Идэр залуухан Морин хуурын чуулгынхан эрч хүчтэйгээр салхи татуулан хурдалж, Монголын урлагийнхныг буухиалан бүхий л алдартай тайзнаа тоглож, тэр хэрээрээ өсөж хөгжсөөр, өв соёлоо сурталчлан яваа билээ. Ардын жүжигчин Цэндийн Батчулуун олон жилийн хүсэл мөрөөдлөө бодит биелэл болгож, шавь нараа нэгтгэн байгуулсан уг чуулгад 16 настайдаа хөл тавьсан хуурчид ч цөөнгүй. Залуу нас, өрнүүн тэмүүллээр хамтдаа өсөн жигүүрлэсээр өдгөө тулхтай нэгэн уран бүтээлийн байгууллага оршин тогтнож байгаа.
Морин хуурын чуулга хэмээх энэ “айл”-д таван хос мөр зэрэгцэн ажилладаг юм билээ. Тэднээс энэ удаа А.Даваазориг, Б.Уянга нарыг онцлон “Хос багана”-даа урилаа. Чуулгын хамгийн хөгжилтэй гэр бүл гэгддэг тэд бол 20 жил хамтдаа амьдарч, хоёр сайхан охины аав, ээж болсон хүмүүс.
Тэд тавдугаар ангиасаа хойш нэг багшийн шавь болж, нэг ангид суралцаж, бакалавр, магистрын зэргээ ч хамтдаа хамгаалж, хоёулаа ижилхэн морин хуурч, урлаг судлаач мэргэжил эзэмшжээ.
-Улсын филармонийн хоёрдугаар давхарт байдаг зарлалын самбарт өнөө шөнө 02.00 цагт төв талбайд цуглаарай гэж бичсэн байна лээ. Наадмын дууны клипийг хийх гэж байгаа бололтой. Ийм үед та хоёрт хэцүү байдаг уу. Хоёулаа тэнд очих ёстой болохоор хүүхдээ гэртээ үлдээнэ шүү дээ.
А.Д: Ижил мэргэжилтэй, нэг байгууллагад ажилладаг болохоор бие биеэ сайн ойлгодог давуу талтай. Иймэрхүү тохиолдолд хүүхдээ орхих нь жаахан хүндрэлтэй ч зохицуулаад сурчихаж дээ.
-Хоёр охинтой гэлээ. Том нь хэдэн настай вэ?
А.Д: Том охин Номуун маань Японы Нагано хотын Шьен Шүгийн их сургуульд барилга архитектурын чиглэлээр сурдаг.
Б.У: Бага охин Наранмишээл гурван нас хүрэх гэж байна.
-Ямар гоё нэртэй охид вэ?
Б.У: Том охиндоо нэр өгөхдөө будаа шигшээд эмээгийнх нь сонгосон нэр гарч ирсэн юм. Бага охиндоо нэр өгч чаддаггүй, эмнэлгээс гарах болчихоод яах вэ гэж байгаад эгчээр нь нэр өгүүлсэн.
А.Д: Манай хүн энэ нэрэнд дуртай байгаагүй. Нараа гэдэг нэртэй хүмүүс ер нь бүтэхгүй талдаа байдаг гээд. (Инээв)
Б.У: Мишээл гэхээр бас элбэг.
-Ховор нэр байна аа.
А.Д: Монгол хүмүүсийн нэрийн толь бичигт энэ нэр байхгүй байсан. Саранмишээл гэж бол байдаг юм билээ.
Б.У: Даваазориг гэж нэртэй хүн бас ерөөсөө байдаггүй юм билээ.
А.Д: Би өөртэйгөө ижилхэн нэртэй хүнтэй таарч байгаагүй ээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас, нэрийн толь бичигт ч байдаггүй. Энгийн сонсогддог хэрнээ давтагдаагүй нэр шүү.
-Ажил ажил гэж явсаар л хоёр охиноо ийм олон насны зөрүүтэй төрүүлсэн байх даа.
Б.У: Харин тийм ээ. Манайхан бүгд л тэгсэн. Сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр ар араасаа хүүхэд төрүүллээ. Дийлэнх нь хол зайтай төрсөн. Би өөрөө ганцхан дүүтэй болохоор өнөр өтгөн гэр бүл сайхан санагддаг. Манай хүний талынхан олуулаа.
-Хамгийн анх нөхрийгөө ямархуу хүү байна гэж хардаг байсан бэ?
Б.У: Манай нөхөр ангийнхаа хамгийн ганган хүү байсан. 1990 онд тавдугаар ангийн хүүхдүүд нэг анги болж цугласан юм. Манай хүн нөгөө сургуульдаа байхдаа онц сурдаг байсан болохоор өөр тод өнгийн бүч зүүдэг. Тийм бүчтэй хүүхэд бараг байгаагүй. Зах зээл, ардчилал, картын бараа гээд бүх зүйл давхацсан тийм жилүүд хэдий ч их л ганган хөвгүүн байсан болохоор шууд нүдэнд туссан.
Бид хоёрын гэр нэг зүгт байдаг учраас ижилхэн чиглэлийн автобусанд суудаг, бас мэргэжлийн хичээлээ нэг багшаар заалгадаг байсан. Бид хоёулаа М.Баасанхүү багшийн шавь.
А.Д: Одоо эргээд бодоход сонин түүх шүү. Нэг ангид, нэг багшаар хичээл заалгаж, Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсчихөөд бакалаврын ангид бас л хамт орж, сая МУИС-д урлаг судлалын магистрын зэрэг цуг хамгаалсан. Бас нэг байгууллагад ажилладаг.
Б.У: Манай ангийнхан уулзахаараа та хоёр одоо салаач ээ, ядаж өөр өөр газар суу гэдэг юм.
-Зарим хүн нэг дор ажилладаг болохоор уйтгартай байдаг гэж ярьдаг юм билээ.
Б.У: Юунаасаа ч уйдах вэ дээ. Тийм зав ч байхгүй. Хийх ажил ихтэй.
-Анх бие биедээ дурлаж хайрлаж байх үед найз бүсгүй эсвэл залуугаа хүн өөрөөр хардаг байх. Олон жил хамт амьдрах тусмаа харин нэгнийхээ сайн зан чанар, алдаа дутагдлыг андахгүй мэддэг болдог болов уу?
Б.У: Анх хайр сэтгэлтэй байж л гэр бүл болж байгаа юм. Юугаа ч мэдэхгүй хоёр жаахан хүүхэд 19 настайдаа суугаад, би 20-тойдоо охиноо төрүүлсэн. Хоёр талаасаа нийлүүлье ч гэсэн оргүй гэдэг шиг л амьдралаа эхлэхэд, болно, бүтнэ, бүтээнэ гэсэн итгэлээр хамт зүтгэсэн. Амьдралын хугацаанд зовлон, жаргалаа хуваалцсаар нэг нэгэндээ уусаж, нэгддэг юм шиг ээ.
А.Д: Одоогийн залуус амьдрал бий болгохоосоо өмнө боловсрол эзэмшиж, эрхэлсэн ажилтай, эдийн засгийн хараат биш болно гэж зорьдог болсон байна. Бидний хувьд тийм байгаагүй. Бүх зүйлийг л хамт бий болгосон. Юу ч мэдэхгүй хүүхдүүд амьдралд хөл тавьж, хамтдаа босгож, бүтээсэн болохоор үнэ цэнэтэй, утга учиртай, нандин бас баталгаатай байдаг.
Олон жил хамт амьдрахаар гэр бүлийн хүмүүс адилхан болчихдог юм шиг байна. Хүмүүс таарчихаад “Та хоёр ямар адилхан юм бэ” гэдэг. Манайхан удмын буурал үстэй, эхнэр маань уг нь тийм биш. Гэтэл намайг бууралтахаар дагаад буурал үс гарч ирээд байгаа юм.
-Эхнэрийн тань ямар чанар танд хамгийн их таалагддаг вэ?
А.Д: Зөндөө л юм байна даа. Гэр бүлдээ их халамжтай, эмх цэгцтэй. Эрчүүдийн үүрэг бол тодорхой шүү дээ. Ар гэрээ авч явах ёстой. Эхнэр маань эмэгтэй хүнээс шалтгаалах бүх зүйл дээр хариуцлагатай байж чаддаг.
-Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид бага цалинтай байдаг. Гэхдээ бие даан уран бүтээл хийж амьдралаа төвхнүүлэх боломж бий байх л даа. Та хоёрын хувьд ямар байдаг вэ?
А.Д: Манай урлагийнхны цалин бага л даа. Гэхдээ хүний амьдралын үе бүрт тохирсон тодорхой үйл явдал, тохиол болдог. Амьдралаа хэрхэн төвхнүүлж, эдийн засгийн асуудлаа яаж шийдвэрлэх нь тухайн хүнээс л ихээхэн шалтгаалдаг шүү дээ. Олсноо яаж зарцуулж, яаж үр бүтээлтэй хандахтай нь холбоотой. Тухайн хүн хичээгээд амьдралын төлөө явбал ажил нь бүтэмжтэй байж, шат дарааллынхаа дагуу аливаа зүйл нь тогтворждог.
Анх Морин хуурын чуулгаа байгуулж, уран бүтээлээ хийгээд явж байх үед эдийн засгийн байдал хүнд байсан. Одоо бол цалин бага ч гэсэн бид хэцүү амьдардаггүй. Ц.Батчулуун багш минь биднийг маш сайн хөгжүүлж, суурийг нь зөв тавьж өгсөн. Манайхан зөвхөн нэг ажлаа хийгээд явдаггүй. Хөгжмийн найруулга, тоглолтын зохион байгуулалт, тэр ч бүү хэл дүрслэх урлагийн давхар мэргэжилтэй ч хүн байна. Хоёрдогч авьяасаа нээж, хөгжүүлсэн залуус энд олон бий. Би ч бас тоглолтын зохион байгуулалт, дуу бичлэгийн студи ажиллуулах гэх мэтээр давхар ажил хийж, төсөл хэрэгжүүлдэг. Урлаг судлалын ажлаа ч бас хийнэ.
Морин хуур тоглоно, хөөмийлнө, сүүлийн үед ерөөл, магтаал хэлж байгаа. Монголын болон дэлхийн шилдэг киноны хөгжмийг хүргэдэг “Playing love” тоглолтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулсан. Иймэрхүү төсөл хэрэгжүүлж, брэнд болсон тоглолтуудаа бид өөрсдөө зохион байгуулдаг юм.
-Та хоёр дэлхийн тэр олон тайзан дээр бас л хамтдаа гарч байсан гэхээр бахархалтай сайхан юм аа.
А.Д: Берлиний филармоний танхим, Москвагийн Их театр, Италийн алдартай театрууд, Японы бүх л том тайз, Бээжингийн “Сувдан театр”, Тайвань, Солонгос гээд бахархмаар олон тайзан дээр гарч байсан ийм чуулга Азийн хэмжээнд ч ховор шүү.
-Та хоёр нэг нэгнээ хэн гэж дууддаг вэ?
Б.У: Нэрээр нь л дууддаг.
-Хайр аа, ханиа гэхгүй юү?
Б.У: Үгүй ээ үгүй. Тэгж хэлэх гэхээр инээдтэй эвгүй санагдаад байдаг юм.
А.Д: Өчнөөн олон жил хамт сурч, нэг газар ажиллаж байж хамт олныхоо дунд гэр бүлийн уур амьсгалаа дэлгээд тэгж дуудаад явахыг хүсдэггүй. Бид хоёр ажил дээрээ ирээд тус тусдаа хүмүүс болчихдог болохоор нэг удаа намайг эхнэрийнхээ духан дээр үнсэхийг хараад хүмүүс бүр гайхаад, бөөн яриа болсон. “Ямар сонин үзэгдэл вэ” гээд л инээлдээд байгаа юм.
Б.У: Бид хоёр ажил дээрээ танихгүй хүмүүс шиг, эсвэл энгийн найзууд шиг л байдаг. Тэгж үнссэн чинь “Энэ хоёр чинь нээрээ эхнэр, нөхөр юм байна” гээд л байсан.
А.Д: Хөгжилтэй зүйл олон тохиолдоно оо. Бид хоёрыг хамт ажилладгийг мэдэхгүй хүмүүс зөндөө бий. Зарим залуус Морин хуурын чуулгын охидуудыг сонирхож, шохоорхоно. Нэг удаа надаас “Морин хуурын чуулгын Уянгаа нь аль нь билээ” гээд асуухаар нь “Өө тэр байна, тэр байна” гээд би заагаад өгсөн. Урлагийн хүмүүс болохоор иймэрхүү зүйлд эмзэглэж, харддаггүй, инээд наргиан болгоод л өнгөрдөг юм.
Б.У: Өчнөөн жил хамт байгаа хүмүүс яасан ч гэж нэгийгээ хардах билээ дээ.
-Том охиноо залуудаа төрүүлчихсэн болохоор одоо найзууд шиг сайхан байдаг байх даа.
Б.У: Манай охин их айхтар ингэнэ, тэгнэ гэж түвэг удахгүй хэрнээ өөрөө бүх зүйлээ дотроо бодож, төлөвлөөд зорилготой болчихсон. Бид хоёр ч хүсэл сонирхлыг нь дэмжээд дуртай чиглэлээр сургаж байгаа. Багад нь хөгжим тоглуулах гэж оролдоод, нэг хэсэг сонирхож байгаад больчихсон. Тэгэхээр угаасаа л охин минь урлагийн хүн болохгүй юм байна гэж ойлгоод өөрийнх нь дуртай зургийн чиглэлээр явуулсан. Сууж юм хийх дуртай, ухаанаа төвлөрүүлж ажиллах чадвартай хүүхэд. Бас их романтик талдаа. Бага байхаас нь л нээлттэй харилцаж, аливаа шийдвэрийг хамт ярилцаж гаргадаг байсан болохоор тэгж төлөвшсөн байх аа.
А.Д: Нэг хүүхэдтэйгээ удахаар бас их сонин байдаг. Хүүхэд том болоод гараас гараад эхлэнгүүт хийх юм олдохгүй, завтай болоод л, хоорондоо маргалдах шинжтэй. Зарим үед үзэл бодол нийлэхгүй. Тэгээд л шинэ хүнтэй болонгуут бүх зүйл өөрчлөгдөж эргээд сайхан уур амьсгалтай болчихдог юм байна.
Б.У: Амьдрал буруу тийшээ эргэх гээд, болж бүтэхгүй зүйл тохиолдоод ирэхээр бурхан хүүхэд илгээдэг гэсэн үг байдаг шүү дээ. Манайд хэнз хүүхэдтэй гэр бүл олон. Бүгдээрээ л энэ жижигхэн хүн ирснээс хойш бүх зүйл сайхан болоод л, ажил ундраад эхэлсэн гэдэг юм. Уйдах зав байхгүй болчихож байгаа юм.
-Ерөнхийлөгчийн зарлиг гарч монгол айл бүр гэртээ морин хууртай болж байлаа. Танайх бол олон хууртай байх даа?
А.Д: Би таван хууртай, манай хүн бас тэр тооных гэхээр 10 морин хууртай байх нь.
-Хэний урласан хуурыг барьдаг вэ?
Б.У: Бүх мастерын хуур бий. Морин хуур болгон олон янзын дуу, өнгөтэй учраас тоглох зохиолдоо тааруулж, өөр өөр хуур барьдаг.
-Зарим тоглолтын үеэр дэргэдээ хоёр морин хуур зэрэгцүүлээд тавьчихсан байгаа харагддаг.
Б.У: Хөг сольж тоглох шаардлагатай бол тэгдэг. Нэг хуурыг хөглөөд тоглож болох ч тоглолтын дундуур хөгөө удаан барихгүй байх ч юм уу гэнэтийн юм тохиолдож болно. Бас ширэн цартай хуурын өнгө аялгуу, хөглөгөө өөр болохоор тэгж сольж тоглодог.
-Та хоёрыг ур чадвараар харьцуулбал хэн нь илүү бол?
Б.У: Адилхан даа.
А.Д: Манай эхнэр концертын мундаг гоцлооч. Бие даасан тоглолтоо Японд хийж байсан. Би болохоор ардын уламжлалт тал руу тоглодог, арай өөр чиглэлтэй.
-Гэртээ хамт байхдаа ямар төрлийн хөгжим түлхүү сонсдог вэ?
Б.У: Сонсдог хөгжим төстэй. Маш олон төрлийн юм сонсдог. Нас насны онцлогоос шалтгаалан өөр өөр хөгжим сонирхож сонсдог байсан үе бол байсан.
А.Д: Илүү хөгжиж байгаа хөгжмийн төрлийг түлхүү сонсоно. Математикийн ухааныхаар бол хүнд хэцүү бодлогыг түвэггүй боддог хүмүүс байдагтай ижил хөгжмийн илүү өндөр хөгжсөн төрлийг сонгон сонсож байгаа нь тухайн хүний хөгжмийн боловсролын илэрхийлэл болдог. Сонгодог болон жааз хөгжим ойлгож сонсож байгаагаар нь тухайн хүний боловсролыг бага ч гэсэн хэмжих боломжтой. Зохиолын дуу сонслоо гээд ч муу юм байхгүй. Тийм болохоор бид ч бас үзэгчдээ маш сайн хөгжим сонсож байгаасай гэж хүсэж “Novel melody” буюу шинэ хөгжмийн төслөө эхлүүлсэн. Латин америк, франц хөгжмийн зохиолчдын бүтээлийг дийлэнхдээ тоглосон.
Эхэндээ ч хүн үзэхгүй болов уу гэж айж байтал бүх тасалбар дууссан. Тоглолтын дараа үзэгчид сайхан сэтгэгдэлтэй байгааг телевизийн нэвтрүүлгээс харсан. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүд, бизнесменүүд өөрсдөө тасалбараа аваад манай тоглолтыг үзсэн байсан.
-Монголд байгаа хамгийн олон байнгын үзэгчтэй чуулга танайх байх. Морин хуурын чуулгын шинэ тоглолт болоход “Тасалбар олж өгөөч” гэх хүн олон байдаг юм.
А.Д: Морин хуурын чуулгын тасалбар олддоггүй гэж хүмүүс их ярьдаг. Нэг тиймэрхүү шуум хаа сайгүй тарчихсан гэх юм уу даа. Мэдээж энэ нь бидэнд таатай л даа. Гэхдээ ямар ч тоглолтын үед тасалбар байж л байдаг юм шүү дээ. Хүмүүс хэрхэн худалдаж авах вэ гэлгүй шууд л дууссан байх гэдэг ойлгоцтой байдаг.
Дэлхийн алдартай тайзан дээр тоглож явахдаа “Хэзээ бид энэ хүмүүс шиг үзэгчидтэй болох бол” гэж боддог байсан. Гэтэл одоо манай үзэгчид маш их мэдрэмжтэй соёлтой болсон. Хэдэн жилийн өмнө тоглолтын үеэр гар утсаараа ярьж, юм идэж, бохь зажлаад түвэгтэй байдаг байсан шүү дээ. Энэ нь манай чуулгынхны бий болгосон нэг соёл гэж би бодож бахархдаг.
Б.У: Өмнө нь шинэ тоглолт хийхээр багш, найз нөхдөөр дамжуулан тасалбар, урилга гуйдаг хүн олон байсан. Одоо бол больсон. Харин “Гоё суудал олоод өгөөрэй, найз нь худалдаж авъя” л гэж ярьдаг болсон. Анхнаас нь бид тэгж сургасан юм. “Бидэнд ямар ч тасалбар өгөөгүй ээ, үзмээр байвал өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээд тасалбараа худалдаж аваарай” гэчихдэг. Хүнд үнэгүй тасалбар, урилга өгөөд байвал угаасаа л өгдөг юм гэсэн ойлголттой болж, урилга авсан хүмүүс ч тоглолтод ирдэггүй.
А.Д: Морин хуурын чуулгын тоглолт дүүрэн үзэгчтэй байна гээд зарим хүн биднийг маш их орлого олдог байх гэж боддог. Гэхдээ бид үзэгчдэдээ чанартай уран бүтээл хүргэхийн тулд зардал их гаргадаг. Тоглолтын тайз, гэрэлтүүлэг, дэлгэц, микрофон гээд бүх зүйлд анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Уран бүтээлийнхээ орлогоос тэр болгоны төлбөрийг хийдэг. Тасалбараа тийм ч өндөр үнээр худалддаггүй. Үзье гэсэн хүсэлтэй хүмүүс авахад боломжийн байх хэмжээнд барьдаг.
20 жил хамтдаа амьдарсан гэргийгээ таван жилийн турш гуйлгаж байж хуримын гэрэл зураг авахуулсан А.Даваазориг ирэх намар эхнэртэйгээ “хүрэл хурим” хийхээр тохиролцжээ. Эрт гэрлэж, хуримаа хийж ч амжаагүй болохоор “Алт, мөнгө нь биш юм гэхэд хүрэл, зэс хурим ч болтугай хоёулаа хийе л дээ” гэж Б.Уянга нөхрийгөө цаашлуулдаг гэсэн. Ажлын шаардлагаар айлын хуриманд байнга уригддаг болохоор сонирхолтой олон хуримын санаа тэд бодоод амжжээ.
Инээд цалгиасан гэрэлтэй нэгэн гэр бүл энэ ярилцлагыг өгчихөөд Буриадын Улаан-Үдийг зорьсон. Тэнд хосуудын багш М.Баасанхүүгийн тайлан тоглолт болох гэж буй юм билээ.