Д.Болд, Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар. Тэд бол “Камертон”. Монголын анхны дөрвөл хоолой салгаж дуулсан хөвгүүдийн хамтлаг. Өнөөдөр тус хамтлагийн 21 жилийн ой тохиож буй. Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч 1995 оны энэ өдөр сургуулийнхаа коридорт хамтлагаа байгуулжээ. Хамтлагийнхаа 21 жилийн түүхийг бичилцэхэд тэдний нөхөрлөл авьяасаас нь илүү үнэ цэнэтэй байсан аж. Монголын рок попын “эвтэй дөрөв”, “азын дөрвөн бэрх” шиг тэдэнтэй ойн баярынх нь өдөр ярилцлаа.
-Анх танилцаж, нөхөрлөсөн түүхээ сөхөөч. Энэ түүх Хөгжим бүжгийн коллежид элссэн үеэс эхлэх байх.
Г.М: -1986 онд Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр ангид элсэж байлаа. Манай ангийг 22 хүүхэд төгссөний хоёр нь эрэгтэй. Тэр нь Болдоо бид хоёр. Нэгдүгээр ангиасаа л Болдоотойгоо найзалсан. Болдоо айлын бага. Нэлээд эрх, бас их олон тоглоомтой. Би олон хүүхэдтэй айлын дундах нь. Надад тийм их тоглоом байгаагүй. Тийм болохоор хичээлээ тараад Болдоогийнд очиж тоглох их дуртай байв. Тэднийх Хөгжим бүжгийн коллежийн урд талын байранд байсан юм. Гэрийнх нь тавилгуудаас 00-ын утас татаж гүүр, нуувч болгоод л цэрэг, индиан, морины дүрстэй тоглоомуудаар нь байлдаж тоглоно. Ёстой буулгаж өгдөг байлаа даа. Тэднийх их гоё төгөлдөр хууртай. Сүүлд Болдоо тэр хуураа ажил дээрээ авчирч тавьсан байна лээ.
Л.Г: -1985 онд Хөгжим бүжгийн коллежийн 1А ангид орж байлаа. Эба бид хоёр нэг ширээний найзууд. Анх анги руугаа ороод л Эбаг харсан.
Б.Э: -Ганаа надад анхны харцаар дурлачихаж (инээв). Би Ганаагаас айдаг байсан шүү дээ. Нүгэлтэй сахилгагүй. Би арай ч тийм биш, гэхдээ уруу татагдчихдаг байсан. Мантайсан цагаан хүүтэй анх танилцаж, найзлаад 31 жил болчихжээ.
Л.Г: -Эба цаанаасаа л надтай хамт сахилгагүйтэхээр царайтай (инээв). Тэгээд л найзалж эхэлсэн дээ. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ хамт байна. Бид дөрөв чинь утсан хөгжмийн ангийнх шүү дээ. Хэдийгээр Эба бид хоёр ерөнхий эрдмийн хичээл дээр нэг анги боловч мэргэжлийнх нь өөр. Эба, Мээдээ хоёр морин хийлийнх. Харин Болдоо бид хоёр хийлийн анги.
Г.М: -Эбатайгаа бас их дотно. Жижигхэн умгар танхимд хичээлээ хамт давтана. Хөгжмийн олон наадамд Эба бид хоёр оролцсон. Болдоо багадаа муур тэжээдэг байсан юм. Би муур гэдэг амьтныг тэднийд л анх удаа ойроос харж байлаа.
Д.Б: -Юм болгонд Ган-Эрдэнэ, Эрдэнэбат гэсэн нэр холбоотой явдаг байсан шүү. Байсхийгээд багш нарын хурлаар орж загнуулдаг. Мээдээ бид хоёр даруухан, их намуухан. Манай анги их гоё тохижилттой байлаа. Эцэг эхчүүд нь ч анхаарна. Олон охинтой болоод ч тэр үү, байнга цэвэрхэн. Гэтэл Эба, Ганаа хоёрын анги эсрэгээрээ. Тэдний ангийн хажуугаар гарахад тоос бужигнаж байгаа харагдана шүү дээ. Ядаж байхад анги нь жорлонгийн хажууд. Мэргэжлийн хичээлдээ сайн хүүхдүүдийг Япон руу Ази, номхон далайн орнуудын чуулга уулзалтад явуулсан юм. Тэрэнд Эба бид хоёр явж байлаа. 1989 онд байх.
-Сургуулийнхаа коридорт хамтлаг байгуулсан тэр өдрийг дурсахгүй юү?
Г.М: -Болдоо бид хоёр МҮОНТ-ээр хүүхдийн дуу дуулаад зөндөө гарч байлаа. Ахлах ангид орсон хойно манай ангийн Түмэнтөгс, “Спайк” хамтлагт байсан Маралгуа, Мөнхтуяа, Болдоо бид тав хоолой салгаж дуулдаг байсан юм. Урлагийн вакум орчинд байгаа хүүхдүүдэд чадахгүй зүйл байхгүй. Тэр үед Ганаа, Эба хоёр ч “Титэм” хамтлагийн дуунуудыг дуулдаг байсан. Яагаад ч юм ирээдүйд нэг хамтлагт нэгдэнэ гэдгээ мэдсэн юм шиг бид хэд найрал дууны хичээлд хамт суудаг байлаа. Яг л шинэ давалгаа хүрч түрж эхэлсэн үе. Барууны хамтлагуудыг сонсож, тэднийг дуурайн дуулж, шимтчихсэн байсан. Ингэж явсаар нэг өдөр хамт дуулж үзэхээр шийдсэн. Хэдхэн ноот хамт аялаад л бид дөрөв хамт дуулах хүмүүс юм байна гэж бодсон доо.
Д.Б: -Би багадаа рок хөгжим их сонсдог байсан. “Guns’n roses”, “Aerosmith” гээд л. Нэг удаа “Bonjovi”-гийн хуурцгаа “Boys II men”-ийхээр солилоо. Тэр хуурцгаас анх хөгжимгүйгээр өнгө салгаж дуулахыг сонссон юм. Тэгээд сургуулийнхаа шинэ жилийн арга хэмжээнд ангиараа өөр өнгөөр хоолой салгаж дуулж байсан юм. Хавар нь тавуулаа “Сүүлчийн хонх” гээд тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн. Мээдээ бид хоёр өдөр шөнөгүй бэлтгэл хиймээр байсан ч хамтлагийн охидод маань тийм боломж байгаагүй. Ингээд эрэгтэй гишүүдийн эрэлд гарсан. Тэгээд Ганаа, Эба хоёрт хамт дуулж үзэх санал тавьсан юм. Ингэж л “Камертон” хамтлаг бүтэн болсон.
-Л.Г: 1994 оны зургадугаар сарын 24. Анх удаа хамт дуулахад үнэхээр гоё, яг л хөгжим шиг сонсогдсон. Болдоо бидэнтэй мөрөөдлөө хуваалцаж, зорилгоо ярьсан. Бид ч тийм мөрөөдөлтэй байлаа.
Г.М: -Хамтлаг байгуулахыг Болдоогийн ээж, Гавьяат жүжигчин, дуурийн алдартай дуучин Ж.Цэцэгээ эгч их дэмжсэн. “Камертон” гэдэг нэрийг хүртэл өгсөн. Хамтлагаа байгуулаад ганцхан жилийн дараа анхны тоглолтоо хийж байлаа.
Б.Э: -Бүгдийнх нь хичээл тарчихсан байсан гээд бодохоор 16.00 цагийн үед байх. Хичээл амарчихсан, шалгалтууд эхэлчихсэн байсан санагдаж байна. Сургуулийнхаа шатан дээр “Битлз”-ийн “Yesterday”-г анх дуулж байлаа. Нээрээ л хэдхэн ноот дуугаргаад л хамт дуулах ёстойгоо ойлгосон.
-Та дөрвийг нэг хамтлагийн уран бүтээлчид гэхээс илүү амьдралын найзууд гэвэл ононо. Нөхөрлөл гэж юу вэ?
Д.Б: -“Камертон” хамтлаг бол бидний мөрөөдөл. Тэгэхээр мөрөөдөл минь биднийг хөтөлж өдий хүртэл нөхөрлүүлсэн байна.
Г.М: -Найз гэдэг их эрхэм, чухал үг. Гэхдээ бид найзаас ч илүү, яг л нэг гэр бүлийн гишүүд шиг болчихож. Бидний гэр бүлийнхэн ч хамаатан шиг ээнэгшсэн. Бие биедээ санаа тавьж, зөвлөж, а м ь д р а л ы н шалгуурыг давсан хүмүүс л нөхөрлөж үлддэг. Түүнээс биш миний найз ийм л байх ёстой гэсэн тогтсон хэм хэмжээ байхгүй шүү дээ.
Б.Э: -Манай гурав маш ухаалаг. Одоогийн залууст үлгэр жишээ болохуйц хөдөлмөрч хүмүүс. Хөгжим бүжгийн коллежид байхаасаа л бид аливаад хариуцлагатай, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байхыг хичээсээр ирсэн. Энэ сэтгэл биднийг холбосоор ирсэн. Дээр нь энэ дөрвөн залууг уулзуулсан хувь заяанд би баярладаг. Маш азтай тохиол. Нөхцөл бололцоо нь бүрдэлгүй, тарсан олон залуу бий. Гэтэл бид учирчихсан. Бид дөрвийг бурхан ивээдэг байх. 30 гаруй жил нөхөрлөлөө. Энэ нөхөрлөл үхэн үхтэл л үргэлжилнэ. Хэн нэг нь амьдралд алдах, буруу шийдвэр гаргахад чиглүүлээд өгдөг, түшээд авдаг л байх хэрэгтэй.
Л.Г: -Баяр, гунигтай аль ч үед надтай хамт байдаг ийм гурван найзтайдаа баярладаг. Би нэг зүйлийг үргэлж бодож явдаг. Итгэл, нэр төр, нөхөрлөл гурвыг мөнгөөр худалдан авч болдоггүй. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэдэг дээ. Гурван найз маань миний гэрэл. Би азтай. Сайн найзуудтай учирсан тулдаа би өнөөдөр олны хайр хүндэтгэлийг хүлээгээд явж байна.
-Хамтлагаа байгуулсны дараа хамтдаа амьдардаг байсан шүү дээ. Хамтдаа амьдрахаар хөгжилтэй зүйлс их тохиолдоно биз?
Г.М: -1996 оноос хэсэг хамтдаа амьдарсан. Хөгжилтэй зүйлс байнга тохиолддог байлаа. Сингапурт байхдаа бас хамт амьдарсан.
Л.Г: -Нэг жил хамт амьдарсан. Эхний хэдэн сар гоё байсан. Уран бүтээлээ маш шуурхай хийж, олон дуутай болсон нь сайхан. Тэр жил манайх хоёр тоглолт хийж, цомог гаргасан шүү дээ. Сингапурт бас хамт байлаа. Сүүлдээ энэ гурваас уйдчихсан. Өглөө сэрээд нөгөө л гурван царайгаа харна. Гэхдээ хамт амьдрахаар бие биенээсээ их зүйл сурдаг юм билээ. Би хоол хийж чаддаггүй байлаа. Хамт амьдарснаар хоол хийж сурсан. Хувцсаа тайлаад л тал тал тийш шиддэг хүн чинь энэ гуравтай хамт амьдраад оймсоо хүртэл эвхэж хураадаг болсон шүү дээ.
Б.Э: -Зугаацах гэж хамт амьдраагүй л дээ. Уран бүтээлдээ ахиц гаргая, цаг алдахгүй байя л гэж зорьсон. Бид хүүхэд байхаасаа зорилгоо зөв тодорхойлчихсон. Түүнийхээ төлөө чармайсаар ирлээ. Тулгарсан ямар ч саад бэрхшээлийг “Энэ бол байдаг зүйл” гээд давж гарч сурав. Хамт амьдарсан өдрүүдийг маш үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Тэр үеийг эргээд бодоход уран бүтээлийн маань хамгийн оргил үе байлаа. Хамт байхдаа хамгийн сайн дуунуудаа зохиосон. Хэрэв бололцоо олдвол дахиад ганц сар хамт байх юм сан гэж уулзах болгондоо ярьдаг. Даанч ярихаас цаашгүй юм.
Д.Б: -2000 онд бид Сингапурыг зорьсон. Бидний тэнд очоод гаргасан “June 24” цомог маш шинэлэг. Бид яаж хөдөлмөрлөсөн гэж санана.
-31 жилийн турш нөхөрлөхөд юу, эс тохиолдох билээ. Хоорондоо ам мурийж байсан л байлгүй. Тэр үед та дөрвөөс ямар араншин гардаг вэ?
Д.Б: -Уран бүтээлийн асуудлаас болж маргалдах үе зөндөө. Зарим хүн “Миний найз яг л ихэр шиг минь” гээд ярьдаг даа. Гэтэл бид дөрөв өөр өөр ааштай. Төстэй зан нэг ч байхгүй. Сонин байгаа биз. Амьдралыг харах өнцөг, төсөөлөл, бусадтай харилцах гээд бүх зүйл анхнаасаа өөр байсан. Одоо ч тэр хэвээрээ.
Л.Г: -Манай Болдоо дуугаа хураагаад, ярвайгаад суучихдаг. Мээдээ зөрүүдлээд үг дуугүй гараад явчихна. Эба өөрийгөө ойлгуулах гээд л тайлбарлаад байна. Нэг их сэтгэл хөдлөлтэй хүн биш. Би бол шууд минчийтлээ улайгаад л уурлачихна. Энэ хэдээсээ хамгийн ширүүн ааштай нь би. Нэг удаа миний зохиосон дууг энэ гурав дуулахгүй гээд болдоггүй. Эхэндээ эвээр гуйлаа. Зөвшөөрөхгүй болохоор нь “Тэгвэл би наад цомгийн чинь нэг ч дууг дуулахгүй” гээд гүрийчихсэн. Ингэж сүрдүүлж байж “Миний л хайр” дуугаа дуулуулсан. Гэтэл хит болсон л биз дээ.
Б.Э: -Нээрээ л бид дөрөв тэс өөр ааштай. Гэхдээ ам мурийсан нь их цөөхөн. Ганаа бид хоёр арай түргэн зантай. Маргалдлаа гэхэд аль нэг нь буугаад өгчихдөг. Тэгээд л асуудлыг шийдчихнэ.
-Нэгнийгээ гаднаас орж ирэхэд хараад л ямар байгааг нь гадарладаг болчихсон уу?
Г.М: -Ер нь гадарлана шүү. Мань хүн бухимдчихсан байгаа юм байна, эсвэл өлсчихөж, нойр муутай хонож дээ гээд хараад л мэднэ.
-Найзууддаа хэзээ хамгийн их баярласан бэ?
Г.М: -1998 онд бидний шүтдэг “Воуs II men” хамтлаг Бээжинд тоглолтоо хийсэн юм. Гитарчин Өөжгий ах түрүүлж оччихоод биднийг дуудаад байдаг. Би нөгөө гурваасаа “Очиж үзье л дээ” гэж шалаад л байлаа. Тэгсэн нөгөө гурав чинь “Явмаар л байна” гэсэн мөртлөө хөдөлдөггүй. Тэгэхээр нь Болдоог гэрт нь дагаж очоод шөнөжингөө “Явъя л даа” гээд гуйлаа. Галт тэрэг хөдлөх цаг дөхөөд л. Нөгөө Болдоо чинь нэг л ёозгүй ээ. Тэгэхээр нь би гэрээрээ орж хувцсаа сольчихоод, ганцаараа яваад өгсөн. Бээжинд намайг Өөжгий ах тосож аваад “Танайхан мангар юмаа. Ганц ирж тоглож байхад нь ирээд үзчихгүй” гээд л. Би ч “Харин тиймээ, гуйгаад дийлсэнгүй” гэж яриад буудлынхаа өрөөнд ортол манай гурав ирчихсэн байсан. Аймаар хөөрхөн. Намайг ганцаараа явсныг мэдээд манай гурав маргааш өдөр нь онгоцоор хүрээд ирсэн нь тэр. Үнэхээр их баярлаж билээ. Тэгж “Воуs II mеn”-ий тоглолтыг хамтлагаараа үзсэн.
Б.Э: -Би тэгэхэд, ингэхэд баярласан гэж яримааргүй байна. Угаасаа ч би хэр баргийн юманд хөөрдөггүй. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд миний ард “асаалттай гурван танк” байгаад л баярладаг. Ухаан орсон цагаас минь хойш хамт байж, хүнд үед “Найзууд нь хамт шүү” гээд ирдэгт нь талархдаг.
Д.Б: -“18 нас” анхны тоглолтоо хийчихээд олсон мөнгөөрөө зах гарч дөрвөн ижил унадаг дугуй авч билээ. Яг энэ тоглолтын дараа “Сонор” студи манай хамтлагт хамтран ажиллах санал тавьж, бид “18 нас” цомгоо гаргасан. Цомгоо гаргаад хамтлагийнхандаа маш их баярласан. “Бид цомгоо гаргасан хамтлаг” гээд бодохоор л бөөн баяр болсон.
Б.Э: -Бид дөрөв 1997 онд Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийж байлаа. Дөрвөн хүүхэд шүү дээ. Тоглолт бүрийн эхэнд “All 4 one” хамтлагийн дууг тавьж, хөгжмөө тохируулдаг байлаа. Тэр хамтлагийн дуу хөгжим тохируулахад их таардаг юм. Одоо “All 4 one” хамтлагийн дуунуудыг сонсохоор тэр үе нүдэнд харагддаг. Үнэхээр гэгээлэг, сайхан дурсамж.
-Найзуудаа нэг үг юм уу, өгүүлбэрээр тодорхойлооч.
Л.Г: -Би гурван найзыгаа амьсгалах агаар, ээх нар, эргэх дэлхийтэй зүйрлэнэ. Миний хувьд тийм л үнэ цэнэтэй хүмүүс.
Б.Э: -Манай Ганаа салхи, Мээдээ уул, Болдоо агаар. Харин би бороо.
-Уулзалгүй хэр удаж байсан бэ. Санадаг уу?
Г.М: -Саналгүй яах вэ. Уулзахгүйгээр үсрээд л сар болсон байх аа.
Л.Г: -Эрчүүдэд гоё чанар бий. Уулзахгүй хэчнээн удсан ч яг л өмнөх шигээ уулздаг. Өчигдөр уулзаад салсан юм шиг л. Байнга “Чи минь яаж байна, сонин юу байна вэ” гээд ярьдаггүй ч үргэлж сэтгэл зүрхэндээ дурсамжаа санаж явдаг. Тийм болохоор хол, ойр уулзах нь чухал биш. Гол нь мартахгүй байх. Нөхөрлөлөө анх эхэлсэн шигээ л хадгалах хэрэгтэй.
-Хамтлагийнхнаасаа сонссон хамгийн сайхан үг юу вэ?
Г.М: -Зөндөө. Найзуудын нөмөр нөөлөг хэрэгтэй үе амьдралд зөндөө тохиолдоно. Тэр бүх үед хамт байж чаддагт нь баярладаг. Би аавыгаа 2000 онд бурхны оронд үдсэн юм. Тэгэхэд миний гурван найз яг л миний төрсөн ах шиг газар шорооны, гал тогооны ажилд ч оролцчихсон гүйж явсан. Тийм үед сонссон урмын, сэтгэлийн дэм хайрласан үгс хамгийн сайхан санагддаг юм шиг ээ. Би ийм л сайн найзуудтай гэж өөрөөрөө ч бахархаж, баярладаг.
Л.Г: -Нэг тоглолтын үеэр манай гурав намайг “Халхын ган хоолойт Ганаа” гэж зарлахад яагаад ч юм их баярласан. Их хөөрсөн, бас онгирсон. Тоглолт гэснээс, нэг удаа Соёлын төв өргөөний тайзан дээр дуулж байлаа. “Од дуу хоёр”-оо дуулж байхдаа зэрэг өвдөг дээрээ сөхөрч суудаг юм. Гэтэл би сөрдийсөн хадаасан дээр өвдөглөчихсөн. Ёстой доороо пүрштэй юм шиг л үсрээд боссон доо. Их өвдсөн. Танхимаар нэг орилмоор санагдаж билээ.
Б.Э: -Нэг нэгийгээ сайхан “хошгоруулна” шүү дээ. Дэлхийн хамгийн яруу, тансаг үгсийг нэг нэгэндээ хэлчихсэн байх аа (инээв).
-Тэгвэл нэг нэгнээсээ авсан хамгийн дурсгалтай бэлэг тань юу бол?
Д.Б: -Хамгийн анх шинэ байранд нүүж орж, тусдаа гарахад манай гурав надад электрон төгөлдөр хуур бэлэглэсэн. Эхлээд гэрт хоосон, орж ирцгээсэн. Гэтэл гаднаас төгөлдөр хуур оруулаад ирсэн. Үнэтэй бэлэг биш л дээ. Гэхдээ яг тэр үед миний хүсэж байсан зүйл тэр л байсан. Тэр хууран дээр би маш олон хит дуугаа зохиосон.
Л.Г: -Миний амьдралдаа авсан хамгийн үнэтэй бэлэг “Камертон”. Би энэ хамтлагийн гишүүн болсондоо бахархаж амьдардаг. Хэр баргийн аавын хүү Ерөнхийлөгч болдоггүй шиг хэн дуртай нь “Камертон”-ы Мээдээ, Болдоо, Эба, Ганаа шиг байж чадахгүй. Энэ хувь тавилан л бэлэг шүү дээ.
Б.Э: -Би баярлаж, хөөрөөд байдаг хүн биш. Бэлэг сэлтэд ач холбогдол өгдөггүй. Төрсөн өдрөө ч тэмдэглэдэггүй хүн шүү дээ.
Г.М: -Би “Төгсөшгүй” цомогтоо хамгийн их хайртай. Хэзээ ч сонсоод уйддаггүй. Яагаад ч юм энэ цомог л “Камертон”-ы шандсыг сорьж, ур ухаан, нөөцийг шавхаж төрсөн. Хамтлагийнхнаасаа зөндөө бэлэг авч байсан л даа. Гэхдээ энэ цомог маань надад их үнэтэй санагддаг.
Д.Б: -Урлагийн тавцан ямар хүнд хэцүү хөдөлмөр, ямар их шалгууртай билээ дээ. Чин эрмэлзэлтэй, ирээдүйтэй, хүсэл мөрөөдөлтэй, хамгийн дайчин, хөдөлмөрч хүмүүс энэ тайзан дээр алхаж гардаг. Бид тийм л байхыг үргэлж хичээсээр ирсэн.
-Дөрвүүлээ хамт байхдаа юу хийх дуртай вэ?
Г.М: -Нэг нэгээрээ тоглоно, маазарна. Уран бүтээлийн ачаалалтай үед бол өөр л дөө. Шинэ дуу, шүлэг гээд л ярих сэдэв мундахгүй. Харин сүүлийн үед хамт фитнест явдаг болоод байна.
-Сүүлийн жилүүдэд хамтлагийнхаа төрсөн өдрийг фэнүүдтэйгээ тэмдэглэж буй. Энэ өдөр өөрсдийгөө хэрхэн баярлуулдаг вэ?
Л.Г: -Бие биедээ бэлэг сэлт өгөхөөс илүү сэтгэлийн үгээ хэлдэг өдөр. Би лав өөрөөсөө гарах хамгийн сайхан үгсийг л энэ өдөр найзууддаа хэлдэг. Бас их бодож байж хэлдэг шүү (инээв).
Б.Э: -Би аль болох нөгөө гурваасаа урьтаж мэндчилгээ дэвшүүлэхийг хүсдэг. Шөнийн 00.00 цаг болохыг хүлээгээд суучихна. Энэ өдрийг зөвхөн бид дөрөв ч биш, бидний гэр бүлийнхэн, ажлын хамт олон ч тэмдэглэдэг болчихож. Энэ өдөр дөрвүүлээ суугаад буу халах дуртай.
Л.Г: -Миний бага хүү манай хамтлагийн 20 жилийн ойн өдөр мэндэлсэн. Асар том бэлэг, хувь зохиол. Энэ гурвын хэн нь ч чадаагүй л байхгүй юү. Тэгээд гурван найзаасаа нэр хайрлахыг хүссэн. Их олон нэр будаанд хийж шигшихэд хамтлагийн ахлагчийн маань өгсөн Гансүлд гэж нэр таарсан. Болдоо насаараа энэ тухайгаа ярьж онгирох байх.
Г.М: -Уг нь би их сүртэй нэр бодчихсон байсан юм. Даанч таараагүй.
-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
Б.Э: Орой Болдоогийнхоо “B” продакшнд цуглана. Тэгээд л дөрвүүлээ дурсамжаа ярьж хөөрөөд сууна даа.
-1997 онд “Greatest hits” тоглолтоо хамтлагийн үдэлтийн тоглолт гэж нэрлэж байсан шүү дээ. Энэ тоглолтын дараа хамтлаг тарна гэж байсан ч өнөөдрийг хүртэл хамт л байна. Тухайн үед яагаад тийм шийдвэрт хүрч байв?
Г.М: -Яах вэ дээ, нөхдүүд “оддын өвчин” тусахгүй юу. 1997 он гэхээр миний 18 нас хүрсэн жил. Дөрвөн хүүхэд л байлаа шүү дээ. Тэгээд нэг сайхан тоглолт хийчихээд “Хэдүүлээ сургууль соёлын мөр хөөе” гэж ярилцсан. Залуу байсан болохоор тийм шийдвэрт хүрсэн ч байж магадгүй. Юун азаар тэр үед виз нь бүтээгүй юм. Тэгээгүй бол өнөөдрийн олон сайхан дуу төрөхгүй, бид 21 жилийн ойн тухай ярьж суухгүй байлаа. “Дээр үед нэг тийм хөөрхөн хамтлаг байж билээ” гэж хүмүүс ярих байсан биз.
Д.Б: -Нэгнээсээ үг сонсох их дургүй болсон. Дуулж байгаад нэгийгээ “Чи өнгө алдаад байна” гэхэд л “Өөрийгөө хичээ” гэж хариулдаг болчихсон. Илт хэрэлдэхгүй ч нэг тиймэрхүү хандлагатай. Ингээд л өөрсдийнхөө дунд хана босгож эхэлсэн. Гэхдээ удалгүй ойлгосон л доо.
-Шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Хэзээ сонсогчдодоо хүргэх вэ?
Г.М: -1995-2005 он хүртэл завсаргүй 10 цомог гаргажээ. Бид одоо хуучин дуунуудаа дуулахаас илүү цоо шинийг сонсогчдодоо хүргэхийг зорьж байна. Бид сэтгэлдээ хүртэл, өөрсдөө огштол тийм гоё дуу, шинэ зүйл хийж байж сэтгэл ханана. Тэр нь биднийг дэмждэг хүмүүст сайхан санагдана гэж боддог.
Б.Э: -Дуунуудаа бичүүлчихсэн. Эхний хоёр дууны клипний зургаа авахуулж байна. Дуу бүтэх явц өмнөхөөс өөр болжээ. Бидний ажиллах хурд, арга барил өөрчлөгдчихөж. “Чка өдөр” дууг бид хоёр гуравхан цагийн дотор л хийж байлаа. Гэтэл одоо хийж буй ажлаа өөрсдөө шүүж, илүү няхуур ханддаг болсон. Их хичээж байна.