Нийслэлийн хэмжээнд газар өмчлүүлэх ажиллагааг цахим хэлбэрээр, сугалааны аргаар явуулж байгааг эсэргүүцэж, иргэдийн эрхийг зөрчиж байна хэмээн шүүмжилж буй иргэн Ц.Цогтсайхантай ярилцлаа. Тэрбээр 2014 онд болсон “Газрын хуулийг дэмжихгүй, “Газрын хуулийг буцаан тат” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг юм.
-2014 оны “Газрын хуулийг буцаан тат” хөдөлгөөний санаачлагч гэдгээр тань эчнээ танина. Тус төсөлд туссан алдаатай заалтуудыг ямар байдлаар олж мэдсэн юм бэ?
-Гадаадад олон жил амьдраад Монголдоо ирэхэд Улаанбаатарын дүр төрх маш эмзэг харагдаж байсан. Бүтээн байгуулалт гээд байгаа зүйлс нь туйлын замбараагүй, хүний төлөө бус, бизнес эрхлэх орчин нь эмзэг, авлига нийгмийн бараг бүх давхарга, салбарт гүнзгий шингэснийг мэдэрсэн. Тэр дундаа авлигын системийн хамгийн боловсон бөгөөд нарийн арга нь хуулийг цоорхойтой боловсруулж батлах явдал болсон нь анзаарагдсан. Өөрөөр хэлбэл, муу хуулийг сайн биелүүлж буй хэрэг. Ингэхээр бүх зүйлийг хуулийн дагуу хийж буй мэт харагдана биз дээ. Тэндээс ямар ч гэмт хэргийн ул мөр илрэхгүй, түүнийг илчлэх боломж гардаггүй. Нөгөө талаас хөгжил ирнэ гэж их хэмжээний зам барихын оронд өөр бүтээн байгуулалт, тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, цэцэрлэг, сургуультай болоход хөрөнгө оруулах хэрэгтэй байсан. 200 км зам барьсан мөнгөөр 20 мянган амины жижиг орон сууц барих боломжтой. Эсвэл 100 цэцэрлэг барьж болно. Цэцэрлэг барих мөнгөнөөс авлигачдад очих ашиг өчүүхэн. Жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан тохиолдолд хэтдээ бүтээгдэхүүнийг нь зөөх зам хэрэгтэй. Зөөж, тээвэрлэх бүтээгдэхүүнгүй хэрнээ зам тавьсан нь эдийн засгийн ямар ч үр ашиггүй юм гэж хэлэх гээд байна л даа. Үнэндээ зам дагаад хөгжил ирдэг байсансан бол авто болон төмөр замтай Замын–Үүд хэдийнэ диваажин болчихсон байх ёстой биз дээ. Гэтэл аливаа улсын хөгжил газар дээр л явагддаг. Газраа зохистой ашиглавал нийгмийн бүтээн байгуулалт, эрчимтэй, чанартай явагдана. Тиймээс ч газрын харилцааг зохицуулдаг хуулийг Үндсэн хуулийн дараа орохуйц хэмээн үнэлдэг. Чухам энэ үеэр Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн учир онцгойлон судалсан юм. Төсөл эхнээсээ дуустал маш олон цоорхойтой, өөр хоорондоо зөрчилтэй байсан. Өөрөөр хэлбэл өмнөх заалтаар “болохгүй” гэснийгээ дараагийн заалтаараа “болно” хэмээсэн байх жишээтэй. Үүнийг л авлигын суурь гээд байгаа юм.
-Төслийн хамгийн ноцтой заалт нь ямар агуулгатай байсан юм бэ?
-Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголын компанитай ижил, тэгш эрхтэйгээр шударга дуудлага худалдаагаар газрыг 49 жилээр эзэмшихээр байсан. Түүнийгээ цааш нь 50 жилээр сунгаж болно. Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголын газрыг 100 жилээр эзэмших нь өмчилснөөс ямар ч ялгаагүй. Энэ хооронд хүний хэдэн үе солигдоно. Манай улс чөлөөт эдийн засагтай, ардчилсан ч гэлээ монгол хүн газрынхаа эзэн байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компани манай газар дээр үйл ажиллагаа явуулж болох ч эзэмшиж болохгүй. 1000 га газрыг дуудлага худалдаагаар аль нэг улсын 99 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшлээ гэж бодъё. Тэнд сайхан хотхон барьж, тэр улсын иргэд суурьшина гэсэн үг. Тэд 100 жилийн дараа хэд болох бол. Улмаар Монголын сонгуульд оролцоно. Цаашлаад Монголд гадны улсын засаглал ч тогтож болзошгүй. Үндсэндээ “Газраа зараад баяж” гэж л уриалсан шүү дээ. Энэ мэтчилэн хэд хэдэн ноцтой заалт байсан учир тэмцэхээс өөр аргагүйд хүрсэн.
-Санаачлагч Засгийн газар нь төслөө татсан. Энэ нь таны эсэргүүцлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг үү?
-Сайн төсөл байсан бол буцаан татахгүй шүү дээ. 2014 оны зургадугаар сарын 20-нд “Ийгл” телевизээс Газрын тухай хуулийг санаачлагчид, дэмжигчидтэй мэтгэлцээнд орохыг урьсан. Тус телевизийн байранд очих тэр үед Газрын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг буцаан татлаа гэх мэдээлэл ирсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас 2013 оны нэгдүгээр сарын 11-нд өргөн барьсан Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татаж буйгаа мэдэгдсэн ЗГ-1/124 тоот албан бичгийг УИХ-ын даргад тэр өдөр өгсөн юм.
-Нийслэлд цахимаар хэд хэдэн удаа газар өмчлүүлээд буй. Үүнийг ч та шүүмжилдэг. Уг нь нийслэлийн иргэд үүнийг олзуурхаж байх шиг.
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийслэлд 0.07, аймагт 0.35, сум, тосгонд 0.5 га хүртэл газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлнэ гэж заасан. Ингэхдээ газрыг ил тод, шударгаар өмчлүүлэхээр заасан байгаа. Гэтэл нийслэлд өмчлүүлж байгаа газрыг казино маягаар, сугалааны аргаар хуваарилж байна. Энэ нь ил тод байж болох ч шударгаар өмчлүүлж буй хэрэг биш юм. Азтай хүн л газар өмчлөх эрхтэй болж байна шүү дээ. Үндсэн хуульд монгол хүн эх орныхоо аль ч засаг захиргааны нэгжид амьдрах эрхтэй гэж заасан. Хаана ч амьдрах эрхтэй юм чинь хаана ч газар авах эрхтэй гэсэн үг. Гэтэл аз таарвал зөвхөн нийслэлээс тогтоосон байршилд л газар ав гэж байгаа нь шууд тулгасан хуваарилалт бус уу. Таван настай хүүхдийнхээ нэрээр бүртгүүлээд газар өмчилж авч байхад 90 настай хөгшин хэдэн ч удаа бүртгүүлээд газартай болж чадахгүй тохиолдол олон байна. Мөн хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө хувийн байшин барьж сайхан амьдрах гэсэн залуусын хэдэд нь аз таарч, газраа өмчилж байгаа бол. Хэд хэдэн удаа хүсэлт өгөөд аз нь таарахгүй бол байшин барих газраа өндөр үнээр худалдаж авахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
-Гэхдээ л муугүй хувилбар юм биш үү. Нийлүүлэлтээс давсан эрэлтийг ингэж зохицуулах юу нь буруу гэж?
-Улаанбаатарын байршил сайтай газрууд бүгд хэн нэгний эзэмшилд оччихсон. Яаж гэдгийг нь мэдэхгүй юм. Тэгсэн хэрнээ тэрийгээ хашаалчихаад ашиглахгүй байна. Газрыг бүтээн байгуулалт хийх хүнд олгох ёстойгоос зарах хүнд өгөх ёсгүй. Үүнээс гадна цахимаар олгож буй газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтэц тэр бүр хүрээгүй. Хоёр жилийн дотор үлгэр жишээ дэд бүтэцтэй болно гэж нийслэлийн удирдлагууд амласан ч биелүүлээгүй. Тэнд ямар ч бүтээн байгуулалт хийх суурь алга. Ер нь өмчлөх газрыг нь тулгаж, газрыг заавал эргэлтэд оруул гэж байгаа нь маш ноцтой. Хөдөлмөр шингээгүй зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг чинь мөнгө хэвлэхийн нэр шүү дээ. Бүтээлч хүний хөрөнгө хөдөлмөр шингээгүй “бараа” руу шилжихээр үнэ цэнэгүй болдог юм.
-Шүүмжлэх нэг хэрэг. Хаанаас нь барьж авахаа үл мэдэх олон асуудал хотод бий. Таны хувьд нийслэлийн хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдрийг хүртэл “Улаанбаатар муухай байна” гэсэн шүүмжлэлийг нэг ч удаа хэлээгүй ээ. Учир нь тэгэх шаардлагагүй. Би асуудлыг хөндсөн ч бүх зүйл хууль ёсных болж таарна. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйд нь асуудал байна. Хот гэж чухам юуг хэлэх, ямар стандартаар хөгждөг юм гэдгийг судлахад Монгол Улсад Хотын тухай хууль байдаггүй юм байна. Ийм хуультай байж бүтээн байгуулалтыг сайжруулна уу гэхээс шүүмжлээд өнгөрөх нь хэрүүл, маргаанаас хэтрэхгүй. Улаанбаатарын төвлөрлийг задалж цогц төлөвлөхийн тулд хотын бие даасан хөгжлийн бодлого, түүнд суурилсан Хотын тухай хуультай болох ёстой. Жишээ нь, өргөн чөлөөний дагуу тав, туслах зам дагуу хоёр метрээс багагүй явган хүний зам байх ёстой гээд хуульчилчихвал тус заалтыг хэрэгжүүлэхэд саад болж буй бүхнийг арилгаж таарна. Ингэвэл зүлэг мод тарих орон зайтай, явган хүний замтай, хөдөлгөөн хязгаарласан элдэв барилга, хашаагүй болж бүх зүйл цэгцэрнэ гэсэн үг.
Үүнээс гадна зөвхөн барилга барих, эхлүүлэх зөвшөөрлийн дүрэм журам л байдгаас ямар нөхцөл, тохиолдолд байшин барих, хориглох талаар хуулийн заалт алга. Угтаа бол цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй бүсэд орон сууцны барилга нэмж барихыг хориглоно гээд хуульчлах ёстой юм. Ингэж байж хүний төлөөх дэд бүтэц нь хангалттай гүйцсэн тохиолдолд шинээр байшин барилга барих, шинэ суурьшлын бүс бий болгох боломжтой болно.
-Уучлаарай, энэ мэт стандарт, дүрэм манайд бий шүү дээ.
-Хотыг хэн удирдах, газрыг хэн олгохыг зохицуулсан захиргааны болон эрчим хүч, галын аюулгүй байдал, ариун цэврийн хангамж гэхчилэн салбарын хуулиуд л ажиллаад байгаа хэрэг. Харин салбарын хуулиудыг нэгтгэж зангидсан, бодлогын хууль алга.
-Улаанбаатарын асуудал үнэхээр том. Хуультай л болчихвол үүнийг шийдвэрлэх боломжтой гэж үү?
-Яг тийм. Хотын стандартыг хуулиар л батлах ёстой. 5000 оршин суугчтай хороонд 200 хүүхдийн гурван цэцэрлэг, 600 хүүхдийн багтаамжтай сургууль байх ёстой гэх байдлаар хуульчлах ёстой гээд байгаа юм.
-Ер нь нийслэлийн нийт хүчин чадлыг тооцож төлөвлөсөн судалгаа, баримт бичиг байна уу?
-“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” гэсэн баримт бичгийг УИХ 2013 онд баталсан. Түүнтэй танилцсан. Шинэ цахилгаан станц, усан хангамжийн эх үүсвэр, ариун цэврийн систем, хог боловсруулах үйлдвэр гэхчилэн олон сайхан зүйлийн талаар тусгасан, маш сайхан төлөвлөгөө гэж хэлж болно. Баталснаасаа хойш төвлөрлийг задлах, хотыг тэлэх, дагуул хоттой болох үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой ажлууд хийж л байна. Гэтэл уг баримт бичгийг хэрэгжүүлж эхэлснээс хойш зөвхөн Сүхбаатар дүүргийн хүн ам 30 орчим хувиар өссөн байгаа юм. Төвлөрлийг сааруулах бодлого явуулаад байхад эсрэгээрээ үйлчилсэн байна шүү дээ. Энэ бол бодлого дагасан хуулийн зохицуулалт байхгүйн илрэл. Тухайлбал, Буянт-Ухаагийн дэнжид орон сууц барьж, найман хувийн хүүтэй зээлээр худалдаж байгаа ч тэнд нийтийн тээвэр хүрэлцэхгүй, сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь урьдынхаараа, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд юу ч хийгээгүй байх юм. Тэнд байр худалдан авсан айл хүссэн, хүсээгүй хүүхдээ хотын төвд цэцэрлэгт оруулж, өөрөө хот руу ажилдаа явах нь. Энэ тохиолдолд тэр хүний тав тухтай, сайхан амьдрах мөрөөдөл биелэх үү. Үүнээс гадна алслагдсан байршлуудад механикаар худалдан авагч бий болгохын тулд ипотекийн зээлийн хүүг тав болгон бууруулж байна. Харамсалтай нь энэ бол шийдэл биш. Яагаад гэвэл, амьдрах орчин талаасаа хот гэж цогцоор нь нэрлэх нөхцөл үүсээгүй байна. Эндээс дахиад хуультай байх шаардлага урган гарч байгаа юм. Ямар ч орон сууцыг барихаас өмнө хууль ёсны шаардлагын дагуу цэцэрлэг, дэд бүтэц, сургууль, эмнэлэг, театр нь баригдсан, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого хэрэгжиж буй эсэхийг зохицуулсан шаардлага, стандарттай болох учиртай.
-Өнгөрсөн жил Багануур, Налайх дүүргийг дагуул хотын статустай болгосон. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Буянт-Ухаагийн дэнжид өрнөж буй үйл явцтай л адилхан. Хот болгон хөгжүүлэх л гэж байгаа юм бол Хотын тухай хуультай болох ёстойг дахин хэлье. Эхлээд нийгмийн дэд бүтцийг нь заавал үүсгэх ёстой. Тэгвэл Багануур, Налайх, цаашлаад Хөшигийн хөндийд сайхан хотууд бий болно. Тэндхийнхэн жинхэнэ утгаараа хотын иргэд шиг амьдарна. Үнэндээ одоо тэндхийн нөхцөл байдал хөдөөгийнхөөс ялгарахааргүй л байна шүү дээ.
-Та бүхий л амьдралдаа, бизнес эрхлэхдээ хууль, дүрмийг ягштал баримталж ирсэн гэж хэлж чадах уу?
-Чадна. Аливаа бүтээн байгуулалт өрнүүлж, үйл ажиллагаа явуулахдаа хууль зүйн орчноо л юуны урьд сайтар судлах ёстой. Хууль сайн байвал миний үйл ажиллагаа эмх цэгцтэй, чанартай байж, найдвартай татвар төлөгч болж, авлигад идэгдэхгүй. Ер нь “Богино хугацааны ашиг харж бизнес хийж болохгүй” гэсэн зарчим миний амьдралд бүхэлдээ үйлчилдэг. Төдийгөөс өдий хүртэл хэн нэгний дэмжлэг, нөлөөгүй, хүч хөдөлмөрөөрөө амжилтанд хүрсэн. Өөрөөр хэлбэл, авлигаар бус, хуулийн дагуу нягт нямбай байж, ямар ч ажлыг хийхдээ хоромхон зуурын ашиг бус, ирээдүйд гарах үр нөлөө, удаан хугацаанд оршин тогтнох урт насыг нь чухалчлан, анхнаас нь маш нарийн төлөвлөгөө, төгс шийдэлтэйгээр бүх стандартыг баримтлан хийх ёстой гэсэн зарчим баримталдаг.
-Ярилцлагын эхэнд та гадаадад олон жил амьдарсан гэлээ. Украинд ажиллаж байсан байх аа?
-Тиймээ. Би 20 гаруй жил Украинд ажиллаж, амьдарсан. 1983 онд нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөөд Украины Киев хотын нисэхийн инженерийн дээд сургуульд суралцсан юм. Энэ сургуульд Нисэхийн инженер мэргэжил эзэмшээд 1989 онд улсдаа эргэн ирж МИАТ нэгтгэлд инженер, сургалтын төвийн багшаар ажиллаж байлаа. Тэр үед Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байсан Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг олон улсын стандартад хүргэн шинэчлэх 30 сая ам.долларын тусламжийн төсөл эхэлсэн. Үүнд Монгол талыг хариуцан ажиллах мэргэжилтнээр сонгогдон ажиллаж байв. Уг төсөлд ажилчдын хөдөлмөр, нийгмийн асуудал, ажиллах орчин, ундны усны чанар, хангамж зэргийг сайжруулах асуудлыг тусгаж, тусламжийн нийт хэмжээг таван сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан юм. Ингээд 1994 оноос Украинд суурьшиж, худалдаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гээд олон салбарт ажиллаж, туршлага хуримтлуулсан. Худалдааны салбарт ажиллаж байхдаа Италийн цахилгаан барааны Delonghi, Английн Кеnwood брендийг Украинд нэвтрүүлж 17 жил төлөөлөн ажилласан.
Хэдий хүний нутагт ажиллаж амьдарч байгаа ч Монголынхоо ахуй, соёл, ёс заншлыг тэр улсдаа сурталчлан таниулж байх ёстой гэж би боддог. Энэ үүднээс Украины Киев хотноо Монгол гэр барьж, бүрэн тохижуулж олны хүртээл болгосон. Гэрийг маань гадаадын маш олон хүн үзэж сонирхож, Их эзэн Чингис хааны үүх түүхтэй танилцаж, Украины телевиз, сонин сэтгүүлийнхэн ирж сурвалжилж байлаа. Тэнд байгаа монголчууд маань ч энэ гэрт тухалж, нутгаа санасан сэтгэлээ бага ч атугай дэвтээдэг юм.
-Украины хэвлэлүүд танаас өөр олон сурвалжлага, ярилцлага авч байсан юм билээ. Юун тухай голчлон асуудаг байв?
-Киев гадаадын иргэдийн нүдээр хэрхэн харагдаж байгаа, Киевт барьсан монгол гэрээс улбаалаад манай соёл уламжлалын талаар, Delonghi, Кеnwood брендийн төлөөлөгч, бизнес эрхлэгчийн хувиар гээд их олон төрлийн сэдвээр асуудаг. Үүнээс гадна II Николай хааны гэр бүлийн эмч П.А.Бадмаевын тухай өгүүлсэн “Чингис хааны удам, доктор Бадмаев гэж хэн бэ?” баримтат кинонд түүх судлаачийн хувиар оролцож байв. Энэ кинонд Чингис хааны үр удмын хүмүүсийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлын талаар өгүүлсэн юм. Уг баримтат кино ОХУ-ын НТВ телевизээр дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болж байлаа. Монгол хоолоо сурталчилж, хуушуур хийх талаар хүртэл телевизийн нэвтрүүлгээр зааж байв.