Сүүлийн үед гарсан ихэнх кинонд дүрээ мөнхөлж яваа залуу, чадварлаг жүжигчдийн нэг бол Н.Мөнхсоёл. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож буйд түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ес дэх дугаар өнөөдөр үзэгчдэд хүрнэ. Бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Гайгүй шүү. Энэ удаа АНУ-ын алдарт дуучин Бейонсег дуурайна. Үнэхээр гайхамшигтай хоолойтой, дуу алдмаар бүжиглэдэг бүсгүй шүү дээ. Их л хичээж байна даа.
-Өнгөрсөн найман дугаарт дуурайхад хамгийн хэцүү нь хэн байв?
-Селине Дионыг дуурайх хамгийн хэцүү байсан. “Төмөр” хоолойтой хүн шүү дээ. Дүр төрх, нас гээд бүх зүйл нь надаас эрс өөр.
-Эрэгтэй хүмүүсийг дуурайх хэцүү байгаагүй гэж үү?
-Мэдээж амар биш. Жүжигчин хүн бүрт бүтээхийг хүсдэг дүр байдаг. Олонх эмэгтэй жүжигчин хэн нэгэн хатан, хөөрхөн сүйт бүсгүйн дүрд тоглохыг хүсдэг байх. Харин би эрэгтэй хүний дүр бүтээхийг хүсдэг. Тэр мөрөөдөл маань энэ шоунд биеллээ. ОХУ-ын дуучин Филипп Киркоров, реппер Gee, дуучин П.Баярцэнгэл нарыг дуурайлаа.
-Энэ нэвтрүүлэгт оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Таны өрсөлдөгчдийн олонх нь мэргэжлийн дуучин. Тэднээс эмээгээгүй юү?
-Нэг их айгаагүй. Энэ шоуноос хоёр сар гаруйн өмнө “Гэр контент” гээд хүлээн авалт болсон юм.
Тэр үед 2016-2017 онд зохион байгуулах бүх телевизийн нэвтрүүлэг, киног танилцуулсан. Тэгэхэд энэ нэвтрүүлгийн тухай сонссон. Оролцох санал хүлээж аваад шууд зөвшөөрсөн. Харин дараа нь өрсөлдөгчдийнхөө нэрийг сонсоод жаахан эмээсэн. Гэхдээ энэ бол хэн сайн дуулах вэ гэсэн уралдаан биш шүү дээ. Хэн нь илүү сайн дуурайхыг шалгаруулах учраас үзээд алдъя гэж шийдсэн дээ. Миний жүжигчний мэргэжил ч надад илүү дөхөм болж байна.
-Аль уран бүтээлчийг дуурайхдаа жүжигчний мэргэжлээ хамгийн их ашиглав?
-Реппер Gee-г дуурайхдаа. Надаас тэс өөр. Гадаад төрх, үзэл бодол, зан араншин, дуу хоолой гээд л. “Миний нутгийг надад үлдээ” дууг нь сонгож дуулсан. Энэ дууг өмнө нь сонсож байсан ч, үг нэг бүрийг нь тогтож сонсож байгаагүй юм билээ. Үнэхээр гоё үгтэй. Тайзан дээр тэр дууг дуулж байхдаа өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мартчихсан байлаа. Яг л тэр үеийн сэтгэл хөдлөлдөө автан хажуу дахь хүнийхээ барьж байсан савтай усыг хүртэл авч шидээд л. Дүрдээ орно гэгч л болсон доо.
-Та шоуны найм дахь дугаарын үеэр найз залуутай болсноо зурагтаар зарлачихсан. Ямар залуутай учраа вэ?
-Найз залуутай болсон. Гэхдээ дэлгэрэнгүй яримааргүй байна. Хувийн амьдралаа аль болох нууж байх нь дээр юм билээ. Тэр нэвтрүүлгийн үеэр сэтгэл хөдлөөд хайртай хүмүүстээ талархал илэрхийлсэн. Найз залуу маань нэвтрүүлгийн бүх л зураг авалтын турш надтай хамт байж, дэмжиж байгаа.
-Үнэхээр авьяастай мөртлөө гэр бүлтэй болсоноор мэргэжлээ орхисон олон бүсгүйг мэдэх юм байна. Тэгэхээр мэргэжлийг нь хүндэлдэг, ойлгодог ханьтай байж л эмэгтэй уран бүтээлчид амжилт гаргадаг болов уу. Таны найз залуу тэгж ойлгож чадахаар хүн үү?
-Би өөрөө мэргэжлийнхээ онцлогийг сайн ойлгуулах ёстой болов уу. Манай хүн намайг их дэмждэг.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Их эрхэлж өссөн үү?
-Би айлын бага охин. Ах, эгчтэй.
-Айлын бага хүүхдүүд эрх санагддаг.
-Өмгөөлж хамгаалах ахтай, хайрлаж халамжлах эгчтэй болохоор би их азтай. Гэхдээ эрх байгаагүй. Багаасаа л хэрсүү байлаа. Миний хүүг Аргилбөх гэдэг. Таван настай. Хүүгээ кино, нэвтрүүлгийн зураг авахуулахдаа дагуулж явдаг юм. “Энэ хувцсаа өмс, тэр гутал чинь гоё” гээд л заачихдаг. Хүүтэйгээ хамт нэг рекламанд тоглосон юм. Гэтэл манай хүү найруулагчид нь “Ээжийг энэ талаас нь авбал илүү гоё харагдана” гээд заачихсан зогсож байсан. Зураг авахуулж дууссаны дараа тэр найруулагч “Танай хүүгийн заасан өнцгөөс авсан чинь илүү гоё гарсан шүү” гэсэн.
-Тэгэхээр урлагийн мэдрэмжтэй байх нь?
-Тийм. Том болоод урлагийн хүн болно гэвэл яана даа гээд л айгаад байгаа. Урлагийн мэргэжил ямар хүнд хэцүү, цаг наргүй гэдгийг өөрөө мэдэрч байгаа болохоор хүүгээ аль болох л өөр мэргэжил эзэмшээсэй гэж хүсэх юм. Гэхдээ үнэхээр авьяастай байгаад, урлагт сэтгэл зүрхээ зориулчихвал би мянга хориод ч дийлж чадахгүй шүү дээ.
-Та хэр сайн ээж вэ?
-Би сайн ээж гэж хэлж чадахгүй ээ. Үүндээ их эмзэглэдэг. Ажлаа тараад хүүдээ цаг гаргаж, хоол ундыг нь хийж халамжилдаг ээж биш шүү дээ. Эмэгтэй жүжигчид дуу нэгтэй үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Нэг газраас нөгөө рүү зураг авахуулж явдаг бидэнд тийм боломж ч байхгүй. Гэхдээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Аав, ээжийн үүргийг зэрэг биелүүлэх гэж чадлаараа хичээж байна.
-Хүүтэйгээ байхдаа юу хийх дуртай вэ?
-Миний хүү үлгэрийн ном уншуулах дуртай. Бас бид хоёр зурагт ном будах дуртай. Хүү минь их төсөөлөл сайтай. Үлгэр уншиж өгөхөөр дүрүүд, үйл явдлыг нь үргэлжлүүлэн ярьж, түүнийгээ зурдаг юм. Бас их мөрөөдөмтгий.
-Та өөрөө хэр их мөрөөддөг вэ?
-Мөрөөднө шүү. “Хүн амаараа юу тарина, түүнийгээ хурааж авдаг” гэдэгт би итгэдэг. Хүн үнэхээр хүссэн зүйлээ байнга мөрөөдөж, түүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж чадвал биелдэг гэж боддог.
-Яагаад жүжигчин болсон юм бэ. Уг нь эмч болохоор БНСУ-д сурч байсан гэж сонссон.
-Миний ээж чих, хамар хоолой, хүүхдийн эмч. Надад мэргэжлээ өвлүүлэхийг их хүссэн юм билээ. Гэхдээ би зургадугаар ангиасаа л жүжигчин болохыг мөрөөдсөн. Дунд сургуулиа төгсөөд шууд урлагийн сургуульд орж чадаагүй л дээ. БНСУ-д гурван жил хэлний чиглэлээр суралцсан. Үргэлжлүүлээд анагаах ухааны сургуульд сурах байсан ч орхиод ирсэн. Тэндээ урлагийн сургуульд элсэх гэсэн боловч заавал өөрийн орондоо эхний хоёр жил сурсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ингээд л нутагтаа ирж “Сити” дээд сургуульд орсон. Эндээ төгссөний дараа буцаж БНСУ руу явсан л даа. Энтертайнмент студийн олон хүнтэй уулзсан. Нэг компаниас ч хамтран ажиллах санал хүлээж авсан. Гэрээний дагуу таван жилийн турш тэнд амьдарч, монголд ямар ч уран бүтээлд ажиллахгүй байх шаардлага тавьсан юм. Тэр нь надад их хатуу юм шиг санагдаад зөвшөөрөөгүй. Хүүгээсээ таван жил хол байна гэхээр хүнд шүү дээ.
-Энэ сонголтдоо харамссан удаа бий юү?
-Байхгүй ээ.
-Жүжигчид бусдын нүдэнд их жаргалтай харагддаг. Гэтэл халуун хүйтэн, өвөл зун гээд бүхий л хүнд нөхцөлд ажиллахыг шаарддаг. Зураг авахуулж байхдаа шантарч, болимоор санагдаж байв уу?
-Болихгүй ээ. Хүнд нөхцөлд зураг авахуулах үе бишгүй. Тэр үед “Тэсээд гарна шүү” гээд л шүдээ зуудаг юм. “Мөрдөгч” олон ангит киноны зургийг ид хүйтэнд авсан. Ихэнхдээ гадаа, цастай, шуургатай үе таарсан. Гэмт хэргийн тухай кино учраас яг л мөрдөгч, шинжээч нарын хийдэг ажлыг хийх болсон. Тэсгим хүйтэнд эрүү зуурчихаад үгээ хэлж чадахгүй үе зөндөө байлаа. Тэр үед антибиотик тариулчихаад л зургаа авахуулдаг байсан.
-Солонгосын нэр хүндтэй сургуульд сурахаас татгалзаж, урлагийн чиглэлээр сурна гэхэд гэрийнхэн тань эсэргүүцээгүй юү?
-Үгүй ээ. Багаасаа л жүжигчин болно гэсээр байгаад бараг дөжрөөчихсөн. Манай гэр бүлийнхэн үргэлж миний талд байж, сонголтыг минь хүндэтгэдэг.
-Манайд СУИС л сайн, КУДС, “Сити”, “Их засаг” гээд урлагийн бусад сургуулийн сургалт муу гэх явдал цөөнгүй. Хувийн сургууль төгссөн уран бүтээлчдийг ч тэгж эрэмбэлэх тохиолдол гардаг. Тийм тохиолдолд эмзэглэдэг үү?
-Би 2013 онд “Сити” дээд сургууль төгссөн. Миний багш Ц.Батнайрамдал, Мөнх-Од. Ямар ч мэргэжил эзэмшихэд сайн багшийн нөлөө, мөн хувь хүний хичээл зүтгэл хамгийн чухал. СУИС Монголын урдаа барьдаг сургууль гэдэг нь үнэн. Гэхдээ бусдаас нь ч чадварлаг мэргэжилтэн төрдгийг үгүйсгэж болохгүй. Жүжигчин Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, Б.Одгэрэл гээд л УДЭТ-т ажиллаж буй мундаг жүжигчин байна шүү. Тэд ч хувийн сургууль төгссөн.
-Та хамгийн анх ямар дүрээр камерын өмнө гарсан бэ?
-Гуравдугаар курсын оюутан байхдаа найруулагч Д.Цогтбаатарын “Оюутны нууц амраг” киноны Ану гэж дүрд тоглосон.
-Инээдмийн, адал явдалт, аймшгийн гээд төрөл бүрийн кинонд та тоглочихжээ. Гэхдээ нэг л зүйл тань илүү их анхаарал татсан. Тэр бол таны харц.
-Анх сургуульд ороход л багш нар маань “Жүжигчин хүнд хамгийн чухал нь мэдрэмж, харц” гэж хэлж байсан. Тийм ч болохоор энэ мэргэжлээр сурч эхэлсэн үеэсээ л харцаа өөрчлөх, дүрээ харцаар илэрхийлэхэд илүү хичээж ажилласан.
-Таныг монгол төрхтэй гэж найруулагч нар үнэлдэг юм билээ. Түүхэн киноны санал хэр их ирдэг вэ?
-Одоохондоо түүхэн кинонд тоглуулах ганцхан санал ирсэн. Гэхдээ тэр нь ӨМӨЗО-д зургаа авах кино юм билээ.
-Тайзны уран бүтээлд тоглох бодол байдаг уу?
-Байдаг. Харамсалтай нь, одоохондоо тийм санал аваагүй л байна. Төгссөнөөсөө хойш л дэлгэцийн уран бүтээлд ажилласан. “Яг түүн шиг” шоунд өөрийгөө сорьж байгаа болоод ч тэр үү хөгжимт жүжигт тогломоор байна. Мэргэжлийн дуучин биш ч гэлээ дууг өөрийнхөө хэмжээнд эвлэгхэн дуулчихна гэж боддог шүү.
Нээрэн, би их азтай. Нэг кинонд тоглоод дөнгөж дуусмагц дараагийн санал ирдэг. Дунд нь ерөөсөө завсарладаггүй.
-Тэгвэл сугалаанд азтай юу?
-Азтай байх шүү.
-Сугалаагаар их хэмжээнй мөнгө хожвол та хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Би жүжигчин, дуучин, бүжигчин гээд урлагийн бүхий л төрлөөр мэргэшүүлдэг энтертайнмент сургуультай болохыг мөрөөддөг. Тэгэхээр хотын төвийн хамгийн гоё газарт тохилог сургууль байгуулна. Дараа нь аав, ээждээ гоё байшин барьж өгнө. Хүү минь ирэх жил сургуульд орно. Хүүгээ маш сургалт сайтай сургуульд оруулна. Мөн буяны, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
-Сүүлийн үед уран бүтээлчид тухайн кинонд ажиллахдаа найруулагч, зураглаач нь хэн бэ, бараг л миний нүүрийг хэн будах вэ гэж асуудаг болсон байна. Харин та юуг нь харж байж тухайн кинонд тоглох, эсэхээ шийддэг вэ?
-Би хэн найруулах вэ гэдгийг л хардаг. Сайн найруулагч муу жүжигчнийг ч “нухаж” тоглуулж чаддаг. Зохиол бас чухал. Энэ хувцсыг өмсөхгүй, нүүрээ ийм хүнээр будуулахгүй гэж хэлэх эрх, зүрх надад байхгүй. Жүжигчин хүн тайз, дэлгэцэд заавал хөөрхөн байж, “гоё”-ыг тоглох албагүй шүү дээ. Дүрээ гаргахын тулд юу ч өмсөж, яаж ч будуулж болно. Бас хамтран тоглох жүжигчнээ хардаг. Мэргэжлийн жүжигчин зөндөө байхад өөр мэргэжилтэй хүн кинонд тоглуулж буйд эмзэглэдэг. Би ч гэсэн загвар өмсөгч биш байж, энд тэндхийн шоунд оролцоод л, эсвэл юм оёж чадахгүй байж чаддаг юм шиг сэглээд явбал хүн муу хэлнэ биз дээ. Хүний мэргэжлийг үнэгүйдүүлж, хоолыг нь булааж яах юм бэ. Яах вэ, үнэхээр чадвартай, бурхнаас заяасан авьяастай хүн бол яаая гэх вэ. Холливудад ч мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй атлаа төрмөл авьяасаараа олонд танигдсан уран бүтээлч олон бий. Зөвхөн гаднах үзэмжээр нь кинонд сонгон тоглуулж, түүгээр пи ар хийхэд би шүүмжлэлтэй ханддаг.
-“Боловсрол” телевизийн “Cook club” нэвтрүүлгийг нэлээд удаан хөтөлсөн. Яагаад больчихов?
-Нэг жил хөтөлсөн. Их гоё байсан шүү. Би хоол хийх дуртай. Тийм болохоор ээждээ “Би тогоочийн сургалтад суудаг юм бил үү” гээд ярьж байсан юм. Яг тэр үед тэр нэвтрүүлгийг хөтлөх санал ирсэн. “Нэг сумаар хоёр туулай буудна” гэгч л болсон доо. Нэвтрүүлгээ жил хөтлөхдөө зуу гаруй төрлийн хоолны жор сурсан.
-Уг нэвтрүүлгийг хөтөлж байхдаа жин нэмсэн байх аа.
-Нээрэн тэгсэн шүү. Хүмүүс ч “Хоолны нэвтрүүлэг хөтлөөд таргалаад байна” гэж шүүмжилсэн.
-Жүжигчид баяр ёслол, арга хэмжээ хөтөлдөг. Та хэр их “халтуур” хийдэг вэ?
-Шинэ жилийн баяраар хийнэ ээ.
-Жүжиглэх, дуулах, жүжиглэхээс өөр ямар нууц авьяастай вэ?
-Би хоол сайн хийдэг. Гэрэл зураг авах дуртай. Ялангуяа байгалийн зураг. Ямар ч зургийг их мэдрэмжтэй авдаг гэж магтуулдаг шүү. Тэгэхээр зураглаачийн авьяастай байх. Киноны зураг авахуулах үедээ ч “Ингэж авбал гоё юм биш үү” гээд жаахан илүү амлачихаад байдаг муу зантай. Бас шүлэг бичдэг.
-Жүжигчнээс гараагаа эхэлж найруулагч болсон эмэгтэй уран бүтээлч цөөн. Яваандаа найруулагч болох хүсэл байдаг уу?
-Байдаг. Г.Ундармаа, Т.Алтантуяа гээд үлгэр дуурайл авдаг мундаг бүсгүйчүүд бий. Мэргэжлээрээ олон жил ажиллаж туршлагажсаныхаа дараа бие дааж кино найруулна.
-Анхны киногоо ямар төрлөөр хийх бол?
-Ямар ч байсан инээдмийн кино биш. Хүн инээлгэх амаргүй. Миний анхны бүтээл сэтгэхүйн, хоёр гурван эргэлт хийж үзэгчдийн нүдийг дэлгэцнээс салгуулахгүй барьж чадах сонирхолтой кино байгаасай гэж хүсэж байна.
-Номтой хэр ойр хүн бэ?
-Ном унших дуртай. Сүүлийн үед солонгос хэлээр бичсэн ном уншиж байгаа. Сурснаа сэргээх зорилготой.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Сүн Жэ Хюн гэж эмэгтэй зохиолчийн бүтээлүүдэд их дуртай. Би хэрвээ ийм мэргэжилтэй байсан бол, эсвэл би өөр гариг дээр амьдардаг байсан бол гэх мэтчлэн уран зөгнөлт зохиол бичдэг юм. Түүний зохиолуудыг сүүлийн үед уншиж байна.