Сонгодог урлаг, тэр дундаа балет бол амаргүй хоол. Зорьсон хүн бүр балетчин болдоггүй. Ёстой л тэмүүлсэн 100 зүрхний 99 нь шархалдаг гэдэг шиг балетчин болохоор зориглон, хичээллэсэн 100 хүүхдийн олонх явцын дунд шантарсаар, чинхүү хүсэл мөрөөдөлтэй хэдхэн нь шилэгддэг юм. Өнөөдрийн зочин маань тэсэж, шилэгдэн үлдсэн цөөнхийн нэг. Түүнийг Г.Хосбаяр гэдэг. Өдгөө 32 настай тэрбээр Японы “Комаки балет” компанийн балетчин. Ингээд зогсохгүй арлын оронд балетын сургууль нээж, амжилттай яваа монгол залуу. Түүнтэй цахим ертөнцөөр холбогдлоо.
-Та Японы хамгийн алдартай “Комаки балет” компанид олон жил бүжиглэлээ. Наанаа байр сууриа хэдийнэ олж, хүлээн зөвшөөрөгдсөн балетчин болжээ. Энэ чиглэлээр хувийн сургууль нээсэн гэл үү?
-Анх Японд ирээд “Асами Маки балет” компанид нэг жил ажиллаад дараа нь Токиогийн “Комаки балет” компанид орсон. Өдгөө хүртэл энэ компанидаа бүжиглэхийн зэрэгцээ дэргэдэх сургуульд нь багшилж байна. Бас мэргэжлийнхээ чиглэлээр “Майко балет” хувийн сургууль нээгээд, жил орчим болсон. Иватэ мужид болон Токио хотод хоёр салбартай. “Майко балет”-д маань одоогийн байдлаар 50-иад хүн сурч байна. 4-9, 9-14, насанд хүрэгч гэсэн ангиллаар сургадаг. Бид өсвөрийн балетчдыг бэлтгэх зорилготой. Хүүхдүүдэд зааж сургах явцдаа эхнэр, бид хоёрын багшлах чадвар нэмэгдэж, өөрсдөө суралцсаар байна даа. Майко гэдэг нь бүжиж буй хүүхэд гэсэн утгатай ханзаар илэрхийлэгддэг юм. Манай шавь нар уралдаанд оролцож, шагналт байр эзэлсэн гээд амжилт эхнээсээ гарч л байна.
-Америкт мэргэжлээрээ ажиллах боломж танд байсан гэдэг. Гэтэл Японыг сонгосон. Яагаад?
-Хөгжим бүжгийн дунд сургууль төгсдөг жил би АНУ-ын “Невада балет” театрын дэргэдэх балетын сургуульд тэтгэлгээр нэг жил сураад, тэндээ ажиллах санал хүлээж авсан. Гэтэл тус улсын виз нь гараагүй. Тэгээд ч аав маань намайг Монголдоо мэргэжлээрээ ажиллаж, өөрийгөө боловсруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. Үүний дагуу 2003 oнд сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа СУИС-ийн соёл, урлагийн менежментийн ангид сурсан. 2008 онд Японд зохион байгуулсан нэгэн тоглолтод оролцох урилга авснаар тус улстай холбогдсон. Тэр тоглолтын үед надад багшлах санал тавьснаар тэнд үлдсэн. Тэгээд өдгөө хүртэл арлын оронд ажиллаж, амьдрахдаа заяаны ханьтайгаа учирч, хоёр хүүхдийн аав боллоо. Эхнэрийг минь Майко Сүгавара гэдэг. Бид мэргэжил нэгтэй. Майко маань бас балетын багш.
-Гадаадад төрсөн монгол хүүхдүүд тухайн улсын хэл, соёлоор хүмүүжих нь зүйн хэрэг. Гэхдээ монгол цустай байж монгол хэлээ мэдэхгүй байна гэхчлэн шүүмжилдэг л дээ. Та хоёр охиндоо монгол хэл сургаж байна уу?
-Мэдээж, монгол удмын хүн байж үндэснийхээ хэлийг мэдэхгүй байж болохгүй. Тиймээс би боломжийнхоо хэрээр хүүхдүүдээ монгол ахуйтай холбохыг хичээдэг. Том охин маань монголоор ярьдаг. Эхнэр маань ч монгол хэлээр сайн ярьж, ойлгодог. Бас бууз, хуушуур, цуйван хийхдээ гаргууд болсон шүү.
-Монгол маань хэдийгээр хүн ам цөөтэй ч гэсэн сонгодог урлагаараа дэлхийд тодорхой танигдаж чадсан улс. Японд олон улсад алдартай балетчин цөөнгүй. Хоёр орны балетчдыг харьцуулбал аль нь илүү бол?
-Япон бол сонгодог урлаг маш өндөр түвшинд хөгжиж буй орон. Тэгэхээр нэгнийг нь илүү гэж харьцуулж хэлэхэд хэцүү л дээ. Монголд мэргэжлийн балетчин бэлтгэдэг төвлөрсөн нэг сургууль байдаг. Сүүлийн үед ХБК-иос гадна ганц, хоёр сургууль нэмэгдсэн гэж сонссон. Харин Японд бол манай ХБК шиг том, тэгээд улсын сургуулиар балетчин бэлтгэдэггүй. Гэхдээ сонгодог бүжгээр сургалт явуулдаг 4000 орчим хувийн сургууль бий. Тэдгээрээс жилд дунджаар дөч гаруй хүүхэд л мэргэжлийн балетчинаар төгсдөг юм. Жинхэнэ шигшигдсэн хэд нь л үлддэг гэсэн үг. Олон улсын балетын уралдаануудыг харахад сүүлийн үед ихэвчлэн япончууд тэргүүлж, ёстой л цахиур хагалж байна. Мөн япон балетчид дэлхийн нэртэй том театруудад бараг бүгдэд нь ажилладаг. Манай монголчуудын хувьд байгалиас заяасан авьяас, сайхан бие хаа, тэсвэр тэвчээр, сэтгэх чадвар гээд давуу тал олон бий.
-Тэгвэл сул тал нь юу вэ. Манайхан хамтарч ажиллахдаа тааруу гэдэг. Ер нь гадаадад байгаа монголчуудад хамгийн түгээмэл ажиглагддаг зүйл бол нэгдэж чадахгүй, талцдаг явдал гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй шүү дээ.
-Тийм тал бий шүү. Өөртөө хэтэрхий итгэлтэй зан нь нөлөөлдөг байх аа.
-Таныг тайзан дээр гарах бүрт “Монголын балетчин” гэж зарладаг уу?
-Ган-Үүрийн Хосбаяр гэж зарлуулаад тайзан дээр гардаг. Тоглолтын танилцуулгуудад ч ингэж л бичдэг. Ер нь сонгодог урлаг бол дэлхийн урлаг шүү дээ. Тэр утгаараа тэр, энэ улсынх гэхээсээ илүүтэй төрсөн газар, овгийг нь онцлон дурдаж, танилцуулдаг юм. Харин сүмо зэрэг үндэсний уламжлалт зүйлд гадаадынхныг зарлахдаа улсынх нь нэрийг заавал дурддаг юм билээ.
-Япон газар хөдлөлтийн голомтод оршдог улс. Өдөр бүр шахуу газар шилгээдэг гэж сонссон. Жаахан түгшүүртэй, аймаар санагдахгүй байна уу?
-Эхэндээ жаахан айдаг байсан. Айна гэхээсээ илүү болгоомжилдог гэвэл дээр байх. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг дээ. Харин одоо бол тийм нөхцөл байдалд нь дассан учраас янз бүрийн зүйл боддоггүй. Тоохоо больдог юм билээ.
-Гадаадад амьдардаг монголчуудыг эх орондоо ирэхийг Ерөнхийлөгч маань уриалсан. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүний нутагт байгаа монголчууд эх орондоо очиж, сурсан мэдсэнээ гаргаж, ажиллахыг хүсдэг нь мэдээж. Надад ч тийм бодол, төлөвлөгөө бий. Би ер нь жилдээ 2-3 удаа төрсөн гэртээ очдог шүү. Цагаан сар, наадам дөхөхөөр яагаад ч юм бэ сэтгэл гэгэлзээд нутгаа санаад байдаг юм.
-Монголд ирэх бүртээ хамгийн түрүүнд юу мэдэрч, ажигладаг бол. Манайх урагшилж дэвшиж байгаа шинж байна уу?
-Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Монголд очих бүртээ баярлаад, юм бүхэн нь сайхан санагддаг юм. Утаа нь хүртэл заримдаа гоё шүү дээ.
-Тийм үү. Гадаадад олон жил болсон хүмүүс Монгол хуучин янзандаа л байна гэдэг. “Монгол хүмүүсийн нүдний гал унтарчихжээ” гэж нэг монголч эрдэмтэн хэлсэн байна лээ. Америкт олон жил болсон монгол залуу ч үүнтэй утга нэг зүйл ярьсан. Гэтэл та магтаж байдаг. Та тийм өөдрөг хүн үү?
-Би ер нь ямар ч зүйлийг өөдрөгөөр харж, сайхныг нь мэдрэхийг хүсдэг. Муу гэсэн зүйлд ч сайн тал байж л таарна. Тэр утгаараа бусдыг өөлж, гоочлоод, дандаа сөрөг талаас нь харж, боддог хүнд би дургүй. Багаасаа л тийм байсан. Монгол маань сайхан л хөгжиж байна шүү дээ. Мэдээж, ололтын хажуугаар алдаа байгаа. Дан дардан замаар явж, хөгжсөн улс байхгүй шүү дээ. Амны билгээс ашдын билиг гэж сайхан үг бий. Эх орон минь улам сайхан хөгжихөд залуучууд маань өөрийн чадал, хэр хэмжээгээр дэм болох ёстой. Өөрийн хийх ёстойг чин сэтгэлээсээ гүйцэтгээд, хичээгээд явбал болох байх аа.
Монголчууд эр хүнийг “хийморьтой” гэж ярьдаг. Бусад оронд тийм гоёор хэлдэг, эсэхийг мэдэхгүй юм. Тэгэхээр бидний сэтгэлгээ хүртэл өвөрмөц, бахархмаар. Тиймээс монголчуудын нүдний гал хэзээ ч унтрахгүй ээ. Харин ч монгол эрчүүд, аав нарыгаа харахаар ёстой хийморьтой болдог шүү дээ. Бие хаа нь хүртэл цаанаа л гоё доо. Тал нутгийн түмэн олон тийм л байх ёстой биз.
-Та, нээрэн нэлээд өндөр байх аа. Эрэгтэй балетчин өндөр байх нь олон давуу талтай. Японд тан шиг өндөр балетчин хэр байна вэ?
-Би 186 см өндөр. Нээрэн, энд над шиг өндөр балетчин бараг байхгүй юм байна. Гэхдээ Японд эрэгтэй балетчин заавал өндөр байх албагүй. Харин Орос, Америк, Франц зэрэг оронд бол хүүхнүүд нь өндөр учраас эрчүүд нь намхан бол хосоор бүжиглэхэд хүндрэлтэй. Тиймээс бие хааг нь нэлээд хардаг.
-Балет бол амаргүй урлаг, хүссэн хүн бүрийн явдаг зам ч биш. Танай удамд энэ урлагтай холбоотой хүн байдаг уу?
-Ээж маань л намайг бүжигчин болгохоор шалгуулсан. Тэрнээс биш удамд маань балетчин байгаагүй. Харин урлагтай холбоотой хүн байсан. Миний өвөө Д.Дондов жүжигчин, найруулагч хүн байлаа. “Хүргэн хүү” киноны хүргэн хүүгийн дүрээр нь монголчууд сайн мэднэ дээ. Үүнээс гадна олон сайхан баримтат киноны найруулагчаар ажилласан.
Балет бол үнэхээр хүнд хэцүүг давж байж хүлээн зөвшөөрөгддөг, тэсвэр тэвчээрийн сургууль болсон урлаг. Тэгсэн хэрнээ нас голдог мэргэжил. Тайзан дээр 20-40 нас хүртлээ л амьдарна. Гэхдээ энэ хугацаанд хүнд бэртэж, гэмтэхгүй бол шүү дээ.
-Шантарч байв уу?
-Өө, багадаа бол шантарч байсан. Багшдаа зэмлүүлж, ядраад бас хөл, гар янгинаж өвдөхөд өөрийн эрхгүй л хэцүү санагдана. Энэ бол балетчин хүн бүрт тохиолддог наад захын зүйл. Тоочоод байвал “зовлон” зөндөө. Гэхдээ энэ урлагт чин сэтгэлээсээ дурлачихаар ямар ч бэрхшээлийг тоохгүй, зовлон нь жаргал болчихдог юм. Сонгодог урлагийн бүжигчин болсноороо би үргэлж бахархдаг.
-Тоглолтын үед алдаж, тэрнийгээ залруулах гээд хөгжилтэй явдал болсон тухай жүжигчид ярьдаг. Тэгвэл балетын тайзнаа алдах тохиолдол гардаг болов уу. Та ер нь “паакталж” байв уу?
-Сургуулиа төгсөөд шинэ бүжигчин байхдаа зөндөө алдаа гаргасан даа. Ажлын туршлага их чухал шүү дээ. Алдаж, оносоор яваад хүн туршлага суудаг юм.
-Манай монгол балетчид дэлхийн өнцөг булан бүрт амжилттай яваа. Тэр дундаас Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орныхоо нэрийг гаргаад зогсохгүй, монголчуудад гайхалтай сайхан тоглолтуудаар бэлэг барьдагт нь талархах учиртай. Тэрбээр “Комаки балет” компанийнхныг ч Монголд урьж байсан шүү дээ. Ер нь таны хамгийн хүндэлдэг багш, балетчин хэн бол?
-Ардын жүжигчин А.Ганбаатар багш, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ахыг би хүндэлж, биширч явдаг.
Х.Хосбаяр удахгүй эх орондоо ирж төвхнөх төлөвлөгөөтэй гэсэн. Балетын сургууль нээх ч санаатай яваагаа ч хуучилсан. Тиймээс удахгүй эх орондоо уулзахын ерөөлөөр ярилцлагаа төгсгөе.