Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм.
Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. Тэгвэл хоббигоо мэргэжил болгож чадсан олон хүн бий. Тэдний нэг бол Г.Уянга гэх бүсгүй. Тэрээр бялуу гэх амттанг урлаг болтол нь хөгжүүлж чадсан бүсгүйчүүдийн төлөөлөл юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хэд хоногийн өмнө фэйсбүүкээр уралдаан зарлаж, шалгарсан азтанд өөрийн хийсэн амттаны цуглуулгыг бэлэглэсэн байсныг чинь харсан. Яагаад ийм уралдаан зарлах болсон бэ. Нийт хичнээн хүн оролцсон бэ?
-Би бялуу, амттанг захиалгаар хийж эхлээд гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд үргэлж намайг дэмжиж, танихгүй хэдий ч дандаа урмын үгээр тэтгэж, мөн надаас бага ч болов үлгэр дууриалал авдаг хүмүүсийг хараад нэг өдөр ч болтугай яагаад баярлуулж болохгүй гэж гэж бодсон. Уралдаан зохиосон цагаас эхлэн фэйсбүүкээр 870 орчим хүн сэтгэгдэл бичиж, 1200-1300 хүн таалагдсанаа илэрхийлж, өдий тооны хүн инстаграммаар сэтгэгдэл бичсэн байсан. Анх төлөвлөж байхдаа ийм их хүн оролцоно гэж бодоогүй учраас фэйсбүүкээс 2 хүн, инстаграммаас 2 хүн шалгаруулах төлөвлөгөөтэй байсан ч 8 хүн шалгаруулсан.
-Азтангууддаа бэлгийг нь өөрийн биеэр хүргэж өгөхөд хэр хүлээж авч байсан бэ?
-Үнэхээр сайхан хүлээж авсан. Өглөөнөөс хойш намайг хүлээж, надад бэлэг хүртэл бэлдсэн байсан нь надад маш их урам зориг өгсөн.
-870 гаруй хүн сэтгэгдэл бичиж, урмын үг хайрлахад өөрт тань юу гэж бодогдсон бэ?
-Би уг нь random.org гээд апплекейшнийг ашиглахыг хүссэн ч тухайн апплекейшнийхаа учрыг сайн олохгүй байсан болохоор бичсэн бүх сэтгэгдлийг өөрийн гараар шивээд, сэтгэгдэл тус бүрийг хайчлаад хуйлаад тэндээсээ сугалж тодруулсан. Намайг миний хүрээлэн байгаа хүмүүс тодорхой хэмжээгээр мэддэг гэж боддог байсан ч тийм их хүн намайг хараад, надаас үлгэр дууриалал, урам авдаг гэж ёстой төсөөлж ч байгаагүй болохоор маш сайхан санагдсан. Тэр дундаас нэг хүн намайг хараад “Өөрийнхөө дуртай зүйлийг хийх үнэхээр аз жаргал байдаг юм байна гэдгийг чамаас л мэдэж авсан. Чиний хийж байгаа зүйлийг хараад, урам авч өөрийн гэсэн бяцхан бууз, баншны цайны газраа нээсэн” гэж хэлж байсан.
-Миний санаж байгаагаар та огт өөр мэргэжилтэй. Хэзээнээс бялуу хийх болсон бэ?
-Би МУИС-ийг маркетингийн магистраар суралцаж төгссөн. Сурч байх явцад ажил хийх боломж олддоггүй байсан болохоор цаг зав ихтэй байдаг байсан. Ер нь би багаасаа л хоол хийх их дуртай. Үргэлж л шинэ юм туршиж, дуурайж үздэг байлаа. Тэр үед “sweetkitchen” гээд групп нээгдэж байхад нь элсэж ороод шинэ хоолны жоруудыг туршдаг болсон. Тэр үеэс л бялуу хийх хүсэл минь улам нэмэгдсэн гэхэд болно.
-Бэлэгний цуглуулгад 7 төрлийн амттан орсон гэсэн. Ямар амттангуудыг багтаасан бэ?
-Cupcake, fruit tart, mousse cake, cheese cake, spartak торт, эклер, макарун орсон.
-Өөрийнхөө фэйсбүүк, пэйжийг ээжтэйгээ хамт хөтөлдөг гэж байсан. Ер нь бялуу хийхэд ээжийн тань нөлөө хэр их байсан бэ?
-Ээжийн минь нөлөө бараг 200 хувь байгаа байх. Ээж маань их гоё хоол хийдэг. Маш их сэтгэлээ шингээж хийдэг болохоор хийсэн хоол болгон нь их амттай болдог. Өөрөө ч гэсэн хүний ходоод руу орж байгаа юм бүхнийг сэтгэлээ шингээж хийж өгч бай, тэгвэл тэр бүр чинь эм болдог юм гэж үргэлж хэлдэг. Одоо ч гэсэн ээж, аав хоёр маань миний ар талыг бүрэн хариуцдаг. Тийм ч болохоор би өдий зэрэгтээ хүрч чадсан гэж боддог.
-Хоббигоо мэргэжил болгон амжилттай яваа олон залуус бий. Гэхдээ тэгэж чаддаггүй олон хүн бий. Тэр залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Ер нь ажаад байхад манай залуус их шантрамтгай юм шиг байгаа юм. Хэд хоногийн өмнө нэг охин надад хандсан юм. “Би өөр шиг чинь дуртай зүйлээ хийгээд сэтгэл хангалуун амьдармаар байна. Би өөрөө make-up сонирхдог. Гэхдээ Монголд энэ чиглэлээр ажилладаг олон хүн бий. Тиймээс би өөр шиг чинь бусдаас ялгарах үгүйгээ мэдэхгүй байна. Би их хурдан шантардаг. Тийм болохоор зөвлөгөө өгөөч” гэсэн байсан. Би захиалгаар торт, бялуу хийж эхлээд 3 жил болж байна. Дөнгөж одооноос л хүмүүс намайг мэддэг болж байна. Харин манайхан хэдхэн сар эсвэл 1 жил болоод л амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэр хугацаанд амжилтанд хүрч чадахгүй бол миний хийх зүйл биш байна гээд дундаас нь орхидог. Харин амжилтын нууц нь үргэлж шантралгүй үргэлжлүүлэхэд оршдог. Надад ч бас шантрах үе их байсан. Эдийн засгийн мэргэжилтэй хүн байж хамт олон ч үгүй, ганцаараа цаг үргэлж гал тогоотой зууралдаад явж байх гэж гэж хэлдэг хүмүүс ч бий. Гэхдээ эргээд үйлчлүүлэгчдээс ирдэг урам, сэтгэл намайг буцаад хүчтэй болгодог. Тэрнээс биш хурдан хугацаанд өсөж дэвжихийг боддог бол тэрийгээ орхисон нь дээр гэж хэлмээр байна. Аливаа зорилгод хүрэхийн тулд мэдээжийн хэрэг урдаа таарч буй зовлон бэрхшээл, саад бартаануудыг давж гарах л хэрэгтэй. Би бас өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш турахаар шийдсэн. Одоо бол нийтдээ 16 кг жин хассан. Энэ бас л тэсвэр, тэвчээрийн минь үр дүн.
-Хэрэв нууц биш бол турах гэж буй бүсгүйчүүдэд хандаж өөрийн туршлагаасаа хуваалцаач?
-Миний түрүүн хэлсэнчлэн шантрахгүйгээр эцсийг нь үзэх хэрэгтэй. Бүсгүйчүүд маань их хурдан хугацаанд жин хасаж, гоолиг болохыг хүсдэг юм билээ. Бараг л 7 хоногт 7 кг жин хасахыг хүсдэг. Гэхдээ тэр нь эрүүл мэндэд асар их хортой. Миний хувьд чихэрлэг зүйлд маш их дуртай. Харин чихэр маань хүний өөхийг задлахгүйгээр барьчихдаг юм билээ. Тэгээд чихэр, ундааны төрлийн бүх зүйлийг хорьсон. Эхний хэдэн сар үнэхээр хэцүү байсан. Нүдэнд өөрийн эрхгүй чихэр харагдаад, идмээр санагддаг. Тэрийг тэвчиж чадвал хүссэн зүйлдээ хэдэн алхмаар ойртсон гэсэн үг.
-Бялуу хийх юугаараа онцлог вэ?
-Бялуу хийнэ гэдэг нь зүгээр нэг зураг харж байгаад дуурайгаад хийчихдэг зүйл биш. Маш их ур чадвар шаарддаг. Эхлээд захиалагчтайгаа ярилцана. Захиалагчийн санаан дээр өөрийн санааг нэмнэ. Дээрээс нь би бялуу болгон дээрээ их утга учир шингээхийг хүсдэг. 1 настай хүүхдийн бялуу ямар байх ёстой, 2 настай хүүхдийнх, хуримын бялуу, хүүхдийн үс үргээх найрын бялуу ямар байх ёстой вэ гээд л. Бүхий л утга учрыг шингээж хийхийг зорьдог.
-Тэгвэл таны хувьд бялууны үнэ цэнэ нь юу юм бэ?
-Хүмүүс ихэвчлэн амттай юм идмээр санагдсан үедээ бялуу иддэг шүү дээ. Миний хувьд ч мөн ялгаагүй бялууны үнэ цэнэ нь харахад үзэмжтэй, амтлахад сайхан амттай байхад оршдог. Мөн бялуу бол баярын ширээний хамгийн гол утга учир. Тиймдээ ч маш их утга агуулдаг.
-Та бас хүүхдийн төрсөн өдрийн ширээ чимэглэдэг юм билээ?
-Тиймээ. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ нэг насны төрсөн өдөр эсвэл үсний найранд их ач холбогдол өгч тэмдэглэдэг болсон байна. Тийм болохоор иймэрхүү найрын толгой ширээг их засаж байгаа.
-Ойрын үед ямар төрлийн бялууг их хийж байгаа вэ?
-Бүхий л төрлийн бялууг хийдэг. Гэхдээ ихэвчлэн фондант чимэглэлтэй кексэн бялуу хийдэг. Харин сүүлийн үед нэлээд cheesecake буюу бяслагтай бялуу хийсэн. Нэг бяслагтай бялууны зураг оруулахаар захиалгаар хийлгэх хүмүүсийн тоо ихэсдэг.
-Танд захиалсан анхны бялууг дагаж ирсэн хариуцлага, мөн сэтгэгдлийн тухай эргэж дурсвал?
-Найз маань миний хамгийн анхны захиалагч болж байсан. Найз залуугийнхаа төрсөн өдөрт зориулан намайг бялуу хийж өгөхийг хүссэн. Чимэглэл дээр нь өөрсдийнх нь дурсамжийг шингээж өгөхийг хүссэн. Одоо харахаар аймшигтай л чимэглэлтэй болсон санагддаг. Гэхдээ их дурсамжтай шүү.
-Таны чимэглэл яах аргагүй онцгойрдог. Хэрхэн хийдэг вэ?
-Бялуу хийхэд нэг их хугацаа шаардагддаггүй. Харин хамгийн их цаг хугацаа шаардагддаг зүйл нь чимэглэл байдаг. Чимэглэлээс л хүний анхны сэтгэгдэл бууж ирдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний идэх хүсэл чимэглэлтэй шууд холбоотой гэсэн үг. Харин чимэглэлийнхээ санааг ихэвчлэн интернэтээс авдаг. Мөн захиалагчтайгаа ярилцаад, хүсвэл тэдний түүхийг сонсож байгаад санаагаа хамтдаа гаргадаг. Зарим нь шууд зураг өгөөд дуурайлгаж хийхийг хүсдэг.
-Таны хийж чадахааргүй зураг өгч хийлгэхийг хүссэн хүн бий юу?
-Байсан. Гэхдээ би хараад чадахгүй зүйлээ хэзээ ч хийхээр амалдаггүй. Үгүй бол материалаа ч гарздаад, өөрөө ч ядраад, тухайн хүнийг ч хий дэмий хүлээлгэх хэрэг гардаг учраас тэр.
-Зарим хүн хувь хүнээс бялуу худалдаж авах аюултай, чанарын баталгаа ч байхгүй гэж ярьдаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Миний бялууг идэж үзсэн хүмүүс огт тэгэж асуудаггүй. Харин анх удаа захиалах гэж байгаа хүмүүс шинжилгээний бичиг байдаг уу гэж асуудаг. Шинжилгээний бичиг авахын тулд тухайн загварын бялуунаасаа 2-ыг гаргаж шинжилгээнд явуулдаг юм билээ. Гэтэл бидэнд баригдсан загвар гэж байдаггүй, бялуу бүр ердөө цор ганц. Тэгээд ч байнгын захиалагчтай болчихсон, миний бялууг идээд ямар ч сөрөг үр нөлөө гарч байгаагүй болохоор тиймэрхүү асуудал гардаггүй.
-Нэг бялуу ойролцоогоор хэдэн төгрөгөөр захиалагддаг вэ?
-Хэмжээ, загвараас хамаарч үнэ өөрчлөгддөг. Энгийн кекстэй бялуу 65-75 мянган төгрөгөөр захиалагддаг. Би өөрийгөө үнэтэй хийдэг юм байна гэж боддог байсан чинь үйлдвэрийн тортноос хямд үнээр хийдэг юм билээ. Жүр-Үрийн хоёр давхар фондант торт гэхэд 390 мянган төгрөгөөр хийдэг байхад бид 100-120 мянган төгрөгөөр хийдэг.
-Бялуу хийлгэхийн тулд хэдэн хоногийн өмнө захиалга өгөх ёстой вэ?
-Уг нь 14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой. Гэхдээ захиалга ихтэй байдаг учраас бараг нэг сарын өмнөөс захиалгаа өгч байгаа. 6 сарын 3-ны өдөр гэхэд миний 6 сарын захиалшга тэр чигтээ дүүрчихсэн байсан.
-Өөрийн тань хийсэн бялууг хараад гэр бүл, хайртай дотны хүмүүстээ хийж өгөхийг хүссэн хүн олон байхыг харсан. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүмүүс сургалт явуулах уу гэж их асуудаг. Гэхдээ захиалга маш их байдаг учраас сургалт явуулах боломж байдаггүй. Тиймээс гэрийн эзэгтэй нартаа зориулаад хоёр төрлийн календарь гаргасан. Нэг нь хоолны жортой, нөгөөх нь бялуу, амттаны жортой. Үүндээ хоол, бялууныхаа зургийг бүх орц жор, хийх дараалалтай нь оруулж өгсөн.
-Энэхүү санааг хэрхэн олсон бэ?
-Эцэг эх маань хүүхдийн үлгэрийн ном гаргадаг юм. Тэд календарь хийх санааг анх гаргасан.
-Бялуутай холбоотой таны цаашдын мөрөөдөл юу вэ?
-Бялуу хийдэг их олон хүн бий. Тэднээс ялгарах гол онцлог гэвэл би өөрөө санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн учир мартекингаа өөрөө хийдэг. Надаас өөр төрсөн өдрийн ширээ засаад явж байгаа хүн байхгүй байх. Миний мөрөөддөг зүйл гэвэл хүүхдийн цогцолбор газартай болохыг хүсдэг. Төрсөн өдрөө тэмдэглэдэг, тэр дотроо бялуу, чимэглэл гээд бүх зүйлтэй, тоглоомын газартай, эцэг эхчүүдийн суугаад яриа өрнүүлдэг тийм л цогцолбор газартай болохыг хүсдэг.
Миний ажил ийм амжилттай яваагийн шалтгааныг хүүхдийн буян, цагаан энерги надад ирдэг юм болов уу гэж боддог. Тэрнээс би хэзээ ч захиалгаар тасарч байгаагүй. Зарим хүн ажлаа ял мэтээр хүлээж авдаг. Тийм сэтгэлээр ажиллавал хэзээ ч урагш алхахгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье.