Оюутан ахуйдаа “ТВ коктейль” хамтлаг байгуулж, “Hot чинжүү” нэвтрүүлгээрээ хүмүүсийг зурагтын өмнө уядаг болсон Э.Цолмонбаярыг өдгөө Монголд танихгүй хүнгүй гэвэл болох байх. “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд”, “Хөгжилтэй гэр бүл” гээд түүний тоглосон киноны жагсаалт хөвөрнө. Энэхүү авьяаслаг жүжигчин сүүлийн үед продюсерын ажлыг ч чадварлаг хийж буй.
-“Боловсрол” телевизийн хийж буй “Гэрлэн дохио” олон ангит киноны зургийнхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа. Энэ киног хэзээ үзэгчдийн хүртээл болгох вэ?
-“Боловсрол” телевиз дэргэдээ “Хүлэгү” пикчерс байгуулсан. Уран бүтээлч бидний мөрөөдөж байсан зүйл биеллээ олж эхэлж байна. Өөрсдөө хөрөнгө босгож кино хийх хүндрэлтэй. Харин ийм газартай болсноор тэр их ачааг нуруун дээрээс авчихаж байгаа юм. “Хүлэгү” пикчерсийн бүтээж буй олон ангит анхны кино нь энэ. Өмнө нь “Боловсрол” телевизийнхэн “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг солонгос олон ангит киног үзэгчдэд монголчилж хүргэсэн. Харин энэ удаа израиль зохиолоор уг киног хийж байна.
-Оросын СТС сувгаар яг энэ зохиолоор хийсэн “Светофор” гэж кино бас гардаг байх аа?
-Энэ зохиолоор Орос, АНУ, Германд олон ангит кино хийсэн байдаг юм билээ. Бид ч албан ёсоор зохиогчийн эрхийг нь авч уг киногоо хийж байгаа. Гол дүрүүдэд жүжигчин А.Өнөржаргал, Т.Бархүү, Д.Энхбаяр, Т.Хулан, Б.Одончимэг тоглож буй. Ирэх есдүгээр сараас үзэгчдэд хүргэнэ. Залуусын нөхөрлөлийг харуулсан кино. Ганц бие байх, найз бүсгүйтэй болох, гэр бүл зохиосноор амьдрал хэрхэн өөрчлөгддөг тухай хөгжилтэйгөөр өгүүлнэ.
-Ингэхэд эхнэртэй болсноор таны амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?
-“Эрийн цээнд хүрч, цаашид эцэг эхтэйгээ хамт байх боломжгүй болсон эрийг үрчилж авахыг гэрлэлт гэнэ” гэж хошигнодог шүү дээ. Яг л тийм юм болсон (инээв). Миний амьдрал огт өөрөөр эргэсэн. Гэрлэхээсээ өмнө зөвхөн ажил, уран бүтээлдээ л анхаардаг байж. Оюутан байхдаа “ТВ коктейль” хамтлагаа байгуулж, бас ч үгүй амжилтай байсан шүү дээ. Ажилдаа амжилт гаргаж байгаагаа л сайхан амьдарч байна хэмээн боддог байлаа. Гэтэл амьдралын утга учир өөр зүйлд оршдог юм билээ. Гэрлэсэн хойноо энэ бүхнийг ойлгодог юм байна.
-Эхнэрээ танилцуулна уу.
-Бид гэрлээд дөрвөн жил болж байна. Миний гэргийг Т.Өлзийсайхан гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. “Амжилттай яваа эр хүний ард мундаг эмэгтэй бий” гэдэг. Миний хань тийм л сайхан бүсгүй. Аав, ээжийнхээ нутгаар яривал хоёулаа л Архангай аймгаас гаралтай. “Сайхан амьдралын 95 хувь нь сайн хань” ч гэдэг дээ. Харин би амьдралынхаа 95 хувийг олчихсон тийм л азтай хүн.
-Та хоёр хэрхэн танилцав?
-Бүр оюутан байхдаа танилцаж, дурлаж байлаа. Харамсалтай нь, амьдралын эрхээр хэсэг холдсон. Гэхдээ учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг үнэн юм билээ. Бид дахин учирсан. Харин тэр үед би дахиж алдахыг хүсээгүй.
-УИХ-ын сонгуулийн тухай амтай болгон л ярьж, бичиж байна. Урлагийнханд энэ үе яаж нөлөөлдөг вэ. Ид ажилтай байдаг уу?
-Их, бага хэмжээгээр нөлөөлөлгүй яах вэ. Өмнө нь сонгуулийн шоу тоглолт хийдэг байхад бид нэр дэвшигчдэд маш хэрэгтэй байлаа. Хүмүүс сонгуулийг тэсэн ядан хүлээдэг байсны гол шалтгаан ч энэ байж магадгүй. Шоу тоглолт хийхээ больсноос хойш их уйтгартай болсон шүү дээ. Дургүй хүрдэг зүйл ч бий. Дөрвөн жилийн өмнө би нэг нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцож байлаа. Тэр үед жигтэйхэн дотно ах, дүү болсон юм. Сонгуулийн дараахан би кино хийхээр шийдэж нөгөө ахтайгаа фэйсбүүкээр холбогдсон юм. Тэгтэл чинь хариу ирээгүй. Гэтэл саяхан, нөгөө явдлаас хойш гурван жилийн дараа “Юу байна, ахын дүү. Мессеж бичсэн байна. Уулзах уу” гээд бичиж байгаа юм. Ийм харилцаа хүнд хэрэггүй. Урлагийнхныг арай л дутуу үнэлээд байгаа юм уу даа.
-Энэ удаа УИХ-ын сонгуульд урлагийнхан олноор өрсөлдөх гэж байна. Улс төрд урлагийнхан орох нь зөв үү?
-Орох ёстой. Бидний төлөөлөл тэнд байх ёстой гэж боддог. Нэр дэвших эрх хүн бүрт бий. Гэхдээ хэнийг сонгохоо л сайн бодох хэрэгтэй байх.
-Та айлын ууган хүү гэсэн. Гэр бүлийнхнийхээ тухай яриач?
-Хоёр эмэгтэй дүүтэй. Би наснаасаа эрт аав ээж, эмээ өвөөгийн үүрэг гүйцэтгэчихсэн хүн дээ. Хоёр дүүтэйгээ эрт өнчирсөн. Ээжийг минь Б.Нарантуяа гэдэг байлаа. Би аавыгаа мэдэхгүй. Ээжийгээ зовоочихно гэж айгаад тэр хүний тухай асууж ч байгаагүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Ээж маань намайг “ТВ коктейль” хамтлагаа байгуулах үед нас барсан. Намайг СУИС-д оруулна гэж зүтгэсээр байгаад оруулсан хүн. Хүү нь хүссэн мэргэжлийг нь эзэмшиж, амьдралын хамтрагчдаа олохыг харсан болохоор жаахан ч гэсэн ачаа нь хөнгөрөөд буцсан байх, хөөрхий. Бага дүү маань ээжийнхээ мэргэжлийг өвлөж үсчин, гоо сайханч болсон. Нөгөөх нь эдийн засагч.
-Их хариуцлагатай, сайн ах байх нь ээ?
-Эмээ минь их хань болсон. Долоон буудалд эмээгийнхээ хашаанд амьдардаг байлаа. Ээж минь тийм эрт явчихна гэж төсөөлөөгүй. Миний хоёр дүү их хэрсүү. Ахдаа их дэм болсон доо. Тэр хэцүү үед манай хамтлаг олонд танигдаж, цалин мөнгөний захад хүрсэн юм. Миний амьдралын хамгийн томоожиж, ухаан суусан үе юм уу даа. Үерхэж буй найз бүсгүй, нийлж дарвидаг найз нөхдөдөө хэлдэг “Хайртай шүү” гэдэг үгээ төрүүлж өсгөсөн ээж, аавдаа харамгүй хэлж байх хэрэгтэй. Хэр удаан хамт байх ч юм билээ. Байгаа дээр нь хайрал. Сүүлд нь ингэх минь яав даа, тэгэх л байж гэж харамсаад үлдэх вий.
-Ээжийнхээ үгэнд ороогүй байсан бол өдийд юу хийж яваа бол?
-Дунд сургуульд байхдаа сурлагаар гавьтай байгаагүй. Надад цэргийн, биеийн тамирын, эсвэл урлагийн сургуульд орох сонголт л байсан. Би спортод их дуртай байсан. Бөх болно гээд шийдчихсэн байлаа. Гэтэл ээж гүрийсээр байгаад урлагийн сургуульд шалгуулсан. Хоёрдугаар ангид байхдаа “Би эндээс явахгүй” гэж кинонд тоглосон юм. Тэр үеэс л ээж минь хүүгээ жүжигчин болгоно гээд шийдчихсэн юм билээ. Ээжийн минь шийдвэр буруу байсангүй. Мэргэжлийнхээ хүчээр би олны хайр хүндэтгэл дунд амьдарч байна шүү дээ.
-Архангай аймгаас гаралтай гэсэн. Нутагтаа хэр очдог вэ?
-Жаахан байхдаа өвөөтэйгөө очдог байлаа. Өвөөг өнгөрснөөс хойш нэг хэсэг очоогүй. Сүүлд 2010 онд “Намрын синдром” киногоо хийчихээд нутагтаа гаргахаар очсон. Тэгэхэд эмээ, өвөөгийнхөө хамаатан саднуудтай уулзсан. Тэрнээс хойш зав, боломж л гарвал гүйчих гээд байдаг болсон (инээв).
-Урин цаг иржээ. Энэ зун хаагуур зугаалах гэж байна?
-Санаагаар болдог бол “Рио 2016” олимпыг очиж үзэн, тэнд “хүч үзэх” найзуудаа дэмжиж, хамт баймаар байна. Эхнэртэйгээ аялах бодол ч бий. Гол нь ажлаас л шалтгаална. Энэ “Гэрлэн дохио” киноны зургийг бид долдугаар сарын сүүл гэхэд авч дуусгах ёстой. Дуустал нь амрах чөлөөгүй л ажиллах байх даа.
-“Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг хөтөлж байгаа. Үзэгчдээс шүүмжлэл, магтаал хэр их ирж байна вэ?
-Шоуны сүүлийн шалгаруулалт ирэх долдугаар сарын 10-нд болно. Үзэгчдээс урмын үг их сонсож байгаа шүү.
-Жүжигчдийг их нүүрэмгий хүмүүс гэж ойлгодог. Та тайзан дээр гарахдаа сандарч байв уу?
-Тайзан дээр гарах бүртээ сандардаг. Сандардаг гэхээсээ илүү эмээдэг гэвэл онох байх. “Би үүнийг хийж чадах болов уу” гэж өөрийгөө чамладаг.
-Үзэгчдийг инээлгэх, уйлуулахын аль нь хэцүү вэ?
-Инээлгэх хэцүү.
-Яагаад?
-Уйлуулах ч хэцүү. Гэхдээ намуухан хөгжим тавиад, сэтгэлд нь хүрэхээр хэдэн үг хэлэхэд л хүмүүс уярна. Гэтэл “Амьдрал өөрөө инээд” гэдэг ч энэ нь хамгийн хариуцлагатай. Хүн инээлгэх гэж тайзан дээр гарчихаад, эсвэл инээдмийн кино хийчихээд инээлгэж чадахгүй бол эмгэнэлтэй биз дээ.
-Өнөөдрийг хүртэл зөвхөн инээдмийн төрлийн уран бүтээлд тоглолоо. Яагаад өөр төрөлд өөрийгөө сорихгүй байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, найруулагч нар надаас өөр зүйл олж харахгүй байна. Жүжигчин Цоомоо гэхээр инээдмийн дүр санаанд нь буудаг байх л даа. Хоёрдугаарт, гаднах төрхөөрөө ч би хайр дурлалын баатар, түүхэн хүний дүрд тохирохгүй хүн шүү дээ (инээв).
-Та уран бүтээлч найзуудтайгаа хамтран “Sun” пикчерс байгуулж, “Босуул” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Ер нь уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-Би сүүлийн үед продьюсерын ажил түлхүү хийж байна. Манайд яг энэ чиглэлээр дагнасан мэргэжлийн хүн бараг алга. “ТВ коктейль” хамтлаг ирэх 2017 онд тайз, дэлгэцийн тус бүр нэг уран бүтээл төлөвлөсөн. Зохиолууд ч бэлэн болсон. “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ тоглосноос хойш тайзны уран бүтээл хийсэнгүй. Одоо тоглох цаг нь болсон. Бид монгол киног гадаадын зах зээлд гаргахыг зорьж “Sun” пикчерсээ байгуулж, “Босуул” кино хийсэн. Дараагийнхаа киног Японы уран бүтээлчидтэй хамтран хийхээр ярилцаж байна. Удахгүй тодорхой болно.
-Киноны зураг авахуулах, нэвтрүүлэг хөтлөх гээд л завгүй ажилладаг. Хэр бухимддаг вэ. Та хэр түргэн ууртай вэ?
-Ажилдаа түүртээд бухимдах үе гарна. Би ч өөрөө түргэн ууртай. Гэхдээ танихгүй хүнд биш, намайг сайн мэддэг, дотнын хүмүүстээ уураа гаргачихдаг юм. Орилох, уйлах үе бишгүй гарна шүү дээ. Уурласан үедээ чимээгүй гараад явчихна, утсаа шиднэ гээд янз бүрийн үйлдэл хийнэ. Гэхдээ уур их хурдан гарчихдаг.
-Бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?
-Сайхан орилчихдог. Ганцаараа энд тэндхийн булан тохойд очиж байгаад орилдог. Стресс тайлагдаад, дотор “буцалж” байсан зүйл гараад явчих шиг санагддаг.
-Хэр амархан баярладаг, уярамтгай хүн бэ?
-Би ер нь л сэтгэл хөдлөл ихтэй. Жижигхэн зүйлд ч хагартлаа баярладаг.
-“Яг түүн шиг” шоуг хөтөлж байхдаа хоёр ч удаа нүдэндээ нулимс цийлэгнүүлж харагдсан.
-Шоуны оролцогчид үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Нүдээрээ харж байгаа болохоор оролцогчдоор их бахархаж байна. Ялангуяа мэргэжлийн дуучин биш ч, шоуг үнэхээр “өнгөлж” байгаа оролцогчдыг онцолмоор байна. Тийм ч болохоор загвар өмсөгч С.Сарнай, Э.Энхболд хоёрыг шоунд түрүүлэхэд баярлаад, өөрийн эрхгүй нулимс унагасан. Ямар сайндаа л манай найзууд намайг ”Нулимсных нь сүв онгорхой” гээд шоолдог юм. Эхнэртэйгээ кино үзэж байгаад уйлчихна. Яг тэр үед нь манай хүн мэдчихсэн над руу харж байдаг юм. Хамар сарталзаж, хошуу өмөлзөөд андашгүй болчихдог гэсэн (инээв).
-Нээрэн, өнөөдөр орой үзэгчдэд хүрэх “Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын зургийг фэйсбүүк хуудастаа тавиад нууц задруулчихсан байна, та. Танд хариуцлага тооцсон уу?
-Зэмлүүлсэн. Шоуны зураг авахуулж байх үедээ оролцогчидтойгоо сельфидсэн юм. Нөгөөдөхөө сурсан зангаараа фэйсбүүктээ оруулчихсан. Гэнэт болохгүйгээ санаад устгасан. Уг нь удаагүй л дээ. Гэтэл сайтын сэтгүүлчид хуулаад авчихсан байсан. “Шууд нэвтрүүлэг биш, оролцогчид дүрээ өөрсдөө сонгодог юм байна” гээд янз бүрээр л бичсэн. Бид анхнаасаа шууд нэвтрүүлэг гэж зарлаагүй шүү дээ. Үзэгчдэд чанартай нэвтрүүлэг хүргэхийн тулд бичлэг хийж байгаа. Харин долдугаар сарын 3, 10-ны нэвтрүүлгүүдийг шууд дамжуулна. Би өөрөө шоуны зохион байгуулагчдад үнэнээ хэлж, зэмлэл хүлээсэн.