Одоогоос 10 жилийн өмнө, орц бүр хамтлагтай шахам байсан үе. Хип хопод дуртай 14-тэй охин радио 102.5-ын дэргэдэх студид анхныхаа дууг бичүүлж билээ. Наймдугаар ангийн сурагчид дуу бичүүлэх тийм ч их мөнгө байхгүй нь тодорхой. Найзтайгаа хамтран 40 гаруйхан мянган төгрөгөөр дуутай болж, тэр нь ч хэд хэдэн радиогийн хөтлөгчид таалагдаж, од болох хүслээр жигүүрлэж явжээ.
Тухайн студид хүмүүсийн мэддэг олон хип хоп хамтлаг, реппер анхны дуугаа бичүүлж, гараагаа эхлүүлж байсан юм. Халаас хоосон ч хүсэл мөрөөдлөөр бялхсан залуучуудад жигүүр бэлэглэж, өнөөгийнхөөр бол хоолой ч бичүүлж хүрэхгүй мөнгөөр чанартай уран бүтээл хийж өгдөг байсан буянтан болох тус студийн дууны найруулагч Г.Тэмүүлэн буюу “Сөүлжа” хамтлагийн гишүүн Ратабазтай ярилцлаа. Тухайн үед реппер байсан ах өдгөө регги дуучин болчихоод энэ соёлыг түгээж явна.
-Та нэлээд олон жилийн өмнөөс урлагтай холбогдсон байх аа?
-Дорнодод сурагч байхдаа цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Тайзан дээр өмд шувтарснаас болж бүжгийн карьераа дуусгасан даа (инээв). “Камертон”, “Номин талст”, “Салхи” ид шуугиулж байхад сургуулийнхаа гурван хүүтэй нийлж тэднийг дуурайн поп хамтлаг байгуулж байлаа. Би эмээ, өвөөгийндөө хөдөө өссөн юм. 1999 онд сургуулийн амралтаар хотод ээж, аавындаа очиход Германаас ирсэн үеэл минь хип хоп цомгууд авчирснаа надад сонсгосон.
Надад ч хип хоп дуу таалагдаж, нутагтаа очоод өнөө хамтлагаа хип хоп болгочихсон. Их сүржин, “Колд раймс” буюу хүйтэн шүлэг нэр өгчихсөн. Үеэлийн “Вү тэнг”, “Оникс” хамтлаг Түпэкийн цомгуудыг хуурцагт хуулж авсан минь Дорнодод хип хоп соёлыг анх түгээсэн гэж хэлж болно. Хожим хотод ирж 102.5 радиогийн дуу бичлэгийн студид ажиллаж байхдаа Буу зоос нэрээр үглэж байгаад тэнд ажилладаг хөтлөгч Мөнхжаргал буюу “Клик клик бүүм”-ийн Ка-тай “Сөүлжа” регги хамтлаг байгуулсан.
-Яагаад регги болчихсон юм бэ. Хип хоп таалагдахаа больсон хэрэг үү?
-Би аялгуулаг дуунд дуртай хүүхэд байлаа. Гэхдээ поп дуугаар дамжуулж сэтгэл доторхоо уудалж гаргах боломжгүй. Үзэл бодлоо шууд илэрхийлж болдог учир хип хопод дуртай. Гэтэл аялгуулаг дуугаар нийгэм рүү хандаж үгээ хэлэх боломжтой, яг миний санаанд нийцсэн урсгал байдаг нь регги болж таарсан. Найзаасаа Боб Марлейгийн “Uprising” цомгийг аваад түүнээс маш их таашаал мэдэрч, долоо хоног тасралтгүй сонссон.
Регги хөгжимд маш их дуртай болсон ч яг ийм төрлийн дуу хийнэ гэж бодож байсангүй. Манай радиогийн хөтлөгч, “Эзэлхүүн” хамтлагийн Б.Амарсанаа регги дуулна гэж их ярьдаг байсан юм. Тухайн үед бие бие рүүгээ хандаж хийдэг дуу (дисс) их моодонд орж байлаа. Ка-тай нийлээд Санааг цаашлуулахаар шийдэж, “Чи регги дуулахгүй бол бид хоёр хийлээ шүү” гэсэн утгатай регги дуу бичүүлсэн юм. Энэ дуу интернэтээр цацагдаж, сонсогчид ч нааштай хүлээн авсан.
Тэгээд л регги дуу хийвэл ямар вэ гэж ярилцаад “Яг одоо сайхан байна” дуугаа хийтэл тухайн үед олонд нэлээд таалагдсан. Энэ дууг “Татар” хамтлагийнхны тоглосон “Аз жаргал the bad boy” кинонд хүртэл ашигласан байна лээ.
-102.5 радиогийн дуу бичлэгийн студи Монголын анхны дижитал студи. Тэнд зүгээр ч нэг залууг ажиллуулаагүй байх.
-Би мэргэжлийн хөгжмийн сургууль дүүргэсэн хүн биш ээ. Дуу хөгжимд дурлачихаад орхиж чадахгүй, урьд нь Дорноддоо студирхүү юм ажиллуулдаг байсан. Нэг компьютер тавиад микрофонтой холбоод “Күүл эдит” гэх программ дээр хүмүүсийн хоолойг бичдэг байлаа. Одоо бодох нь ээ инээдтэй. Аймагтаа хэд хэдэн тоглолт хийж байсан. Тус радиогийн студийг юу ч мэдэхгүй нэг залуу дур сонирхлоороо ажиллуулсан. Эхний сардаа 20 мянган төгрөг л олж байлаа. 2006 оноос хип хопчид дуугаа надаар бичүүлэх нь ихэссэн.
-Хамтлаг дуучид дуугаа бичүүлэх гэж мөнгө зараад, түүнийгээ сонсогчдод хүргэх гэж хөтлөгчдийг царайчилдаг байлаа. Радиогийн дэргэдэх студид ажилладаг болохоор танд их ашигтай байсан уу?
-Студидээ өглөөнөөс орой болтол сууна. Хөгжмөөр хүрээлэгдсэн орчинд амьдрахаар бүтээлийн санаа төрж, зүгээр суухаар зүлгэж сууя гээд л богино хугацаанд янз бүрийн дуу гаргачихдаг байсан. Тэр үед амьдралын асуудалд санаа зовох нь бага, хообийндоо зарах хугацаа ч их байж. Ка бид хоёр анхны дуугаа нэг өдрийн дотор бэлэн болгож, маргааш нь өөрсдөө клип хийгээд гаргачихсан шүү дээ.
-Ямайкад үүссэн хөгжмийн энэ төрөл маш олон урсгалтай. Монголд үүнийг хөгжүүлэхдээ үндэснийхээ хөгжмийн онцлогийг шингээх хэрэгтэй юү?
-Би яг цэвэр регги дуу хийдэг гэж өөрийгөө хэлж чадахгүй. Яагаад гэвэл Ямайкад очиж, тэр соёлыг нүдээр үзээгүй. Зөвхөн дуу хөгжмөөр дамжуулж мэдэрснээрээ нэг иймэрхүү хийх юм байна гэж ойлгодог. Монголжуу болгох уу, яг ямайк хэлбэрээр дуулах уу гэсэн сонголт тулгарсан. Анх суралцаж байхдаа надад аль нь илүү зохихыг туршиж реггигийн урсгал чиглэл бүрээр дуу хийж үзсэн. Эргээд дүгнэхэд би аль аль чиглэлээр нь дуулдаг юм билээ. Реггиг маш их хүндэлдэг учир шууд монголжуу хэлбэртэй болгомооргүй санагдсан. Би үүнийг Монголд нутагшуулах гэхээсээ танилцуулахыг зорьж байна.
-Монголд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?
-“Айзам” хамтлагийн “Алтан зул”-ыг Монголын анхны регги дуу гэж боддог. Яагаад гэвэл хэмнэл, найруулгад нь регги өнгө аяс байдаг. 1980-аад онд дэлхийн хөгжмийн найруулгад регги өнгө аяс шингэсэн юм болов уу. Орост сурч байсан монгол оюутнуудаар дамжиж Монголд нэвтэрсэн байх. Тэр үед Монголд регги сонсогчид байснаас биш, дуулдаг хүн байгаагүй. 2006 оноос Монголд ном ёсоороо хөгжиж эхэлсэн гэж боддог. HI-fi радиогоор хөтлөгч Биди “Регги дэйнс холл цаг” хэмээх нэвтрүүлэг цацдаг байлаа. Бид “Сөүлжа” хамтлагаа байгуулж, Реггимэн нэртэй залуу энэ чиглэлээр дуулж, “Эрх чөлөө”-гийн Мөнхөө “Растафари” нэртэй хамтлагтай болсон.
-Регги Монголд хөгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ?
-Регги бол цөөнхийн хөгжим. Сонсогчид нь үүндээ хайртай, регги хөгжим амьдралынх нь хэв маяг болчихдог. Тиймдээ ч энэ төрлийн уран бүтээлч, сонсогчид хөгжимдөө үнэнч болохоор арилжааны урлагтай хутгахаас айдаг байх. Би 2009 он хүртэл энэ чиглэлээр дуу хийж байгаад нутаг буцаж, 2012 онд хотод ирсэн. 2014 оноос дуугаа үргэлжлүүлэн хийж байна. Энэ зун олон зүйл хийхээр төлөвлөсөн. Хамгийн сүүлд “Харанга” хамтлагийн Чулуунбат ахын “Амьдралд тавтай морил” дуунд найман мөр дууллаа.
-Регги дуу эх дэлхий, хүмүүсийг хайрлах, эв найрамдалтай байхыг уриалдаг. Регги дуулдаг болсноос хойш таны мөн чанар өөрчлөгдсөн үү?
-Сонсох дуртай хөгжим нь хэв маяг нь болчихоор түүгээрээ төлөвшдөг юм шиг ээ. Би урьд нь яаруу, сандруу байсан бол одоо хүлээцтэй тайван нэгэн болсон. Энэ урлагийг танилцуулж яваа, надаас үүний өнгө төрхийг хүмүүс харах учраас ч тэр үү, угийн миний төлөвшил үү, ямар ч байсан найрсаг, эелдэг байхыг хичээдэг. Бусадтай маргалдахгүй, муу санахгүй, сайныг ерөөж явах хэрэгтэйг сүүлийн үед эргэцүүлж, сүсэглэж яваа. Тэгж амьдрах гоё санагддаг юм.
Мөнгө, өнгөний энэ ертөнцөд мууг үйлдэж оргилд гарснаас сайныг хийгээд энэ хэмжээндээ л амьдарсан нь дээр гэж би боддог. Хүмүүс материаллаг зүйл шүтэх болсон энэ нийгэмд сэтгэлийн нандин асуудлуудад анхаарлаа хандуулахаа больчихож. Тийм болохоор регги дуугаар үүнийг хөндөж, хүмүүст ухааруулмаар байна.
Тухайлбал, байгалийг шүтэх үзлийг шингээсэн “Хербализм” дуу гаргасан. Энэ дууг уриагаа болгож, реггичидтэй хамтарч сайн үйлсийн аян хийх санаа бий. Жижиг хэмжээний арга хэмжээ зохион байгуулж, үүнээс олсон мөнгөөр ой хамгаалагчид бүрэн хэрэглэл авч өгөхөөр шийдсэн. Түүнээс биш, үргэлж арчилж чадахгүй байж мод тариад яах вэ дээ.
-Ратабаз ямар утгатай нэр вэ?
-10 жилийн өмнө их туранхай, сахалтай, урт үстэй, адгуу залуу байлаа. Найзуудтайгаа нэг удаа маазарч, биенээ амьтантай зүйрлэж шоолж байтал намайг харх шиг гэсэн. Тэгээд л харх буюу рата гэсэн үгийг тухайн үед моод болж байсан мессенжер программын чичирдэг товчлууртай холбож нэрээ өгсөн. Махчилж орчуулбал адгуу харх гэсэн үг л дээ.
-Та регги бараа худалддаг дэлгүүртэй байсан. Монголд ийм төрлийн зүйлс худалдаж авдаг хүн хэр олон бэ?
-Хямралын үеэр дампуурчихсан. Реггиг Монголд танилцуулж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйгаа түрүүн хэлсэн. Иймээс өөрөө регги хэв маягтай амьдарч, бүтээл гаргаж, ийм төрлийн хэрэглээний зүйлээр дамжуулж соёлыг нь түгээх хэрэгтэй гэж бодсон. Бусдад реггиг танилцуулж буйгаараа бараа худалдах анх сайхан санагдсан ч хүний юмыг үнэ нэмээд зарах миний дотоод хүнд худалдаачин шиг таагүй мэдрэгдсэн. Би бүтээлч баймаар байна. Тиймээс өөрөө энэ төрлийн зүйлс хийхээр төлөвлөж, толгойдоо төслөө боловсруулсан. Эдийн засаг тогтворжоод, хүмүүсийн худалдан авах чадвар сайжирсан хойно төлөвлөснөө ажил хэрэг болгоно доо.
-UBS телевизээр нэвтрүүлсэн “Бэкяард” хип хоп тэмцээний шүүгчээр ажилласан. Оролцогчид 10, 20 жилийн өмнөх хип хопчидоос хэр өөр санагдсан бэ. Тэр нэвтрүүлгийг шүүснээр ямар дүгнэлтэд хүрэв?
-“Бэкяард” бол Десантын санаачилсан төсөл. Жэкүүл, Ратабаз, Десант гэсэн уран бүтээлч хамтарч энэ төслийн хүрээнд цомог гаргаж, олонд хүргэх зорилготой. “Бэкяард” төслийн хүрээнд хамтрах уран бүтээлч сонгох зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж, Тандр гэх залуу түрүүлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн мундаг репперийг шалгаруулах гээгүй. Манай төсөлд хэн нь хэрэгтэйг сонгосон.
Хип хоп 20 жилийн өмнөхөөс тэс өөр болжээ. “Би хип хопыг мэдэхээ больтол хөгжиж, өөрчлөгджээ” гэж тэмцээн шүүх үеэрээ бодсон. Өнөө цагийнхан өндөр түвшинд хөгжсөн ч хуучны хип хопын мөн чанар, сүнсийг гээчихэж. Одооны залуус хэт хэлбэр хөөцөлдөж, мөнгө, эмэгтэйчүүдийн талаар дуулж байна.
-Регги дуу сонсохоор би лав тайвширчихдаг. Таны дуунаас сонсогчид юуг мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Янз бүрийн дуу хийж байгаа учир олон төрлийн зүйл мэдрээсэй л гэж хүснэ. Гэхдээ сонсогчид миний дуунаас үүнийг мэдрээсэй гэж зорьж дуугаа хийдэггүй. Сэтгэл хөдлөхөөр дууны санаа тархинд бууж, аяа олоод, үг бичдэг. Түүндээ тохируулж аялгуу зохиогоод л дуу төрнө. Надад таалагдсан тохиолдолд хоолойгоо бичүүлдэг. Нэгэнт таалагдаагүй дуу бол засвар хийлгүй тэгээд л орхидог. Сайн сэдэв олохыг хичээдэг.
Тухайлбал надад “Old man” дууны санаа төрсөн. Орчин үеийнхэн ахмад үеийнхнээ ер хүндлэхгүй, хөгшин төгцөг гэсэн маягаар л харилцах юм. Намайг багад хүндлэл хамгийн чухал зүйлсийн нэг байсан бол одоо шороотой хутгалджээ. Тиймээс залуучуудыг шударгаар шүүмжилж дуулъя гэж бодож байна. Би өдгөө 34 настай. 20 настай залуугаас илүүг хийж чадна шүү дээ. Хэн нэгнээс тодорхой хугацаагаар илүү насалсан гэдэг бол нөгөөхөөсөө илүү ихийг үзэж, туулсан гэсэн үг.
Тиймээс ахмадуудыг хүндэлж байж зөв амьдарна. Дөнгөж 30 гарсан надтай залуучууд хөгшин хүн мэт харилцаж байхад 40, 50 настай, залуу сэтгэлгээтэй хүмүүст яаж хандаж байгаа нь ойлгомжтой.
-Нэг регги аяыг олон хүн ашиглаж дуу хийж болдгоороо энэ урлаг онцлогтой. Та дууныхаа хөгжмийг интернэтээс татдаг уу, эсвэл монгол ая зохиогчдоос авдаг уу?
-Энэ л бидний ганц асуудал болчихоод байна. Хөгжүүлж буй гэдэг утгаараа би гадаадынхны хийсэн ая ашиглаж байна. Нэг аян дээр реггичид өөр, өөрсдийн чадвараа харуулж, хэн нь илүү дуулж байгаагаа мэдэж болдгоороо энэ их шударга. Монголд регги ая хийж чаддаг хүн одоогоор байхгүй. Чадах хүмүүс нь үүнийг сонирхохгүй байна. Сонирхож байгаа цөөн хэд нь дөнгөж хөгжиж эхэлж байна.
-Та удахгүй БНХАУ руу явна гэсэн. Тоглолт хийх юм уу?
Тийм ээ. “Бэкяард”-ынхан ӨМӨЗО-ы Шилийн хотод тоглоно.