“...Адууны толгойн яс, бойтогны хонх, эсгий, шагай зэрэг зүйл ашиглан тэрбээр олон бүтээл хийсэн нь хэлбэрийн хувьд орчин үеийнх боловч агуулгын хувьд Монголын уламжлалт зан заншил, бэлгэдэл, язгуур ухааныг хадгалсан, орчин үежүүлсэн байгаагаараа онцлог юм. Орчин үеийн урлагт хэлбэр хөөсөн байдал ихээхэн анзаарагддаг бол түүний бүтээлүүд хүн байгалийн холбоог сануулж, тэнгэрээ шүтэж, газраа дээдэлж унаган байгальдаа илүү ойр байсан монгол уламжлалыг харуулсан философилог өгүүлэмжүүдээрээ ялгарч байна...” хэмээн залуу зураач З.Түмэнжаргалын өнгөрсөн гуравдугаар сард толилуулсан “Тэнгэр Монгол” үзэсгэлэнг тольдсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид бичжээ. З.Түмэнжаргалтай ярилцлаа.
-Таны зураач болох зам дардан байсан уу, эсвэл энхэл доголтой юу?
-Багаасаа л морь мал, уул ус зурах дуртай байсан юм. Хоёрдугаар ангиасаа Хүүхдийн урлан бүтээх төвийн баримал болон уран зургийн ангид элссэн. Аравдугаар ангидаа тус төвд хамгийн олон жил хичээллэсэн сурагчаар шалгарч байлаа. Одоо хүртэл тэнд тийм удаан сурсан хүүхэд гараагүй л байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Б.Цэрэндорж намайг төгсөхөд төвдөө багш, эсвэл зураачаар үлдээч гэсэн. Тиймээс манай төвд зочилсон гадаадын Элчин сайдууд, хүүхдийн байгууллагын дарга нарт өгөх Монголыг илэрхийлсэн дурсгалын зүйлүүдийг хэсэг урласан. Захирал надад Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэх урилга гардуулсан ч шалгалт өгөх нь надад илүү сонирхолтой санагдаж, тэнцээд уран зургийн ангид орсон. Үүнээс хойш тасралтгүй найман жил уран бүтээлээ хийж байна.
-“Монгол зураачид 2013” номд таныг багадаа самар, ундаа, хөгжмийн хуурцаг зарж олсон мөнгөөрөө зургийн хэрэгсэл худалдаж авдаг сүйхээтэй хүү байсан тухай бичсэн байна лээ.
-Ахтайгаа самар түүснээ цайруулж худалдаад үр шимээр нь зургийн хэрэгсэл авахдаа их урамшдаг байсан сан. Нэг удаа ахтайгаа Тэрэлжид ойд төөрөөд, өлсөж даарч, бороонд шалба норж, намагт хүртэл шигдсэн. Ямар ч зовлон мэдэхгүй жаахан хүүхэд үзээгүй мэдрэмжүүдээ авч, тэгэхэд ихийг сурсан даа.
-Дипломоо хамгаалахдаа яагаад өөрийнхөө хөргийг зурсан юм бэ?
-Өөрийгөө мэддэг юм шиг хэрнээ заримдаа мэдэхгүй үе гарч, эргэлзээ төрсөн. Тэгээд дипломын ажлаараа далимдуулж ямар хүн гэдгээ мэдэхээр шийдсэн юм. Зүгээр ч нэг хараад зурчихалгүй, дотоод сэтгэлээ илэрхийлэхийн тулд эрэл хайгуул хийж, сэтгэл судлаачидтай уулзан, өөрийнхөө зан араншинг судалсан. Хүний темперамент үргэлж нэг хэвээрээ байдаггүй, өдөр бүр өөрчлөгддөг. Хожим ямар хүн болохыг урьдчилан тодорхойлох аргагүй байдаг. Тиймдээ ч арын дэвсгэрийг нь хараар будаад, өөрийнхөө дуртай номин ногоон өнгөөр дүр төрхөө илэрхийлж, нүүрнийхээ талыг дэрс буттайгаар дүрсэлсэн. Хэдий өөрийгөө зурсан ч би хүн төрөлхтний төлөөлөл болсон байгалийн амьтан гэсэн санааг үүгээр гаргахыг хүссэн юм.
-Өөрийгөө зураач гэж хэний ч өмнө бардам танилцуулж чадах уу, эсвэл тэгж хэлэх арай болоогүй гэж дүгнэдэг үү?
-Уран бүтээлчдийн туулах ёстой замналаар л яваа болохоор зураач биш гэж хэлж чадахгүй.
-Тэгвэл таны шалгуураар ямар хүнийг зураач гэх вэ?
-Энгийнээр хэлбэл, эхний ээлжинд олон өнгө хэрэглэхгүйгээр зөвхөн хар цагаанаар чамайг зурж, таньдаг хүмүүст чинь үзүүлэхэд хэн гэдгийг таньж байх хэрэгтэй. Аливаа зүйлийг байгаагаар нь адилхан зурж чаддаг болчихвол дараа нь юуг ч бүтээж болно.
-Та яагаад шагай, хурганы арьс, малын толгой, даавуу, чулуу ашиглаж бүтээлээ хийдэг вэ?
-Монголчууд малынхаа мах, шүүсийг идэн, арьс, ширийг нь аж ахуйдаа хэрэглэж, хүүхдээ хурганы арьсанд өлгийддөг. Эдгээрийг хэрэглэхээс гадна уран бүтээл болгож яагаад болохгүй гэж. Морины толгойгоор зөвхөн морин хуурын цар хийдэг гэсэн сэтгэлгээгээр хандах биш, үүгээр юу хийж болох вэ гэдгийг өөр өнцгөөс харахыг хичээдэг. Зураач гэхээр л зөвхөн тосон будаг, бийр барьчихаад цагаан зотон дээр зурдаг гэх дөрвөлжин хүрээн дэх сэтгэлгээнээс халих хэрэгтэй. Монгол маягийн, байгалийн гаралтай зүйлүүдийг ашиглан орчин үеийн урлагийн хэлээр хэрхэн бүтээл туурвих вэ гэж боддог. Залуу уран бүтээлчийн хувьд юу боломжтой, боломжгүйг туршиж үзэх хэрэгтэй. Туршилт гэдэг бол нэг талаараа эрэл хайгуул. Бүтээлүүд минь бүгд гайхалтай биш байж болно. Гэхдээ ямар ч бүтээл эзэндээ тодорхой хэмжээний сэтгэгдэл, ойлголт, бодол үлдээдэг. Түүнээс ойлгож мэдэрсэндээ тулгуурлаж дараагийн бүтээлээ хийх нь бий.
-Зарим зураач алдартай уран бүтээлчдийн зургийг хуулбарлан арга техникээ сайжруулдаг юм билээ. Та хэрхэн хөгждөг вэ?
-Сургуульд ийм төрлийн хичээл ордог байсан. Алдартай уран бүтээлчид ямар тэвчээртэй сууж зурдаг байсныг хуулбарлахад мэдэрдэг. Миний бодлоор зөвхөн ном уншиж өөрийгөө хөгжүүлнэ гэдэг хязгаарлагдмал. Дуу, хөгжим, яруу найраг гээд урлагийн бусад төрлөөр уран бүтээлч хөглөгддөг. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг ойлголт хязгааргүй л дээ. Магадгүй найзтайгаа, эсвэл ганцаараа дугуй унаад юм уу зорилгогүйгээр ч хамаагүй хөдөө явснаараа олон зүйлийг ойлгож болох юм. Ер нь янз бүрийн зүйлээс мэдрэмж авч болно. Тэр нь урьд мэдэрч байгаагүй мэдрэмж бол уран бүтээлд бүр ч их нөлөөлнө.
-Зураач хүн бага зэргийн “сумтай”, зоригтой байх ёстой гэдэгтэй санал нийлэх үү?
-Зориг жаахнаар тогтохгүй хэрэгтэй. Гэхдээ бодлогогүйгээр, хүмүүжилгүйгээр гаргасан зориг бол зүгээр л дэмийрэл. Тухайн зүйлийг мэдэж хийх, харанхуйгаар зориглох хоорондоо ялгаатай. Зураач гэлтгүй бүхий л уран бүтээлчид зориг хамгийн чухал.
-Олон зуун жилийн дараа техник технологи өндөр хөгжиж, робот бидэнд үйлчилдэг болно гэж төсөөлье. Таны бодлоор тийм үед урлаг үнэ цэнээ алдах болов уу, эсвэл одоогийнхоос ч чухалд тооцогдох уу?
-Хэт механикжсан орчинд бол хүний гараар бүтсэн давтагдашгүй бүтээл илүү үнэ цэнэтэй болно байх. Цаг хугацаа өнгөрөх тусам хүнийг тайтгаруулж, тайвшруулах таашаал өгөх зүйл зөвхөн урлаг болж хувирах болов уу.
-Зураач Ц.Мөнхжин УИХ-д нэр дэвшиж буй юм билээ. Таны бодлоор зураач хүн зөвхөн уран бүтээлээ л туурвих ёстой юу, эсвэл улс төржих бас хэрэгтэй юү?
-Уран бүтээлчдийнхээ эрхийн төлөө зүтгэдэг хүн УИХ-д суувал хэрэгтэй л байх. Уран бүтээлээ хийж чадаж л байвал хажуугаар нь яагаад улс төржиж болохгүй гэж. Айхтар улс төржсөн хүмүүсийн дэргэд миний мэдлэг багадна. Би лав өөрийгөө урлагтаа л илүү анхаарлаа хандуулж явсан нь дээр гэж боддог.
-Тэгвэл өөрийгөө тохиромжтой үед төрсөн гэж боддог уу?
-Ван Гог тэргүүтэй олон зураачийг хүмүүс арай л эрт төрчихсөн гэдэг. Ван Гог олон бэрхшээлтэй тулгарч, үзэсгэлэнд зургаа тавихад хүмүүс тоохгүй, бүтээлээ шуудай төмсөөр худалдаж байсан боловч өдгөө түүний бүтээл дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зургийн тоонд ордог. Тиймээс цаг үеэ олж төрөөгүй гэхийн аргагүй. Б.Ренчин гуай тухайн үедээ гадуурхагдаж, нийгэм түүнийг хүлээж авахааргүй юм шиг байсан ч бидэнд хэрэгтэй олон зүйлийг хийсэн шүү дээ.
-Төмсөөр бүтээлээ худалдсан гэснээс зургаа өвөрмөцөөр наймаалцаж байсан уу?
-Өөрт хэрэгцээтэй зүйлээр сольж байсан тохиолдол бий.
-Өнгөрсөн гуравдугаар сард “Тэнгэр Монгол” үзэсгэлэнгээ толилуулсан юм билээ. Үзэсгэлэн гаргаснаар үзэгчдэд бүтээлээ хүргэхээс өөр ямар ашигтай вэ?
-Үзэсгэлэн гаргаад хэдэн төгрөг олсон бэ гэж зарим хүн асуудаг нь тэдний буруу биш. Эрээнээс бараа татсанаа худалдаад хэдэн төгрөг олсон бэ гэвэл өөр хэрэг. Ашиг харах байсан бол хямралын үед үзэсгэлэн гаргахгүй шүү дээ. Үзэгчдэдээ хийснээ үзүүлье гэсэн сэтгэл их байсан болохоор саяхан гаргасан үзэсгэлэн минь давгүй болсон гэж бодож байна. Хийж бүтээснээ нээлтийн үеэр харахад мэдрэмж төрж, дараагийн үзэсгэлэнгийн санаа толгойд буусан.
Анх үзэсгэлэн гаргаж байсан үетэйгээ харьцуулахад хүмүүс үзэсгэлэн сонирхох нь ихэсчээ гэж бодсон. Гэхдээ л миний хувьд чамлууштай санагддаг. Гэрээсээ гаруут чөлөөт цагаа уушийн газарт дэмий өнгөрүүлдэг залуучууд олон бий. Түүний оронд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй сэтгэл гэдэг эрхтнээ тордож, сэтгэлгээгээ тэлж өөрчлөх хэрэгтэй баймаар. Компьютер, цахим ертөнц хөгжиж, сонсдог ном хүртэл гарчихаар хүмүүс тэр бүр ном уншихгүй. Тиймээс ядаж урлагаар оюуны хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Нэг үеэ бодоход олон галерейтэй болжээ. Үзэгчдийг үнэгүй оруулдаг нь ч олон. Зарим нь үр хүүхдээ тэжээхийн тулд юун үзэсгэлэн үзэх манатай байгаа л даа. Гэхдээ хааяа зав гаргаад, ойлгохгүй ч гэсэн тухайн зургийг унших гэж чин сэтгэлээсээ оролдож, сэтгэлгээгээ хооллох хэрэгтэй. Бид өлсөхөөрөө хоол идчихдэг. Өлссөн, эсэх нь мэдэгдэхгүй сэтгэл гэх дүлий эрхтнээ урлагаар маш сайн хооллох хэрэгтэй. Бид айхтар гүн ухаанч байх албагүй ч сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Урлагаар хүмүүжсэн, үүнд дуртай хүмүүс юмыг хайрлаж, энэрэх сэтгэлтэй, ёс суртахуунтай байдаг юм шиг ажиглагддаг. Урлаг эцэг эхээс ч илүү хүмүүжүүлнэ дээ.
-Уран зураачдад санаа давхцах тохиолдол бий юү?
-Тийм тохиолдол дэлхий дээр олон байдаг гэж зураач нар ярьдаг. Миний бодож байгаад зурсантай ижил санаатай, ойролцоо бүтээл орчлонгийн хаа нэгтээ бас нэг зураач туурвихыг үгүйсгэхгүй. Тархиндаа бүтээчихээд яг хэрхэн илэрхийлэхээ шийдэж ядаж байтал өөр хүн аль хэдийнэ бодитоор хийчихсэн байхтай таарч байсан. Гэхдээ яг канондсон юм шиг адилхан хийнэ гэж байхгүй л дээ. Санаа давхцах, ойролцоо хийх тохиолдол байдаг юм билээ.