УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон 41 гишүүний нэг. Мөн 76 гишүүнээс хамгийн түрүүнд тангараг өргөсөн анхны эмэгтэй болсон юм. Энэ утгаараа шинэ парламентын гишүүдээс авах ярилцлагаа түүнээс эхэллээ.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөх болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу. Та бас хамгийн түрүүнд тангарагт гарын үсэг зурсан шүү дээ.
-Баярлалаа. Ард түмнийхээ итгэл, зүтгэлээр сонгогдлоо. Бидэнд дуудах нэрийг аав, ээж минь өгдөг. Тэднээрээ маш их бахархаж байна. Монгол Улсын Төрийн тэргүүнээр уриулж, гар бариад, 76 гишүүнийхээ хамгийн эхэнд тангараг өргөнө гэдэг их хувь заяа.
-Өмнийн говийн унаган охин уу?
-Би Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Өнөөдрийг хүртэл аймаг, сумандаа л амьдарч ирсэн.
-Одоо Өмнөговиос нүүж, суух их ажил ундрах байх даа. Энэ зун их завгүй өнгөрөх нь.
-Манай гэр бүлд аргагүй л ийм асуудал өрнөж байна даа. Сонгогч түмэнтэйгээ уулзана, нутаг усаа зорих гээд ажил их байх нь.
-Таныг МАН-ын анхан шатны байгууллагаас эхлэн ажиллаж ирснийг мэдэх юм байна. Та ямар мэргэжилтэй вэ. Ажлын замналаасаа хуучлаач.
-1998 онд МУИС-ийг төгсөөд, ажлын гараагаа Даланзадгад суманд физикийн багшаар эхэлсэн. Энэ үеэс намын дэргэдэх залуучуудын байгууллагаас эхлэн анхан, дунд шатаар дамжин, аймгийн намын хорооны даргыг хүртэл хийж явлаа. Намын Бага Хурлын гишүүн.
Мөн 2008 оноос хойш аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж хоёр удаа ялалт байгуулан, тэргүүлэгчээр ажилласан. Гурван жил багшлаад санхүүгийн нягтлан бодогч мэргэжлээр суралцсан.
Ингээд зургаан жил аймгийн татварын салбарт, мөн аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажилласан. Товчхондоо энэ.
-Та азтай хүн мөн үү. Ингэж асуусан нь учиртай. Магадгүй сонгуулийн үр дүн ийм гарна гэж олон хүн төсөөлөөгүй байх. Олон нийтэд танигдаагүй тань шиг цөөнгүй хүн гишүүн боллоо. Тийм хүмүүсийг “Азтай юм аа” гэх байдлаар яриад байна л даа.
-Азтай гэхээс илүүтэй “Нутгийн сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадах хүн мөн байна” гэж ерөөсөн сонгогчдоороо бахархаж байлаа. Сонгуульд нэр дэвшээд хүрч очсон газар бүр намайг танихгүй нь аав, ээж, шавь нараар минь таньж, хамт ажиллаж байсан найз нөхөд, намын гишүүд, дэмжигчид, үргэлж хамт байсан иргэд, ахмадууд маань гээд л танхим дүүрэн хүн байсан.
Тэдний халуун дулаан үгс, сэтгэл огшсон уулзалт надад урам зориг өгсөн. Намайг Монгол даяараа танихгүй байж болох ч Өмнөговийнхон маань маш сайн таньдаг юм билээ. Үүнд л их баярлаж байсан.
Харин Өмнөговийнхон маань азтай. Нэр дэвшээд очиход л хүн бүр баярын нулимстай, итгэлийн галтай, сэтгэлийн цогтой хийморьлог ард түмэн минь хүч түрэн, уухай өргөн дэмжсэн дээ.
Энэ дашрамд нэр дэвшүүлж ард түмэнд минь илгээсэн МАН-ын бүх шатны байгууллага, удирдлагадаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Шүүмжлэл гэх үү, бусдаас ирэх таатай биш уур амьсгал, мэдрэмжийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Өнгөрсөн цаг мөч бүр намайг ийм байдлыг даван туулахад сургасан. Шүүмжлэл байх ёстой. Энэ нь намайг улам хурцалж, ирлэж өгдөг. Харин хий гээгүй үйлдэл, хэлээгүй үг, буруу зүйлийн төлөө шүүмжлүүлэхийг хүсдэг хүн үгүй биз.
Ер нь хүн хар, цагааны тэнцэл, алдаа, онооны давхцал дээр оршдог юм болов уу. Хийж, бүтээж яваа хүн энхийн цагаан тагтаа шиг байна гэдэг хамгийн худлаа. Хүний амьдрал хойно даваа гүвээ байтугай хад асгатай уул гэмээр бэрхшээл саадтай ч тулгарах нь зүйн хэрэг.
Ийм үед тайван амгалан байж, тэвчээр зааж, ахмадынхаа үгийг сонсохыг хичээдэг.
Гэхдээ би хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантарч, ухарч байсангүй ээ. “Маргааш” гэж нэг сайхан гэгээлэг өглөө ирнэ, хувь заяа минь түшнэ, харж л байгаарай гэж өөрийгөө зоригжуулдаг.
-Говийн бүсгүйчүүдийг дайчин гэдэг.
-Говийн хүүхнүүд ажил амьдралдаа үнэнч, эзэн нь болж чаддаг, зорьсон зүйлийнхээ үр дүнг заавал хардаг, эрчүүдийнхээ жинхэнэ түшиг тулгуур нь болдог юм.
-Наадмын талаарх хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юү?
-Монгол түмний бахархал. Монгол хүн бүр омогшихгүй байхын аргагүй их баяр цэнгэл. Би чинь хөдөө сумын хүүхэд. Аав ээжийнхээ гараас хөтлөөд мөн ч их наадсан даа.
Хүүхэд байхад жинхэнэ ардын наадам болдог байж. Сумын наадам хамгийн гоё нь гэж хүмүүс зүгээр ч нэг хэлчихээгүй байх.
Сумын наадмын дурсамж хэзээ ч санаанаас гардаггүй юм. Наадам сайхан болбол бүтэн жилийнхээ их эрч хүчийг тэндээс авч, хийморьлог явна шүү дээ.
Монгол эмэгтэйчүүд эр нөхөр, эрчүүдээ дээдлэн, хүндэлдэг уламжлалтай. Монгол эрийн жудагтай наадам үзээд суух ч сэтгэл бахдам шүү.
-Таны хамгийн дуртай баяр юу вэ?
-Хүүхдийн баяр. Хүүгийнхээ баярлахыг харах хамгийн сайхан. Хүүхдийн инээд, баяр хөөр, цангинасан дуу хоолой, гэгээн бүхэн сэтгэлийн маш том буян болж өгдөг. Хүүгийнхээ ирээдүйг зөв, сайхан байгаасай гэж хүсэж сууна.
Үүнийг эх хүн бүр л хүсдэг байх. Гэхдээ зөвхөн хүсэж, мөрөөдөөд суух бус, хүн бүхэн өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө чадах бүхнээ хийх цаг болсон.
-Хүүхэд гэснээс таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Хүүхэд нас бол үнэхээр гайхалтай, хүсэл эрмэлзэл дүүрэн цаг үе. Их хөдөлгөөнтэй, урлаг, спортын арга хэмжээнд байнга оролцдог, нийгмийн идэвх сайтай охин байсан.
Намхан хэдий ч сагсан болон гар бөмбөгт гаргуун байсан юм шүү (инээв). Тэр үед би багийн спортын гайхамшгийг мэдэрсэн.
Ер нь багийн гишүүн бүр үүргээ биелүүлж байвал амжилтад хүрдэг. Аймгийн чанартай тэмцээнүүдэд оролцоод медальгүй ирсэн удаа үгүй байх шүү.
Манай говийнхон эртнээс дууч ард түмэн. Би бас дуулах дуртай. Дуучин болох мөрөөдлөө биелүүлж, урлагийн алтан тайзнаа хэд хэдэн удаа ая дуугаа өргөж явлаа. СТА Т.Батсайхан бид хоёр нэг нутгийнх. 1994 онд төрсөн сумандаа хамтарсан тоглолт хийж байна.
-Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлбол?
-Өөдрөг.
-Та юуг хамгийн сайн хийж чаддаг вэ?
-Ямар ч ажил хариуцсан төгс хийж, үр дүнг нь хардаг.