Архи уухаа больё гэх бодол танд өмнө нь төрж байсан уу. Эргэн тойрныхон тань архины хэрэглээг чинь шүүмжлэхэд харамсаж байв уу. Архидаж буйгаа буруутгаж үзсэн үү. Шараа тайлах нэрээр өглөө архи ууж байсан уу. Хэрэв эдгээрийн нэгэнд “Тийм” гэсэн бол архины хэрэглээндээ хяналт тавих шаардлагатай, үүнээс олонд хүлээн зөвшөөрч хариулсан бол бор дарсны хамааралтай байх магадлалтай тул мэргэжлийн эмчид хандах ёстойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулан ийм сорил гаргажээ.
Монголд хэр олон хүн архинд толгойгоо мэдүүлсэн, үүнээс болж гэмт хэрэгт хэчнээн иргэн холбогдсон, энэ ундаа биед ямар аймаар хортой тухай тоо баримт дурдаж, мянга анхааруулаад эмээ нарын яншихаас ч улиг болсон тул бид тоохоо больжээ. Тэгвэл олон үг нуршилгүй архинд дурлах ямар эрсдэлтэйг хачир чимэг, хуурай зөвлөгөөгүйгээр хүргэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн нэг өдрийг өнгөрсөн баасан гаригт сурвалжиллаа. Энд мансуурах төрөл бүрийн донтой өвчтөнд эмчилгээ хийдэг аж.
08.30 цаг. Толгойтод байрлах хоёр давхар ягаан байшинг холоос харвал цэцэрлэг гэж андуурмаар. Тоглоомын талбайтай хашаагаар нь оруут бараан царайтай, эрэгтэй голдуу хүмүүс тамхи татах нь татаж, нарлан сууцгааж байлаа. Асрагч бололтой бүсгүй “Кашаа аваарай” хэмээн хашгирахад аяга барьцгаасан өвчтөнүүд уван цуван очно. Хонгилоор нь хүн зөрөхөд ч түвэгтэй, дотор давчдам ийм газар архины хамааралтай өвчтөнүүдийн сэтгэлийг засах эмчилгээ хийж, тайвшруулахад их л хүндрэлтэй байдаг болов уу. 1963 онд цэцэрлэгийн зориулалттай баригдсан энэ байшинд тус эмнэлэг 2000-аад онд нүүн оржээ.
Суурин дээр нь Нийслэлийн Наркологийн төв нэртэй, таван давхар эмнэлэг 180 сая төгрөгөөр барихаар уг нь 2012 онд зураг төслийг нь гаргасан юм билээ. 2015 онд концессийн гэрээнд оруулсан ч нааштай хариу саяхнаас авсан юм байна. “Одоо л амьдралаа бодох минь” гэх шиг ямар нэгийг ухаарч, гүн бодолд орцгоосон хүмүүс түнтийтэл юм чихсэн цүнх өвөр дээрээ тавин сууцгаажээ. Тэд бол энэ өдрөөс эхлэн зөв алхам хийж буй өвчтөнүүд.
Эднийх хэвтэх хүмүүсийг даваа, лхагва, баасанд хүлээн авдаг юм байна. Хүлээн авахын жижүүр “Халамцуу, эсвэл шартсан хүн авахгүй шүү” хэмээн анхаарууллаа. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлж, 10 хоногийн хугацаанд 32 мянган төгрөг төлж хэвтэх гэнэ. Тухайн өдрийн эмчилгээнээс хоцрох магадлалтай тул яаралтай биш бол хэвтэх хүмүүсийг 11.00 цагаас хойш хүлээж авдаггүй аж.
Энэ хооронд эмч, сувилагч нийлсэн долоон хүн эмчлүүлэгчдийн өрөөг эргэж, бие тэнхээг нь асуун, эд хогшлын бүрэн бүтнийг шалгаж, ээлжээ солилцон хуралдав. Халуурч бүлээрсэн, дотоод журам зөрчин архи ууж, оргохыг завдсан хүнгүй тайван хоножээ.
Харин нэг нь 1072 хувьцааныхаа 30 хувийг улсад худалдахаар түр чөлөө авсан тухай жижүүр эмч Ц.Эрдэнэбулган дуулгав. Энэ өдөр эмнэлгээс 17 хүн гарч, 13 өвчтөн хэвтлээ. 50 ортой эмнэлэгт 46 хүн хэвтэж байгаагийн 90 орчим хувь нь архины хамааралтай. Одоогийн байдлаар хүн багатай байгаа ч баярын үеэр олширч, 20 хүртэл хоног дугаарлаж байж хэвтдэг гэнэ. Жилд дунджаар 2000 гаруй хүн энд хэвтэн эмчлүүлдэг юм байна.
09.10 цаг. 36 ажилтантай уг эмнэлгийн чанарын албаны дарга Г.Даваасүрэнг дагалаа. Эмчилгээний тасгийнх нь эрхлэгч саяхан тэтгэвэртээ гарсан тул энэ ажлыг давхар хийж байгаа юм байна. Энэ өдөр түүнд үзүүлсэн эхний хүн хэвтээд гурав хонож буй 57 настай эр. Гаднын хүн байгааг мэдээд тэрбээр “Ах нь долоон бурхан шиг долоон сайхан ач, зээтэй хүн шүү. Зураг битгий дараарай. Ийм газар өвөөгөө хэвтэж байгааг мэдвэл гайхна шүү дээ” хэмээн сандарлаа.
15 насандаа анх архи амсаж үзсэн энэ эр 26 жилийн өмнөөс эрчимтэй уужээ. Эмч даралтыг нь үзчихээд бичгийн цаасны тэхий дундуур босоо шугам татаад архи ууснаар амьдралд ямар эерэг болон сөрөг өөрчлөлт гарсныг жагсаан бичиж, даваа гаригт авчрах даалгавар өгөн сэтгэлзүйн хичээлд суухыг зөвлөв. Г.Даваасүрэн эмч цаасан дээр юу бичиж болохыг хэлэх дашрамд архины хор хөнөөлийг түүнд таниулж байв.
Архи толгойтой үснээс хөлийн ул хүртэлх хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг. Архи эд эсийг түлж өвтгөдөг ч найрлаган дахь мансууруулах бодисноос болж тухайн үед зовиурыг нь мэдэрдэггүй гэнэ. Шартана гэдэг бол эрхтэн, эд эсийг түлсний зовиур гэдгийг эмч тайлбарлав. Архи байнга уудаг нэг хүний ард гэр бүл, хөрш, найз нөхөд, хамаатан садан тэргүүтэй хамгийн багадаа 100 хүн дам хамааралтай болчихдог аж. Архичин эрийн эхнэр хүүхэд нь стресстэж, бие махбодийн болоод сэтгэцийн гаралтай эмгэгт өртөж, даралт нь ихэсэн, зүрх нь өвдөж, ходоодны шархтай болдог гэнэ.
“Та өнгөрсөн хугацаанд архинд хэдэн төгрөг зарцуулснаа бичээд ирээрэй” гэхэд тэрбээр “Урьд нь манай хүүхдүүд намайг гурав хоногт нэг удаа ууснаар тооцоход таван цистерн архи болж байна лээ” гэв. Архины хамааралд орох нь сэтгэл зүйтэй холбоотой эмгэг тул өвчтөнтэйгөө ярилцсаар нэг хүнд багадаа 30 минут зарцуулдаг байна.
1998 онд анх амсаж, хоёр жилийн дараа бор дарсанд дурлах болсон 40 гаруй настай эмэгтэй энд хүү болон найзынх нь ятгалгаар анх удаа эмчилгээ хийлгэхээр ирлээ. “Ажлын онцлогоос болж уудаг болсон. Үсчин болохоор найз нөхөд, үйлчлүүлэгч олон. Тэдний хамт наргих санал бүрт нь зөвшөөрсөөр архинд дуртай болсон. Төрсөн өдөр, ойн баяр гэсээр сүүлийн нэг сар уухдаа дунд нь хоёрхон удаа л завсарласан.
Ажлаа хийхээ болиод сар болж байна. Сүүлийн нэг жил ломбарданд юмаа тавьдаг болсон. Ойрдоо муухай ааштай, агсам болчихлоо. Нөхөртэйгөө хамт уудаг. Аав уух дуртай байсан” гэв. Зүрх, толгой өвдөж, дотор муухайран, бөөр, нуруу, шөрмөс татдаг, нойр хүрдэггүй, гар салганадаг, ам цангаж, хөлөрдөг зовиуртайгаа хэллээ. Нүдээ анихад хүн хашгирч буй мэт чимээ хааяа сонсогддог, юунаас ч юм бэ айж, түгшдэг, үхэх тухай ойрд их бодож байгаа тухайгаа ч нуусангүй.
Эмч түүний зовиурыг бүртгээд эхлээд нэг давхарт цус, шээсний шинжилгээ өгөхийг хүсэв. Өвчтөнүүдийн архинаас гарах шийдвэр, биеийн байдлыг харгалзан ямар эмчилгээ бичихээ шийддэг бөгөөд эхний хоногуудад хордлого тайлж, биеийн эсэргүүцлийг нь сайжруулаад дараа нь сэтгэл засал, нөхөн сэргээх эмчилгээ хийдэг байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэй өвчтөн олширсон тухай тус эмнэлгийн дарга Б.Оюунчимэг хэлсэн.
Урьд нь эмэгтэйчүүдэд зориулсан таван ортой ганцхан өрөө байсан бол гурав болгож, өргөтгөх шаардлага гарчээ. Өнгөрсөн онд 20-69 насны эмэгтэйчүүд хэвтсэн бөгөөд нийт өвчтөний 16.3 хувь эмэгтэй байсан аж. Архинд донтох шалтгааныг Г.Даваасүрэн эмчээс лавлахад “Сэтгэлзүй, удамшлын гээд нөлөөлөх хүчин зүйл олон. Багадаа хэрэгцээ нь хэрхэн хангагдаж өссөнөөс ч шалтгаалах тохиолдол бий. Тухайлбал, хүүхэд эхээс төрснөөс нэг ой таван сар хүртэл амны үе үргэлжилдэг.
Энэ хугацаанд эхийн хөхөөр хооллож, цадах мэдрэмж аваад тайвшран унтах ёстой. Энэ үедээ цадах мэдрэмж бүрэн аваагүй, эхийн хайр дутуу амссанаас болж хожим архины хамааралтай болох тохиолдол бий гэж бас үздэг. Ихэвчлэн бага дунд боловсролтой, тогтворгүй ажил эрхэлдэг хүмүүс архины хамааралд ордог юм шиг ажиглагддаг. Өнгөрсөн оны судалгаагаар манай эмчлүүлэгчдийн 60.6 хувь нь ажилгүй, 15.8 хувь нь хувиараа ажил эрхэлдэг, 15.1 хувь нь тэтгэврийнхэн байсан” хэмээв.
10.50 цаг. Сэтгэл зүйчийн өрөөнд цагийн хуваарийн дагуу патопсихологийн шинжилгээ хийж, бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл заслын эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн сургалт зохион байгуулдгаас гадна “Архичдад аминчлахуй” буюу АА бүлгийнхний цуглаан болдог байна. Уг цуглаанд архинаас гарч яваа хүмүүс бие биедээ сэтгэлийн дэм өгч, бэрхшээлийг хэрхэн даван туулж буй туршлагаасаа хуваалцдаг аж. Биднийг очиход боловсролын бүлгийн хичээл орох гэж байлаа. 11 хүн хичээлд сууж байсан ч тариа, дуслаа хийлгэсэн өвчтөнүүд увж цувж нэмэгдсээр 16 болов.
Сэтгэл зүйч Ю.Энх-Амгалан “Ийм төрлийн эмчилгээний 80 гаруй хувь нь сэтгэлзүйнх байдаг. Өөрийгөө ялан дийлэхээр манайхыг зорьж ирсэн өдрөөс хойш таны эрүүл саруул амьдрал эхэлсэн. Өөрийгөө ялан дийлэхийн тулд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Хэцүү зүйлүүдээ хураасаар түүнийгээ муу зуршлаар илэрхийлдэг болчихдог. Тиймээс зөвхөн өөрийнхөө амьдралын тухай ярьж, уцаартай, гутралтай байвал хэлэн, юу мэдэрч буйгаа яриарай. Бие биедээ үнэлэлт, дүгнэлт өгч, яриаг нь таслахгүй. Нэгнийхээ нууцыг хадгална” хэмээв. Ийн тэдний юу ярьсныг товчлон хүргэе.
60 гаруй настай эр: Би засварчин л даа. Хүмүүс юм засуулахаар ирэхдээ дандаа архи авчирдаг. Орой бүр гэртээ согтуу очдог. Эрүүл харьдаг өдөр надад ховор байлаа. Хамт ажилладаг гурав маань ч уудаг. Тэдэндээ уруу татагдаад нэг амсчих л юм бол зогсож чадахгүй, улам шунадаг. Би 500 мянган төгрөгийн цалин авсныхаа 200 мянгыг архинд үрээд таардаг. Долоо хоног тасралтгүй ууж, шооконд ороод “Ерөөсөө больё” гэж хүүхдүүддээ хэлснээр энд ирсэн. Ер нь архи уудаг хүн мөнгөтэй явна гэж худлаа. Мөнгөтэй байхад хүмүүс шавчихна.
35 настай Т: Мөнгөгүй байсан ч архины найз гэж бий. Тэднээс мөнгө харамлаж чаддаггүй. Ганц юм бариад ирвэл татгалзаж зүрхэлдэггүй. Уудаггүй найзууд бол “Энэ хэзээ ирж надаас архины мөнгө нэхэх бол” гэж боддог уу, зайгаа барьчихдаг. Баяр алгасна гэж ер үгүй. Ямар сайндаа инээдмийн баяр тэмдэглэх вэ дээ.
60 гаруй настай эр: Сүүлдээ ганцаараа уудаг болсон. Тэр нь ч шулуухан юм билээ. Дөрвөн хүнтэй хамт гэртээ уусан юм. Өглөө сэрэхэд мөнгөн аяга, хуруунд байсан алтан бөгж байгаагүй. Ийм байхад хэнд итгэж хамт уух юм бэ.
40 орчим настай эр: Би Онцгой байдлын газар ажилладаг байсан юм. Голд хүн живсэн тухай дуудлагын дагуу очсон юм. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй голын эрэг дээр архи ууж л дээ. Тэгтэл жийп машин гол туулж чадах, эсэхийг үзэхээр хоёр залуу нь машинтайгаа ороод урсчихсан юм билээ. Ус оронгуут хаалга нь түгжигдсэний улмаас нас барсан. Архинаас болж юм юм л болно.
60 гаруй настай эр: Архи аюултай. Зургуулаа уусан юм. Нэг залуу унтлаа гээд буруу хараад хэвтээд өгсөн. Маргааш нь цагдаа ирээд намайг 72 цаг албадан саатуулсан. Тэгтэл өнөөх залуу нас барчихаад цуг уусан бид хэрэгт татагджээ. Задлан шинжилгээгээр түүний бөөрөнд харвалт өгснийг тогтоосон. Хэрэв биед нь ямар нэг хөх няц үүссэн байсан бол бид сүйрэхгүй юү.
45 орчим настай эр: Биднээс үнэртдэг архины нагаар их хортой юм билээ. Танил ахын минь архи амсдаггүй эхнэр Энэтхэгт элгээ солиулсан. Тэр ах дэргэд нь 40 жил архи уусан байж. Эмч “Чамаас болсон” гэсэн байна лээ. Надад “Болж өгвөл гэрийнхнээсээ хол, өөр өрөөнд ууж байгаарай” гэж захисан. Түүнээс гадна бидэнд нэг дутагдал байна. “Гар салгалаад байна” гэвэл найзууд “100 грамм архи татчихвал зүгээр болно” гэдэг. Долоо хоног тасралтгүй уусан гэвэл “Энэ юу ч биш. Тэнд сар гаруй уусан, овоо уудаг залуу сууж байна” гэх жишээний гавьяа байгуулсан юм шиг ярьдгаас биш, “Чи ямар тэнэг юм бэ” гэж нэгэндээ хэлэхгүй юм гэв.
Сэтгэл зүйч тэдний ярьсанд тохируулан шинжлэх ухаанаар батлагдсан баримт дээр тулгуурлаж, архины хор хөнөөлийг тайлбарлаж байв. Тухайлбал нэг нь “Би согтуу мөртлөө дэлгүүрээс архи авч уусан байна лээ. Тэрийгөө өөрөө санахгүй байна. Ингэж явахдаа хүн алчихвал мэдэхгүй нь байна шүү дээ гэж бодож өөрөөсөө айсан” гэхэд сэтгэл зүйч бүсгүй тархины гэмтэл авч байсан, эсэхийг нь лавлав. Тэрбээр машины осолд орж байснаа хэлэхэд Ю.Энх-Амгалан сэтгэл зүйч “Тархины гэмтэл авч, ухаан алдаж байсан хүнд архи уухыг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл гэмтсэн хэсэгт архи нөлөөлж улмаар ойгүйддэг” хэмээв. Ийн тэрбээр хүний тархийг өндөгний цагаанаар төлөөлүүлсэн сонирхолтой бичлэг үзүүлэв. Өндөгний цагаан дээр нэг халбага этилийн спирт хийхэд хөөсөрч дороо ууршчихлаа. Тархи өөхлөг учир 10 секундийн дотор л хордож, нэг удаа тасартлаа согтоход 8-20 мянган эд эс дахин сэргэхгүйгээр гэмтдэг аж.
Идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлдэг хүний тархины атираа их байдаг бол архи уудаг хүмүүсийнх мөлгөр болдог тухай тайлбарлаад тэдэнд сургамж болох асуудлуудыг хөндсөн нэвтрүүлэг үзүүлсэн юм. “Сэтгэлзүйн хичээлдээ суучихаад эмнэлгээс гарах гэж байсан юм аа” гэх 35 настай Т “Би анх вибиратортой юм шиг салгалсан амьтан энд ирсэн. Миний даралт 140, 120 байсан. Хэрэв энэ байдлаараа дахиад хэд хоносон бол бараг үхэх байсан юм шиг ээ. Манай эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь 25-40 насныхан байна. Ид хийж бүтээх үедээ архинд живжээ. Гэхдээ одоо бүх юм дуусчихаагүй байна. Би гараад ажлыг умалзуулаад өгнө гэж бодож байгаа. Ийм сайхан эмнэлэг байдагт баярлаж байна” гэхэд бусад нь алга ташин гараасаа барилцан “Өнөөдөр л уухгүй юм шүү” гэсэн уриаг гурван удаа хэлээд цайгаа уухаар тарцгаав. Сэтгэл зүйч үүний дараа өвчтөнүүдтэй тус тусад нь уулзах юм билээ.
13.30 цаг. Эмчлүүлэгч Т эмчээс зөвлөгөө аваад ирээдүйгээ босгохоор яван одлоо. Эмнэлэгт хэвтсэн найм дахь өдөр өөрийнх нь хүсэлтээр дуршил бууруулж, архи зохихгүй болгох үйлчилгээтэй ерөндөг арьсанд нь суурилуулсан аж. Өдгөө тэрбээр архи уувал хүчтэй шооконд орох тул амиа хорлохыг хүсэхгүй л бол тийм алхам хийхгүй биз ээ. Хоёр өдөр уугаад л архины хамааралтай болчихдоггүй, удаан хугацаанд зуршил болсон, сэтгэц, зан үйлийн өвчин учир эмнэлэгт хэвтээд эдгэчихгүй, гарсны дараа олон жилийн хяналт шаарддаг ярвигтай өвчин гэнэ. Г.Даваасүрэн эмч “Анх удаа эмчлүүлж буй хүмүүс сар бүр үзүүлэх ёстой.
Гэхдээ манайхан дахин ирэх нь ховор. Жил зургаан сар архи амсахгүй бол эдгэрэл явагдаж байна гэж үздэг. Жил гаруй архи амсахгүй овоо байснаа өөрийгөө архинаас гарчихлаа гэж үзээд ууж, өвчнөө сэдрээдэг тал бий. Хэрэглэхээ больсноос хэдэн сарын дараа дуршил сэдэрч, үе үе бодогдож, зүүдлэгддэг. Тухайн үед нь өвчтөнүүд тэсдэггүй. Эхний жил заавал хяналтад байж гэмээнэ дуршлаа унтаа байдалд оруулдаг. 3-5 жилийн дараа архи бодогдох зовиур нь мартагддаг. Гэхдээ нэгэнт архины хамааралтай болчихсон учир хэмжээгээ тохируулж ууна гэж байдаггүй. Донтох өвчин үүссэн учир амслаа л бол хяналтаа алдаж тасартал уудаг” гэв. “Барууны эрдэмтдийн үзэж буйгаар донтсон өвчтөн, хянагч эмч, дүүргүүдийн наркологийн эмч, гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын газрынхан 3-5 жилийн хугацаанд эмчлүүлэгчийн хэрхэн эдгэж байгаад анхаарал тавьж, мэдээллээ хоорондоо солилцдог байх ёстой.
Үүнийг өвчин гэдгийг нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Манайд “Энэ архичныг алаад өгөөч, ийм юм бидэнд хэрэггүй” гэх зэргээр өвчтөнд элдвийн муу нэр зүүж ирэх ар гэрийнхэн олон. Дарга нь ажлаас нь халах буруу. Тухайлбал, ходоодны үрэвсэлтэй гэж даргадаа хэлэхэд нь ажлаас халж болохгүйтэй адил” хэмээн тус эмнэлгийн дарга Б.Оюунчимэг хэлснийг энд дурдъя.
14.10 цаг. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” эгшиглэн ганга үнэртсэн өрөөнд дөрвөн хүн түмпэнтэй усанд хөлөө дүрэн суужээ. Уланд мэдрэлийн бүхий л судас байдаг тул гангатай бүлээн усанд хөлөө дүрснээр алжаал ядаргаа нь тайлагдан, эмчилгээний үр дүн сайжирдаг гэнэ. Архины донтой хүмүүс уушги, бөөр, цөс, элэгний архаг үрэвсэл зэрэг хавсарсан өвчтэй байх нь элбэг тул нөхөн сэргээх эмчилгээ тэдэнд их чухал. Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх кабинетийн сувилагч Г.Нямхүү “Гүнзгий амьсгаа ав, одоо түгж” хэмээн тэднээр дасгал хийлгэж байснаа “Сэтгэл санаа минь ариусах болтугай гэж бодоод чимээгүй суугаарай” гэлээ.
Тэгснээ өөрөө чанга дуутай төхөөрөмж хангинуулан өөр өвчтөнүүдэд бидний 50-ийн гэж нэрлэдэг аяганд нэг зүйл хийн өгсөн нь хүчил төрөгчийн коктейл аж. Үзэмний шүүсийг өндөгний цагаантай хольж энэ төхөөрөмжинд хийж хүчил төрөгчийн коктейл гаргаж авдаг. Энэ нь архаг ядаргаанд орсон өвчтөнүүдийн бодисын солилцоог сайжруулж, нойргүйдэл арилгадаг бөгөөд нэг удаа уухад 4-5 цаг хус модон ойд зугаалсантай тэнцэхүйц хүчилтөрөгч өгдөг шидтэй аж. Сувилагч эмэгтэй бас өөр тогоотойгоос өвчтөнд аягалсан нь ганга өвсний ханд. Нэг литр хав халуун усанд 10 грамм ганга хийж, 30 минут дэвтээж өгснөөр эмчлүүлэгчдийн архи уух дуршлыг бууруулж хор тайлахаас гадна бөөр, нуруу нь өвддөг хүмүүст сайн гэнэ.
Ийм жижигхэн өрөөнд олон төрлийн эмчилгээ хийдэг тул хөл толгойг нь олоход хэцүү аж. Энэ зуур нэг эмэгтэй хаш чулуун массажны орон дээр хэвтлээ. Энэ ор яс бэхжүүлж, булчин шөрмөс суллаж, зүрх судас, тархины цусан хангамж сайжруулах тэргүүтэй олон ашигтай гэнэ. Давсаар битүү бүрсэн нэг ам метр талбайтай жижиг өрөө энд бий. Давсанд хөлөө булж энд таван минут сууснаар даралтаа буулгах боломжтой байна. Өвчтөнүүд 820 гаруй номноос дуртайгаа уншиж болох бөгөөд дотроос нь маажаад буй муу хүслээ дарж сатаарахын тулд хөдөлмөр эмчилгээ хийлгэх үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, хивсэнцэр, эсгий шаахай, шигтгээгээр бүтээл, шүр сувдаар ээмэг, зүүлт, чихрийн таваг урладаг аж.
Эмчлүүлэгчдийн бүтээл эмнэлгийн ханыг чимсэн байх бөгөөд тэднээс заримыг зарж дараагийн хийх эд хэрэглэлийн мөнгийг босгодог байна. Мөн хэрэглэсэн ганганыхаа шаараар дэр хийж, дээрх зорилгоор худалддаг гэсэн. Нэг өрөөнд яагаад олон эмчилгээ хийж буй талаар Наркологийн эмнэлгийн дарга Б.Оюунчимэгээс лавлахад “Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх кабинетаа хамгийн том өрөөндөө багтаасан нь энэ. Хөгжингүй улсад бол манайх шиг эмнэлгийн дэргэд төрөл бүрийн үйлдвэрлэлийн цех байгуулдаг. Ингэснээр алдагдсан хөдөлмөрийн чадварыг нь сэргээж, архи тамхи бодогдуулахгүй, завгүй байлгах үр дүнтэй байдаг” хэмээсэн.
15.00 цаг. Эмч нар энэ цагт үзлэгээ дуусгадаг аж. Тиймээс эмнэлгийн дарга Б.Оюунчимэгтэй уулзаж хар тамхинд донтох өвчний талаар тодруулсан юм. Энэ өдрийн байдлаар тийм өвчнөөр эмчлүүлж буй хүн энд байхгүй аж. Хар тамхийг нэгээс хоёр удаа хэрэглэхэд л хамааралд нь бүрэн орох магадлалтай бөгөөд дэлхийд эмчилгээнийх нь үр дүн тавхан хувь байдаг учир татаж үзэх ч хэрэггүйг Г.Даваасүрэн эмч анхааруулсан юм. Хэдий ийм зүйл хэрэглэдэг залуус манай нийгэмд олширсон ч Хар тамхи, мансууруулах бодисын хууль хатуу болоод ч тэр үү, Наркологийн эмнэлгийг зорьж ирэх хүн ховор аж. Тухайн өвчтөн хэрэг түвэгт орооцолдож, цагдаагийн газраас түүний өвчний түүхийг үзэхийг хүсээгүй бол нууцыг нь чандлан хадгалахаа жижүүрээс нь эхлээд эмч сувилагчид бүгд ухамсарладаг учир эмээх хэрэггүй гэнэ. Б.Оюунчимэг “Манайд хар тамхины хамааралд орсон хүмүүс хүндэрсэн үедээ ирдэг.
Архины шартах хам шинжээс 1000 дахин илүү хүчтэй зовиур илэрдэг тул байж суухын аргагүй болдог. Манайд зориулалтын тасаггүй учир тэднийг эмчлэх нөхцөл муутай. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн хомс. Хөгжингүй улсад шат дараатайгаар 1-2 жил эмчилдэг. Хар тамхи, мансууруулах бодисын хуулийн зарим заалт их хатуу. Нэгэнт хар тамхины хамааралд орсон өвчтэй хүнийг шоронд шууд хорих буруу. Мэргэжлийн эмч нараар оношлуулж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж, бие нь сайжирсан хойно асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Элэгний хатуурал, хавдартай, маш их шаналж байгаа хүнийг хорихгүйтэй адил. Хүн амьд явах эрхтэйг Үндсэн хуульд заасан шүү дээ” гэлээ.
Архины хагас задралын бүтээгдэхүүн болох ацетилальдегид гэх хорт бодис өвчтөнүүдээс ялгардаг тул энэ эмнэлгийн ажилтнууд хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Тиймдээ ч энд 20 гаруй жил ажилласан хоёр эмч, нэг сувилагч хорт хавдар тусаж, нэг нь алтан амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. Сэтгэцэд нь өөрчлөлт орсон өвчтөнүүдтэй ажиллахад ч амь насанд эрсдэлтэй аж. Сонжих мэт харах эрэгтэй өвчтнүүдийн харц цаанаа л эвгүйцмээр байсныг нуух юун. Архинд донтох өвчтэй хүн бэлгийн донтой байх магадлал өндөр байдаг тул царайлаг эмэгтэйчүүд энд ажиллахад эрсдэлтэй тухай эмнэлгийн дарга дурдсан.
Нэг харуулын хамт эмч, сувилагч, асрагч гурван бүсгүй 30 гаруй эрэгтэйг харж жижүүрлэн хоноход юу ч тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Уг эмнэлгийн хяналтад байдаг эр эмчдээ сэтгэл алдарч, түүнийг 23 удаа хутгалсан хэрэг 2007 онд гарч байсан удаатай. Гарч болох эрсдэлүүдийг умартан, нийгмийг эрүүлжүүлэх үүрэгт насаа зориулж, олон хүнийг амьдралаа шинээр эхлэхэд нь тусалж буй Наркологийн төвийн эмч, ажилтнуудаар бахархахгүй байхын аргагүй юм байна.