Улсын гуравдугаар төв эмнэлгийн дөрвөн давхарт Ж.Хайруллагийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын тасаг бий. Энэ хүн 1966 онд Монголд тархины мэс засал анх хийж, 1971 онд уг тасгийг байгуулсан гавьяатай учир нэр нь энд мөнхөд залаастай байх биз ээ. Монгол Улсын Ардын эмч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Ж.Хайруллаг монголчууд мэдрэлийн мэс заслын “загалмайлсан эцэг”, амьд домог гэж хүндэтгэдэг. Арга ч үгүй юм. Хүн битгий хэл малынхаа толгойг алх, сүхээр цохидоггүй, үхсэнийх нь дараа гавлын ясыг нь уул овоон дээр сүслэн залдаг байсан үеэс өдий хүртэл тэрбээр хүмүүсийн тархи, толгойн элдэв өвчнийг эмчилж эдгээсээр яваа. Өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн 20 гаруй мянган хүнд тархи, мэдрэл, нуруу нугасны мэс засал хийн, АШУҮИС (одоогийнхоор)-д 50 гаруй жил багшлахдаа Монголын эрүүл мэндийн зах зээлд 11000 орчим боловсон хүчин бэлтгэн “нийлүүлсэн” байдаг. Тиймдээ ч тэр “Монголын эмч нарын 70 гаруй хувь нь миний шавь” гэж “томордог” биз.
Ж.Хайрулла гуайг 4-5 улс “манайх” гэж булаацалддаг гэж байгаа. Ардын уран зохиолч Т.Галсан түүний сайн найз нь. Тэрбээр нэг удаа “В.И.Путин “Хайрулла бол Оросын татар. Тэгэхээр манай хүн” гэж хэлжээ. Хятадын удирдагч Ху Жинтао “Хайруллагийн ээж нь уйгар хүн учраас манай хүн” гэдэг. Харин Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Хайрулла казах хүн. Худлаа гэвэл Алма-Аты хотод хүүхдүүдээ дагуулсан есөн эхнэр нь байна” гэнэ. Харин манай Ерөнхийлөгч Монгол гэж баталгаажуулаад Хөдөлмөрийн баатар өгчихсөн” гэж хошигносон байдаг. Тэгвэл “Үндэсний нэвтэрхий толь”-д нэрт эмч Ж.Хайруллаг татар хүн гэж бичжээ. Тодруулбал, аав Жалель нь Казанид төрж, Ленинградад сурч байхад нь түүнийг шашны зан үйл дэлгэрүүлэх, сүм хийд бариулахаар Хятадын казахууд руу томилолтоор явуулсан гэдэг. Шинжаанд байхдаа эхнэртэйгээ танилцаж, одоогийнх шиг хил хязгаарын зааггүй байсан учраас Ховд аймгийн Булган сумын Цагаан голд нүүн ирж суурьшсан аж. 1938 оны их хэлмэгдүүлэлтээр аав нь “Гадаадын тагнуул” хэмээн буудуулахад Ж.Хайрулла гуай наймхан настай байжээ. Тэрбээр “Уг гарал минь татар, уйгарын эрлийз, төрсөн нутаг минь энэ сайхан Монгол, Ховдын Минжит Булганы рашаанаар угааж хүн болсон” гэж бахархан ярих дуртай. Түүний үүсгэн бий болгосон мэдрэлийн мэс заслын салбарын 50 жилийн ой (ирэх намар)-г тохиолдуулан манай сонин Ж.Хайруллаг “Удам залгамж” буландаа урьсан юм. Том хүү, ач, зээ нь түүний мэргэжлийг өвлөн, өдгөө Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллаж байна.
Ж.ХАЙРУЛЛА: ХҮҮХДҮҮДЭЭ ЭНЭ ХҮНД САЛБАР РУУ ОРООСОЙ ГЭЖ ХҮСЭЭГҮЙ
-Та 86 настай хэрнээ одоо болтол тасагтаа зөвлөх эмч, бас АШУҮИС-д багшилж байгаа. Үнэхээр бахархаж байна. “Эх орны даалгавраар энэ албанд зүтгэх болсон” тухайгаа ч ярьдаг шүү дээ.
-Би мэдрэлийн мэс засалч хүн. Гэхдээ анхнаасаа энэ мэргэжлийг эзэмших сонирхол байгаагүй. 1964 онд Чехословакт хүүхдийн мэс засалчаар мэргэжил дээшлүүлэхээр очиход манай Эрүүлийн хамгаалах яамны сайд асан Г.Туваан надад мэдрэлийн мэс засалч болох санал тавьсан. Тэрбээр “Өчнөөн эмч хүүхдийн мэс засалчаар сурч байгаа, Хайрулла минь. Харин чи Монголд байхгүй мэргэжил эзэмшээдэх. Мэдрэлийн мэс засалчаар өмнө нь хэд хэдэн хүн явуулан сургаж байсан ч хэцүү байна гээд бүгд чадаагүй” гэсэн юм. Би ч эхэндээ их дурамжхан байлаа. Гэтэл Г.Туваан сайд “Энэ миний тушаал биш, эх орны чинь даалгавар” гэж хэлээд намайг хааш нь ч хөдөлгөхгүй болгосон доо. Тухайн үед монгол хүний толгой тархинд гар хүрнэ гэдэг байж болшгүй, бүр өвчнийг нь эмчилж, эдгээнэ гэдэг хүнд даалгавар байж билээ. Төгсөж ирээд эхэндээ эмнэлгүүдээр явж тархины хагалгаа хийдэг байсан. Тэгээд 1971 онд Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулсан. Одоо бодох нь ээ, 20 гаруй мянган хүний тархи толгойд манай хэдэн мэс засалч гар хүрчээ. Гар хүрээд орхисон биш, мөн тооны хүнийг үхлийн аюулаас аварсан даа. Өдгөө манай улсын мэдрэлийн мэс заслын үр дүн дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хүрч чадаж байгаа. Гэхдээ багаж, тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод хийж чадахгүй ганц нэг хагалгаа бий.
-Хүү, ач, зээ чинь таны мэргэжлийг өвөлжээ. Тэд Монголдоо анхдагч хагалгааг ч хийсэн байна лээ. Мэдлэг, чадварыг нь хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?
-Хүн гэдэг сайн сайхан зүйлийн төлөө тэмүүлдэг нэг төрлийн амьтан юм даа. Муугаар яривал шуналтай ч гэх юм уу. Сайнаар ойлговол хийж бүтээхийн төлөө хүсэж, мөрөөдсөөр л байдаг. Тархины мэс засал дөнгөж XX зууны эхэн үеэс хөгжсөн, шинжлэх ухааны хамгийн залуу салбар шүү дээ. Өөрөөр хэлбэл, төдий хүртэл хөгжөөгүй байсан нь хүний уураг, тархи маш нарийн бүтэцтэй, төвөгтэй байдагтай холбоотой. Мэс засал хийгээд ч үр дүн муутай байсан цаг. Хөгжлийн эхэн шатанд бол хагалгаа хийлгэсэн хүмүүс нас барах нь элбэг байлаа. Сүүлд багаж, тоног төхөөрөмж нь сайжраад мэс заслын үр дүн овоо дээшилсэн. Тэр үеэс л энэ мэргэжилдээ илүү дурлаж, гаршсан. Том хүүгээ миний мэргэжлийг өвлөнө гэхэд “Мэдрэлийн мэс засалч болно гэдэг хүнд даваа, боль. Зүгээр л мэс заслын эмч бол” гэж загнасан. Тэгэхэд хүү маань мэс заслын эмчээр ганцхан жил ажиллачихаад “Би таны үйл хэргийг үргэлжлүүлж, шийрийг чинь хатаахгүй юм бол эмч байхаа болино” гээд “хөлөө жийгээд” суучихсан. Тэгэхээр нь аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Одоо Х.Хусаян маань Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Дараа нь манай зээ АШУҮИС-д оюутан байхаасаа л мэдрэлийн мэс засалч болохоор шулуудаж, дадлагажих болсон. Төгсөж ирээд хамт ажиллаж байгаа. Хамгийн сүүлд Х.Хусаяны хүү, ач маань бидэнтэй нэгдлээ. Резидент эмчээр ажиллах хугацаагаа саяхан дуусгаад лицензээ авсан. Одоо харах нь ээ, тэднээрээ их бахархдаг шүү. Дутуу дулимаг зүйл их байгаа ч энэ салбарыг хамт олонтойгоо аваад явчих хэмжээнд суралцаж л яваа. Хүний эцэг болсон л хойно хүүхдүүдээ энэ хүнд салбар руу ороосой гэж хүсээгүй ээ. Өөрсдийнх нь л сонголт.
-Та Мэдрэлийн мэс заслын тасгийг 40 ортой байгуулж байсан гэдэг. Гэтэл 50 жил өнгөрчихөөд байхад орны тоог одоо болтол нэмээгүйг сонсоод их гайхлаа.
-Хот, суурин газар, үйлдвэр ихсэх тусам, хүмүүсийн нягтрал нэмэгдэхэд дагаад тархины мэс засал хийлгэх хүний тоо олширдог жамтай. Одоогоос 40 жилийн өмнө долоо хоногт 2-3 удаа хагалгаа хийдэг байсан бол өдгөө 30-40-ийг хийж байна. Өөрөөр хэлбэл, тархины төрөл бүрийн өвчтэй хүн эрс нэмэгдсэн гэсэн үг. Түүн дотор хамгийн элбэг тохиолдож буй нь тархинд цус харвах, тархины шигдээс (судас бөглөрөөд цус гүйхээ болих), дараа нь хавдар орж байна. Сүүлийн үед буруу хооллох, амьдралын зохисгүй хэв маягаас үүдэлтэй тархины буглаа өвчин нэмэгдэх боллоо. Ийм өвчтэй цөөнгүй хүн хагалгаанд ордог. Энэ нь нөгөөтэйгүүр хоолой, шүдний өвчнөөс, хүүхдүүдийн чихний булгийг эмчлүүлэхгүй удааснаас болж байна. Мөн сүүлийн жилүүдэд нялхас тархины гажигтай төрөх нь олширсон. Хотын утаа тортогтой л холбоотой. Эхийн хэвлийд бойжиж байхдаа л сэтгэц, мэдрэлийн өвчтэй болчихож байна. Тэгэхэд улсдаа ганц байдаг Мэдрэлийн мэс заслын тасаг нь 50 жилийн өмнөхөөрөө. Орны тоо, хүний нөөц нь ч тэр. Энэ нь төр, засаг тархины мэс заслын талаар түлхэцтэй арга хэмжээ авахгүй байгааг л харуулж буй юм.
-Монголд харвалтаас үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүн олширч байна. Үүнийг харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ муу байгаатай холбон ойлгож болох уу?
-Харвалтын үе шатаас хамаарч хөдөлмөрийн чадвар сэргэх, эсэх нь шийдэгддэг. Манайхан голдуу хүндэрсэн үедээ эмнэлэгт ханддаг. Харвах гэж байгааг илтгэх наад захын шинж тэмдгүүдээ ялгаж таньдаггүй. Гуравдугаар эмнэлэгт зөвхөн хотын иргэд л очиж байна. Орон нутагт хэн нэгэн цус харвасан бол амжиж ирэх боломж тун бага. Бараг тэндээ нүд анидаг. Тэгэхээр харвалтын хүнд шатанд бол хагалгаа хийсэн ч эдгэрэхдээ их удаан. Тахир дутуу болох нь энүүхэнд. Нөгөө талаар манайд нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй байна. Наад зах нь сар нөхөн сэргээх эмчилгээ хийх байтал 10-12 хоног хэвтүүлээд л эмнэлгээс гаргачихдаг журамтай. Энэ хугацаанд эмчилгээ хийж юу шалих вэ дээ.
-Одоогийн залуучуудад даралт ихсэх, тархины судас нарийсах өвчин элбэгших хандлагатай байгааг эмч нар хэлж байна. Миний уншиж, ойлгосноор судас нарийсах өвчин нь 40-50 насныханд тохиолддог юм билээ. Гэтэл залуу гэлтгүй цус харваж байгаа нь юутай холбоотой юм бол оо?
-Тархины цусан хангамж хямраад ирэхээр л судас бөглөрч, цус харвадаг. Хямрах нь олон шалтгаантай. Уур уцаар ихтэй байвал судас нарийсаж, цусны гүйдэл хямардаг. Айж, цочоод байвал мөн судас агшдаг. Гашуун нясуун юм их хэрэглээд байвал судас нарийсна. Сэтгэл санаа хямарч, зовиур шаналгаатай бол судас агшин, цусан хангамж мууддаг. Энэ бүхнээс шалтгаалаад судас нарийсаж, хатуурч, улмаар харвадаг. Эх үүсвэр нь ердөө л энэ. Өнөөдөр Монголын улс төр, эдийн засаг байнга хямралтай, хүмүүс стресстэй байна. Өөрөөр хэлбэл, төрөөс авч буй арга хэмжээ, бодлого, шийдвэрүүд хүмүүсийн эрүүл мэндэд халдаж байна л гэсэн үг.
-Таныг ээжийнхээ элэгний хавдрыг тайрах мэс засал хийгээд 10 жил амьдруулсан, монгол гэрт хүртэл тархины хагалгаа хийж байсан гэж дуулсан. Бас уулын спортын мастер цолтой, дөрвөн роман, 30 гаруй шүлэг орчуулж, мэдрэлийн мэс заслын талаар хэд хэдэн ном бичсэн байдаг.
-Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр хэн нэгэн үхлийн ирмэгт тулахад эмч хүн элгээ тэврээд зүгээр зогсож чадахгүй шүү дээ. Тухайн үед ээж элэгний хавдартай гэж оношлогдсон. Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүү дээ. Монголд элэгний хагалгаа хийдэггүй байсан үе. Намайг ээжид хагалгаа хийнэ гэхэд ах, дүү хамаатан садан бүгд буруу харж, зэмлэж байсан. Мэс засал амжилттай болсны дараа надаас сайн хүнгүй болсон доо (инээв). Иймэрхүү амь тулсан оролдлогууд хийдэг байсан. Мэдрэлийн мэс засал бол ямар ч салбартай харьцуулшгүй хүнд. Хүний тархи бүх зүйлийн төв, удирдлага л гэсэн үг. Мэс засалч хүнээс нарийн арга, ажиллагаа, мэдлэг, ур чадвар шаарддаг учраас бүх анхаарал, зүрх сэтгэлээ зориулдаг. Мэс заслын өмнө өвчтөнөө “Хагалгаагаа даадаг байгаа даа”, хагалгааны ширээн дээр “Босоод ирнэ” гэсэн итгэл, мэс заслын дараа “Хурдан эдгээд босоод алхаасай” гэж өдөр, шөнөгүй бодсоор байгаад сэтгэл санааны айхтар дарамтанд явдаг. Хэзээ ч хөндийрч, холдож чаддаггүй юм. Тиймдээ ч надтай хамт ажилладаг хэд хэдэн сайхан эмч маань тэтгэврийнхээ насанд ч хүрч чадалгүй өөд болцгоосон. Зарим нь хагас дутуу эрүүл мэндтэй болсон доо, хөөрхий. Энэ их ажлын хажуугаар өөрийгөө саатуулж, хөгжүүлэх гэсэндээ ууланд авирч, ном бичих, орчуулах бага сага ажил хийсэн шүү.
Х.ХУСАЯН: ААВААС ХАНХАЛДАГ АРИУТГАЛЫН БОДИСЫН ҮНЭРИЙГ ОДОО Ч МАРТААГҮЙ
-Хэзээнээс мэдрэлийн мэс засалч болов?
-1984 онд сургуулиа төгсөөд Улсын клиникийн төв эмнэлэг (хуучнаар)-ийн Яаралтай мэс заслын тасагт нэг жил ажиллаад Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс засалч болсон. 2001 оноос тасгийнхаа эрхлэгчээр ажиллаж байна. Өөрийн хүсэл сонирхлоороо л энэ замыг сонгосон. Аавыгаа ажлаа тараад ирэхэд нь сайхан санагддаг байв. Эмнэлгийнх нь тэр үнэрийг одоо болтол мартаагүй. Ариутгалын бодисын үнэр шүү дээ.
-Аав тань юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Цаг хатуу барьж сургасан. Хүнд өвчтөнд хэрхэн анхаарал тавих, мэс заслын ширээний ард хариуцлагатай, тайван, болгоомжтой байхыг заасан. Барилгыг хазгай, ташуу барьж болдог. Хөгжмийг ч муу тоглож болно. Харин хүнийг муу эмчилж болохгүй гэдгийг яс маханд тултал ойлгуулсан. Бид эхээс тавуулаа. Гурван хүү, хоёр охинтой. Ээж маань багш мэргэжилтэй. Манай охидын нэг нь багш, нөгөө нь эдийн засагч, хоёр эрэгтэй нь техникийн инженер. Аав бидэнд “Та нар ямар ч байсан сургуульд сурч, мэргэжилтэй боллоо. Одоо мэргэжлээ эзэмш” гэж захидаг.
-Мэргэжилтэй чинь холбоотой ганц нэг зүйл давхардуулахгүй асууя. Хүмүүс мэдрэлийн ядаргаа гэж их ярих болжээ. Үүнээс болж харвах уу?
-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь хүний биеийн бодисын солилцооны тэнцвэр алдагдаж, хямрахыг хэлдэг. Хямрал, стрессээс болж харвана. Бид даваа гаригт долоо хоногийнхоо хагалгааг төлөвлөөд хүмүүс нь багтахгүй байна. Олонх нь цус харвасан өвчтөн. Хагалгаа хийгээд хурсан цусыг нь соруулж авсан ч судасны эмгэгүүдтэй хүн олон байна. Нэг ёсондоо хавсарсан эмгэг гэж ойлгож болно. Мөн иргэдийн дунд нурууны өвчин их болжээ. Зонхилон тохиолддог нурууны дискний эвэрхий нь амь наснаас хол ч тухайн хүнд маш их зовиуртай, өтгөн, шингэн нь хаагдчихдаг. Хэвтэрт л байна гэсэн үг. Мөн 10-20 жилийн өмнөх тархины ужиг гэмтлээс болоод цус харваж, хавдар үүсэхэд нөлөөлж байна. Тархины хавдартай хүмүүсийг судлахад олонх нь гэмтэж байсан байх юм. Батлагдаагүй ч энэ нь хавдар ургахад нөлөөлж байгаа хэрэг.
-Тэгвэл цус харвахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Даралтаа байнга хянах хэрэгтэй. Даатгалын систем илүү боловсронгуй болбол хоёр жил тутамд иргэдийг CT, MRI-д харуулж баймаар байна. Судасны эмгэг, тархины хавдар зэрэг нь бага хэмжээтэй үедээ оношлогдоно гэсэн үг. Ядаж л судасны гажгууд нь хагараад, харвасныхаа дараа ирдэг өвчтөн цөөрнө шүү дээ.
С.АБАЙ: ОЮУТАН БАЙХДАА ӨВӨӨГӨӨ ДАГААД ХӨДӨӨ ДУУДЛАГАНД ЯВДАГ БАЙЛАА
-Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?
-2005 онд ЭМШУИС (хуучнаар)-ийг төгсөөд 2007 оноос ах, өвөөтэйгөө хамт ажиллаж байна. Өвөөгийнхөө үүсгэн байгуулсан энэ салбарт ажиллах юм сан, үйл хэргийг нь үргэлжлүүлье гэсэн эрмэлзэл байсан учраас би энэ мэргэжлийг сонгосон. Мөн хүмүүст туслах сайхан. Тэдний талархсан сэтгэлээс маш их урам зориг авдаг. Өвчтөнүүдээ эдгэрээд босоод явахыг нь харах л хамгийн сайхан. Энд ажиллах хугацаандаа гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, суралцаж л явна.
-Удам дамжсан эмчийн гэр бүлд өсөж, хүмүүжнэ гэдэг хэн бүхэнд олдоод байдаггүй хувь байх. Өвөө тань зэмлэхдээ хэр хатуурхдаг бол?
-Тийм шүү. Би оюутан байхаасаа л өвөөгөө дагаж, ажилд нь тусалдаг байсан. Хөдөө дуудлаганд хүртэл хамт явна шүү дээ. Бусад оюутнаасаа аль эрт дадлагажиж эхэлсэн гэх үү дээ. Нагац ахыгаа дагаад хагалгаанд орно. Мэдээж намайг гэж тусалж, дэмждэг хүмүүстэйгээ цуг ажиллах сайхан. Тэднийхээ нөмөр нөөлөгт их зүйл сурч байна. Манай тасгийн бусад ахмад эмч нар ч гэсэн залуучууддаа их зүйл зааж зөвлөдөг. Нэг баг болон ажиллаж чаддаг.
Өвөө “Өөрөө хэчнээн ядарч, ажил чинь амжихгүй байсан ч хамаагүй. Ядарч, зовсон хүмүүст үргэлж туслах хэрэгтэй” гэсэн шаардлага өөртөө тавьдаг. Бидэнд ч ялгаагүй. Хааяа загнуулж зэмлүүлнэ. Тэгэхдээ бусдад ханддагаасаа ч илүү хатуурхдаг байж мэднэ. Тэр нь хүмүүжүүлж байгаа хэрэг.
-Таныг тархины судасны хагалгааг Монголд анх удаа хийсэн гэж сонссон. Тэр тухайгаа яриач?
-Тархийг тэжээдэг гүний судсууд бөглөрсөн үед гавлын ясны гаднах чамархайн артерийг доторхтой нь холбодог мэс засал бий. Үүнийг манай эмч нар өмнө нь хийж, оролдож байсан. Намайг БНСУ-д мэргэжил дээшлүүлээд ирсний дараа манайхан ийм хагалгаанд хэрэглэдэг багажтай болчихсон байсан л даа. Тархины цусны урсгалыг хэмждэг багаж анх ашигласан хүн нь л би юм. Тэр багажгүйгээр ийм хагалгаа хийх боломж хомс. Хагалгаа үр дүнтэй болсноос хойш байнга ашиглаж байна. Эцэст нь, өвөөдөө хандаж хэлэхэд танаараа маш их бахархдаг шүү, урт, удаан наслаарай.
Х.ЖАН: ХАРААГҮЙ ХҮН ГЭНЭТ ЮМ ХАРЖ, ХЭВТРИЙН ХҮН БОСООД ИРЭХЭЭР ЭМЧ БОЛОХ ХҮСЭЛ ТӨРСӨН
-Саяхнаас аав, өвөө, ахтайгаа ажиллаж байгаа гэж сонссон. Хэр байна даа?
-2013 онд сургуулиа төгсөөд мэс заслын резидент эмчээр ажиллах хугацаагаа дуусгасан. Хамт ажиллах нь сайхан ч эмчийн ажил миний бодож байсан шиг тийм ч амар биш юм. Дагалдаад, суралцаад л явж байна даа. Багаасаа өвөө, эмээтэйгээ ойр өссөн учраас аав, өвөөгөө харж, үлгэр жишээ авдаг байсан. Тэр хоёрыг хараад заавал мэдрэлийн мэс засалч болно гэсэн зорилго тавьсан. Өвөөгөөр эмчлүүлж байсан хараагүй хүн гэнэт юм харж, хэвтрийн хүн босоод ирэхээр эмч болоод хүнд туслах юм сан гэсэн хүсэл төрсөн дөө.
Одоогоор миний хувьд хүндрэлтэй зүйл олон байгаа. Мэс заслын үр дүн хурдан гардаг учраас их дурласан юм шиг ээ. “Өргөсийг” нь л авчихвал өвчтөн их хурдан сэргэдэг.
-Аав, өвөөгийнхөө юуг нь хамгийн их дуурайв?
-Цаг сайн барихыг аавд өвөө сургасан. Харин би ааваасаа сурсан. Өвөө маань бидэнд “Хүн чанараа хэзээ ч гээж болохгүй” гэж дандаа захидаг. Өвөөдөө маш их баярлалаа гэж танай сониноор уламжилъя. Мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулсан гавьяагаар тань би биш Монголын ард түмэн бахардаг биз ээ. Харин би энд ажиллаж байгаа нь маш том хувь тохиол гэж боддог.
Өвөө маань “Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ард түмэн. Өвдөөд сэтгэл санаагаараа хүнд цохилтод орсон хүмүүсийн сэжгийг аль болох хөнгөлөх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Худал хэл гэсэн үг биш л дээ. Сэтгэлийг нь аль болох өвтгөхгүй байхыг эрхэмлэ гэж сургадаг.