Монголын рок поп хөгжмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, баларшгүй мөрөө үлдээсэн хамтлаг бол “Харанга”. Тус хамтлагийнхан ирэх онд 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй. “Харанга” хамтлагийн гишүүдийн хүүхдүүд ч аавуудынхаа авьяасыг өвлөн Монголын урлагт зүтгэж байна. Тухайлбал, гоцлол гитарчин, Гавьяат жүжигчин Ц.Энхманлайн хүү Э.Оргил аавынхаа мэргэжлийг өвлөн гитарчин болсон бол дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэнгийн хүү Л.Мандах ч рок хамтлагт дуулдаг болжээ. Бид энэ удаа тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн хүү О.Нямсайханыг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежид хийлч мэргэжил эзэмшин, АНУ-ын Зүүн Каролинагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж, өдгөө Өмнөд Каролинагийн их сургуульд удирдаач болохоор суралцаж буй юм.
-Та аавтайгаа их адилхан юм. Хүмүүсээс энэ үгийг байнга сонсдог байх даа?
-Их олон сонссон доо. Жил ирэх тусам улам л адилхан болоод байгаа. Аавын найзууд “Одсүрэн залуудаа яг ийм байсан” гээд л инээдэг юм.
-Дуу хоолойны өнгө тань хүртэл адилхан юм аа.
-Тийм шүү. Хүмүүс утсаар ярихаар их андуурдаг. Нэг удаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэн ах манай гэрийн утас руу залгалаа. Би харилцуураа аваад “Байна уу” гэсэн чинь өөдөөс шууд л “За, сонин сайхан юутай байна вэ” гээд андуурч ярьж байсан удаатай.
-“Харанга” хамтлаг ирэх онд 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Харин та мөн онд 30 нас хүрэх юм билээ. Аавынхаа хамтлагтай хамт өссөн юм чинь багаасаа рок хөгжимд дурласан уу?
-Өөр сонголт нээрээ байгаагүй юм байна шүү (инээв). Би өөрөө ч рок хөгжимд дуртай. Тийм ч болохоор “Шөнийн галт тэрэг” хамтлагийг “Цэнхэр шувуу” цомгийн дуунуудаа бичүүлэхэд хийл хөгжмөө тоглож оролцож байлаа.
-“Харанга”-ын гишүүн бүр хамтлагтаа дуу зохиодог. Та аавынхаа зохиосон ямар дуунд дуртай вэ?
-“Он жилүүд” дуунд нь их дуртай. Бас “Хүсэхгүй байна” гэж гоё дуу байдаг. “Харанга”- ын бэлтгэлийн байр руу аавыгаа дагаж очдог, тоглолтуудыг нь их үздэг байлаа.
-Гитарчин аавын хүү юм чинь энэ хөгжмөөр тоглодог байх даа?
-Бүр сайн биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд тоглочихно. Багаасаа л энэ хөгжимд дуртай байсан. Ямар сайндаа л ааваараа заалгах гэж их гуйдаг байлаа. Аав “Чамайг хийлээ сайн сурахгүй бол гитар тоглохыг зааж өгөхгүй шүү” гэж ч айлгадаг байлаа.
-Айлын том хүү гэл үү. Дүү нар нь хөгжим тоглодог уу?
-Би хоёр эрэгтэй дүүтэй. Бүгд л аавыгаа дагаад хөгжмийн анхны мэдэгдэхүүнтэй болчихсон. Гэхдээ дүү нар маань хөгжимчин болохгүй байх.
-Бусад хөгжмийн зэмсгүүдээс хийлийн юу нь илүү байж, сэтгэлийг тань татсан юм бол. Яагаад энэ хөгжмийг сонгож сурсан юм бэ?
-Аав минь л намайг хийл хөгжимтэй “нөхөрлүүлсэн”. Зургаан настайд минь намайг хөтөлж очоод л Хөгжим бүжгийн коллежид шалгуулсан даа. Аавын маань мөрөөдөл байсан юм. Өөрт нь сонгодог хөгжмөөр суралцаж, мэргэжлийн хөгжимчин болох хүсэл байсан ч нөхцөл бололцоо нь бүрдээгүй гэсэн. Тийм болохоор өөрийнх нь хүрч чадаагүй мөрөөдлийг хүүгээ биелүүлэхийг харахыг хүссэн байх. Дотоод ертөнцийнхөө өнгө, аялгууг олоход хийл хамгийн дөхөм. Өөрийгөө илэрхийлэхэд хамгийн тохиромтой хөгжим шиг санагддаг юм.
-Нээрээ л хөгжимчин бүрийн хөгжмөөсөө гаргах аялгуу, мэдрэмж өөр байдаг шиг санагддаг шүү.
-П.И.Чайковский, Л.В.Бетховен, И.С.Бахын хөгжим, эсвэл өмнөө яг л адилхан ноот тавиад тоглоход хийлч бүрийн гаргах аялгуу өөр. Хөгжмөө өөртөө уусгаж, тэр мэдрэмжээ илэрхийлдэг болохоор тэр байх. Ер нь бүх л хөгжмийн зэмсгүүд тийм байх. Гэхдээ хийл хөгжимд зориулж бичсэн зохиолууд бусад хөгжимтэй харьцуулахад илүү уянгалаг.
-Өөрийг тань бүрэн илэрхийлэх бүтээл нэрлээч гэвэл ямар хөгжмийн зохиолчийн ямар бүтээлийг хэлэх вэ?
-Д.Д.Шостаковичийн бүтээлүүд надтай их ойр санагддаг. Түүний туулсан амьдрал, уран бүтээлийн өнгө аяс их таалагддаг. Бусдаас их өөр. Өнгөөр зүйрлэвэл арай бараан гэмээр ч юм уу. Сонсох, тоглох бүрт зүрх чичирдэг. Заримдаа хөгжимчдийн ааш аяг тоглодог хөгжмийнхөө аялгуу шиг санагддаг юм.
-Гэхдээ хөгжимчид их сэтгэл хөдлөлтэй, бас аливааг аль болох гэгээлгээр хардаг хүмүүс шиг санагддаг.
-Хөгжимчин хүн тоглож буй бүтээлээ гүйцэд илэрхийлж чадаагүй үедээ их бухимдана. Ямар ч уран бүтээлч хүмүүст сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд бүтээлээ туурвидаг болохоор өөдрөг, уян зантай байдаг байх.
-Хөгжим танд юуг өгөв. Хийлч болоогүй байсан бол гэх бодол төрж байв уу?
-Тэгж бодож үзээгүй. Хөгжимгүйгээр сайхан амьдрах байсан ч гэж хэлж чадахгүй.
-Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Итали, АНУ-ын их сургуулиудад сурсан гэсэн. Тэндэхийн хөгжмийн сургуулийн сургалтын систем, чанар манайхаас ямар ялгаатай вэ?
-Европчууд их дэг жаягтай. Энэ хөгжмийн зохиолыг ингэж л тоглох ёстой гэж заадаг. АНУ-ын хөгжимчид их чөлөөтэй, хийсвэр сэтгэж тоглодог. Аль болох задгай сэтгэ гэж багш нар заадаг, сонсогчид ч тэгж тоглохыг шаардаж шүүмжилдэг. Хөгжмийн зохиолчдынх нь бүтээл ч яг л тийм.
-Гадаадын их сургуульд сурахад манайхан ур чадвараараа гологдохгүй биз дээ?
-Гологдохгүй ээ. Харин ч манайхан техник сайтай.
-Та гоцлол хөгжимчнөөс гараагаа эхэлж, одоо найрал хөгжмийн удирдаач болохоор суралцаж буй. Ганц биш, тэр олон хөгжмийг “зангидаж” тоглуулна гэдэг амаргүй.
-Өөрийгөө өөрөөр харах бас сонин л юм. Хөгжимчин хүн удирдаач болоход давуу тал бас бий. Би өөрөө одоо найрал хөгжимд тоглодог шүү дээ. Тийм болохоор хөгжимчдийнхөө сэтгэл зүй, хувирал, алдааг илүү сайн олж харна. Удирдаач хүн шийдвэр гаргаж, түүнийгээ хөгжимчдөдөө хүргэж чаддаг байх ёстой юм байна. Яах вэ, нас залуу болохоор голонгуй хандах хүмүүс байх л юм. Гэхдээ би хүн бүрт таалагдах албагүй. Гэсэн ч удирдаач гэсэн үүднээс хүндэтгэлтэй хандах ёстой. Тэгж байж бид нэг цул болж тоглоно шүү дээ. Ур чадвар талаасаа бол надад гологдох зүйл байхгүй. Утсан хөгжим тоглодог хүмүүс гарын хөдөлгөөн сайтай болохоор удирдаач болоход их дөхөм санагддаг юм.
-Хөгжим зохиодог уу?
-Зохиосон хэдэн бүтээл бий. Гэхдээ сонгодог гэхээсээ илүү жааз хөгжимд их дурлаж байна. АНУ-д ч жааз, контри урсгалын олон тоглолтод оролцож байгаа.
-Аавынхаа хамтлагийн дуунуудын ноотыг шинэчлэн бичиж байгаа гэсэн. Тэр ямар учиртай юм бэ?
-“Харанга”-ын “Алсын гялбаа”, “Он жилүүд” зэрэг аавын зохиосон нэлээд олон дуунд утсан хөгжим нэмж, найруулгыг нь жаахан өөрчилж байгаа юм. Аав маань шинэ зүйл турших, өөрийгөө хөгжүүлэх их дуртай. Бид хоёр хамт ажиллаж байна.
-Аавтайгаа хамт юу хийж цагийг өнгөрөөх дуртай вэ?
-Бид хөлбөмбөг үзэх, ярих их дуртай. Ливерпүүлийг дэмждэг. Бас хөгжмийн тухай ярилцдаг. Гэхдээ энэ сэдвээр ярих, хамт уран бүтээл хийхэд бид хоёрын санал их зөрөх юм.
-Яагаад тэр вэ. Яаж зөрдөг гэж?
-Би хөгжмийг аль болох хөнгөн, үүл, салхи шиг хөвсөлзсөн байхад их дуртай. Харин аав аль болох хүнд болгох гээд л үзчихдэг. Олон жил рок хамтлагт тоглосных нь илрэл юм уу даа. Дууны найруулга хийхэд ч тэр. Нэлээд мэтгэлцэж байгаад шийддэг. Иймэрхүү уран бүтээлийн маргаанд ихэнхдээ аав ялдаг юм.
-“Харанга”-ынхнаас хэнтэй нь илүү дотно вэ?
-Бүгд л аавын минь найзууд шүү дээ. Гэхдээ Ц.Энхманлай ахтай арай илүү дотно. Их ярилцаж, зөвлөдөг.
-Одоо та АНУ-ын хэд хэдэн найрал хөгжимд тоглодог юм билээ. Тэндхийн хөгжимчдийн цалин амьжиргаандаа хүрэлцэхүйц өндөр үү?
-Манайд ДБЭТ, Улсын филармонид ажиллахаас өөр сонголт сонгодог хөгжимчдөд байхгүй. Эдгээр байгууллага нь жилд хэдхэн тоглолт хийдэг. Цалин нь ч хангалттай сайн биш. Би одоогоор АНУ-ын Өмнөд Каролинагийн филармони, “Августа” болон “Лонг бэй” симфони найрал хөгжимд тоглож байна. Цалин давгүй. Тийм ч болохоор олон монгол хөгжимчин гадаадад ажиллаж, амьдарч байгаа байх. Зөвхөн хөгжмөө тоглоод явахад хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарчихна шүү. Бас уран бүтээлээ ч хангалттай хийчих боломжтой (инээв).
-Тийм болохоор нутагтаа ирж ажиллахгүй байгаа юм уу?
-Монголдоо ирэх бодол байлгүй яах вэ. Ажиллахын хажуугаар би АНУ-д докторын зэрэг горилон сурч байгаа. Гэхдээ зуны амралт болгоноороо нутагтаа ирж байгаа. Ирэх бүртээ ДБЭТ, Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Уг нь Хөгжим бүжгийн коллеж төгсөөд нутагтаа уран бүтээл хийх санаатай байсан боловч Италийн дэлхийн нэгдсэн хөгжмийн коллежид тэтгэлгээр сурах завшаан олдмогц явчихсан. Тэндээсээ АНУ руу мөн л бүрэн тэтгэлгээр сурах бололцоотой болсон учраас явсан юм. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй биз дээ.
-АНУ-д хэр олон монгол хөгжимчин ажиллаж байгаа вэ. Холбоотой байдаг уу?
-Цөөнгүй бий. Холбоотой ажилладаг. Үе үе хамтарч тоглолт хийнэ. Зөвхөн сонгодог биш, ардын хөгжмийнхөн бас АНУ-д нэлээд бий.
-Та гэр бүл зохиож амжсан уу?
-Үгүй ээ. Эхнэргүй.
-“Харанга”-ынхнаас хэд хэд нь өвөө болчихсон байх. Аав, ээж тань гэр бүлтэй болохыг яаруулахгүй байна уу?
-Нутагтаа ирэх болгонд л нэхэж байна даа (инээв). “Эхнэртэй бол, нас чинь явлаа” гэсэн үгийг сүүлийн жилүүдэд их сонсож байгаа. Гэхдээ би нэг их яарахгүй байна. Юуны өмнө докторын зэргээ хамгаалъя. Цаг нь ирэхээр болох л байлгүй.
-Өнгөрсөн долоо хоногт Улсын баяр наадамд зориулсан, Их тэнгэрийн аман дахь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээний найрал хөгжмийг “дохьсон” гэсэн үү?
-Тэгсэн. Улсын филармонийнхонтой хамтарч тоглосон. Ийм том боломжийг яаж алдах билээ.
-Энд мэргэжлээрээ ажиллахад ямар байна вэ. Ажлын санал ирсэн үү?
-Уг нь эндээ ажиллах сайхан юм. АНУ-д ажиллах нөхцөл, хангамж сайтай ч төрсөн нутаг минь биш шүү дээ. Хараахан ажлын санал ирээгүй байна. Монголын сонгодог урлагийн залуу үеийнхэн хангалттай бэлтгэгдчихсэн. Гадаадад сургууль төгссөн залуус эхнээсээ нутагтаа ирж байна. Би ч тэднээс юугаар дутах билээ. Гэхдээ эхлээд сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй.
-Таны зорилго юу вэ?
-Их олон байна даа. Чадварлаг хөгжимчин, сайн удирдаач болмоор байна. Монголынхоо сонгодог урлагт нэр, мөрөө үлдээхийг хүсдэг.