авгалдай өсөн торхиж эрвээхэй болтлоо ямар олон хэлбэр дүрс, өнгөтэй болж өөрчлөгдөж байдагтай адилхан сонирхолтой үйл явц энэ билээ. Таван настай байхаасаа л бийр, цаас нийлүүлсэн энэ залууг Дашнямын Батжаргал гэдэг. Гэрээ тойрон гүйж, тэнгэрт байгаа үүлсийн дүрслэлийг өөрийнхөөрөө тайлж, өөрчлөгдөн хувьсах бүрт нь баярлан хөөрч, ээжийгээ амраалгүй таавар дэвшүүлж, түүндээ хариулж явсан өвөрмөц ертөнц.
Одоо бол тэр дураараа нэгэн. Байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун хэдий ч харах өнцөг нь бусдаас тэс өөр. Таны харж байгаа ногоон өнгийг тэр улаан гэж гөжиж мэднэ. “Над шиг хүн энэ нийгэмд зохицож амьдрах амаргүй” гэх хэрнээ таньдаг нэг хүнээ ч атугай өөрөөр сэтгүүлж, үзэшгүй муухайгаас үзэсгэлэн гоог харах нүд хайрлахыг хичээнэ . “Бид хэтэрхий баригдмал, хэвшмэл, өчүүхэн болчихож” гэж тэр дуу алдсан.
Нэмэх, хасах хэмийн хэлбэлзэл дунд хэдэн мянган километр замын алсаас, өөр өөр цаг үед бүтээсэн 70 гаруй зургаа тэр нэг танхимд багтааж “Хүйн дуу, ногоон зөн” үзэсгэлэнг энэ сарын 15-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээсэн юм. Байшин дотор байгаа хэрнээ л ойн цоорхойд яваа мэт, намрын навчис цацлан буух шиг, нарны гэрэл моддын завсраар үзүүр гарган хурдлахтай адилхан сэтгэгдэл төрүүлэх түүний зургууд, этгээд сонин яриаг элдэв хачиргүй байгаагаар нь хүргэе.
-Зураачид өөрийн гэсэн өнгө байдаг уу?
-Тухайн зургийн өнгийг та хүссэнээрээ л харна. Туйлын ногоон, улаан, шар өнгө гэж байхгүй. Орчин үеийн дүрслэх урлагийн чиг хандлага ч үүнийг тодорхой харуулж байна. Хүнд төрүүлж буй сэтгэгдэл л бүх зүйлийг тодорхойлно. Ихэнх үзэгч миний зургуудыг ногоон суурьтай гэж харж болох юм. Харин би байгалийн бүх л өнгийг тэр чигээр нь буулгахыг хичээж, та бүхний өмнө сэтгэлээ дэлгэлээ.
-Тэгвэл таны бүтээлийн туйлын зорилго юу вэ?
-Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг урлаг тодорхойлдог. Би урлагийн чиг хандлагыг арай өөр, шинэ түвшинд гаргахын төлөө л өдий хүртэлх туурвилаа зориулж байгаа.
Түүхэндээ баригдаж, дэндүү их мэдлэгжсэн хүн төрөлхтний энэ иргэншил эргээд хүмүүст дарамт үзүүлж байна. Үүнийг чөлөөлж, дарамтгүй байгалийн зөн совин, мэдрэхүйг хүртээхийг зорилоо. Уран бүтээл хийхийн тулд баллуурдах, зохиомжлох, судалгаа хийх, хар зураг гаргах гэх мэт олон үе шат байдаг. Харин миний бүтээл урссан, хаялсан, ганц хоёроороо бударсан өнгө аястай. Манан татсан ч байгаа. Гэнэт хүчтэй шаагисан бороо орж, ширүүн салхи гарсан нь яг тэр байгаагаараа л дүрслэгдсэн. Байгалийн өнгө аясаар нь зургаа буулгасан болохоор хэн нэгэнд дарамт өгөлгүй, урлагийн ойлголтоос хүнээ чөлөөлж, харах хаалгыг нь томоор нээхийг хүслээ. Ус, шороо, чулуу бүгд л байгалийн бүтээл шүү дээ.
Уншигч танд энэ хүртэлх яриа хачирхалтай санагдаж мэднэ. Гэхдээ Дүрслэх урлагийн музейд энэ сарын 29 хүртэл үргэлжлэх түүний “Хүйн дуу, ногоон зөн” үзэсгэлэнд та өөрийн биеэр зочилж үзвэл бодол тань өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Цаас руу цацалсан эдгээр будгийг салхи илбэж, бороо шингэрүүлж, цас хөлдөөж, газар “үнссэн” юм шүү дээ. Үзэсгэлэнгийн танхимд зураач Д.Батжаргалыг бүтээлээ хэрхэн туурвиж байгааг харуулсан дүрс бичлэг, гэрэл зураг дэлгээтэй байсан учраас энэ бүхнийг түвэггүй ойлгож болно.
-Байгалийн гоо сайхан тэр чигээрээ дүрслэгдсэн гэж тодорхойлж болох уу?
-Гоо сайхан гэдэг ойлголт нь сонирхолтой. Олны анхааралд хэт өртөх гэсэн, үнэтэй чухал зүйл бол гоо сайхан биш. Хэнд ч анзаарагдамгүй, маш энгийн, чухал биш юм шиг тэр зүйлд ертөнцийн гоо сайхан оршиж байдаг. Үүнийг би өөрийнхөөрөө олж харсан болохоор хүмүүсийг ч бас хараасай гэж хүссэн. Сэтгэлийнхээ гоо сайхныг энгийн зүйлээс ч олж мэдрэх боломжтой. 6-7 жилийн турш 50 гаруй мянган км аяллын замд, зуны халуунаас өвлийн тэсгим хүйтэн хүртэлх эрс тэс орчинд гадаа бүтээгдсэн зургууд болохоор миний оюуны тэмцэл, шалгуур ч бас шингэсэн байгаа.
-Таны зургуудад нэр алга. Гэхдээ өөрийг нь тодорхойлж сүүл, толгой холбосон мөртүүд байгаа болохоор нэр үгүйлэгдэхгүй байна.
-Шүлэг гэж хэлэх хэцүү. Зарим нь утга, найруулгын алдаатай ч байж магадгүй. Тухайн бүтээлийн үргэлжлэл, тодорхойлолт ч юм уу тийм л зүйл. Зарим зурагт тайлбар байхгүй жижиг самрын яс тавьчихаад монгол бичгээр “Цөмөөд үзээрэй” гээд биччихсэн байх жишээтэй. Монголчуудын ёгтлолын нэг хэлбэр юм. Дотроо юу ч үгүй зүйлээс л бид ямар нэгэн зүйл хайгаад байдаг шүү дээ. Энэ бол хүний ухамсрын боогдол. Хөлгүй сансар огторгуй дахь хязгааргүй ертөнцийг маш жижиг цоорхойгоор харж байгаа нь л энэ.
-Зуны мэдрэмжээ хадгалаад өвөлд очсон тухай сонирхолтой зүйл түрүүхэн та ярьж байсан. Яаж тэгсэн юм бэ?
-32 хэмийн дулаантай, алим, жимс газраар хөглөрсөн ойд долоо хоног үүргэвч үүрч ганцаараа аялчихаад тэр мэдрэмжээ мартаагүй байх үедээ буюу гуравхан хоногийн дараа 40 хэмийн хүйтэн цаг ууртай газарт очно гэдэг гайхалтай. Шинэ жилээр буудуулна гэж бодсон оргилуун дарс маань хага хөлдсөн байсныг санаж байна.
Ер нь уран бүтээлч хүнд өөрийг нь ганцхан хүн ойлгоход л хангалттай байдаг юм. Энэ бол үйлдвэрлэл биш, өдөр бүр иддэг талх биш. Хувь хүний үзэл бодол, ертөнц.
-Огт зураг зурахгүй аялах үе байдаг уу?
-Будаг барьж зураагүй ч тархи, зүрхээрээ зурдаг. Мэдээж зураг зурахгүй аялах үе бий. Зурахгүй аялах нь ч илүү үр дүнтэй байж болно. Дараа нь зураг онолын дагуу бүтнэ.
Махбодын хувьд өнгөнүүд өөр хоорондоо харшилж, бие биедээ хоршихгүй байх нь бий.
-Хоромж гэж юу билээ?
-Зарим үед өнгө бие биеэ устгадаг. Олон өнгөний дунд нэг өнгө орж ирээд бусдынхаа хүчийг устгахыг хоромж үүсгэх гэж байгаа юм. Шороон будгийн зарчмаар бол зарим өнгө нийлэхээрээ гашилдаг. Харин би зургууддаа өнгөний харшлах байдлыг арилгасан. Өнгөний зохицлын онолыг эвдсэн.
Замбараагүй цацалсан будган дундаас гүн ногоон ой, хөх тэнгэр харагдаад байгаа учрыг би тайлж дийлээгүй. Магадгүй хүлэгдмэл сэтгэлгээ, хэлбэрт баригдсан төсөөлөл маань сул чөлөөтэй “нисэж” чадахгүй л байгаа бололтой. Энэ тухайгаа зураачид хэлж чадахгүй эмээж байтал “Зарим хүн миний зургуудыг зүгээр л будаг байна гэсэн. Зарим нь огт ойлгохгүй байгаа. Ойлгохгүй байх тусмаа л үнэ цэнэтэй. Тэгж л гэмээнэ надад мэдрэмж төрүүлнэ. Ойлгохгүй байна гэдэг бол хамгийн том ойлголт юм. Хүн төрөлхтөн ойлголтондоо ихээхэн боогдож, мэдлэгтээ баригджээ.
Яг үнэндээ өнөөдөр ойлгохгүй байгаа ч маргааш та шинэ зүйл нээж харж болно. Бэлэн юмыг хүнд тайлбарлаж, зурахыг хүсдэггүй болохоор л өөрийнхөөрөө таашаа гэж байгаа хэрэг” гэж ярилаа. Түүний үг яриа онцгой содон хэдий ч онцгойрохын тулд бус ойлголт нь ийм хэмжээнд байгаадаа л тэр өөр харагдаж байв. Сонгодог уран зураг тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан учраас л тэр үедээ алдаршсан. Тэгвэл өнөөгийн бидэнд аливаа зүйлээс хэт хамааралгүй байж, сэтгэлгээгээ чөлөөлөх хэрэгцээ бий.
Бодол болон хэсэг завсарласан яриаг Д.Батжаргал үргэлжлүүлж “Навч ногоон өнгөтэй гэж үү?” хэмээн асуулаа. “Тийм” гэж хариулмаар байсан ч түүний ярианаас ямар нэгэн сонирхолтой гаргалгаа сонсоно гэж бодсон учраас дуугүй өнгөрүүлсэн юм.
-Навч бол ногоон өнгөтэй гэж 10 жил ярьсаар байгаад хүүхдийг сургууль төгсгөж, тэр ойлголтыг мартахын аргагүйгээр суулгаж болохгүй. Хүний нүдэнд энгийн л навч харагдаж байхад би түүнийг урлагийн бүтээл гэж үзнэ. Ганц ширхэг хатсан навч бариад, энэ бол гайхамшигтай бүтээл гэж баярлан явж чадах л хүн, би. Намар болохоор навч унадаг гэж хүүхдүүдэд заадаг. Үгүй. Сар шинийн баяраас нэлээн хойхно хус модны навчны гуравны нэг нь байж л байдаг. Хатсан навчийг дэвтээхэд шинж чанараа хадгалж үлдсэн байх нь гайхалтай. Байгалийн зүй тогтлын гайхамшиг энэ.
-Та багшилдаг уу?
-Үгүй ээ. “Навч ногоон өнгөтэй” гээд заагаад эхэлбэл л буруутна. Тийм болохоор би боловсролын тогтолцоонд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг хүн. Муу багш байна гэдэг бол гэмт хэрэг. Хүүхдүүдийнхээ багш нарын хүсэлтээр ангийнханд хоёр өдөр хичээл зааж үзсэн. Навч бүхэн судастай, тэр нь цохилдог гээд гурван жилийн өмнө тэдэнд ярьсан. Хүүхдүүд одоо болтол мартаагүй, онцгой сэтгэгдэл төрснөө ярилцдаг гэсэн. Иргэншил хэтэрхий хүндэрч, түвэгтэй болж байгаа учраас сэтгэхүйг маань мохоож байна. Хөгжлийн тухай ярихыг хүсвэл хувь хүний ертөнцийг үзэх үзэлд анхаарахгүй байж болохгүй.
“Дэлхийн алдартай зураач нар Монголд ирээд хүүгээ бүүвэйлж суугаа ээжийг бүтээлдээ буулгаж, бүүвэйн дууг нь бичиж аваад явчихдаг. Харин дараа нь үзэсгэлэнгийн танхимд уянгалаг бүүвэйн дуу, жирийн малчин ээжийн хөрөгтэй хосолж, гайхамшигтай урлал бий болдог” хэмээн тэр ярилаа. Дэлхийн ертөнц чөлөөтэй сэтгэж, энгийнээс ч гоо сайхныг харж байна. Яг үнэндээ бидний амьдрал тэр чигтээ өв соёл, урлаг, гайхамшиг. Дотор нь оршин байгаа учраас л бид үл анзаарна.