БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунтай хоёр орны харилцаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та улсаа төлөөлсөн Элчин сайдын хувьд Монгол, БНСУ-ын найрамдалт харилцааны тухай, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ямар бодолтой байдаг вэ?
-БНСУ болон Монгол Улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш гарал угсаа, соёл заншил, оюун санааны нарийн холбоондоо суурилан, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг олон салбарт харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Иргэд хоорондын байнгын харилцаа хоёр улсын хөгжилд том хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын нэг орчим хувь буюу 30 мянган монгол иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ нь гадаадад ажиллаж, амьдарч буй 150 мянга гаруй монголчуудын 20 хувийг эзэлж байгаа юм. Харин Монголд манай 3000 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд жилд дунджаар хоёр улсын 150 мянгаад хүн харилцан зорчиж буй.
Энэ мэт хоёр улсын иргэд хоорондын идэвхтэй харилцаагаар дамжуулан бий болсон итгэлцэл, ойлголт, найрамдалт харилцаанд тулгуурлан хоёр улсын түншлэл батжин бэхжиж ирлээ.
-Гадаадын жуулчид монголчуудыг найрсаг, цайлган ард түмэн гэж дүгнэх нь олон байдаг. Гэхдээ байнга Монголд амьдарч, биднийг сайн мэдэх болсон гадаадынхан монголчуудын тухай нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Та Монгол орон болон монголчуудын талаар ямар сэтгэгдэлтэй, ямар бодолтой явдаг вэ?
-Өмнө дурдсанчлан, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс хоёр удаан хугацааны турш харилцаж ирсэн түүхтэй билээ. Ахмад настныг хүндлэх, үндэсний баяр Цагаан сар гэхчилэн бидэнд адил төстэй зан, заншил их бий. Тийм болоод ч тэр үү, би Монголд байхдаа яг л эх орондоо байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
Мөн монголчуудыг нээлттэй, найрсаг, цайлган хүмүүс гэж би боддог. Миний хувьд Монголд маш сайхан байна. Танай орноос явсан ч монголчуудын найрсаг зан чанарыг мартахгүй, үргэлж санах болно.
-Улаанбаатар хотод зохион байгуулах АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтын хүрээнд БНСУ-аас ямар дэмжлэг тусламж үзүүлж байгаа вэ?
-Монгол Улсад зохион байгуулж буй АСЕМ-ын дээд түвшний уулзалтад манай улсын Засгийн газраас олон төрлийн дэмжлэг, тусламж үзүүлж байна. Тухайлбал, аюулгүй байдлын үүднээс хяналтын камер, хянан нэвтрүүлэх тоног төхөөрөмжүүдээс гадна Монголын цагдаагийн дөрвөн албан хаагчийг БНСУ-д урьж, цахим гэмт хэрэг, терроризмын эсрэг, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх албаны үнэрч нохой сургагчийн сургалтад хамруулсан.
Мөн манай цагдаагийн дөрвөн албан хаагч Монголд ирж, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад шаардлагатай аюулгүй байдлын талаар сургалтуудыг зохион байгуулсан. Энэ сургалтад цагдаагийн 58 албан хаагчийг хамруулсан. Түүнчлэн, Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг сайжруулахын тулд таван сургагч багшийг урьж, авчирлаа. Тэд олон улсын хурал, уулзалтын ёслолын үйлчилгээ, дээд албан тушаалтнуудад үйлчлэх талаар сургалт явуулсан.
Үүнээс гадна АСЕМ-ын үеэр хэрэглэх том оврын 50 автобусаар манай тал хангахаар болсон. Улаанбаатар хотод болох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтыг амжилттай зохион байгуулахад энэ мэтээр манай Засгийн газраас байнга анхаарч, дэмжлэг үзүүлж байгааг дурдахад таатай байна.
-Манай хоёр орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх ямар боломж, төлөвлөгөө байгаа вэ?
-БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг тохиолдуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх болсон. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийснийг та бүхэн мэднэ. Тэгэхээр ердөө хоёр сарын хугацаанд манай хоёр улсын Төрийн тэргүүн харилцан айлчилж буй нь өөр аль ч улсаас олж харахад ховор тохиолдол юм. Тэр хэрээр БНСУ, Монгол Улсын харилцаа ямар чухал байгааг харуулж буй.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр улс эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах арга замын талаар хэлэлцэнэ.
Дашрамд, манай Элчин сайдын яам шинэ байрандаа нүүж орсон завшааныг тохиолдуулан соёлын олон янзын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгая. Бид соёлын харилцаагаар дамжуулан хоёр улсын найрсаг харилцааг цаашид өргөжүүлэхийн тулд хичээж ажиллах болно.
-Монголчууд БНСУ-д зорчих виз хүсэхдээ олон материал бүрдүүлдэг гэсэн яриа байсаар ирсэн. Харин танай иргэд Монгол руу зорчих виз хүсэхэд тийм хүндрэл гардаггүй. Сүүлийн үед БНСУ-ын тал энэ асуудалд нааштай хандаж байгаа ч, дорвитой өөрчлөлт гарахгүй байгаад монгол иргэд гомдолтой байдаг. Энэ тал дээр дахин жаахан зөөллөх бодлого баримтлах болов уу?
-Манай Элчин сайдын яам нь хоёр улсын иргэд хоорондын идэвхтэй харилцаа, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол цөм гэж үздэг. Тиймээс сүүлийн хэдэн жил визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирсэн.
Монгол Улсаас БНСУ-д зорчих иргэдийн визний нөхцөлийг цаашид ч хөнгөвчлөх энэ мэт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хичээж байна. Ийнхүү визний нөхцөлийг хөнгөвчлөх бодлого баримталсны үр дүнд 2014 онд Монголын 31.500 иргэнд виз олгосон бол 2015 онд энэ тоо өсөж 49.200 болжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд 60 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Цаашид визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олгох ажлаа нэмэгдүүлэхийн тулд БНСУ-д хууль бусаар оршин суугаа Монголын иргэдийн тоог бууруулах шаардлагатай. Энэ талаар монголчууд ч мөн анхаарч, мэдээлэлтэй байгаасай гэж хүсэж байна.
-БНСУ-д Монголын 30 орчим мянган иргэн ажиллаж, амьдарч, 5000 оюутан сурч байгаа тухай Элчин сайд та түрүүн дурдсан. Тэднээс гадна визний хугацаа нь дуусаж, хараар ажиллаж байгаа олон хүн бий. Олон жил танай улсад хууль бусаар ажилласан ч, Солонгосыг хоёр дахь нутгаа гэж боддог хүмүүс цаашдаа БНСУ-д хууль ёсоор амьдрах боломж бий юү?
-БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд өөрсдийн хүсэлтээр нутаг буцах гадаадын хууль бус оршин суугчдын манай улсын хилээр орох эрхийг нь хаахгүй байх бодлого баримталж буй.
Тодруулбал, дээр дурдсан хугацаанд эрүүгийн ямар нэг ял шийтгэлгүй, хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд өөрийн хүсэлтээр нутаг буцсан тохиолдолд ирэх жилийн арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүсэлтийг нь хүлээн авч, виз олгож буй билээ. Тиймээс одоо хууль бусаар амьдарч байгаа монголчуудад БНСУ-д хууль ёсны дагуу амьдрах боломж бүрдсэн гэж бодож байна.
-Танай Засгийн газрын тэтгэлгээр сурах оюутны тоог цаашид нэмэх боломж хэр байгаа бол?
-Энэ жил манай улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос нийт 23 оюутан шалгарсан. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр нийт 300- гаад монгол оюутан суралцсан гэсэн тоо байдаг.
2015 оны эцсийн байдлаар манай улсад уг тэтгэлгээр гадаадын нийт 2710 оюутан сурч буйгаас 70 гаруй нь Монголынх байна. Тэгэхээр БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж буй орнуудаас оюутныхаа тоогоор Монгол Улс гуравдугаарт орж байгаа юм.
Үүнээс гадна КОИКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жил бүр магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Цаашид манай Элчин сайдын яам Монголын олон оюутныг БНСУ-д тав тухтай орчинд сурч боловсрох боломжийг бий болгохын төлөө хичээн ажиллана.