Монголд анх удаа эмэгтэй найруулагч түүхэн уран сайхны кино найруулсан нь “Ану хатан” байв. Магтаал, шүүмжлэлийн аль алинд “булуулсан” тус киноны найруулагч нь Т.Алтантуяа. Тэрбээр өмнө нь Америкийн алдарт зохиолч Эв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг ч найруулж байсан юм. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа
-Шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон гэсэн. “Хөөрхөн шулам” киноныхоо тухай ярихгүй юү?
-“Хөөрхөн шулам” киногоо ирэх сарын 3-наас үзэгчдэд хүргэнэ. Кино зохиолыг бодит үйл явдлаас сэдэвлэж бичсэн юм. Санааг нь миний танил эгч гаргасан. Ямар төрлийн кино вэ гэдгийг дэлгэрэнгүй яримааргүй байна. Хүмүүс киноны зурагт хуудсыг харж, нэрийг сонсоод инээдмийн эсвэл адал явдалт юм уу гээд янз бүрийн таамаг дэвшүүлж буй нь их сонирхолтой байна. Би бусад уран бүтээлчийн киноны трейллерийг хараад л ийм үйл явдал гарна, ингэж төгсөх юм байна гээд уншчихаад байдаг. Заримдаа нөхөртэйгөө “Энэ кино ингэж дуусна. Хоёулаа мөрийцөх үү” гээд тоглодог юм. Тийм болохоор өөрийнхөө киног арай өөр байгаасай гэж хүссэн.
-Киноны зохиолоо бичин, найруулж, бас гол дүрд нь тоглосон гэсэн.
-Тийм ээ. Нэлээд ачаалалтай ажиллалаа. Би “90:60:90” нэртэй анхны кино зохиолоо 2008 онд бичиж байлаа. Харамсалтай нь дэлгэцэнд амилаагүй л дээ. Уг нь гарсан бол жүжигчин Р.Анхням, Т.Ариунбулаг бид гурав гол дүрд нь тоглож, гурван эмэгтэйн амьдралыг өгүүлэх байлаа. Одоо ч хадгалсаар байгаа. Тэрнээс хойш “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиол дээр долоон сар сууж байлаа. Мөн “Элч” киноны зохиолыг жил гаруй бичсэн.
-“Хөөрхөн шулам” киноны гол дүрд цахим ертөнцөөр шуугиан тарьсан хоёр бүсгүйг сонгосон нь ямар учиртай юм бэ. Киноны сурталчилгаа хийхэд дөхөм гэж бодов уу, эсвэл үнэхээр тухайн дүрдээ тохирсон учраас сонгосон уу?
-Жүжигчинд зориулж зохиол бичин, түүнийгээ тоглуулдаг хүн байдаг л байх. Би үүний эсрэг хүн. Жүжигчдийн үндсэн ажил бол зохиол дээр бичигдсэн дүрд хувирах шүү дээ. Гэтэл үүний утга алдагдаад байх шиг. Би “Ану хатан”-аас хойш уран бүтээл хийсэнгүй. Үзэгчдийн санал, шүүмж, сэтгэгдлийг их сонслоо. Бусад найруулагчийн уран бүтээлийг үзлээ. Киноны дүрд тоглох жүжигчнээ зөв сонгох нь тухайн уран бүтээл бүтэх явцын 50 хувьтай дүйцэхүйц чухал байдаг юм байна.
Манай киноны гол дүрд “Хадаг” кинонд тоглосноор нь хүмүүс мэдэх Б.Цэцэг, “Шинэ үе” продакшнд байсан жүжигчин Ц.Алдармаа нар тоглосон. Дүрийн сонгон шалгаруулалт хийж жүжигчдээ сонгосон. Маш удаан бодож байж тэднийг сонгосон юм. Яг үнэндээ манайд Б.Цэцэгээс өөр дэлхийн хэмжээний кинонд тоглож, Азийн шилдэг жүжигчнээр шалгарсан хүн байхгүй. Үнэхээр авьяастай бүсгүй. Алдармаа ч гэсэн маш дайчин. Ямар ч уран бүтээлд бүх сэтгэлээ зориулж ажилладаг. Өмнө нь “Ану хатан”-д тоглуулах гэсэн боловч тэр үед өөр уран бүтээлд ажиллаж байсан учраас чадаагүй юм. Би дүрүүддээ сэтгэл хангалуун байгаа.
-Та жүжигчний мэргэжлээрээ ажиллалгүй нэлээд удсаны эцэст энэ кинондоо тоглов уу даа.
-Яг үнэнийг хэлэхэд би жүжигчнээр ажиллах нэг их дуртай биш ээ.
-Яагаад?
-Багш нар маань нөлөөлсөн байх. Жүжигчнээр ажиллаж байгаад СУИС-д найруулагчийн ангид орсон юм. “Байцаагч түшмэл”, “Турьхан хатан” жүжгээр дипломоо хамгаалж байв. Манай анги ердөө хоёрхон охинтой. Тэгэхээр өөрөө найруулаад, жүжиглэхээс аргагүй. Тэр үед багш нар “Чиний жүжиглэхийг зөндөө харсан. Одоо яаж найруулахыг чинь хармаар байна” гэж загнадаг байлаа.
Зарим нь “Энэ найруулагч болохгүй” гээд л. Тэр үеэс эхлээд жүжигчнээр ажиллах хэрэггүй ч юм шиг санагдаж эхэлсэн дээ. С.Сугар багш дээр анх найруулагч болмоор байгаагаа хэлж очиход “Чи яах гэж ийм ажилд дурлаад байгаа юм бэ. Камерийн өмнө ажиллаж, дэлгэцээр гарах нь арын албанд байхаас амар биш үү” гэж асууж байлаа.
Найруулагч М.Жаргал миний багын шүтээн. Тэр хүн надад “Тусгай салаа” киноны дүр санал болгосон учраас татгалзаж чадаагүй. Харин “Ану хатан” кинонд санамсаргүй, бас яах аргагүй байдалд ороод тоглосон. “Хөөрхөн шулам” кинондоо өөрөө тоглохыг продюсер маань ятгасан. Болсон үйл явдлаас сэдэвлэсэн учраас гол дүрд тухайн хүнтэй төстэй хүн хэрэгтэй байсан. Би тэр хүнтэй нь царай, зан, нас их адилхан юм билээ.
-Та ямархуу зан араншинтай хүн гэж?
-Би их зөрүүд хүн. Их огцом, гэнэтийн шийдвэр гаргадаг, дураараа хүн дээ.
-Энэ зөрүүд зан тань найруулагчийн ажил хийхэд хэрэг болж байна уу?
-Маш удаан бодож гаргасан шийдвэрийг минь хэн ч өөрчилж дийлдэггүй. Тэр нь ажлаа хийхэд хэрэг болдог шүү.
-Эмэгтэй найруулагчийн ажиллах арга барил эрэгтэйчүүдээс өөр үү?
-Би урлагийн хүн болохоосоо өмнө сэтгүүлч, сэтгэл судлаач мэргэжилд их дуртай байлаа. Өөрийгөө эдгээр мэргэжилд авьяастай гэж боддог. Энэ давуу талаа арай илүү ашигладаг юм болов уу.
-Эмэгтэй найруулагчид цөөхөн байдаг. Тэр дундаа бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино найруулсан эмэгтэй танаас өөр бий юү?
-Кино бол нийлмэл урлаг. Дор хаяж 15 мэргэжлийн уран бүтээлчдийг зангидаж ажиллах болно. Тэр хүмүүсийн дээр гарахгүй юм гэхэд дор нь орчихгүй мэдлэг, мэдрэмжтэй байж л ойлголцож ажиллана шүү дээ. Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй. Энэ хугацаанд “Цогт тайж” киноны хоёрдугаар найруулагчаар М.Болд гэж эмэгтэй ажилласан байдаг. “Тунгалаг тамир” киноны Буян чавганц шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Норолхоо зэрэг үе үеийн эмэгтэй найруулагч бий. Гэхдээ түүхэн киноны ерөнхий найруулагчаар ажилласан анхны эмэгтэй нь би юм билээ.
-Найруулагч В.Агар таны хань. Уран бүтээлээс болж маргалдах, санал зөрөлдөх үе гардаг байх.
-Бид хоёр их өөр төрлийн найруулагч. Санал зөрөлдөх, мурийх үе дөндөө. Гэхдээ бие биенээ маш сайн нөхөж ажиллаж чаддаг. Хэчнээн ам мурийсан ч нэг нэгнээ хайрлах сэтгэл нь байдаг болохоор гомддоггүй.
-Хэрвээ таны хань урлагийн биш, өөр мэргэжилтэй байсан бол та өнөөдрийнх шиг хүссэн ажлаа хийж чадах байсан болов уу?
-Чадах байх. Надад юунд ч баригддаггүй, эрх чөлөөтэй хүн таалагддаг. Маш авьяастай мөртлөө гэр бүл зохиосноос болж мэргэжлээ хаясан бүсгүйчүүдийг би мэднэ. Би тэгж чадахгүй. Үнэхээр хүсэж байгаа л бол ямар ч тохиолдолд ажлаа хийнэ.
-Хэдэн хүүхэдтэй вэ. Урлагийн хүн болох шинж байна уу?
-Манайх хоёр хүүхэдтэй. Урлагийн хүн болохгүй байх.
-Болохгүй юм шиг байна уу, эсвэл болгохгүй гэж шийдсэн үү?
-Манай хоёр кинонд тоглож байсан. Аав, ээжийнх нь мэргэжлийн онцлог хүүхдүүдэд мэдрэгддэг л байх. Урлагийн мэргэжил сонгосон ч миний хүүхдүүд шантрахгүй. Харин өнөөдрийн бидний туулж буй, биднээс өмнөх үеийнхний амьдралаа зориулсан энэ урлаг үнэгүйдсэн, шударга биш болсон салбар руу орж золиос болох вий гэж айдаг. Гэхдээ өөрсдөө сонирхолгүй юм шиг байна. Охин маань өөр мэргэжлээр сурч байгаа.
-Сүүлийн хэдэн сарын турш амтай болгон л УИХ-ын сонгуулийн тухай ярьж байна. Олонх уран бүтээлч сурталчилгааны ажилд оролцож яваа. Энэ үеэр шинэ уран бүтээлээ хийж буй гэхээр та улс төрд сонирхолгүй гэсэн үг үү?
-Сонгуулийн тухай бодохоор л дотор муухайрч байна. Би шударга хэлчихлээ. Би энэ олон танихгүй хүний хэнийг нь сайн гэж мэдэж дэмжих юм бэ. Сурталчилгаанд ажиллах санал ирээгүй биш ирсэн. Би ядуу. Гэхдээ тэр мөнгийг авахгүй байлаа гээд тураад үхчихгүй л байх. Өнөөдрийг хүртэл би үнэнээр, байгаагаараа явж ирсэн. Тэр үнэт зүйлээ энэ булхай сонгуультай холбож сэвтүүлмээргүй байна. Би уран бүтээлчдийг зарим зүйлээс татгалзаж сураасай гэж хүсдэг. “Үгүй” гэж хэлж чаддаг байх нь хамгийн том чадвар шүү.
-Та шүүмжлэл хэр даадаг вэ. Өөртөө тусгаж авдаг уу?
-Үнэхээр чин сэтгэлээсээ миний дутагдал, анхаарах ёстой зүйлийг зөвхөн надад хандаж хэлбэл авна шүү. Түүнээс шүүмжлэл гэдэг чинь доромжлол, ёжлол, гүтгэлэг биш. “Ямар ч нүгэлтэнд ирээдүй бий. Ямар ч гэгээнтэнд өнгөрсөн үе бий” гэдэг дээ. Магтууллаа гээд хөөрдөггүй, доромжлууллаа гээд би газар дор орчихгүй.
-Олон улсын уран бүтээлчидтэй хамтран “Элч” түүхэн кино хийхээр болсон гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Элч” бол “Ану хатан”-аас өмнө төлөвлөсөн кино. Зохиолын нэр нь “Докуз хатан”. Монгол, Франц, АНУ, Швейцарь, Бельги, Норвегийн уран бүтээлчидтэй хамтран бүтээнэ. Энэ кино маань Монгол, Францын түүхийг, элч Виллиам де Рубрукийн тухай өгүүлсэн кино юм. Тийм болохоор тус улсын талаас манай кинонд их ач холбогдол өгч буй. “Алуурчин Леон” кинонд тоглосноор нь сайн мэдэх Жан Реног Рубрукийн дүрд тоглуулахаар ярилцаж байна.
-Түүхэн кино өндөр зардлаар бүтдэг. Дээр нь гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад бүр л их зардал гарах байх. Мөн Монголд зураг авах дэлхийн стандартад нийцэхүйц павилион, дэд бүтэц байхгүй. Энэ бүгдийг яаж шийдэж, хаана зургаа авах вэ?
-Мэдээж хэцүү шүү дээ. Гэхдээ уйлаад гутраад суултай биш. Үүнийг урагшлуулахын тулд өөрсдөө илүү их тэмцэж, хөдлөх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Энэ киногоо хийх гэж 2013 оноос хойш л гүйж байна. Зургаа хэрхэн авах талаар одоо ярилцаж байна. Удахгүй хамтарч ажиллах уран бүтээлчид Монголд ирнэ. Францын кино үндэсний төв (CNC)-ийн мэргэжилтнүүд манайхтай хамтарна. Зургаа хаана авах, хэрхэн ажиллахаа тэдэнтэй зөвлөж шийднэ.