Хэвийн температуртай кофе хавдар үүсгэхгүй. Харин хэт халуун бол хоол боловсруулах эрхтний хорт хавдар үүсгэж болзошгүй гэсэн дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ бүтцэд багтдаг Олон улсын хорт хавдар судлалын агентлаг хийжээ.
23 эрдэмтэн ажилласан судалгааны ажлыг эрүүл мэндийн “Ланцет” сэтгүүлд нийтэлсэн байна.
“Хэт халуун шингэн уух нь хоол боловсруулах эрхтний хорт хавдар үүсгэхийг судалгааны явцад илэрсэн шинж тэмдгүүд харууллаа” гэж мэргэжилтнүүд дүгнэлтдээ дурджээ. Тодруулбал, Цельсийн 65-аас дээш хэмтэй шингэн ууж болохгүй аж.
Харин кофег хорт хавдар үүсгэдэг ундаа гэсэн нотолгоог эрдэмтэд олоогүй байна. Гэхдээ кофег нэлээд хөргөж уухыг тэд зөвлөжээ.
Халуун кофе ууж болохгүй учир нь температурт оршиж байгаа болохоос кофены орцтой холбоогүй болохыг ДЭМБ-ын хорт хавдрын судалгааны агентлагийн удирдагч Кристофер Вайлд мэдэгджээ.
Европ, Хойд Америкийн орнуудад уудаг кофе, цайны температур 60 хэмээс доош байдаг. Харин Иран, Турк, Өмнөд Америкийн орнуудад зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан буюу 70-аас дээш хэмтэй байдаг аж.
Тамхи, архинд донтох нь хорт хавдар үүсгэх эрсдэлийн гол хүчин зүйлд хамаарахыг энэ судалгаандаа эрдэмтэд дахин нотолсон байна.