“Universe best songs” уралдааны анхны ялагч Ч.Цэлмүүнийг өдгөө Монголын шинэ дива гэх болжээ. Тэрбээр “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл, “Ээжийн дайсан” киноны гол дүрд тоглож чадварлаг гэдгээ улам ч бататгасан юм. Энгийн, тайван амьдралыг эрхэмлэдэг түүнийг энэ удаагийн зочноор урилаа.
-АШУИС-ийн байранд уулзаж, ярилцахаар тохирсон шалтгаан юу вэ?
-Би биотехнологич, хүнс судлаач мэргэжилтэй. Мөн анагаах ухааны боловсрол судлалын магистрын зэрэгтэй. Одоогоор Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх төслийн координатороор энд ажилладаг. Үндсэн долоон чиглэлээр эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулдаг.
-Таны хообий дуулах уу?
-Хүмүүс л намайг дуучин гэж боддог болохоос биш, би СУИС төгссөн мэргэжлийн уран бүтээлч биш шүү дээ. Өсвөр насны охин байхдаа “Universe best songs” уралдаанд оролцож, түрүүлсэн. Хүмүүс намайг үнэлж, дэмжсэн болохоор дуучин гэж нэрлэсэн байх.
-Өмнө нь өөрийгөө энэ төрлийн уралдаанд сойж байв уу?
-Багадаа маш олон олимпиад, тэмцээн уралдаанд оролцож байсан. “Universe best songs” уралдаанд түрүүлнэ гэж огт бодоогүй. Мэргэжлийн сургуулийн оюутнуудтай өрсөлдсөн шүү дээ. Тийм өргөн хүрээтэй уралдаан ч гэж мэдээгүй. Гуравдугаар курсын оюутан байлаа. Надад түрүүлэх нь гол байгаагүй. Өөрийгөө сорьж үзэх нь л чухал байсан. Миний амьдралд их эргэлт авчирсан.
-Тэр уралдаанд түрүүлсний дараагаас л та олны хараанд өртөж, тэр хэрээр шар хэвлэлийн бай болсон шүү дээ. Өсвөр насны охинд их дарамттай санагдаж байсан уу?
-Нуулгүй хэлэхэд маш олон дайралт, сүрдүүлэг ирдэг байлаа. Би шар хэвлэлийнхнийг жудаггүй, мэдрэмжгүй хүмүүс гэж боддог. Ямар ч баримтгүй зүйл бичиж гүтгэдэг. Өсвөр насны минь хамгийн муухай дурсамж энэ. Үг гэдэг ямар хүчтэй билээ. Гэтэл би уралдаанд түрүүлсний маргаашнаас л доромжлуулж эхэлсэн шүү дээ. Хүмүүсийн нүдэнд бол уралдаанд түрүүлж шагнал авч, дуучин гэж нэрлэгдээд л сайхан харагдсан байх.
Яг үнэндээ надад ямар хүнд байсныг хэн ч мэдэхгүй. Тэр үед намайг Л.Балхжав ахын бэр, Д.Ухнаа гуайн ач, бүр эрлийз болгох гэж үзсэн. Нийгэм эрүүл бус гэдгийн л илрэл тэр байсан юм уу даа. Нас бие гүйцсэн эмэгтэй тиймэрхүү дайралтад өртсөн бол өөрөөр хүлээж авах байх. 17-хон настай хүүхдэд их хүнд туссан даа. Хүн бие махбодь болоод сэтгэлзүйгээрээ эрүүл байж л сайхан амьдарна шүү дээ. Гэтэл надад тийм боломж олгоогүй. Энэ тухай дурсахыг үнэхээр хүсдэггүй.
-Ажил, уран бүтээл, гэр бүлээ цалгардуулахгүй байхын тулд маш завгүй ажилладаг байх. Бас хувийн эмнэлэг ажиллуулдаг гэж сонссон.
-Би гэр бүлээ хамгийн түрүүнд тавьдаг. АШУИС-ийн ажлын цаг дуусаад л хувийн эмнэлэг рүүгээ гүйдэг. Уран бүтээлийг үүний дараа эрэмбэлнэ. Би ажлаа аль нь хамгийн яаралтай, ямар нь нэн яаралтай биш вэ гээд ангилчихдаг. Үүнийхээ дараа төлөвлөгөөгөө гаргадаг. Юмыг цагт нь хийгээд хэвшчихсэн. Ямар ч ажлыг хугацааг нь тулгаж хийснээс, тухайн үед нь бага багаар амжуулсан нь илүү үр дүнтэй санагддаг юм. Орой унтахынхаа өмнө маргааш хийх ажлаа бүгдийг нь төлөвлөж, өмсөх хувцсаа бэлдчихдэг. Цаашлаад долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргана.
-Гаднын хүчин хүчин зүйлээс шалтгаалаад төлөвлөгөөгөө гэнэт өөрчлөх тохиолдолд бухимддаг уу. Замын түгжрэл, хүмүүсийн цаг барих дадлаас авахуулаад нөлөөлөх зүйл бишгүй.
-Өөрөөс минь биш, өрөөлөөс шалтгаалж миний хийх ажил цалгардсан үед бухимдалгүй яах вэ. Өнгөрсөн даваа гаригт гэхэд л АШУИС-д өглөө 08.00 цагт сургалт зохион байгуулах ёстой байлаа. Гэтэл хамтран ажилласан хэвлэлийн компанийнхан бидний хэвлүүлсэн номыг тохирсон цагтаа авчраагүй. Үүнээс болоод л төлөвлөгөө нурж байгаа юм. Гэхдээ би бухамдаад суухаас илүү уян хатан байхыг хичээдэг. Хүнд тууштай зан чанар байх ёстой. Гэхдээ үүссэн нөхцөл байдалд тохируулаад хөрвөх чадвар ч бас байх ёстой.
-Өдөр бүр төлөвлөгөөний дагуу амьдрах нь сонирхолгүй санагдаггүй юү?
-Би биотехнологич болно гэж төлөвлөөгүй. Дуучин болно ч гэж мэдээгүй. Хэтийн болон богино хугацааны төлөвлөгөө гэдэг өөр шүү дээ. Гэхдээ би гэнэтийн зүйлд амархан автаж, дагаж урсдаг хүн биш. Аль болох буурьтай байхыг л хичээдэг. Гэнэтийн зүйл амьдралд амт нэмдэг нь үнэн. Гэхдээ аль болох бодолтой байхыг л хичээдэг. Хөнгөхөн байх хэзээд амархан. Харин хамжааргатай явах нь хэцүү шүү.
-Ээж болсноор та хэрхэн өөрчлөгдөв. Олонд анх танигдаж байх үеийн Ч.Цэлмүүнээс одоогийн танд юу нь үлдэв?
-Бүсгүй хүн байх, эмэгтэй хүн болж төлөвшинө гэдэг өөр өөр ойлголт гэж боддог юм. Найман жилийн өмнөх надаас шингэж үлдсэн зүйл маш их. Өөчрлөгдсөн зүйл ч их. Хүүхэд төрүүлэхэд бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд маш их өөрчлөгддөг. Хүүгийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй зориг, сэтгэл надад бий болж.
Энэ турьхан биеэс ямар их тэвчээр, хатуужил гарч болдгийг мэдэрсэн болохоор тэр байх. Ээж болж байж л эмэгтэй хүн жинхэнэ утгаараа алт шиг гялалздаг. Хүний хань, хүүгийн ээж, хадмуудын сайн бэр байх гээд амьдралд туулах ёстой бүхнийг туулж байж, тэр дундаас эмэгтэй хүний жинхэнэ мөн чанар тунаж үлддэг байх.
-Хэдэн настайдаа ээж болсон бэ?
-22-той ээж болсон. А.Оргил хүү маань одоо гурван настай. Ажлаа тарчихаад “Одоо хүү рүүгээ очно” гэж бодохоор л улам яардаг.
-Хүүгээ төрүүлээд хамгийн анх хараад төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач.
-Маш олон зүйл мэдрэгдсэн. Бие махбодийн хувьд миний нэг эрхтэн байхгүй болчихсон юм шиг санагдсан (инээв). Сэтгэлзүйн хувьд үгээр хэлэхийн аргагүй тийм л сонин, ер бусын зүйл мэдрэгдсэн. Хүүгээ анх харах, тэвэрч үзэх, хөхөнд сүү орох, хүүгээ амлуулахад “Гайхамшгийн дээд гэдэг энэ л байх” гэсэн бодол төрсөн.
-Хүүгээ ганцаараа өсгөж байгаа гэсэн үү?
-Өрх толгойлсон эмэгтэй болоод хоёр жил гаруй болж байна. Хүүгээ хөхнөөс гаргаагүй байхад л нөхрөөсөө салсан. Анх удаа хувийн амьдралынхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа минь энэ. Нэгэн цагт ханилж явсан хүнээ би хэзээ ч муу хэлэхгүй. Хэн нэгэн надад тэр хүнийг муулж ярихыг ч тэвчихгүй. Тэр маань өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа мундаг залуу.
-Хоёр жилийн өмнө “Би дахиж дуулахгүй” гэж байсан. Тэр үед яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ?
-Маш олон шалтгаан бий. Гэхдээ их энгийн. Юуны түрүүнд би мэргэжлээрээ ажиллахыг хүссэн юм. Би 2003 оноос хойш хувийн эмнэлэг ажиллуулж буй. Гэтэл хүмүүс мэддэггүйн улмаас “Дуулдаг хүн яагаад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа юм” гэсэн хэл ам гарч эхэлсэн. Тэр нь миний ажил, мэргэжилд маш их садаа болсон учраас намайг, миний гэр бүл, хийдэг ажлыг минь мэддэггүй хүмүүст ойлгуулах гэж хичээсэн юм.
Тэр хэл амнаас холуур байхыг хичээсэн минь энэ. Мөн миний хувийн амьдрал руу маш их өнгийсөн. Энэ нь миний гэр бүлд ч нөлөөлж байлаа. Дуулаад явахаар хөнгөн гэнэ, мэргэжлээрээ ажиллахаар чадахгүй гэнэ. Би зүгээр нэг дуулдаг хүн биш. Хийж чаддаг, мэддэг зүйлтэй, бардам эмэгтэй.
-Гэсэн ч урлагт хөл тавьсан л бол түүнээс холдож чаддаггүй гэдэг дээ.
-Урлаг амьдралд гэрэл гэгээ, өнгө нэмдэг. Нэг хөл тавьсан л бол хазайж, гарч явах их хэцүү юм билээ. Надад өнөөдрийн амьдрал минь хангалттай. Би мэргэжлээрээ ажиллаж, уран бүтээлээ ч хийж байна. Гэхдээ надад өөрийгөө сурталчлах шаардлага байхгүй. Би энгийн, сайхан амьдармаар байна. Гэхдээ хэзээ ч урлагаас холдохгүй. Миний дотор байгаа учраас тэр. Шинэ дуу гаргахгүй байгаа нь дуулахаа больсон гэсэн үг биш.
-Дуулахаас өөр ямар нууц авьяастай вэ?
-Би зурдаг, шүлэг бичдэг, гар урлалд бас их дуртай.
-Бие даасан хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Хэзээ хүмүүсийн гарт хүргэх вэ?
-Эхний цомгоо “Exodus” нэртэйгээр гаргаж байлаа. Хоёр дахь цомгоо “Defined” гэж нэрлэсэн. Бусдын үзэл бодол намайг тодорхойлохгүй, би аль хэдийнэ өөрийгөө олчихсон хүн гэсэн утгаар энэ нэрийг сонгосон. Долоон дуутай. Аавын минь бичсэн шүлгээр бүтсэн дуунууд ч багтсан. “Ocean grey” студитэй хамтарч байгаа. Ирэх есдүгээр сард бэлэн болгохоор төлөвлөсөн.